Data visualization: 2014 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
iKon.mn сайт 2014 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ "Data visualization" аргаар үзүүлж байна.
Та энэхүү мэдээллээс өөрийн сонирхсон салбарын ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ дэлгэрүүлэн унших боломжтой.
iKon.mn сайт 2014 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ "Data visualization" аргаар үзүүлж байна.
Та энэхүү мэдээллээс өөрийн сонирхсон салбарын ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ дэлгэрүүлэн унших боломжтой.
Энэ оны гуравдугаар сард Малайзын иргэний агаарын тээврийн MH 370 онгоцыг Энэтхэгийн далайд сүйрч бүх зорчигчид болон нисэх багийн гишүүд нийтдээ 239 хүн амиа алдсан гэдгийг мэдээлсэн билээ.
Харин үүний дараахан Амстердамаас Куала Лумпур нисэж байсан MH 017 нислэгийн дугаартай Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоц Украйны хилийн ойролцоо осолдсон тухай мэдээлэл дэлхий нийтийг цочирдуулсан. Уг сүйрлээр 298 хүн амиа алджээ.
Мөн энэ оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын Севол хөлөг сүйрч дунд сургуулийн 300 гаруй хүүхэд амь насаа алдсан билээ. Хөлгийн ахмадыг гэм буруутайд тооцож 36 жилийн хорих ял оноов. Энэхүү осол Өмнөд Солонгосын ард түмэнд хүнд цохилт болсон юм.
Ерөнхийлөгч В.Путин Крымыг ОХУ-д нэгтгэх шийдвэр гаргасны дараа “Их найм”-ын уулзалтаас ОХУ-ыг хасах шийдвэрийг гишүүн орнууд гаргасан юм. Мөн Крымыг Украйнаас булаасны хариуд АНУ болон Европын бусад орнууд ОХУ-ын эсрэг визийн болон эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сард ОХУ-ын эдийн засаг хямрав. Газрын тосны үнэ, баруунаас тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ рублийн ханшийг унагаж байна. ОУВС-гийн Орос дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Антонио Спилимберго “Эдийн засаг хоёр улирал дараалан сөрөг гарахад хямрал болсон гэж үздэг тул Орос эдийн засгийн хямралд хэдийнэ орсон гэсэн үг” хэмээн мэдэгдсэн. Энэ бүхнээс үндэслээд дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон Хүйтэн дайны нөхцөл байдал өдгөө шинээр бий болж байна хэмээн ажиглагчид дүгнэж байгаа билээ.
Нигерийн Борно мужийн Чибок хотоос хэт даврагч “Боко Харам” бүлгийнхэн дунд сургуулийн 200 гаруй охидыг барьцаалав. Тэд барьцааны охидоор Нигерийн шоронд байгаа хэт даврагчдыг солих саналыг Засгийн газартаа тавиад байсан юм. Гэвч Нигерийн Засгийн газар энэ саналыг нь хүлээн авахаас татгалзаж олон сарын хугацаа өнгөрсөн. Үүнтэй холбоотойгоор олон улсад “Bring back our girls” хөдөлгөөн хүчээ авч, дэлхий нийтийн анхаарал тэдний зүг хандав. Энэхүү хөдөлгөөнд АНУ-ын тэргүүн хатагтай Мишел Обамагаас эхлээд урлаг соёлын алдартнууд, дэлхийн бусад орны иргэд нэгдсэн билээ.
“Ислам улс” хэмээн нэрийдсэн шашны хэт үзэлт бүлгийн түрэмгийлэл хүчээ авч Ирак, Сирийн зарим нутгийг эзлээд зогсохгүй Туркын хилд тулж ирэв. “Ислам улс”-ын гол зорилго нь нутаг дэвсгэр даяар Исламийн Xалифат засаглалыг тогтоох бөгөөд Шариатын хатуу хуулийг эрхшээлдээ байгаа хотуудад хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэдний түрэмгийллээс зугтсан хэдэн сая Курд болон Язиди дүрвэгчид өлсгөлөнд нэрвэгдсэн байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Энэ оны долоодугаар сард Израйлийн арми Газын зурвас руу агаарын цохиолт хийсний хариуд Хамас бүлэглэл Израйлийн нийслэл Иерусалим, Тель-Авив хотууд руу пуужин харваж эхлэв. Үүний улмаас олон мянган гэм зэмгүй хүн амь насаа алдаж дайн, хүчирхийллийн золиос болсон билээ.
Арванхоёрдугаар сард дэлхий нийтэд “Пакистаны хядлага” гэж нэрлэгдээд буй алан хядах үйл ажиллагаа болсон юм. Талибаны алан хядагчид Пакистаны Пешавар хотын дунд сургуульд гурван удаа дараалж бөмбөг дэлбэлснээр 132 хүүхэд, есөн ажилтан амиа алдаж зуу гаруй хүн хүнд шархадсан билээ.
Дэлхийн түүхэн дэх хамгийн том гэгдээд буй 814 сая сонгогчтой Энэтхэгийн сонгууль энэ хавар нэг сарын хугацаанд үргэлжлэв. Энэхүү дуулиант сонгуулиар ард түмнийхээ дунд дайчин, шударга хэмээгддэг Нарендра Моди Ерөнхий сайдаар сонгогдож олон жилийн түүхтэй Үндэсний Конгресс намыг буулгаж авлаа. Ингэснээрээ тэрээр дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр дахь улсыг удирдаж эхэлсэн билээ.
Мөн энэ оны тавдугаар сард Украйны Ерөнхийлөгчийн сонгууль болж барууны талыг баримтлагч Петро Порошенко 55 хувиас илүү санал авч ялалт байгуулсан юм. Ингэснээр хуучин ерөнхийлөгч, Оросын талыг баримтлагч Виктор Янукович огцорч тус улсад эмх замбараагүй байдал нэмэгдсэн. Харин Европын талыг баримтлагч Петро Порошенкогийн ялалт Украйнчуудын эв нэгдлийн баталсан бөгөөд тэд түүхэндээ хамгийн идэвхтэйгээр сонгуульдаа оролцсон гэж зарим судлаачид дүгнэж байгаа билээ.
АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын сонгууль арваннэгдүгээр сарын 4-ний өдөр явагдсан. Энэ өдөр Төлөөлөгчдийн танхимын 435 суудал, Сенатын гуравны нэгийг ротациар сонгох, 46 мужийн хууль тогтоох байгууллагын тэргүүнүүд, 36 хотын дарга нарыг сонгох сонгууль болж өнгөрсөн. Энэ сонгуульд Бүгд найрамдахчууд 2006 оноос хойшхи түүхэн ялалтаа байгуулж талаас илүү хувийг Конгрессд эзэлсэн юм.
Өөр нэгэн дуулиант сонгууль Японд болов. Арваннэгдүгээр сард парламентын доод танхимаа тараагаад байсан Ерөнхий сайд Шинзо Абэгийн Либерал ардчилсан нам ээлжит бус сонгуулиар ялалт байгуулав. Тэрээр уналтанд ороод буй Японы эдийн засгийг сэргээж, хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болгохоо амласан юм.
Америкийн нэрт жүжигчин Робин Уилъямс Калифорнид байрлах гэртээ нас барсан байсныг цагдаа нар олсон билээ. Шинжээчид түүний үхлийн шалтгааныг амиа хорлолт байсныг батлаад буй. Учир нь жүжигчин өнгөрсөн жилээс хойш сэтгэл гутралд орж, шинэ уран бүтээл хийгээгүй юм. Түүний үхэл дэлхий дахинд шуугиан тарьж олон сая шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгосон явдал болсон.
Үүний дараа “Зуун жилийн ганцаардал” алдарт романыг бичсэн Нобелийн Утга зохиолын шагналт, Колумбын зохиолч Г.Г.Маркес өвчний улмаас таалал төгссөн. Энэ нь хүн төрөлхтний болоод утга зохиолын түүхэн дэх томоохон гарз болсон юм.
Пакистаны өсвөр насны охин Малала Юсуфзай эмэгтэйчүүдийг сурч боловсрохыг уриалан дуудсан зоригтой мэдэгдлүүдийг хийж, арабын охид бүсгүйчүүдийн урам зориг болж байсан билээ. Үүнийх нь хариуд алан хядагч “Талибанчууд” түүний толгой руу буудсан ч тэр азаар амьд үлдсэн юм.
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хийсэн түүний зориг, зүтгэлийг үнэлж дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн Энхтайвны шагналаар Малалаг шагнасан юм. Мөн түүнтэй хамт хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Энэтхэгийн Каилаш Сатяарти тус шагналаар шагнуулсан.
Энэ жилийн хамгийн том сансрын аялалын үр дүн гарч Росетта нэртэй сансрын хөлөг хөргөгчний хэмжээтэй роботыг (Филае) нэгэн аварга сүүлт одон дээр арваннэгдүгээр сарын 13-ны өдөр буулгасан билээ.
Ингэснээр хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа сүүлт одон дээр дээр робот буулгасан гайхалтай үйл явдал болов. Тус солир нь дэлхийгээс 500 сая километрийн зайд байсан бөгөөд Росетта хөлөг сүүлт одонд хүрэхийн тулд 6.4 тэрбум километр зам туулжээ.
Мексикт өнгөрсөн есдүгээр сард сураггүй болж хожим нь амиа алдсан нь тогтоогдоод байсан 43 оюутны төлөөх бослого хурц байдалд шилжив. Тус оюутнууд Игуала хотод болсон бослогын дараа сураггүй алга болсон бөгөөд тэднийг гэмт этгээдүүд хороож цогцсыг нь шатаасан байжээ. Үүнтэй холбоотойгоор жагсагчдын уур хилэн туйлдаа хүрч хотынхоо Конгрессийн байрыг галдан шатаасан юм.
Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй өөр нэгэн бослого 17 настай оюутан Жошуа Вонгоор удирдуулан Хонг-Конгд эхэлсэн. Хонг-Конгийн оюутнууд олон долоо хоногийн турш удирдагчаа сонгох эрх, ардчиллын төлөө тэмцэж байгаа юм. Энэхүү тэмцэл дэлхий нийтийн дунд тайван гэдгээрээ алдаршиж буй. Гэвч Бээжингийн толгойны өвчин болсон эдгээр босогчид одоо хүртэл ямар нэгэн үр дүнд хүрээгүй байгаа билээ.
Хонг-Конгийн босогчид тэмцлээ үргэлжлүүлж байх үед АНУ-д өөр нэгэн эсэргүүцэл эхлэв. Наймдугаар сард АНУ-ын Фергюсон хотод гэм зэмгүй хар арьст хүүг цагдаагийн офицер буудан хөнөөсөн бөгөөд энэ үйл явдал нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. АНУ-д энэ төрлийн аллага цөөнгүй тохиодог бөгөөд ялангуяа хар арьстнууд хохирогч болох нь элбэг. Уг хэргийн шүүх хурал арваннэгдүгээр сард болж тангарагтны шүүхээс цагдааг гэм буруугүйд тооцсон билээ. Шүүхийн шийдвэр эсэргүүцэгчдийг улам хилэгнүүлж бослого тэмцэл нь газар авсан юм. Энэ хэрэг АНУ-ыг дэлхий нийтэд “Ардчилсан улс мөн үү” гэдэгт эргэлзэхэд хүргээд байна.
Украйнд төр засаг, Засгийн газраа эсэргүүцэгчид газар авч эхлэв. Бослого хөдөлгөөн даамжирсаар нийслэл Киев хотын зарим газрууд, төрийн захиргааны байрнуудыг босогчид сүйтгэсэн юм.
Украйныг Европын холбоонд нэгдэхийг дэмжигчид, ОХУ-ын талыг баримтлагчид энэхүү бослогыг иргэний дайны хэмжээнд хүргэж тус улс түүхэнд тэмдэглэгдэх маш их гарз хохирол амссан билээ. Украйны хямралаас үүдэлтэй ОХУ болон барууныхны сөргөлдөөн хүчээ авч олон улсын харилцааны түүхэнд “2014” гэж тодоор бичигдэх олон үйл явдал болов.
Үл мэдэгдэх хакерууд оддын нүцгэн зургийг Icloud-аас авч интернэтээр цацав. Женнифер Лоуренс, Кэйт Аптон зэрэг алдартай бүсгүйчүүдийн зураг ийнхүү алдагдсан нь дэлхий нийтэд шуугиан тарьж Apple компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг нууцлах, аюулгүй байдал тал дээрээ анхаарах шаардлагатайг сануулав. Гэсэн ч тэдний зүгээс өөрсдийгөө буруугүй гэж үзэж байгаа бөгөөд хакерууд одуудын хувийн нууц үгийг олж, мэдээлэлд нь халдсан байж болзошгүй гэсэн юм.
Харин өнгөрсөн сард Sony Pictures компани хакердуулж таван киногоо алдаж ихээхэн хохирол амссан. Зарим нь дэлгэцэнд гарч, зарим нь хараахан гараагүй байсан эдгээр кинонуудыг интернэтээр олон мянган хүн үнэгүй татаж авчээ. Тус халдлагад Хойд Солонгосыг буруутай гэж үзэж байгаа юм. Учир нь Sony Pictures-ийн гаргахаар төлөвлөж байсан “The Interview” кинонд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг хөнөөхөөр завдаж буй тухай гардаг гэнэ. Энэ нь тэдний зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байсан юм.
Үүний дараахан буюу энэ сарын 22-ны өдөр Хойд солонгосын интернэтийн сүлжээнд асуудал үүсч 9 цаг гаруйн хугацаанд тасрав. Энэ үйл явдал нь мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Sony-гийн халдлагатай холбоотой хариу довтолгоо байж болзошгүй ажээ.
Өвлийн спортын XXII наадам буюу “Сочи 2014” ОХУ-ын Сочи хотод ёслол төгөлдөр болж өнгөрсөн. Сочигийн олимп нь хүн төрөлхтний аугаа их баяр цэнгэл гэгддэг олимпийн наадмын хамгийн сүрлэг нээлт, хамгийн үнэтэй зохион байгуулалт гээд ялгарах зүйл ихтэй байсныг дэлхий дахинаа онцлон тэмдэглэж байсан билээ.
Олимпийн нээлтийг “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд 40 мянга гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд дэлхий даяараа зурагтынхаа өмнө хүлээн авсан юм. Тус олимпыг зохион байгуулагч ОХУ хамгийн олон буюу 33 медалиар тэргүүлсэн билээ.
Хөлбөмбөгийн хорь дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 13-ны өдөр Бразил улсад нээлтээ хийсэн. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг оролцсон бөгөөд Герман улсын шигшээ баг түрүүлж “Алтан дагина”-ы эзэн болов. Харин хоёрдугаар байранд Аргентин улсын шигшээ баг орсон бол гутгаар байранд Нидерландын шигшээ баг орсон билээ.
Анх Баруун Африкт илэрсэн Эбола цусархаг халууралт халдварт өвчин энэ онд дэлхий дахинд хурдацтай тархаж олон мянган хүний аминд хүрсэн билээ. Тус халдварын улмаас энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 18 мянга гаруй хүн өвчилж 7 мянга орчим хүн нас бараад байна.
Үүссэн нөхцөл байдлыг үндэслээд дэлхий нийтэд ноцтой хохирол учруулж байгаа тус вирусын эсрэг Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг ДЭМБ-аас зарласан юм. Одоогоор дэлхийн улс орнууд Эбола вирусын халдварын эсрэг нэгдэн тэмцэж байна. Мөн эбола вирустай тэмцэгчдийг TIME сэтгүүл “Оны онцлох хүн”-ээр тодруулсан юм.
Монгол Улсын Хөгжлийн банк энэ оны нэгдүгээр сард Японы хөрөнгийн зах зээл дээр 30 тэрбум иенийн арван жилийн хугацаатай Самурай бондыг Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны банкны давхар баталгаатайгаар жилийн 1.52%-ийн хүүтэйгээр гаргав.
10 жилийн хугацаанд ганц удаа хийх төлбөр тул цаашид зөвхөн хүүгээ төлөөд явна. Бусад эх үүсвэртэй харьцуулахад “Самурай” бондын хүү харьцангуй бага, жилд дунджаар 4.4 сая ам.долларыг хүүгийн төлбөрт өгнө. Харин зээлийн үндсэн төлбөр болох 30 тэрбум иенийг 10 жилийн дараа нэг дор буцааж төлнө гэж Хөгжлийн банкны Захирал Н.Мөнхбат захирал мэдэгдэж байлаа.
Мөн энэ оны арванхоёрдугаар сард "Хөгжлийн банк" 300 сая ам.долларын хэмжээтэй хамтарсан зээлийн санхүүжилтийг амжилттайгаар босгоод байна.
Тус зээлийн хөтөлбөрт зохицуулагчаар Кредит Свисс Банк, БНХАУ-ын Экспорт Импортын Банк, болон Сумитомо Мицуи Банкууд ажилласан байна.
Энэ нь Монгол Улсын санхүүгийн зах зээл дээрх хамгийн том хамтарсан зээлийн санхүүжилт юм байна.
2014.01 , 2014.12
Авто спортын тамирчин бүрийн орохыг мөрөөддөг Дакар Ралли уралдаан бол дэлхийн хамгийн их бартаатай хүнд хэцүү эр зориг шаардсан уралдаан билээ.
Энэ оны нэгдүгээр сард болсон Дакар Ралли тэмцээнд манай улсаас оролцсон ОУХМ Д.Болдбаатар сүүлийн гараанд 56-р байранд орж уралдааныг дуусгасан нийт 78 мотоциклчдоос 60 дугаар байранд орсон.
Ийнхүү ОУХМ Д.Болдбаатар Дакар Ралли уралдаанд оролцон, барианд орсон Монголын анхны тамирчин болсон юм.
2014.01.21
БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр уран зохиолын хичээлийг хасах эсэх талаар телевизээр ярилцлага өгөхдөө дурдсан нь шуугиан тарьж олны дургүйцлийг хүргэсэн. Харин энэхүү асуудлаар салбарын сайд нь няцаалт хийж ташаа мэдээлэл болохыг мэдэгдэв.
Харин БСШУ-ны сайдын 2014 оны 240 дүгээр тушаалаар бага ангийн сургалтын хөтөлбөрөөс Эрүүл мэндийн хичээлийг хассан шийдвэр гарсан бөгөөд тус хичээлийг бусад хичээлтэй уялдуулах буюу биеийн тамир, биологийн хичээлээр орно гэж тайлбарлаж байгаа ажээ. Үүнийг залуучуудын эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллага эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн төдийгүй цаашид тууштай тэмцэх болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.
2014.02
АНУ-ын Насжилтын хүрээлэнгийн Дархлаа судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Аръяа хавдрын эсрэг вакциныг зохион бүтээсэн билээ.
Тэрээр өөрийн нэр дээр 12 патенттай бөгөөд ихэнх нь хавдрын эсрэг дархлааг хэрхэн бий болгох, түүний үйлчлэлийг яаж өөрчилж болох вэ гэдэгт чиглэгдсэн ажээ.
Түүний бүтээсэн цөсний хавдрын эсрэг вакциныг АНУ-ын Андерсоны эмнэлэг бодит амьдралд хэрэгжүүлж байгаа юм байна.
2014.02
ОХУ-ын Сочи хотноо болсон Өвлийн XXII олимпийн наадмын 10км-ийн гүйлтийн цанын төрөлд МУ-ын Спортын мастер Ч.Отгонцэцэг уралдаж 70-р байранд, гүйлтийн цанын 15 км-ийн зайн уралдаанд ОУХМ Б.Бямбадорж уралдаж 80-р байрт орсон.
Сочи -2014 наадмын өмнө тамирчдын амжилтаас илүү олон нийтийн анхаарлыг татаж, шуугиан тарьсан зүйл нь тамирчдын өмсөх хувцас байлаа.
Нэгдүгээр сарын сүүлээр тамирчдын хувцсыг танилцуулсны дараа олон нийтийн сүлжээгээр
- “Сочи явах тамирчдын хувцас уу, Шатахуун түгээгчийн хувцас уу”
- “Нормын хувцас байна”
- “Уул уурхайн компанийн кэмпийнхэн ч үүнээс илүүг өмсөнө” гэх мэт иргэдийн шүүмжлэл тасрахгүй байсан учир үндэсний үйлдвэрлэгч “Говь” компани тамирчдын хувцсыг урлаж тамирчдад гардуулсан юм.
Ингээд утаан дотроосоо ялгагдахгүй саарал куртка, хар өмдөө солиод хөх цэнхэр өнгийн хувцастайгаар манай баг Сочи-2014-г зорьсон бөгөөд олон нийтийн сүлжээний хүчийг мэдрүүлсэн тамирчдын ёслолын өмсгөл "олимпийн шилдэг 10 хувцас" жагсаалтад орсон билээ.
2014.02.09
Улсын клиникийн төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан Солонгос эмч нартай хамтран анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо амжилттай хийсэн билээ.
Одоогийн байдлаар хагалгаанд орсон дөрвөн настай хүүгийн бие сайн байгаа бөгөөд хүүгийн аав нь донор болсон байна.
Ингэснээр үндэсний багийнхан орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг бие даан хийх боломжтой болсон билээ.
2014.02.24

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин энэ салбарт сэлэм эргүүлж орсноор хуулийн байгууллагуудын “шинэчлэл” эхэлсэн. Цагдаагийн даргыг ажлаас нь чөлөөлж, газар хэлтсүүдийг татан буулгаж, нэгийг нь нөгөөтэй нь нийлүүлж, нэрийг нь өөрчилж, хугацаагаар олгодог цолыг болиулснаар хуулийн байгууллагад бугшсан хүнд суртал, эрх мэдлийн зангилааг тайлж эхэлсэн гэж байв.
Гэсэн ч аажимдаа цавчилт нь саарсаар хуулийн шинэчлэл нь цагдаа, цэргийн байгууллагын хэдэн даргыг хооронд нь хольж сольдог асуудал болж хувирсан.
Үүнтэй зэрэгцэн “сайн ах”-тай холбоотой дуулиан дэлгэгдэж, Монголчууд хэсэгтээ л Г.Сарангэрэлээр амьсгалаад авсан.
Тахарын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиуд батлагдан, шинээр алба байгуулагдсан нь Хуулийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийсэн бодит ажил юм.
2014.04
Косово улсад зохиогдсон Моно драмын олон улсын театрын “МонАкт-2014” фестивалиас УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан анх удаа эх орноо төлөөлөн оролцож “Гран При” шагнал хүртээд ирсэн.
Тэрбээр уг фестивальд “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ оролцсон бөгөөд ирсэн даруйдаа өөрийн тайлан тоглолтоо хийж ДБЭТ-д моно драмын чиглэлээр өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн уран бүтээлч гэдгээ баталсан юм.
2014.04
Гоц ухаантай Монгол хүү өнгөрсөн нэг жилийн хугацаанд MIT (Massachusetts Institute of Technology)-д онлайн сургалтыг нь хэрхэн сайжруулахыг зааж байгаа гэдгийг гадны хэвлэлүүд бичиж эхлэв.
15 настай М.Баттүшиг хүү дэлхийд алдартай MIT-ийн онлайн сургалтыг /MOOC/ амжилттай дүүргэж 150 мянга гаруй хүнийг тэргүүлсэн юм. Үүний дараа MIT болон Харвардын Их сургуулийн хамтарсан онлайн сургалтыг хөгжүүлэх төсөл болох edX-ын тэргүүнүүд хүүд ажил санал болгожээ. Тус ажлын гол зорилго нь онлайн сургалтыг дунд сургуулийн сурагчдад илүү сайн, хүртээлтэй болгоход туслах ажээ.
Одоо М.Баттүшиг MOOC-д ажиллахын хажуугаар оюутны амьдралаар амьдарч үргэлжүүлэн суралцаж байна.
2014.04
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан "Том төрөөс ухаалаг төр рүү" санаачлагын хүрээнд хэд хэдэн хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан билээ.
Тэдгээрээс Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу “давхар дээл” тайлах хуулийн төсөл болон Шилэн дансны хуулийг онцолж байна.
УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихгүй байхыг ихэнх гишүүд дэмжиж байсан ч эцсийн мөчид Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл олонхын санал авч чадалгүй унасан. Хуулинд зааснаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч дахин өргөн барих боломжгүй болсон юм.
Харин Шилэн дансны хуулийг хаврын чуулганы хаалтын өдөр УИХ-аас баталснаар ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн байгууллагууд таван саяас дээш төгрөгийн санхүү, төсвийн мэдээлэл, орлого зарлагын тайлангаа ил тод мэдээлэх шийдвэрт хүрсэн нь энэ оны төдийгүй ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших хугацаан дахь ил тод байдлын томоохон өөрчлөлт билээ.
2014.04 - 2014.07
11 аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд Оношлогооны төвийн нээлт орон даяар зэрэг болсон нь энэ оны эрүүл мэндийн салбарт гарсан хамгийн том өөрчлөлт болсон билээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцаас 23,9 тэрбум төгрөгийг 11 аймагт оношилгооны шинэ төв байгуулахад зарцуулав. Энэ хүрээнд 27 нэр төрлийн 240 ширхэг дэвшилтэд технологийг нийлүүлсэн байна.
Орон нутгаас нийслэлд оношилгоо, шинжилгээ хийлгэхээр ирэх иргэдийн урсгал 30-40 хувиар буурсан үзүүлэлт гарсан бөгөөд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхи сайжирч байна. Улмаар лавлагаа төвүүдийн ачаалал буурч хөгжих боломж бүрдсэн юм.
2014.04.03
МҮОНТВ-ээс зохион байгуулдаг “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Булган аймгийн Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолборын аравдугаар ангийн сурагч Р.Авирмэд малчдад зориулсан трактор зохион бүтээсэн. Тэрбээр жижиг оврын тракторт нэмэлт тоноглол хийснээр 1000 хонины хашааг 20 минутын хугацаанд цэвэрлэх боломжтой болсон юм. Аймгийн малчид түүний тракторыг ихэд сонирхож байгаа гэдгийг Р.Авирмэд хүү хэлж байв.
2014.05
Дан ганц уул уурхайгаас хамааралтай гэж хэлж болох манай улсын эдийн засаг сүүлийн хоёр жилийн хугацаанд уналтад ороод байгаа.
Ялангуяа өнгөрч буй онд хууль эрх зүйн таагүй орчноос үүдэн гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа зогсоож, уул уурхайн бизнес хумигдаж эхэлсэн.
Нэгэнт үйл ажиллагаа нь зогссон уурхайнууд цомхотгол хийхээс аргагүйд хүрэв. Зөвхөн “Оюу Толгой” компани энэ жил 300 ажилтнаа цомхотгосон.
Уул уурхайн салбарын зогсонги байдал зөвхөн тэнд ажилладаг ажилчдад төдийгүй бараа, үйлчилгээ нийлүүлдэг компаниудад ч сөргөөр нөлөөлж байгаа.
Уул уурхайн томоохон компаниуд эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа ч дэлхийн зах зээлээс гол ашиг олдог нүүрсний үнэ буурсан нь энэ төрлийн олборлогчдод сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм.
2014.05
Шинэчлэлийн засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн 100” хөтөлбөрийг батлан сүр дуулиантай эхлүүлсэн ч 100 хоногийн дараа гараа өргөн бууж өгсөн гэхэд хилсдэхгүй.
Засгийн газраас үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжиж, уул уурхай, барилга аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар амлаж байв.
Гэтэл энэ хугацаанд вальютын ханш чангарч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр. Үүнд эрх баригчид “100 хоногийн дотор эдийн засгийг өргөс авсан юм шиг сайжруулах аргагүй” гэсэн хариу өгч байсан билээ.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих импортыг орлох 888” төслийн явц зогсонги байдалд ороод байгаа. Одоогийн байдлаар 151.2 тэрбум төгрөгөөр 104 төслийг санхүүжүүлсэн байна.
Үйлдвэрлэлийн алтан үе ирлээ хэмээн тунхаглаж байсан ч үлдсэн төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй.
2014.05
Тавдугаар сарын 6-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хоёр эмэгтэй хүний цогцос олдож олныг цочроосон.
Хохирогч Б, Х нар нь 1995, 1994 оны орон нутгийн харьяалалтай, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байсан бөгөөд хэрэг гардаг шөнө хэрэгтэн З, И нартай хамт архидаж муудалцаад гэмт хэргийн золиос болсон юм.
Хэрэгтнүүд ч мэдүүлэгтээ гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрснийг ЦЕГ-аас мэдээлсэн юм
2014.05.06
Булган аймгийн Орхон суманд өнгөрөгч тавдугаар сарын 14-ний өдөр З.Ёндон гэгч бага насны хоёр хүүхдээ ачааны машины бүхээгт хийж зориудаар шатаасан аймшигт хэрэг гарсан билээ.
Шүүхээс бусдыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан З.Ёндонг гэм буруутайд тооцож, 25 жилийн хорих ял оноосон.
Ингэхдээ хоёр жилийг гянданд, үлдсэн 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн энэ онд гэр бүлийн хүчирхийллийн золиос нь хүүхдүүд болсон хэд хэдэн дуулиант хэрэг гарсан билээ.
Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Сүхбаатар дүүрэгт эхийг нь хичээлдээ явсан хойгуур төрсөн эцэг нь хоёр настай охин болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон жигшүүрт хэрэг гарсан нь олны анхааралд өртсөн.
Тэгвэл хүүхдээ тамлан зовоосон эцэг дөрвөн сар саатуулагдаад суллагдсан бөгөөд хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа үед эхнэр гурван хүүхэд нь дахиад аюултай нөхцөл байдалд орж магадгүй болоод байгаа талаар Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд мэдэгдэж байсан юм.
2014.05.15
Зургаадугаар сарын 7-ны өдөр Нийслэл хотод “Улаанбаатар-Марафон” Олон улсын тэмцээн “БИДНИЙ ГУДАМЖ, БИДНИЙ СОНГОЛТ” уриан дор зохион байгуулагдсан.
Тэмцээнд манай улсын тамирчдаас гадна ОХУ, Япон, БНХАУ, БНСУ-ын тамирчид нийт 30 мянга гаруй хүн оролцсон бөгөөд Монгол Улсын гавъяат тамирчин Б.Сэр-Од түрүүлсэн юм.
Хотын даргын захирамжийн дагуу жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон зарлаж бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
2014.06.07
Зургаадугаар сарын 21-ний 07:40 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны замд Сүхбаатараас Улаанбаатарын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус осолдож, зургаан хүн амиа алдсан.
Тодруулбал, “Дайчин сүх” ХХК-ний “Hyundai” маркийн автобус замын хажуу руу онхолдсон юм. Үүний уршгаар зургаан хүн газар дээрээ амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж, бэртсэн харамсалтай хэрэг гарсан.
2014.06.21
Нийслэлийн 365 жилийн ойн баярын хүрээнд өнгөрсөн долоодугаар сарын 6-ны өдөр Чингисийн талбайд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн анх удаагаа болж өнгөрсөн. Тус үдэш ДБЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож нийслэлчүүдээ бэлэг барьсан юм.
Энэхүү тоглолт нь дэлхийн хэмжээний сонгодог бүтээлүүдийг танилцуулах, үзэгчидтэйгээ илүү ойртох зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгохоо зохион байгуулагчдын зүгээс амласан.
2014.07
Ерөнхийлөгчийн зарлигаар Даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Улсын дархан аварга цолыг хүртээсэн.
Цол гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энэ жил Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр өмнө нь чимэг байсан, нэг хэсэг бөхийн цол болж явсан Далай аварга цолыг чимгээр нь үлдээхээр болсон.
Мөн Дархан аваргын болзол хангасан хүмүүст энэ цолыг нөхөж өгөх тухай хууль гарсны дагуу энэ цолыг олгож байна” хэмээн онцолсон.
2014.07.07
Энэ онд ам.долларын ханш 1900 төгрөгийн босгыг давав. Уг нь УИХ-аас энэ онд ам.долларын ханшийг 1384 төгрөгт барина хэмээн тооцож байсан юм.
Валютын ханш чангарснаар иргэдийн худалдан авах чадвар буурч, инфляцийг өсгөх үндсэн хөшүүрэг болсон.
Манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт буурсан, Оюу Толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдээгүй, урд хөршийн зах зээлд эрдэс бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний ханш эрс унасан зэрэг нь гадаад валютын орох урсгалыг бууруулахад хүргэсэн гэж хэлж болно.
2014 оны тухайд Монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг 21 хувь сулраад байна.
2014.08
БСШУЯ энэ хичээлийн жилээс бага ангийн сургалтын хөтөлбөрийг бүрэн шинэчилснээ зарласан билээ. Энэхүү шинэчлэлийг хийхэд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс 30 мянга гаруй багшид сургалт явуулжээ.
Шинэчлэлийн хүрээнд багшийн заах арга, хүүхдэд өгөх үнэлгээ, багшийн ажлын үнэлгээ, сурах бичиг, хичээлийн явц гээд бүх л зүйлс шинэчлэгдсэн гэдгийг тус яамнаас онцолсон бөгөөд сургалтанд хамрагдсан багш нарын зүгээс хүүхэд хөгжихөд багш туслагчийн үүрэг гүйцэтгэдэг болсон гэдгийг хэлж байсан юм.
2014.08
Монголын оюутны холбооноос санаачилсан “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг Засгийн газраас баталснаар өнгөрсөн хавраас хэрэгжиж эхэлсэн билээ.
Зэвсэгт хүчний 019 дүгээр ангийн харьяа Төв аймаг дахь сургалтын төвд болсон хамгийн эхний ээлжийн хөтөлбөрт 500 орчим оюутан хамрагдсан бөгөөд албаа амжилттай хаагаад өнгөрсөн наймдугаар сард халагдсан.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсан цэргүүд сэтгэл хангалуун байгаа бөгөөд дээд боловсрол эзэмшиж байх хугацаандаа иргэний үүргээ биелүүлж цэргийн алба хаах боломж бүрдүүлснээрээ онцлогтой, үр дүнтэй хөтөлбөр болоод буй.
2014.08
БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар манай улсад ердөө хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дотор дарааллан Төрийн болон ажлын айлчлал хийсэн нь энэ оны яах аргагүй ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД билээ.
Хоёр том гүрний төрийн тэргүүн хэдхэн хоногийн зайтай айлчилсан нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүндэтгэсэн, сайн хөршийн харилцааг эрхэмлэсэн, түүхэн үйл явдал болсон билээ.
Өмнөд хөршийн төрийн тэргүүний айлчлалын үр дүнд Хятадын нутгаар дамжин тээвэрлэгдэх Монгол Улсын транзит ачаанд 40-өөс доошгүй хувийн тарифын хөнгөлөлт үзүүлэх, төмөр замын дөрвөн боомт нээх, Азиас Европ руу чиглэсэн дамжин өнгөрөх ачаа тээврийн гуравны нэгээс доошгүйг Монголын нутгаар тээвэрлэх талаар зарчмын тохиролцоонд хүрсэн.
Халх голын байлдааны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр талууд эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулсан. Үүнээс хамгийн чухал нь хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих асуудлыг шийдсэн явдал байв. Хоёр талын хэлэлцээрийн дүнд арваннэгдүгээр сарын 14-нөөс хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж эхэлсэн.
2014.08 - 2014.09
ЭХЭМҮТ-д эмчийн бичсэн эмийн жорын дагуу "Монос" эмийн сангаас фенобарбитал эм авч уусан 16 хүүхэд тус эмэнд хордон унтаа байдалтай эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Эмнэлгийн зүгээс фенобарбитал эмийг 23 хүүхдэд бичиж өгсөн бөгөөд долоон хүүхэд уугаагүй байсан юм.
Эмэнд хордсон хүүхдүүдэд шинжилгээ хийхэд хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд өөрчлөлт орсон байсан тул яаралтай хэвтэн эмчлүүлсэн.
Фенобарбитал эмэнд хордсон 16 хүүхэд дөрөв хоногтойгоос гурван сартай байсан бөгөөд хүүхдүүд бүгд эмчилгээгээ хийлгэж эмнэлгээс гарсан.
Харин хариуцлага алдаж жорыг буруу уншиж хүүхдүүдэд илүү тунгаар эм худалдсан Монос компанийн эмийн санч Э-д хоёр жил, лавлахын эмч Ж-д нэг жилийн ял оноосон юм.
2014.08.09
Наймдугаар сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатаж, есөн хүүхэд хүнд хөнгөн гэмтсэн хэрэг гарсан.
Галын үеэр есөн настай Н.Азжаргал охин хамгийн том нь байсан бөгөөд тэрбээр хүний өөрийн нийлсэн найман дүүгээ галаас аварч, 40 хувийн түлэгдэлтэд өртсөн байна.
Хүүхдүүдийн хамгийн бага нь ой таван сартай байсан бол том нь Н.Азжаргал охин байсан юм.
Хүүхдүүд том хүн байхгүй хойгуур гал алдаж, улмаар унтраах гээд ундааны саванд байсан бензинийг дээрээс нь хийсэн гэнэ. Гал дүрэлзэж, байшин утаагаар дүүрэх үед Н.Азжаргал дүү нараа цонхоороо зөөж гарган амь насыг нь аварсан баатарлаг үйл явдал болсон билээ.
2014.08.09
Жудо бөхийн ДАШТ ОХУ-ын Челябинск хотод наймдугаар сард болсон.
Манай гаригийн хамгийн шилдэг жүдочийг шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээн 7500 хүний суудалтай “Трактор Арена”-д болсон бөгөөд 120 орны 751 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн тэмцээнд хүч үзсэн юм.
Челябинскийн татамид манай улсын эрэгтэй, эмэгтэй есөн тамирчин хүч үзсэн бөгөөд ОУХМ Г.Болдбаатар ДЭЛХИЙН АВАРГА болсон юм.
2014.08.25
“Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээний санаачлагаар ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барих ажил хоёр жилийн өмнө эхэлсэн бөгөөд энэ оны наймдугаар сард ашиглалтад орсон юм.
Анх гурван давхар эмнэлгийн барилга барина гэж төлөвлөн 4.1 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцож байсан уг эмнэлэг зургаан давхар болон сүндэрлээд байна.
Энэ бүх бүтээн байгуулалтын ажлыг олон түмний өглөг, хандиваар босгосон бөгөөд Монгол, Тайвань, АНУ, Япон зэрэг олон орны сайхан сэтгэлт хүмүүс туслан эмнэлэг боссон талаар Ажиа гэгээн хэлж байсан юм.
Тус эмнэлэг нь манай улсын анхны цусны эмгэг, хавдрын өвчтэй хүүхдэд зориулсан төрөлжсөн эмнэлэг болж байна.
Түүнчлэн чин сэтгэл, уйгагүй хөдөлмөр байхад бүхэл бүтэн эмнэлгийг ч олны дэмжлэгээр барих боломжтойг харуулсан том ажил болсон билээ.
2014.08.28
Эдгээр айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар есдүгээр сарын 11-нд Душанбе хотноо Кохи Сомон ордонд уулзав. Уулзалтын үеэр талууд гурван талын уулзалтыг тогтмолжуулах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүдийн талаар ярилцсан юм.
Душанбе хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөлдөх хуралдааны үеэр гурван улсын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалт болсон билээ.
Энэ үеэр “Улаанбаатарын уулзалт”-ыг тогтмол зохион байгуулах санаачлагыг Монгол Улсын зүгээс гаргаж тодорхой үр дүнд хүрээд байна.
2014.09
Узбек улсын Ташкент хотноо есдүгээр сард болсон Чөлөөт бөхийн ДАШТ-нд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр найман тамирчин оролцож тэмцээнийг НЭГ АЛТ, ГУРВАН ХҮРЭЛ медальтайгаар дуусгасан. Энэ удаагийн дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй тамирчдын үзүүлсэн амжилтаараа манай улс 10-р байрт Украйн улсын хамтаар бичигдсэн.
Үүнээс эмэгтэйчүүдийн баг нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн ба С.Цэрэнчимэд чөлөөт бөхийн ДАШТ-нд анх удаа оролцон 19 насандаа алтан медаль хүртэж ДАШТ-ээс манай улсын тав дахь алтан медалийг хүртсэн юм.
Түүнчлэн тэрбээр Инчеоны азийн наадмаас хүрэл, Армийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж чансаагаараа дэлхийд тэргүүлж байна.
2014.09.10
Завхан аймагт 9999 хүүхэд шатрын спортоор оюун ухаанаа сорьж, “ӨСВӨРИЙН-9999 МОНГОЛ ШАТАРЧИД” тэмцээнд оролцсон билээ. Энэхүү спортын арга хэмжээ есдүгээр сарын 20-ноос эхэлсэн бөгөөд нийт 24 сумын 9999 хүүхэд хамрагджээ.
Уг тэмцээн Монголд төдийгүй дэлхийд анх удаа 9999 шатарчин нэгэн зэрэг өрсөлдөж буйгаараа онцлог болсон юм.
2014.09.24
Есдүгээр сарын 19-нөөс 29-ний өдрүүдэд Өмнөд Африкийн Дурбан хотноо шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ.Тэмцээнд манай улсаас долоон хүүхэд амжилттай оролцсон юм.
Тэдний дундаас охидын найман насны ангилалд Даваахүүгийн Мөнхзул түрүүлж алтан медаль авснаар шатрын өсвөрийн Дэлхийн аварга болсон билээ.
Харин хөвгүүдийн найман насны ангилалд Есөнтөмөрийн Төгстөмөр мөнгөн медаль хүртсэн.
Д.Мөнхзулын хувьд 8.5, Е.Төгстөмөр 9.5 оноо авч медалийн эзэд болсон сайхан үйл явдал болсон.
2014.09.29
АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар ирэх 2016 онд АСЕМ-ыг даргалж, уулзалтыг зохион байгуулах орноор Монгол Улсыг олонхын саналаар сонгосон билээ.
Европын Холбооны гишүүн 27 улс, Европын 2 орон, (Норвеги, Швейцарь), Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (ASIAN)–ны гишүүн 10 орон, Зүүн Хойд Азийн 10 орон Австрали, БНХАУ, Монгол, Мьянмар, ОХУ, Пакистан, БНСУ, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын Комисс АСЕАН-ны Нарийн бичгийн даргын газар, мөн энэ жилээс гишүүнчлэлд нь нэгдэж буй Хорват, Казакстаныг оруулан тооцвол 53 орны төлөөлөгчдийг эгнээндээ багтаасан энэхүү олон улсын байгууллага Монголын гадаад бодлогыг ийнхүү өндрөөр үнэлсэн юм.
АСЕМ-ийн уулзалтыг хүлээн авах нь улс орнуудын хувьд өндөр нэр хүндийн хэрэг бөгөөд дэлхийн 53 орны төрийн тэргүүнүүд Улаанбаатар хотноо хоёр жилийн дараа хуран чуулах болно.
2014.10
Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эмчилгээ хийлгүүлэхээр 2013 оны наймдугаар сард БНСУ-руу явсан билээ.
Түүнээс хойш хилийн чанадаас намынхандаа зааварчилгаа өгөн нам жим амьдарч байв. Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаярыг орогнол хүсч БНСУ-ын иргэн болсон, болоогүй гэх мэдээлэл нийтлэгдсэнээр гурав дахь Ерөнхийлөгч дахин анхаарлын төвд орж ирсэн.
Энэ мэдээлэлд намынхан нь хариулт өгч, эргэлзээ үүсч байх үеэр экс Ерөнхийлөгч эх орондоо ирэв. Эдийн засгийн хямрал нүүрлэж, засаг төр ганхаж байх үеэр ирж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэх хардлага байсан ч “Миний ирсэнд улс төрийн шалтгаан байхгүй” гэсэн хариу өгсөн юм.
Гэхдээ тэрбээр улстөрийн хамгийн том хүчнүүдийн нэг Ардчилсан намыг бужигнуулж, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын, АН-ын даргын суудлаас буухад хамгийн хүчтэй түлхэлтийг хийж өгсөн ч гэх нь бий.
Ямар сайндаа л Н.Энхбаяр ааруул "амсах" гэж ирээд АН-ыг бужигнуулаад буцлаа гэх хошин яриа улстөрийн хүрээлэлд гарах вэ дээ.
2014.10
АНУ-д очсон 22 үлэг гүрвэлийг эх оронд нь авчрах “Бид ирлээ” үйл ажиллагаа энэ оны аравдугаар сард болж байсан. Т.Батаарыг Монголд ирснээс хойш эхлээд 17, дахин 5 үлэг гүрвэл хууль бусаар хил нэвтэрч АНУ-д очсон нь тогтоогдоод байсан бөгөөд тэднийг 100 мянга орчим доллар зарцуулж эх оронд нь авчирсан юм.
Палеонтологи археологийн музейн шинэчлэл төслийн хүрээнд хууль бусаар хил нэвтэрсэн Монголын үлэг гүрвэлүүдийг хайх ажлыг эрчимтэй явуулж байгаа ба одоогийн байдлаар Мияамид найм, Францад хоёр олдвор байгаа нь тогтоогдож, манай талд буцаах нь тодорхой болоод байгаа ажээ.
2014.10
Энэ жил Археологийн салбарын хувьд олон үнэт олдвор олдсон жил байлаа. Эднээс Өвөрхангай аймгаас олдсон Их хаадын шүншиглэсэн олдворууд, Өндөр гэгээн Занабазрын Сарьдагийн хийдээс олдсон шавар бурхад, Хүннүгийн үеийн олдворууд зэргийг нэрлэж болох юм.
Мөн МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн судлаачид Үндэсний Түүхийн музейд XIII-XIV зууны үеийн нэн ховор олдворуудыг хүлээлгэн өгсөн зэрэг нь соёлын өвийг баяжуулсан явдал болов.
2014.10-11 дүгээр сар
XVII Азийн наадамд 45 улс өрсөлдсөнөөс манай улс 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаар 16-р байрт эрэмбэлэгдсэн билээ.
Тус наадмын үеэр Монголын үзэгчдийг хамгийн их догдлуулсан төрөл сагсан бөмбөгийн тэмцээний үеэр болсон бөгөөд манай сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хоёулаа наймдугаар байранд орж Монголын төдийгүй Азийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэдний үзүүлж буй амжилтыг гайхан магтаж байсан юм.
Гурван сая хүрэхгүй хүн амтай, эдийн засгийн үзүүлэлтээрээ тааруу, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай орны хувьд бахархам амжилт байсан билээ.
Дээрээс нь Монголчууд багийн спортоор амжилт үзүүлэх боломж, нөөц байгаа гэдгийг дэлхий нийтэд харуулж чадсан чухал үйл явдал байсан юм.
Энэхүү амжилтыг үзүүлсний дараагаар Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчирт Японд тоглох санал ирж энэ талаар Их аварга Д.Дагвадорж твиттер хуудсаараа дамжуулан мэдээлж байсан.
Гэсэн хэдий ч Т.Санчир одоо харьяалагдаж байгаа баг болох Мадимос Шонхорууд багтаа үлдэхийг илүүд үзээд буй.
2014.10.04
Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний баяр наадмын барилдаанд Н.Батсуурь түрүүлж шинэ арслантай болсон.
Наадмын дараа сурын харвааны шилдэг 10 тамирчин, хүчит бөхийн барилдааны шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг уламжлалтай.
Наймдугаар сарын 22-ны өдөр тус шинжилгээний А сорьцын хариу БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын Допингийн хяналтын төвөөс ирсэн бөгөөд энэ жил Үндэсний их баяр наадамд тав давж начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн харьяат бөх Улсын начин Б.Суманчулуун, Архангай аймгийн харьяат бөх Н.Адъяабат нарын сорьцоос эерэг буюу допингийн төрлийн бодис хэрэглэсэн гэсэн хариу иржээ.
Бөхчүүд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ гэмтэлтэй байсан тул наадмаас өмнөхөн эм уусан гэсэн хариу өгсөн.
Гэсэн хэдий ч одоо мөрдөгдөж байгаа хуулиар хоёр жил хүртэл хугацаагаар эрхийг нь хасаж, цолыг нь хураах заалттай.
2014.10.13
ФИФА-гийн ёс зүйн хорооны хуралдаанаар Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганболдын олон улсын болон үндэсний хэмжээний хөлбөмбөгийн арга хэмжээнүүдэд оролцох эрхийг таван жилээр хассан нь спорт сонирхогчдын дунд хамгийн том шуугиануудын нэг байлаа.
Түүнийг 2009 онд ФИФА-гийн Гүйцэтгэх Хорооны гишүүний сонгуулийн үеэр болон 2011 оны ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бусдаас авлига авсан гэсэн шалтгаанаар ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Тиймээс Монголын Хөлбөмбөгийн холбооны зүгээс олон улсын тавцанд нэр хүндээ унагасан ийм үйл явдал гарсанд харамсаж буйгаа илэрхийлээд Ээлжит бус Их хурлаа зохион байгуулж шинэ удирдлагуудаа томилохоо мэдэгдсэн.
МХБХ-ны дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл холбооны өдөр тутмын үйл ажиллагааг дэд ерөнхийлөгч А.Ганбаатар хариуцаж байхаар болж Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байна.
2014.10.21
АН-ын ҮЗХ-ны арваннэгдүгээр сарын 14-ний хурлаараа даргаа сольж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулсан билээ.
Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын эхэнд Н.Алтанхуяг АН-ын даргын үүрэгт ажлаасаа огцрох өргөдөл гаргаж оронд нь УИХ-ын дарга З.Энхболд заалнаас нэрээ ганцаараа дэвшүүлсэн юм.
Улмаар ҮЗХ-ны гишүүдийн 87.5 хувийн саналаар З.Энхболд намын дарга болов.

Санал хураалтын дараа хэлсэн үгэндээ З.Энхболд "Н.Алтанхуяг хамгийн удаан намын дарга, хамгийн олон ялалт авч ирсэн, хамгийн их эв нэгдлийг сахисан, хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайд байсан хүн юм. Тиймээс таны хийж хэрэгжүүлсэн бүхнийг залгамжилж, амжилтын буухиаг үргэлжлүүлэх болно" гэсэн юм.
2014.11
Төрсөн охин, хүргэн дүү, туслах нь гээд ойр дотнынхон нь экс Ерөнхий сайдыг огцроход чамгүй үүрэг гүйцэтгэсэн. Улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэхэд арга хэмжээ аваагүй хэмээн чичлүүлсээр буусан Н.Алтанхуягийн суудалд суусан Ч.Сайханбилэг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд болов.
Шийдлийн Засгийн газрын тэргүүн юун түрүүнд эдийн засгийн хүндрэлийн эсрэг арга хэмжээнүүдийг авахаа мэдэгдээд буй.
2014.11
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг "Чингис хаан" одонгоор шагналаа.
Х.Намсрай нь физикийн салбарт "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол"-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргажээ. Ингэснээр дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон байна.
2014.11
Эдийн засаг, санхүүтэй холбоотой бараан мэдээллээс ангид гэгээлэг гэж хэлж болох үйл явдал энэ онд газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт гарсан юм. Манай улс энэ онд түүхэндээ авч байгаагүй өндөр ургац хураасан билээ.
Энэ онд 518.700 тн үр тариа, 489.400 тн буудай хурааж авсан талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн. Үүнээс 340.000 тн буудайг гурилын үйлдвэрт нийлүүлж, дотоодын хэрэгцээг бүрэн хангахаар болсон нь олзуурхууштай.
Мөн малын тоо толгой 60 сая хүрч байна. Албан ёсны тоо баримт гаргаагүй байгаа ч энэ онд 60 сая хүрэх нь гарцаагүй болсон. 2013 онд улсын хэмжээнд 14 сая төл бойжуулж, оны эцэст нийт мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрсэн билээ. Харин энэ жил Монгол Улсын хэмжээгээр 15 сая төл хүлээн авах зорилт дэвшүүлээд байгаа юм.
2014.11
Монголын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын “Монголын алтан хоолойтнууд” тоглолт өнгөрсөн сард болж өнгөрсөн нь Монголын сонгодог урлагийг дэлхий дахинаа гайхуулсан үйл явдал болсон юм. Дэлхийн гурван их театрын нэг Оросын Их Театрт дуулж үзэхийг хүсдэггүй уран бүтээлч гэж байхгүй. Манай дуурийн дуучин бүрэн хэмжээний тоглолт хийсэн нь тэдний ур чадварыг баталж өгсөн шалгуур болсон гэж сонгодог урлаг сонирхогчид дүгнэж байгаа билээ.
Энэхүү тоглолтонд Монголын дуучид П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, “Риголетто”, А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн ари, дуэтыг дуулсан бөгөөд гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Ө.Уянга, УДБЭТ-ын гоцлооч Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар оролцсон юм.
2014.11
Монголын хошин урлагийн жүжигчин Г.Ундармаа энэ жил “Итгэлийн танхим” төслийнхөө хүрээнд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг 75 гаруй сая төгрөгөөр засч, тохижуулсан юм. Тэрбээр энэхүү төслийнхөө хүрээнд сайн санаат хүмүүсийн хандив дэмжлэгээр өнгөрсөн жил Яаралтай тусламжийн төвийг засч тохижуулж байсан билээ.
Мөн хошин урлагийн жүжигчин И.Одончимэг “Мобиком” корпорацийн дэмжлэгтэйгээр “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслөө хэрэгжүүлж тэдэнд сургууль барьж өгсөн билээ.
Урлагийнхан ийнхүү сайн үйлсийг манлайлж байгаа нь олон хүнд урам зориг, сайхан сэтгэгдэл төрүүлсэн үйл явдал болсон бөгөөд УИХ-ын эмэгтэй гишүүд тэдэнд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн юм.
2014.11
Хөгжлийн бэрхшээлтэй ч тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлж сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган баруун аймгуудаар 5500 км аялах зорилготой Ч.Мөнгөндалай аялалдаа гарсан билээ.
Тэрбээр 167 хоногийн турш аялж, 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч 6200 км замыг туулан нийслэл хотод ирсэн юм.
2014.11.04
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал 32 дахь түрүүгээ хүртэж сумо бөхийн ноён оргилд гарсан юм. Тэрбээр арваннэгдүгээр сарын башёд 14 даваа нэг унасан амжилтаар түрүүллээ.
Энэ түрүү нь сумо бөхийн түүхэн дэх
- Хамгийн олон түрүүлсэн
- Хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн
- Хамгийн олон удаа дараалан түрүүлсэн
- Нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн
- Жилийн 90 барилдаанаас хамгийн олон давсан гэсэн амжилтуудыг эвдсэн юм.
Энэ үйл явдал Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөртэй давхцаж буйгаараа бүр онцлог үйл явдал байлаа.
Түүнчлэн М.Ананд Мэргэжлийн сумогийн 71 дэх аварга болж 68, 69, 70, 71 дэх аваргууд Монгол бөхчүүд /Д.Дагвадорж, Б.Даваажаргал, Д.Бямбадорж, М.Ананд/ болоод байна.
2014.11.23
Булган овогтой Билгүүдэй хэмээх хоёр настай хүү аравдугаар сарын сүүлээр цахилгааны улмаас үүссэн осолд өртөн шатны улайссан төмрөнд хоёр хөл, гар, хэвлий, нуруу бөгсөн хэсэг болон бусад хэсэгтээ түлэгдэж гэмтсэн билээ.
Тэрбээр түлэгдэлтийн дөрөвдүгээр зэрэгтэй, шагайн бүдүүн яс болон өргөн шөрмөс түлэгдэн ил гарч тасарсан, ходоодны шарх үүссэн зэрэг насандаа баймгүй хүнд өвчин зовлонг тээгээд буй.
Б.Билгүүдэй анхан шатны тусламжийг Монголд хийлгэсэн бөгөөд зүүн хөлийг өвдөгний доогуур тайрахаас аргагүй, мөн хурдан хугацаанд эмчилгээ хийлгэхгүй бол цусанд нь халдвар орон амь насанд нь аюултай гэж үзээд байсан юм. Харин түүнд Бээжин хотын нэг эмнэлгээс нааштай хариу өгсөн бөгөөд хүүг яаралтай эмчилгээнд оруулсан юм.
Ингээд эмчилгээний зардалд хандив цуглуулж эхэлсэн бөгөөд түүнд туслах хандивын аянд БНХАУ-д сурдаг Монгол оюутнууд, ӨМӨЗО-ы иргэд идэвхтэй оролцож долоохон хоногийн дотор 40 гаруй сая төгрөг цугласан юм.
Тиймээс Б.Билгүүдэй хүүгийн ээж Ц.Булган тусалсан бүх хүнд талархсан сэтгэлээ илэрхийлээд, эмчилгээнд шаардлагатай мөнгө цугласан учир хадивын аянаа албан ёсоор зогсоож байгаагаа мэдэгдсэн юм.
Хүүд арьс нөхөх хагалгаа арваннэгдүгээр сард хийсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт хоёр дахь хагалгаа амжилттай болж биеийн байдал нь сайжирч байгаа ажээ.
2014.11.25
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдыг тодруулдаг билээ. Энэ жилийн шилдэг залуу эрдэмтдээр
- Хоролрагчаагийн Алтанзул
- Тогоогийн Хонгорзул
- Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ нар шалгарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртсэн билээ.
БҮТЭЭЛҮҮД - https://ikon.mn/n/cxv
2014.12
Худалдаа аж үйлдвэрийн танхим С.Дэмбэрэл хоёрыг салгаж ойлгохын аргагүй.
16 жил танхимын тэргүүнээр ажилласан тэрбээр МҮХАҮТ-ын XIX их хурлаар танхимын Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж дараагийн хүндээ суудлаа өгснөөр “Урбанек”-ийн гэх тодотголтой Б.Лхагважав сонгогдсон билээ.
Баялаг бүтээгчид дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа танхимын тэргүүнээс гадна бусад удирдлагуудаа ч шинэчилсэн юм.
Шинээр сонгогдсон удирдлагууд баялаг бүтээгчдээ эдийн засгийн хямралын өмнө сөхрүүлчихгүйн төлөө ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
Дэлхийн хөгжиж буй орнуудын залуу эрдэмтдийн шагналыг Б.Мөнхбат, Г.Цэрэнчунт нарт олголоо.
Г.Цэрэнчунт нь Дэлхийн болон АНУ-ын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, анагаах ухааны доктор, профессор хүн юм. Г.Цэрэнчунт хавдрыг үүсгэх шалтгаан, мөн чанараас нь эхлэн оношилгоо, эмчилгээний асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийн тулд, өмнө нь хийгдэж байгаагүй шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг сүүлийн арав гаруй жилийн турш хийж байгаа бөгөөд эдгээр нь чухал үр дүн үзүүлж байгаа аж.
Харин доктор Б.Мөнхбатын хувьд хувьд хагас дамжуулагч шинэ материал үйлдвэрлэх зориулалттай цөмийн судалгааны реакторын дизайны судалгаа хийсэн бөгөөд үр дүнгээ гадны олон хуралд танилцуулж, өгүүлэл нь олон хэл дээр хэвлэгджээ.
2014.12
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Т.Энх-Оюун 2014 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Солонгос улсын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсад зохион байгуулагдсан "Инновацийн шийдэл-Бидний амьдралд" сэдэвт уралдаант шалгаруулалтанд "Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга" бүтээлээрээ оролцон Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын "Алтан медаль", "Шилдэг зохион бүтээгч" шагналын эзэн болов.
2014.12
Өнгөрсөн 2013 онд манай улсад 2.1 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан.
Харин энэ жил гадаадын шууд хөрөнгө оруулалт 845 сая ам.долларын босгыг дөнгөн данган давж байна.
Уг нь Хөрөнгө оруулалтын газрыг байгуулж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн найруулж энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм.
Хуулийн шинэ зохицуулалтаар хөрөнгө оруулагчдад тааламжтай орчин бүрдүүлсэн хэмээн мэдэгдэж байсан ч харамсалтай нь хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлж чадсангүй.
Хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа хамгийн том шалтгааны нэг нь “Оюу Толгой”-н төслийн далд уурхайн санхүүжилт шийдэгдэхгүй байгаатай холбоотой хэмээн эдийн засагчид үзэж байна.
2014.12
Энэ сард манай улсын тамирчид БНХАУ-ын Хайнань мужид болсон Ой тогтоолтын ДАШТ-д багийн дүнгээр хоёрдугаар байранд орсон юм. Энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны академийн 13 тамирчин насанд хүрэгчид болон дунд насны ангилалд нийт 60 медалийн төлөө өрсөлдөж 29 медаль хүртсэн билээ. Манай улс ой тогтоолтын олон улсын зэрэглэлтэй томоохон тэмцээнүүдэд сүүлийн хэдэн жил өндөр амжилт гаргаж байгаа бөгөөд энэхүү амжилтын буухиа одоо ч үргэлжилсээр байна.
2014.12
Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-ний өдөр алдарт “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” балетын нээлт боллоо. Уг тоглолтонд Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд, ДБЭТ-ийн балетын бүжигчид болон сонгон шалгаруулалтаар шалгарсан 180 гаруй бяцхан хүүхдүүд оролцсон юм.
Жил бүрийн энэ үеэр тоглогддог “Цөмөөхэй” балетийг энэ жил МУГЖ Д.Алтанхуяг цоо шинээр тавих ажилдаа ханцуй шамлан орсон бөгөөд үзэгчид нэлээд хүлээлттэй байсан билээ.
2014.12
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд ялангуяа тэргэнцэртэй иргэдийн дунд “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах анхны тэмцээн болж өнгөрсөн. Энэхүү арга хэмжээнд 15 сайхан бүсгүй оролцсоноос Д.Цолмон түрүүлж тэргүүн миссийн титмийг зүүсэн билээ.
Мөн өнгөрсөн зургаадугаар сард тэргэнцэртэй иргэдийн загварын “Wheelchair fashion show” болж өнгөрсөн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд татан оролцуулах, өөртөө итгэх итгэлийг нь нэмэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
2014.12
Дэлхийд алдартай Нэтфликс компанийн бүтээл болох “Марко Поло” цуврал кинонд манай улсын жүжигчин Б.Амарсайхан Аригбөх хааны дүрд тоглов. Холливудын кинонд тоглосон анхны Монгол жүжигчин болсон тэрбээр киноныхоо нээлтэнд үндэсний хувцсаараа гоёж, улаан хивснээ алхсан нь олны анхаарлыг татсан билээ.
Тэр тусмаа Монгол хүн Монгол хааны дүрийг дэлхийн тавцанд бүтээсэн нь бид бүгдийн бахархлыг төрүүлсэн үйл явдал юм.
2014.12
Ардчилсан хувьсгалын сүлд дуу болох “Хонхны дуу” цуурайтсаны 25 жилийн ойн өдрөөр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа ДУУНД Төрийн соёрхол хүртээв.
Мөн тус дууг дуулсан Ц.Цогтсайхан агсны хөшөөний нээлтийг өмнөхөн нь хийгээд байсан юм. Үүгээр ч зогсохгүй улсын баяр наадмын нээлтэн дээр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хонхны дуу”-г нэлээд өөр зохиомжтой эгшиглүүлсэн нь олны дунд шуугиан тарьсан билээ.
2014.12
2010 оноос хойш дуншсан “Тавантолгой” нүүрсний ордны хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалтын дүн гарч Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ын хамтарсан түншлэл шалгарсан билээ.
Шалгарсан компаниудтай шинэ оны ажлын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 5-нд хэлэлцээр хийж эхэлнэ.
2014.12
“Шинэ үе” продакшн Эрдэнэт хотод аялан тоглолт хийж байх үед жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар хувийн шалтгаанаар муудалцаж буцлам халуун усаар нэг нэгнээ түлсэн хэрэг гарсан билээ.
Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сард болж, жүжигчин Д.Оюунтуул торгуулийн арга хэмжээ авахуулж харин жүжигчин Ц.Алдармаа долоон жилийн ял сонсож хэрэг шийдэгдсэн.
Харин тэдэнд холбогдох шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд болсноос хойш 55 хоногийн дараа Ц.Алдармаа өмгөөлөгчийн хүсэлтээр, эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гараад байна.
2014.12.15
21 настайдаа бусдын гарт харгисаар тамлуулж амь насаа алдсан Ц бүсгүйн хэрэг олны анхааралд ороод байгаа.
Түүний нас барсан шалтгаан шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн, худлаа гэж олны төөрөгдүүлсээр хэрэг шийдэгдэлгүй хохирогчийн найз залуу гэгдэх сэжигтэн Г.Алтанхүү буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байгаа юм.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 22-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болсон ч шүүх хурал дахин хойшилсон.
Шалтгаан нь гэвэл шүүх бүрэлдэхүүн талийгаачид анхны задлан шинжилгээ хийсэн эмч нарыг хуралд заавал оролцуулах ёстой гэж үзсэн юм.
2014.12.22
