Өнөөдөр бидний өдөр тутмын амьдралыг ухаалаг гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Автобусанд, ажил дээрээ, гэртээ гээд хаа сайгүй хүмүүс гар утсаа ширтэж сууна. Гар утасны хэт хэрэглээний улмаас орчин үед нэгэн шинэ төрлийн өвчин бий болж, үүнийг “text neck” syndrome гэж нэрлэх болжээ.
“Text neck” гэдэг гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг удаан хугацаанд доош тонгойж ашигласнаас үүдэн хүзүү, мөр, нурууны булчинд байнгын ачаалал өгч улмаар хүзүүгээрээ бөгтөр болохыг хэлнэ.
Хүний толгой дунджаар 4-5 кг жинтэй байдаг бөгөөд хүн толгойгоо урагш 60 градусын өнцгөөр бөхийлгөхөд хүзүүнд 20–27 кг орчим ачаалал үүсдэг гэсэн эмч нарын дүгнэлт бий.
Дэлхий даяар ухаалаг гар утас хэрэглэдэг хүний тоо энэ онд 5.8 тэрбум, нийт хэрэглэж буй ухаалаг гар утасны тоо 7.4 тэрбумд хүрчээ. Анхны iPhone утас зах зээлд гарсан 2007 онд ухаалаг утас хэрэглэгчдийн тоо 122 сая байсан нь өнөөдрийнхөөс 50 дахин бага тоо юм.
График №1. Ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо /давхардаагүй хэрэглэгч/
Surgical Technology International сэтгүүлээс гаргасан судалгаанд дурдсанаар хүмүүс утсаа ашиглахдаа ихэвчлэн хүзүүгээрээ 45 градус урагш бөхийдөг бөгөөд энэ нь нуруу, хүзүүний нугалам болон бусад булчинд 22 кг орчим даралт үзүүлдэг байна.
Энэ бол хэвийн гэж тооцогдох ачааллаас тав дахин өндөр үзүүлэлт юм. Жилийн хугацаанд авч үзвэл дунджаар нийт 1,000-1,400 цагийн нэмэлт ачаалал үүсгэж байна.
30 градус урагш бөхийхөд таны хүзүүнд 18 кг-ын буюу
хэвийнээс дөрөв дахин их даралт ирнэ.
45 градус тонгойход таны хүзүүнд хэвийнээс 5 дахин их буюу
нийт 22 кг-ын ачаалал ирнэ.
60 градус тонгойход таны хүзүүнд 27 кг-ын буюу
хэвийнээс зургаа дахин их ачаалал ирнэ.
Хүн өдөрт дунджаар 3 цагийг утсаа ашиглахад зарцуулдаг гэсэн судалгаа бий. Энэ зуршил удаан үргэлжилбэл:
Эдгээр шинж тэмдгүүд ялангуяа өсвөр насныхан, оюутнууд болон суугаа ажил хийдэг хүмүүсийн дунд түгээмэл болж байгаа аж.
Хүзүүгээрээ тонгойх бүрд булчингийн байнгын ачаалал үүсэж, булчин чангарч, мэдрэлийн төгсгөл шахагдана. Үр дүнд нь хүний хөдөлгөөн, нурууны уян хатан байдал буурч, хөшингө, бөгтөр биеийн хэлбэр бий болох аюултай.
Түүнчлэн бидний өдөр тутамдаа хийдэг нэг үйлдэл бол гадуур алхаж байхдаа утсаа харах. Тэр мөчид бид орчинтойгоо бус дэлгэцтэйгээ л харьцаж байдаг. Хүн утсаа харж эхлэхэд хүний харааны өнцөг 60 градус орчимд байдаг бол дэлгэц рүүгээ төвлөрөх тусам энэ өнцөг 1–10 градус болтлоо буурдаг байна. Өөрөөр хэлбэл, бид утсаа ширтэх үед эргэн тойрныхоо орчныг бараг мэдэрдэггүй, “сохор”-оор алхдаг аж.
Энэ үзэгдэл энгийн мэт боловч бодит аюул дагуулдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр тухайлбал Хонконгт 1 жилд 3,190 явган зорчигчтой холбоотой ослын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд “утсаа ширтэж явах” гэх тусгай ангилал байхгүй ч, 232 тохиолдлыг “явган зорчигчийн хайхрамжгүй байдал” гэж бүртгэсэн байна. Судлаачдын үзэж буйгаар эдгээрийн олонх нь гар утасны хэрэглээтэй холбоотой байх өндөр магадлалтай ажээ.
Үүнтэй холбоотойгоор Хонконгийн метроны буудлуудад зорчигчдод зориулан утсаа харж явахдаа болгоомжтой байх талаар анхааруулга гаргасан байдаг.
Өнөөдөр гар утас зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл төдий биш сэтгэл зүйн хамаарал үүсгэгч нэгэн зүйл болж хувирчээ. Судлаачид үүнийг “mobile phone addiction” буюу гар утасны донтолт гэж тодорхойлдог бөгөөд энэ нь мансууруулах бодисын донтолттой тун төстэй шинж үзүүлдэг.
Шинэ мэдэгдэл ирэх бүрд, хэн нэгэн зурагт “like” дарах бүрд, эсвэл мессеж хүлээн авах бүрд допамин хэмээх аз жаргалын даавар тархинд ялгардаг. Энэ даавар нь архи уух, тамхи татах, хар тамхи хэрэглэх, мөрийтэй тоглоом зэрэгт ч ялгардаг бөгөөд хүнийг сэтгэлзүйн хамаарал буюу донтох байдалд оруулдаг байна.
ДЭМБ-аас гар утсанд донтох төрлийн хамаарлыг “зан үйлийн донтолт” (behavioural addiction) гэж нэрлэж, “хамаарлын хам шинж” (dependence syndrome) хэмээн Олон улсын өвчний ангилалд (ICD) багтаасан байдаг. Энэ нь сэтгэцэд нөлөөлөх бодисын донтолттой адил түвшний сэтгэлзүйн хамаарал юм.
График №2. Дэлхийн зарим орны иргэдийн гар утас хэрэглэдэг хугацаа /1өдөрт/
Эцэст нь хэлэхэд нуруу, үе мөчний эмч нарын зөвлөж буйгаар гар утсаа нүдний түвшинд барих, тогтмол завсарлага авч сунгалтын дасгал хийх, дэлгэцийн өмнө өнгөрөөх хугацаагаа хязгаарлах нь “text neck”-ээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.