Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбарын бүхий л мэдээллийг НЭЭЛТТЭЙ авах боломж бүрдлээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Уул уурхайн салбартай холбоотой бүхий л мэдээллийг хэн ч, хаанаас ч янз бүрийн хэлбэрээр авах боломжийг бүрдүүлсэн ОҮИТБС-ын Цахим мэдээллийн нэгдсэн санг өнөөдөр танилцууллаа.

Дэлхийн байгалийн баялаг арвин 50 гаруй улсад хэрэгжиж байгаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь баялгаас бий болсон орлогыг олон нийтэд ил тод болгож, түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдуүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэдэг.

Уул Уурхайн Яамны Стратегий бодлого төлөвлөлтйн газрын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Энхбаяр "Монгол Улс энэхүү санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд төр, компани, иргэний нийгмийн тэнцүү төлөөлөл бүхий Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Үндэсний зөвлөлийн даргаар, орлогч даргаар Уул уурхайн сайд ажилладаг бөгөөд 2006-2015 онд Монгол Улс ОҮИТБС-ын нийтдээ 9 жилийн тайланг хэвлэн нийтэлж, дэлхийн болон монголын олон нийтийн хүртээл болгоод байна.

Энэ хугацаанд тайланг давхардсан тоогоор уул уурхай, газрын тос, ураны 4,701 аж ахуйн нэгж гаргаж, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хандив, дэмжлэгийн мэдээллээ ил тод болгосон бол Засгийн газар давхардсан тоогоор 6,858 аж ахуйн нэгжээс хүлээн авсан орлогоо тайлагнасан.

Энэ их мэдээллийг цаасан байдлаар тайлагнахад материал их зарцуулах, хугацаа алдах, төрөл бүрийн техникийн алдаа гарах, мэдээллийн ач холбогдол, хүртээмж буурах зэрэг хүндрэлүүд гарч байсан тул ОҮИТБС-ын тайланг цахимаар тайлагнах, цугларсан мэдээллийг олон нийтэд хурдан, шуурхай хүргэх, мэдээллийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийг нэвтрүүлэх” төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр, Адам Смит интернэйшнл хүрээлэнгийн техник туслалцаатайгаар Интерактив компани 2014-2015 онд гүйцэтгэж, системийг ашиглалтанд оруулаад байна" хэмээн ярилаа.

Уул уурхайн салбартай холбоотой тухайлбал тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар төлбөр, хандив, дэмжлэг зэрэг өргөн цар хүрээний мэдээлэл нэг дор төвлөрч, иргэн, байгууллагын хэн ч хаанаас ч сонирхсон мэдээллээ янз бүрийн хэлбэрээр авах боломжтой болсон нь ОҮИТБС-ын Цахим мэдээллийн нэгдсэн сангийн гол ач холбогдол юм. 

Дашрамд дурьдахад 2016 оны хоёрдугаар сард Перу улсад зохион байгуулагдсан ОҮИТБС-ын Олон улсын бага хурлын үеэр Монгол Улс “Мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлснийхээ” төлөө ОҮИТБС-ын даргын нэрэмжит шагналыг хүртжээ.

 

Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгч Пол Моффат "Европын сэргээн босголт хөгжлийн банкны зүгээс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг сүүлийн хэдэн жилийн турш дэмжин, үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Мэдээллийг практик  хэрэглээнд шилжүүлэхэд хамтарч ажилласандаа таатай байна. 

Ил тод байдлын санаачилгын хүрээнд бий болсон асар их мэдээллийг практик  хэрэглээнд шилжүүлэх чиглэлээр хамтарч ажилласандаа таатай байна 

ОҮИТБС-ын Цахим мэдээллийн нэгдсэн сантай болох мэдээлэл авахыг хүссэн хүмүүст хэрэгцээтэй байхаас гадна тайлан гаргахад хялбар болж байгаа юм. Компаниуд цахим маягт дээр мэдээллийг оруулснаар үндсэндээ гараар хийгддэг ажил эрс багасаж байгаа. Ингэснээр цаг хугацаа бага зарцуулсан үр ашигтай нөхцөл бүрдэж байна" гэлээ.

Цахим мэдээллийн нэгдсэн сангийн талаарх дэлгэрэнгүйг www.eitimonqolia.mn ОҮИТБС-ын ажлын албаны 70110525 дугаарын утсаар авна уу.

 

Цахим мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэгчдийн зүгээс цаашид санг сайжруулахад хэрэг болохуйц санал, сэтгэгдлийг дуртайяа хүлээн авна гэдгээ илэрхийлж байгаа юм.

Гэрэл зургийг mpa.mn