Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ган-Очир: Бидэнд өөрсдийн гэсэн эдийн засгийн систем бүхий “МАШИН” хэрэгтэй

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 25
iKon.MN

~Монголын Эдийн Засгийн Чуулган 2016~

Долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй Монголын Эдийн Засгийн Чуулган гуравдугаар сарын 30, 31-нд болно. Хувийн хэвшил, төр засгийн байгууллагууд, судлаачдын хамгийн том цугларалт, ойлголцол, бас мэтгэлцээн энэ үеэр болдог. 

iKon.mn тун удахгүй болох энэхүү арга хэмжээг угтаад Монголын Эдийн Засгийн Чуулган ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ган-Очиртой ярилцлаа. 


 

-Монголын Эдийн Засгийн Чуулган 2016 “Сургамж, Сорилт, Шийдэл” сэдвийн дор явагдана. Жил жилийн сэдэв онцлогтой байдаг. Энэ жил зохион байгуулагчид яагаад энэ гурван үгийг онцлох болов, ямар утгыг агуулж байгаа вэ?

-Эдийн засгийн форум дөрвөн талт байгууллага. МЭЗЧ өөрөө төрийн бус байгууллага, үүн дээр нэмээд судлаач, бизнес эрхлэгчид, төр засгийнхан ордог. Энэ утгаараа энэ хүмүүсээс санал авч сэдвийн нэрээ өгдөг.

Энэ удаагийн сэдвийг “Сургамж, Сорилт, Шийдэл” . Цаг үеэ олсон зөв нэр гэж бодож байна. Гэхдээ анхны нэрийн санаа бол “Ололт, Сорилт, Боломж” байсан. Одоо ч бодоход сургамж ярихын өмнө ололт буюу нөөцөө заавал ярьж түүнийгээ хэрхэн үр бүтээлтэй цаашид ашиглах бодлогоо гаргах хэрэгтэй.

Айл ч гэсэн малаа тоолж, сүргийн бүтцээ тодорхойлоод хаашаа оторлохоо ярьдаг. Мэдээж бидэнд хүндрэл байна уу байна. Гэхдээ бүх зүйл тартагтаа тулсан юм шиг дэгэсдүүлээд Монгол Улс хэзээ ч байгаагүйгээр баларсан юм шиг яриад байж болохгүй.

Монголын эдийн засгийг 1990 онтай харьцуулахад маш өндөр түвшинд очсон байна. Өрхийн тоотой тэнцүү автомашин, 3.4 сая гар утасны дугаар гэх мэт. Хүнсний хэрэглээний хувьд 1990 он хүртэл нэг хүнд жилдээ 88 кг мах идүүлэх зорилго тавьж байсан бол одоо 180 кг мах хэрэглэж, дэлхийд нэгдүгээрт орж байна.

Нийт макро эдийн засгийн үзүүлэлтүүд маань 20 дахин томорсон байна. 20 дахин томрох үйл явцад санхүү, харилцаа холбооны салбар нэлээн төлөвших шинжтэй байна.

Боловсролын салбар 40 мянган оюутантай байсан бол 400 мянган оюутантай болж, эрүүл мэндийн салбартаа жил бүр 500 сая доллар зарцуулдаг болжээ.  Дунд сургуулийн хүүхдэд өгдөг үдийн цай хөтөлбөр бол хаана ч байхгүй л хөтөлбөр.

1990 оноос өмнө 1,000 км хүрэхгүй засмал замтай байсан бол өнөөдөр 8,000 км орчим засмал зам, барилгын салбарын бодит өсөлттэй болжээ. Нийт хүм амынх нь 96 хувь тог цахилгаантай гэдэг үнэндээ дэлхийд сайн үзүүлэлт.

Нэгдсэн байдлаар нь харахад олсон юмнууд бидэнд их байна. Гэвч бүс нутгийн маань үсрэнгүй хөгжил, ил тод мэдээллийн давалгаа биднээс илүү хурдыг шаардаж бодит сорилтуудтай тулгалаа.

"Эдийн засгийн хөгжил гэж юу юм бэ? Эцэстээ экспорт, экспорт бас дахин экспорт"

-Жишээ нь ямар сорилтуудтай тулгарч байгаа вэ?

- Сорилт гэхээр өнөөдөр олон хүний амнаас баян хоосны ялгааг арилгах, төрийн оролцоог багасгах гэдэг үг л хамгийн ихээр гардаг болж. Гэтэл асуудлын гол нь Монгол Улсад олон улсын хэмжээнд өрсөлдөх нэг ч баян компани байхгүй, төрийн зүгээс эдийн засгийг системчилж, төрөлжүүлж, дотоод зах зээлээ хамгаалах ажил бага байгаа нь бидний гол сорилт болоод байна.

Өнөөдөр Монголд нэг тэрбум доллар хадгаламжиндаа байршуулсан, өрсөлдөх чадвар, зах зээлийн судалгаанд 10 сая доллар гаргаад бүс нутгийн зах зээлээ олон улсын түвшинд судлах нэг ч компани байхгүй байна шүү дээ.

Ийм байхад нэг хэсэг нь хэт баяжаад байна гээд ярих гэхээр салхи сөрж, мөс хагалах бяртай компани хэзээ бий болох билээ дээ. Тиймээс тийм компаниудыг бий болгохын тулд юуны өмнө экспорт руу чиглэсэн төвлөрөл, төлөвлөгөөг бүх талаар дэмжиж, хамгаалах хэрэгтэй байна.

Эдийн засгийн хөгжил гэж юу юм бэ? Эцэстээ экспорт, экспорт бас дахин экспорт.

Импортыг орлоно гэдэг гурван сая хүний хэрэгцээг хангаад зогсоно гэсэн үг. Гэтэл экспорт гэдэг бид хүн төрөлхтөнд юу өгөөд, буцаад юу авах вэ гэдгийг тодорхойлох гол хандлага.

Тиймээс бид өнөөдрийн эдийн засгийн загвараа бүтээлчээр эвдэх хэрэгтэй.

Экспорт хийхийн тулд ямар алхамыг хамгийн түрүүнд хийх вэ?

-Экспорт хийхэд ямар зарчимаар ажиллах юм, ямар бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгох гэсэн хоёр асуултанд хариулах байх. Зарчимын хувьд нэгдүгээрт олон улсын стандартыг нэвтрүүлэх.

Энэ үгийг олон удаа улиг болтол хэлсэн боловч бид одоо болтол 1970 оны үеийн ГОСТ хэмээх хуучин СССР стандарттай байна. Бид өөрсдийн бүх зүйлээ органик органик гээд байдаг гэтэл яагаад хэн ч авахгүй байна вэ. Олон улсын стандарт биш болохоор тэр.

Шинэ стандартыг дагаж технологи, know how хоёр орж ирэх ёстой. Хоёрдугаарт бидэнд аргачлал хэрэгтэй байна. Аргачлал гэдэг гаалийн бүрдүүлэлтээс эхлээд экспорт хийх орныхоо зах зээлийг судлах туршлага юм.

Гуравдугаарт networking буюу холбоо. Бидэнд Joint venture буюу хамтарсан компаниа гадаадад яаж байгуулах юм, supplier буюу аль салбарт дан нийлүүлэгч байх юм, гадаад Монголын хамтарсан үйлдвэрийг эх орондоо хэрхэн байгуулах юм гэдэг асуудал.

Гэхдээ ийм байх ёстой, тийм байх ёстой гэхийн оронд зүгээр л цахиур хагалаад гадаадад гарахаар эрмэлзэж байгаа компаниудаа шууд л дэмжмээр байна. Дэмжинэ гэдэг нь Засгийн газрын гол ажил.

-Өнгөрсөн жилийн сэдэв “Итгэлцэл” байсан. МЭЗЧ тухайн жилийнхээ эдийн засгийн уур амьсгалыг тодорхойлдог гэдэг. Тэгвэл өнгөрсөн онд Монголчуудын итгэлцэл сэргэж чадсан уу?

-“Итгэлцэл” хоёр янз. Өнгөрсөн жил итгэлцэл гэдгийг гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг бид алдчихлаа гэдэг утгаар нь хүмүүс ихэнхдээ ойлгосон.

Би итгэлцлийг өөрөөр харж байгаа. Бид гадны хөрөнгө оруулагчдад ээлгүй орон огтоос биш. Харин ч Монгол шиг байдгаа задгай тавьсан орон гэж байхгүй. Үнэндээ 2017-2018 он хүртэл зэсийн үнэ өсөхгүй нь ойлгомжтой тохиолдолд Рио Тинто Монголд хөрөнгө оруулалт хийхгүй нь ойлгомжтой байсан.

Африкт 12 тэрбум ам.доллараар авсан ордоо 6 тэрбум доллараар зарж  байгаа юм чинь Монголд 4 тэрбум доллараар хөрөнгө оруулалт хийх сонирхол байхгүй. Гадны хөрөнгө оруулагчид өөрсдөө л гарсан. Харин өөрсдийн тэр буруугаа л PR-р бидний буруу юм шиг олон нийтэд ойлгуулах ажлыг зогсолтгүй хийсэн байх.

Энэ утгаар нь аваад үзвэл итгэлцэл гэдэгт гадны хөрөнгө оруулагчдийн итгэл ердөө л гуравны нэгийг эзэлж байна.

Итгэлцлийн гол философи бол дотооддоо бидэнд жинхэнээсээ итгэл байна уу гэдэг асуудал. Дотооддоо бид өөрсдөө итгэхээр хөгжлийн хөтөлбөр, үйлдвэржилтийн төлөвлөгөө, хууль эрх зүйн шударга систем байхгүй бол гадагшаа мянга мянган удаа “Бидэнд итгээч ээ” гээч үр дүнгүй шүү дээ.  Хэрэв Монгол дотор Монгол итгэл бий болгож чадахгүй бол бид хэзээ ч дотоод нөөцөө ашиглаж чадахгүйд хүрнэ.

Бид чинь дотоод нөөцөө огт шавхаж чадахгүй байгаа улс шүү дээ. Хамгийн гол хүч болсон  ШУА-д бүртгэлтэй 7,000 эрдэмтнийхээ хүчин чадлыг эдийн засгийн хөгжлийнхөө гол хүч болгож бүрэн ашиглавал ямар их боломж байгаа билээ.

" Attitute буюу хандлагын өөрчлөлтийг л хүсэж байна"

-МЭЗЧ энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа. Эдийн засгийн чуулганы үр ашиг өгөөж нь юу байдаг юм бэ?

-Эхэндээ хүмүүс МЭЗЧ-наас Засгийн газрын шийдэл, тогтоол хүлээгээд байдаг байсан. Гэтэл энэ чинь эрх баригчид, бизнесийнхэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл 1,200 хүнийг Монголын эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, гарах гарцад саналаа уралдуул гэсэн зорилго дор цуглуулдаг үйл ажиллагаа. Ингээд бүх талын саналыг нэгтгээд зөвлөмж гаргана.

Гаргасан зөвлөмжөө Засгийн газар, бизнес эрхлэгчид, холбогдох байгууллага, хувь хүмүүст хүргүүлдэг. Харин одоо ганцхан асуулт. Тэр зөвлөмжийг хэр шингээж, тэнд өгсөн амлалтдаа хэр хүрсэн бэ гэдийг л дүгнэх л ажил.

Энэ ажил дөрөв дэхь засаглал болсон хэвлэл мэдээллийн салбарын гол үүрэг болбол нэн сайн байна. Тэр ч зорилгоор МЭЗЧ хэвлэл, мэдээллийн салбарынхныг маш түлхүү оруулдаг шүү дээ.

Харамсалтай нь хэвлэл мэдээллийн салбар маань нэг чиглэлээр дагнан мэргэшсэн боловсон хүчний дутагдлын улмаас МЭЗЧ-ны зөвлөмжийг бариад байгууллага бүрийн араас сурвалжилж, төр засгийг байцаах ажил үргэлжилж чадахгүй байна уу даа гэж бодогдох юм.

-Жил жилийн эдийн засгийн форумд улс төрчдийн оролцоо хэтэрхий их байна, судлаач, бизнесийнхнийхээ үгийг сонсохгүй байна гэсэн шүүмжлэл дагуулдаг. Энэ жилийн хувьд ямар байх вэ?

-Хоёр янзын шалтгаан байна. Нэгдүгээрт манай улстөрчид өөрсдөө “од” юм. Тэнд зэрэгцээд сууж байгаа судлаачид, багш нарыг хүмүүс танихгүй байна. Танихгүй, мэдэхгүй учраас индэр дээр сууж байгаа улс төрийнхөн тодорч харагдаад л, тэд ч өөрсдөө яриад сурчихсан тал байгаа.

Хоёрдугаарт бодит байдал дээр улс төрчдийн үүрэг оролцоо, хүлээх үүрэг хариуцлага, ухамсартай шийдвэр Монголын эдийн засагт үнэхээр чухал байна шүү дээ. Алсын зорилгоо урдаа тавьж өөрийн биеээ золиослох зориг өнөөгийн улс төрчдөд маш хэрэгтэй байна. Учир нь төр нь эдийн засгаа мэддэг хоёр их хөршийн дунд эдийн засгийн идэвхитэй харилцаанд Монголын төр л манлайлагч байх сонголтгүй сонголтод бид тулаад байна.

-Таны хувьд энэ жилийн эдийн засгийн чуулганаас юу хүлээж байгаа вэ?

- Attitute буюу хандлагын өөрчлөлтийг л хүсэж байна.  Өөр бидэнд юу ч хэрэггүй. Эрх чөлөө, эд баялаг гээд эцэг өвгөд, түүхийн аз завшаанаар ирсэн олон зүйл бидэнд байна. Ганцхан хандлага, эр зориг, итгэл сэтгэл дутаад байна.

Харвардын замаар хөгжсөн АНУ-ыг Харвардын замаар гүйцэхгүй. Оксфордын замаар хөгжсөн Британийг Оксфордын замаар гүйцэхгүй. Гэвч АНУ, Британийг гүйцэх өөрсдийн гэсэн эдийн засгийн систем бүхий машин хэрэгтэй байна.

Тэр машин маань өөрөө Монголын өөрсдийн онцлогт тохирсон, гадны мэдлэг чадварыг багтаасан байх хэрэгтэй. Бид чинь тэр барууныхан, Азийн хөгжилтэй гүрнүүдтэй яг адилхан байж дутуу юм шиг өөрийгөө үнэлж болохгүй биздээ.

Төр засаг маань өөрөө үндэстнийхээ капиталистуудыг бий болгох соёл ухамсраа өөрчилж, нурааж цоо шинээр бий болох хэрэгтэй. Үгүй бол хэдэн талдаа бие биенийгээ гацаасан, мөлхөж урагшилсан байдал Монголд хэрэггүй.

Бидэнд маш том тулгууртай, өндөр хэмжээний үсрэлт хийж чадна гэсэн хандлага хэрэгтэй байна.