"Нарантуул" захын бөс бараа худалдаалах хэсэгт гал гарч нийт талбайн 44 хуь буюу 2,500 метр квадрат талбай галд өртсөн билээ.
Одоогийн байдлаар хэдэн хүний эзэмшлийн хэчнээн лангуу шатаж, хэр хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл өгөх боломжгүйг албаныхан хэлж байгаа.
Гал гарахын өмнөх нөхцөл байдал, галын шалтгааны талаар албаны хүмүүсийн тайлбар, хэргийн явцын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар
"Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн хүрээнд худалдааны байгууллагуудын галын аюулгүй байдлыг шалгадаг.
Энэ шалгалтын хүрээнд 2015 оны хоёдугаар сарын 28-нд Нарантуул захад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалт хийж зарим зөрчлөө арилгах тухай шаардлага өгсөн. Ингээд 2015 оны арвахоёрдугаар сарын 26-нд дахиад биелэлтийн шалгалт хийсэн.
Тухайн үед Нарантуул трейд ХХК-иас ямар нэгэн хариу ирээгүй учраас он гараад хоёрдугаар сарын 26-нд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1 дүгээр заалтыг үндэслэн 250,000 төгрөгөөр торгосон.
Гэхдээ дээрх зөрчил нь гал гарахад хүргэсэн гэж хэлж болохгүй. Мэргэжлийн хүмүүс галын голомтод хяналт шалгалт хийгээд галын шалтгааныг эцэслэн тогтооно.
Хуулийн заалт
251 дүгээр зүйл. Гал түймрээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, журам зөрчих
Гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхээс зайлсхийсэн, гал түймрээс урьдчилан сэргийлэх зориулалттай барилгын хийц, бүтээц болон орон сууцны агааржуулах төхөөрөмжийг дур мэдэн өөрчилсөн, галын автомат дохиолол, гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг санаатайгаар гэмтээсэн, тоносон, түүнчлэн шатах тослох материал, тэсэрч дэлбэрэх бодисыг зориулалтын бус газар хадгалах, ой, хээрийн түймэр тавих зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Гал Нарантуул захын бөс бараа худалдаалдаг дээгүүрээ саравчтай хэсэгт гарсан. Гадаа талбай учраас цахилгаанаас үүдэлтэй биш байх, хоёр дахь удаагаа томоохон хэмжээний гал гарч байгаа нь санаандгүй явдал биш ч гэсэн таамаглал олон нийтийн дунд байгаа.
Энэ талаар албаны хүмүүсийн хариулт.
НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар
Гал гарсан саравчнууд дотроо гэрэлтүүлэгтэй, дээгүүр нь цахилгаан явдаг. Мөн камерын хэрэгсэлтэй. Тэгэхээр тэр хавийг огт тог, цахилгаангүй хадны хонгил гэж ойлгож болохгүй.
Саравчин доогуур нэг эгнээ цахилгааны шугам яваад түүнээсээ доош гэрлийн чийдэнгүүд байрлуулсан байдаг. Тэнд гарсан ямар нэгэн цахилгааны гэмтэл гал гарах шалтгаан нөхцөл болох уу үгүй юу гэдгийг мэргэжлийн хүмүүс шалгаж тогтооно.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү
"2013 оны наймдугаар сарын 22-нд "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний захад буюу битүү дээвэртэй байранд гал гарч, бүхэлдээ шатсан. Галын дүгнэлт цахилгаанаас үүдэлтэй гэж гарсан.
Гэхдээ худалдаачид болон Нарантуул трейд ХХК-ийн хооронд хохирол нөхөн төлөх асуудлаар шийдэлд хүрээгүй хэрэг шүүхийн шатанд явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна.
Галын шалтгааныг аль болох шуурхай тогтоохоор мэргэшсэн мөрдөн байцаагчид галын голомтод ажиллаж байна.
“Нарантуул” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуу Нарантуул захад гал гарсан өдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр өөрийн твиттер хуудстаа "Нарантуул бол миний зах биш Нарантуул бол олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр,аз жаргал буцалсан газар. Би хэн шатаагаад байгааг мэдэж байна" хэмээн жиргэсэн.
Харин түүний гуравдугаар сарын 4-ний өдрийн Зууны мэдээ сонинд гарсан товч ярилцлагад "Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа, бид тэдний амыг л харж байна. Хорлон сүйтгэгчдийг олох байх. Төр, засгаас ч анхаараасай гэж бодож, харж байна" хэмээн хариулжээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн
"Гуравдугаар сарын 3-ны шөнө Нарантуул захын бөс бараа худалдаалах хэсэгт гал гарсантай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа.
Одоогийн байдлаар харуул хамгаалалтын ажилтнууд, түрээслэгчдийг хэрэгт холбоотой эсэхийг шалгаж байна. Хэн нэгнийг онцлон сэжигтнээр татаж, хорьж цагдсан зүйл байхгүй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!