Оросын загвар зохион бүтээгч Алена Ахмадуллина намар өвлийн загвараа саяхан танилцуулжээ.
Түүний цуглуулга үргэлж өвөрмөц, үлгэр домгийн шинж агуулсан байдаг бөгөөд энэ удаад ч Алена өвөрмөц шийдлээ хадгалсан байна. Гэхдээ энэ удаагийн коллекц нь Оросын үлгэр биш харин Монголын Тэнгэрийн хүү Гэсэрийн домгоос сэдэвлэсэн гэж Оросын эх сурвалжууд мэдээллээ.
“Хувцас загварт А хэлбэрт эсгүүртэй Азийн цэргийнхний хувцасны нөлөө ажиглагдах бөгөөд геометр дүрслэл, үслэг эдлэл нэмж оруулсан нь Монголын малчдыг санагдуулам” гэж www.sobaka.ru цахим хуудсанд бичжээ.
Загвар зохион бүтээгч Алена Ахмадуллина 1978 онд төрсөн. Оросын болон олон улсын загварын тэмцээн уралдаанд амжилттай оролцдог, “Alena Akhmadullina” брэндийг үүсгэн байгуулагч юм байна.
Тэрбээр 2009 оноос эхлэн Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэгтгэсэн “Сноб” төсөлд оролцох болжээ. Энэ төсөл нь амжилттай яваа хүмүүсийн бизнесийн амжилт, түүх, гэрэл зургуудыг нийтэлдэг юм байна.
2001 онд “Alena Akhmadulinna” брэндээ бий болгосон Алена 2004 онд Москвагийн Загварын долоо хоногт оролцон, дараа жил нь Парисын загварын долоо хоногт Корней Чуковскийн “Цокотуха ялаа” үлгэрээр сэдэвлэсэн коллекциороо оролцож байжээ.
Мөн 2007 онд Оросын Олимпийн шигшээ багийн хувцсыг урлах сонгон шалгаруулалтанд тэргүүлж, энэ хариуцлагатай ажлыг гүйцэтгэж байсан гэнэ. Үлгэр домгийн сэдлээр загваруудаа урладаг Алена Ахмадулиннаг Барууны загварын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн, амжилттай яваа загвар зохион бүтээгч гэж Vogue сэтгүүлд бичиж байжээ.
Эх сурвалж: sobaka.ru
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!