Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Үнээний цэвэр шингэн сүүг агаар болон хүний биетэй үл харьцах орчинд бэлтгэн нийлүүлдэг"

Г.Номин, iKon.mn
2016 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

AПУ ХК-ийн сүүний үйлдвэрийн хамт олон өчигдөр /2016.02.04/ сүү бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүдээ хүлээн авч, үйлдвэртэйгээ танилцах аялал зохион байгууллаа. 

Сүү бэлтгэн нийлүүлэгчид бүрэн автомат, нүднээс далд битүүмжлэлтэй орчинд үйлдвэрлэгдэж эцсийн бүтээгдэхүүн болон савлагдан гарах үйлдвэрийн явцыг харсны дараа хөгжөөнд тэмцээнд оролцож, орой нь Их Монгол Ресторанд хүлээн авалтад оролцсон юм.

Хүлээн авалтын үеэр AПУ ХК-ийн сүүний үйлдвэр болон сүү бэлтгэн нийлүүлэгчид 2015 оны хамтын ажиллагаагаа дүгнэн оны Сайн фермерээ шалгарууллаа.

 

АПУ ХК-ийн сүүний үйлдвэр нь нийт 300 гаруй малчид фермерүүдээс шингэн сүүг хүлээн авахын зэрэгцээ сүүгээ Улаанбаатар хотод тээвэрлэж авчрах боломжгүй малчдад сүү цуглуулах цэгүүдээрээ дамжуулан нийслэлийн иргэдэд сүүгээ нийлүүлэх боломжийг олгож байгаа аж.

Одоогийн байдлаар 12 сүү цуглуулах цэгээр дамжуулан өдөрт 20-60 тонн үнээний цэвэр шингэн сүүг тогтмол фермерүүдээс авч байгаа бөгөөд 2015 онд  чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан 8 сая гаруй литр суүг хүлээн авчээ.

Эрчимжсэн фермийн аж ахуй эрхэлж буй 300 гаруй саалийн үнээтэй “Хишигтэн Нүүдэлчин” ХХК, “Баян Симентал” ХХК зэрэг Монголын тэргүүлэх фермүүд АПУ ХК-ийн сүүний үйлдвэрийн албан ёсны түнш байгууллагаар ажилладаг юм байна.

 

"Чанартай сүү бэлтгэн нийлүүлэхийн тулд л хичээн ажиллаж байна"

“Хишигтэн Нүүдэлчин” ХХК-ийн технологич Ч.Жавзандулам “Манай компани 2013 онд Франц улсаас сүү махны хосолмол ашиг шимтэй Монбельярд үүлдрийн 300 үнэ оруулж ирсэн. Манай фермийг Европ стандартаар Голланд мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр байгуулсан бөгөөд автомат саалтуурын системтэй.  Сүүг агаар болон хүний биетэй үл харьцах орчинд бэлтгэж нийлүүлдэг. 

Сүүг агаар болон хүний биетэй үл харьцах орчинд бэлтгэж нийлүүлдэг. 

Улирлын байдал сүүний гарцаас шалтгаалаад өдөрт дунджаар 4 тонн сүүг АПУ компанийн сүүний үйлдвэрт хүргэдэг бөгөөд өнгөрсөн жил 1 сая гаруй литр сүүг бэлтгэж, нийлүүлсэн.

Саалийн үнээнүүд маань бэлчээрт гардаггүй байран маллагаатай учраас хэрхэн тэжээхээс сүүний гарч, чанар, найрлага гээд бүгд хамааралтай. Тиймээс тэжээлийнхээ дийлэнхийг өөрсдөө тариалж, даршаа бэлтгээд шаардлагатай зарим тэжээлээ зах зээлээс татан авдаг. Эрүүл ахуйн стандартад нийцсэн, чанартай сүүг бэлтгэн нийлүүлэхийн тулд л хичээн ажиллаж байна” хэмээн ярилаа.

АПУ ХК-ийн сүүний үйлдвэр 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар 2014 онд ашиглалтад орсон бөгөөд өдөрт 150 тонн, жилд 45 сая гаруй шингэн сүү боловсруулах хүчин чадалтай.

 

"Чанартай сүүг үйлдвэрт битүү шугамаар оруулж, ариутгаад савладаг учраас удаан гашилж мууддаг"

 

ISO 22000 буюу “Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо”-г нэвтрүүлсэн Монголын цорын ганц сүүний үйлдвэр АПУ компанийн сүүний үйлдвэрийн технологич Т.Сарантуяатай сүү татан авалтаас хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх үйлдвэрлэлийн шат дамжлагын талаар ярилцлаа.

- Сүүний үйлдвэр өдөрт хэчнээн тонн шингэн сүү авдаг вэ?

- Сүүний гарц улирлын чанартайгаар өөрчлөгддөг. Одоо бол өдөрт 20-30 тонн сүү авч байна.  Зуны улиралд 100 орчим тонн сүү хүлээн авч, 20-иод нэр төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 

- Хэрэглэгчдийн дунд “Үйлдвэрийн сүү, тараг гашилж исдэггүй. Тэгэхээр хуурай сүүгээр найруулдаг. Эсвэл элдэв хольцтой” гэх ойлголт байдаг. Үйлдвэрийн аргаар савласан сүү, тараг яагаад удаан гашилж, исдэгийн тайлбарлаж өгөхгүй юу?

- Ийм төөрөгдөл, буруу ойлголт яг байдаг. Мэргэжлийн хүний хувьд би үүнийг эмзэглэж хүлээж авдаг. Гурав хоногийн дотор гашилж байвал сайн сүү гэдэг бол буруу ойлголт байдаг. Тухайн сүү нян бактери ихтэй учраас л богино хугацаанд гашилж муудаж байгаа юм.

Манай үйлдвэрээс гарсан сүү яагаад богино хугацаанд гашлахгүй, тараг яагаад исэхгүй байгааг тайлбарлая.

Нэгдүгээрт Бид Европын түүхий сүүний Стандартыг хангасан чанартай сүү хүлээж авна гэсэн шаардлагыг малчид фермерүүддээ тавьдаг. Анх сүүний үйлдвэр ашиглалтад орж байх үед чанарын шаардлага хангахгүй байгаа сүүг буцаадаг байсан. Ирж байгаа сүүний 80-90 хувь нь буцдаг байлаа. Тиймээс малчид, фермерүүддээ хэрхэн чанартай сүү бэлтгэх сургалт явуулж эхэлсэн. Үүний үр дүнд одоогоор ирж байгаа сүүний 10 хүрэхгүй хувь нь чанарын шаардлага хангахгүй буцдаг болоод байна. 

Чанарын шаардлага хангасан хүлээн авсан сүүгээ Германы Геа компанийн тоног төхөөрөмжөөр боловсруулж,ариутгаад савладаг учраас гаднаас нян орох боломжгүй тул удаан гашилж мууддаг.

Цэвэр орчинд сайн чанарын бүтээгдэхүүнээр үйлдвэрлэж байгаа учраас хадгалах хугацаа уртсаж байгаа юм. 

Хоёрдугаарт хадгалалтын хугацааг уртасгах нэг гол хэрэгсэл нь савлагаа юм. Манайх энгийн, хадгалалтын хугацааг уртасгасан, ассептик гэсэн гурван төрлийн савлагаанд бүтээгдэхүүнээ савладаг.

Энгийн савлагаатай сүү таргийг хөргөгчинд  7-14 хоног, хадгалалтын хугацааг уртасгасан савлагаатайг 21 хоног, сар хүртэл хадгалж болох бол ассептик савлагаатай бүтээгдэхүүнийг 6 сар, жил хүртэл хадгалж болно.

Жишээлбэл, Маамуу сүү ассептик савлагаатай бөгөөд савлагаа нь нарны гэрэл, агаар, үнэр, хийгээс хамгаалах зургаан давхаргатай. Ассептик савлагааны шугамыг таван цаг орчим угааж ариутгадаг бөгөөд сав баглаа боодлыг Шведээс авчирдаг. 

 

Гуравдугаарт манайх ISO 22000 буюу “Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо”-г нэвтрүүлсэн Монголын анхны сүүний үйлдвэр. Энэ тогтолцоо нь өөрөө түүхий эдээ хүлээж авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн гараад  хэрэглэгчийн гарт хүртэлх бүх шат дамжлага хяналттай байх шаардлагатай гэсэн үг. Энэ тогтолцоог нэвтрүүлж чадсан маань чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх боломжоор хангаж байгаа юм.

- Сүүг үйлдвэр дээр хүлээж авахаас эхлээд хэрэглэгчийн гар дээр тавих бэлэн бүтээгдэхүүн болгоход ямар хугацааг зарцуулдаг вэ?

- Сүүг өглөөнөөс өдрийн 13:00 цаг хүртэл хүлээж авдаг. Сүүгээ шинжилж, боловсруулалтад оруулаад савалж агуулахад хийгээд, маргааш өглөө нь худалдаанд гаргадаг. 

 

"Чанартай сүү сүүн бүтээгдэхүүнээр иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байна"

АПУ ХК-ийн сүүний үйлдвэр сүү бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээндээ нийт 1,000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг юм байна. 

Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд фермер үйлдвэрийн хамтын ажиллагаа чухал учраас фермүүддээ олон улсын стандарт шаардлагын дагуу сүүгээ бэлтгэн нийлүүлэх тал дээр байнгын сургалт, зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, 2015 онд нийт 80 гаруй сургалт зохион байгуулжээ. 

Тиймээс бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчийн хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг “Сүүтэй Монгол” холбоотой хамтран ажилладаг юм байна. 

“Сүүтэй Монгол” холбооны удирдах зөвлөлийн дарга Р.Цогтбуян “Сүү бэлтгэн нийлүүлэх болон боловсруулах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нийлээд нэгдсэн нэг сүлжээ бий болгох зорилгоор “Сүүтэй Монгол” холбоог байгуулсан. 

Манай холбооны зорилго бол  энэ салбарыг цогцоор хөгжүүлэх боломжийг нээх юм. Энэ ажлыг манлайлж боловсруулагчдаас АПУ ХК-ийн сүүний үйлдвэр, Сүү ХК, бэлтгэн нийлүүлэгчдээс “Хишигтэн Нүүдэлчин” ХХК, “Баян Симентал” ХХК, “Монтаримал” ХХК-иуд холбоонд ороод байна. 

Бидний хэтийн гол зорилго бол эрүүл чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр ард иргэдээ хангах юм.  

Агаар хөрсний бохирдолтой байгаа энэ үед эрүүл мэндээ хамгаалах, хордлого тайлахын тулд хэрэглэх хамгийн тохиромжтой хүнсний бүтээгдэхүүн бол сүү, цагаан идээ. Тиймээс чанартай сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн ярилаа.

Зах зээл дээр нийлүүлэгдэх найдвартай сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэнээр иргэдийн эрүүл мэндэд тустай хоол, хүнс хэрэглэх боломж бүрдсээр байна.

 

Малчид, Фермерүүд сүүний үйлдвэртэй танилцаж байгаа нь.

 
 
 

 

Бүтээгдэхүүний амталгаа

 
 

Сүү бэлтгэн нийлүүлэгчдийн дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулах үеэр...

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.