Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Отгонбаяр: Олон түмэнд ил гараагүй баримтыг энэ НОМООРОО ил гаргасан

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 2 сарын 2
iKon.MN
 

Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр УИХ-ын гишүүн, доктор Ё.Отгонбаярын “Монголын тусгаар тогтнолын товчоон” номын нээлт боллоо. Тэрбээр өмнө нь “Жижиг улсуудын аюулгүй байдал” сэдвээр түүхийн ухааны доктор (Ph.D) зэрэг хамгаалсан билээ.

Монголын түүхийн 1910-1946 оны үйл явдлыг харуулсан дөрвөн дэвтрээ эмхэтгэж ийнхүү боть ном болгожээ. Өмнө нь “Талд ассан түймэр”, “Ээдрээт цагийн бичээс”, “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт”, “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” хэмээх дөрвөн дэвтэр гарч, уншигчдын хүртээл болж байсан юм.

Энэхүү номоо бичихдээ Ё.Отгонбаяр архивын сан хөмрөг, дотоод, гадаадын эрдэмтэн мэргэдийн судалгаан дээр тулгуурласан байна.

Мөн Монголын түүхийн үйл явдлыг дэлхий дахины болон бүс нутгийн түүхийн ханан дээр суурилуулан босгохыг чармайсан бөгөөд бичиж найруулахдаа эсээ буюу нийтлэлийн хэлбэрийг өргөн ашиглаж, ямар ч нас, мэргэжлийн хүн уншихад ойлгоход хялбар дөхөм, уншууртай туурвиж чадсан тухай эрдэмтэн, судлаачид онцолж байна.
 

Номын нээлтэн дээр хэлсэн үгэндээ тэрбээр “Номынхоо нээлтийг тусгаар тогтнолыг авчрахад хэмжээлшгүй их үүрэг гүйцэтгэсэн Их жанжин Д. Сүхбаатарын мэндэлсэн өдөр хийж байгаадаа их баяртай байна.

Энэ номыг бичиж эхэлсний дараа надаас хүмүүс асуусан. Үндсэн ажлаа хийдэггүй ном бичээд суудаг хэмээн шүүмжилдэг.

Ном бичих болсон шалтгаанаа тайлбарлах ёстой байх. 1990 оноос хойш Монголын түүхтэй холбоотой олон шинэ баримтууд гарч ирсэн. Манай эрдэмтэн мэргэд энэ талаар бүтээл их туурвисан. Гэхдээ түүхчдийн хүрээнд байдаг, олон түмэнд ил гараагүй баримтууд их бий. Үүнийг олон түмэнд ил гаргах зорилготой.

Хоёрдугаарт сүүлийн жилүүдэд түүхийг гуйвуулах хандлага ажиглагдах боллоо. Тэгэхээр бид түүхээ байснаар нь уншиж, бодох хэрэгтэй. Өнгөрсөн түүхийн оноо нь их байсан учраас бид энд суугаа гэж боддог. Тэр үеийн хүмүүс юу хийж байсныг бодитоор гаргаж, харуулах хэрэгтэй байна.

Одоогийн залуустай уулзаж ярихад дандаа тусгаар байсан юм шиг боддог. Тусгаар тогтнолыг ямар үнэ цэнээр, хэчнээн олон мянган хүнийг амийг зольж, газар нутгаа өгч, тулгагдсан үзэл суртлыг авч байж бий болгосныг мэдээсэй гэж бодож бичсэн” гэдгийг онцлов.

Түүний номын нээлтэд МАН-ын ахмад гишүүд, залуу үе, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийнхэн ирсэн байв.

Ё.Отгонбаяр гишүүний “Монголын Тусгаар тогтнолын товчоон” хэмээх энэхүү боть ном цаасан хувилбартайгаас гадна сонсох хэлбэрээр гарсан байна.

ФОТО ЗУРГУУД 

 
 
 
 
 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn