“Энхийн шүүдэр” хэмээх дуслын шингэн эмийн үйлдвэр 2015.01.25-ны Даваа гарагт Улаанбаатарт нээлтээ хийсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Мөнхийн тун”, “Цомбо”, “Монос фарм”, “Нахиа импэкс” “Эмийн үйлдвэр“ гэсэн таван компани хамтран үйлдвэр байгуулах төслийг санаачлан “Энхийн шүүдэр” компанийг байгуулж, 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Мөн Чингис бондоос 5.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Экспортын эхний захиалга орж ирж байгаа гэж “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар Ерөнхий сайдад танилцууллаа. Мөн үйлдвэрлэл явуулахад эргэлтийн гурван тэрбум төгрөгийн зээл хэрэгтэй байгаа гээд боломж олгохыг хүслээ.
Үндэсний аюулгүй байдлын бодлогод эмийн бүтээгдэхүүний 50 хүртлэх хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэж заасан. Бид эмийн хэрэгцээнийхээ дөнгөж 17 хувийг үйлдвэрлэж байгаа. 30-аад тэрбумын хөнгөлөлттэй зээл олговол бид эм, эмийн бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувийг өөрсдөө хийх боломжтой болно гэж тэрээр ярилаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нэг салбарын таван том компани нийлж, нэг зорилгын төлөө нэг бүтцээр үйл ажиллагаа явуулж, ийм үйлдвэр ашиглалтад оруулна гэдэг бол шинэ үзэгдэл. Бусад салбарт ийм багийн тоглолт, эв нэгдэл, нэг зорилго шаардлагатай байгааг хэллээ.
Манай улсын дуслын шингэний жилийн хэрэгцээ 8.5 сая, үүний 5.5 саяыг нь “Энхийн шүүдэр” үйлдвэрлэх боломжтой болжээ. Эхлээд дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашдаа экспортлох гэрэлтэй ирээдүй харагдаж байна. Дотоодын хэрэгцээг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх, импортын ийм бүтээгдэхүүнийг хэрхэн зохицуулах эсэх талаар бодлого гаргаж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад Ерөнхий сайд үүрэг болголоо.
Мөн эмийн салбарыг дэмжих 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн асуудлаар 3асгийн газрын түвшинд анхаарч ярилцана. Эргэлтийн хөрөнгийн тухайд зах зээл нь ойлгомжтой, үйлдвэр нь баригдсан ийм тохиолдолд Засгийн газар ойрын хугацаанд ярилцаж шийдвэр гаргана гэв.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!