Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 2016 оны хамгийн ТАНСАГ аяллын чиглэлүүд

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 1 сарын 28
iKon.MN

Robb Report-оос 2016 оны хамгийн тансаг аяллын чиглэлүүдийг санал болгожээ. Энэ удаагийн жагсаалтад мөнгөтэй аялагчдын очиж болох газрууд байгаагаараа онцлогтой юм. Өөрөөр хэлбэл бидний сайн мэдэхгүй ч адал явдал, шинийг эрэлхийлсэн хүмүүст хамгийн их таашаал өгч болох газрууд.

Ингээд жагсаалтыг танилцуулъя.

Эх сурвалж: BusinessInsider


ЧЕНДУ, ХЯТАД: Хятадын Сичуань мужийн Ченду эрчимтэй хөгжиж буй хот юм.  Чуншигийн гудамж бол 2.15 сая шоо метр талбайг хамарсан бөгөөд энэхүү гудамжинд хувцас загварын төрөл бүрийн дэлгүүр, хоолны газар бий.

Мөн St. Regis Chengdu,Temple House зэрэг тансаг зэрэглэлийн зочид буудлаас гадна энэ жил Mandarin Oriental, Waldorf Astoria, and the Fairmont зэрэг шилдэг буудлууд нээгдэнэ.

 

 

МОНТЕНЕГРО: Уулархаг хэдий ч далайн эрэг, эртний барилгуудаар баялаг газар. Мөн далайн хамгийн тансаг аяллуудыг хийх боломжтой. Учир нь Монтенегрогийн Порто нь тансаг завины үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Монакод ирсэн хүн бүр үйлчлүүлж болох юм.

 

 

БОГОТА, КОЛУМБ: Гайхамшигт Андын нуруугаар хүрээлэгдсэн Колумбын нийслэл Богата нь онцлох аяллын чиглэл яах аргагүй мөн билээ. Zona G буюу тансаг зэрэглэлийн аяллын бүсэд Латин Америкийн хамгийн шилдэг ресторанууд бий.

 

 

ОМАН: Оманы Низвад орших Alila Jabal Akhdar  жуулчны бааз нь Ал Хажар уулсыг харах гайхалтай өнцгийг санал болгодог. Форбес сэтгүүлийн жагсаалтаар Ойрх Дорнод дахь хамгийн тансаг энэхүү амралтын газар нь 86 люкс өрөө, хувийн сууцнуудтай ажээ.  Энэ нь Оманы уудам байгаль, говь цөлийн хосолмолыг харах хамгийн сайхан боломж юм.

 

 

ФИЖИ: Зөөлөн элс, тунгалаг далай, ой мод Фижи арлыг жаргалын орон болгожээ. 2014 онд уг арлын Luacala Island хэмээх амралтын газар дэлхийд анх удаа шумбагч онгоцоор аялах аялал үйлчлүүлэгчиддээ санал болгож эхэлжээ. Энэ аялалд хамрагдсанаар үйлчлүүлэгчид далайн эргэн тойрныг 360 градуст харж, арлын усанд буй 1,500 гаруй төрөл зүйлийн далайн амьтдыг харна.

 

 

ЧАРЛЬЗТОН, ӨМНӨД КАРОЛИНА, АНУ: Чарльзтонд очно гэдэг цаг хугацааг ухраасантай ижил. Тэнгэр баганадсан өндөр барилгуудын дунд 300 жилийн түүхтэй уран барилга, сүм хийд байх нь сонин. Гоёмсог үнэртэй цэцэрлэгүүд, хуучинсаг хэв маяг нь энэ хотын гудмыг илүү романтик болгодог. Энэ жил Чарльзтонд Charleston Gaillard Center  хэмээх томоохон соёл урлагийн төв нээгдэж, жуулчдын очих газар нэгээр нэмэгдэж байна.

 

 

СЭЙНТ КИТС: Карибийн арлуудын нэг Сэйнт Китс нь бүлээн ус, цагаан элсээрээ алдартай газар. Kittitian Hill гольфийн талбайд тоглох нь жуулчдад ихээхэн таалагддаг. Мөн энд шинэхэн жимс идэж, амралтаа өнгөрөөхөд тохиромжтой газар юм.

 

 

ПУГЛИА, ИТАЛИ: Мэдрэмжтэй аялагчдын урт хугацааны сонголт байсан газар бол энэ. Учир нь усан үзмийн талбай, наран шарлагын газрууд, эртний загвартай хот юм. Италийн хамгийн том далайн эргийн бүс бөгөөд хамгийн сайхан хоолтой газар ч гэгддэг.

Энд ирсэн бол шохойн чулуун барилгуудаараа алдартай Alberobello хотод зочлохоо мартаж болохгүй.

 

 

ЗАНЗИБАР: Африкийн хамгийн сайхан арлуудаар хүрээлэгдсэн газар бол Занзибар. Усанд аялагчдад хамгийн тохиромжтой газар энэ. Учир нь тунгалаг усаар хүрээлэгдсэн энэ газар амралтын бүх үйлчилгээг авах боломжтой.

Эргийн дагуу байрлах  Park Hyatt Zanzibar зочид буудал нь 17 дугаар зууны уран барилгын хийцтэй. Мөн далайн дунд орших хадан дээр ийм нэгэн сонирхолтой Рок ресторан бий.

 

 

ПАРИС, ФРАНЦ: Зуун дамнасан дэлгүүр, кофе шоп, худалдааны төвүүд энд л бий. Тансаг зэрэглэлийн аялал хийх гэж байгаа хүмүүс Парисын алдарт гудмаар зугаалж, хувцас загваруудын шилдэг дэлгүүрүүдээр хэсч болно.

 

 

БОДРУМ, ТУРК: Нам гүмхэн байсан загасчдын тосгон жуулчдын хамгийн их зорьдог аяллын чиглэл болжээ. Бодрум бол хөлөг онгоцны буудал, далайн эрэг, цэцгээр хүрээлүүлсэн кафегаар баялаг газар юм. Эргийн хэсэг нь далайн бүтээгдэхүүнээр хоол бэлтгэдэг ресторануудтай. Мөн тансаг зэрэглэлийн зочид буудлууд ч хангалттай бий.

 

 

ЛОС КАБОС, МЕКСИК: 2015 онд Мексикийн Лос Кабос амралтын газар хар салхинаас болж сүйтгэгдсэн ч эргээд тансаг зэрэглэлийн орчин бүрдүүлж нээлтээ хийжээ. Тансаг гэдгийн учир нь эндхийн спа үйлчилгээ хамгийн алдартай. Далайн эргийн зөөлөн салхинд суунгаа эдгээр үйлчилгээг авах нь хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлнэ.

 

 

ДОУРО ХӨНДИЙ, ПОРТУГАЛИ:  Португалийн хойд хэсэгт орших Доуро хөндий бол дарс үйлдвэрлэлийн бүс нутаг юм. Алдарт Доуро голын хөвөөн дээр Португали дарсны амтыг үзэж, усан үзмийн тариаланд зочлох боломжтой.

Энд ирсэн аялагчид завиар зугаалж, энэ бүхнийг үздэг байна.

 

 

НАМИБ, АФРИК: Намиб бол Африк тивийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг.  Этоша үндэсний паркт зэрлэг онгон байгалийн сайхан, ховор ан амьтдыг харах боломжтой.

 

 

ШРИ-ЛАНКА: Аялахад хэцүү биш хэрнээ одоо болтол олны хөлд дарагдаагүй байгаа орон юм. Одос үхэр, ирвэс, заан зэрэг халуун орны зэрлэг амьтдыг харж болохоос гадна ширэнгээр зугаалж болно. Мөн цайны эх орон бөгөөд хэдэн арван км хөндийг эзэлсэн асар том тариан талбайгаас жинхэнэ цайг амсаж үзэх нь тансаг аялалд зүй ёсоор тооцогдоно.