СУДАЛГАА: Монгол Улсын Авлигын индекс САЙЖИРСАНГҮЙ
Транспэрэнси Интернэшнлээс 2015 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг дэлхий нийтэд өнөөдөр Монголын цагаар 12:00 цагт зарлалаа. Энэхүү тайлангийн дүнгээс харахад Монгол Улс авлигын индексээр дэлхийн 168 орноос 72 дугаар байрт жагсжээ.
Төрийн албан дахь авлигын төсөөллийн үр дүнг харуулдаг уг тайлан жил бүр гардаг юм.
Доорх графикаас манай улс сүүлийн дөрвөн жилд хэддүгээр байранд орсныг харна уу.
1. Монгол улсын Авлигын индекс
Манай улсын хувьд хэдийгээр найман байр урагшилсан мэт харагдаж байгаа ч 2014 онд авч байсан 39 оноо нь нэмэгдээгүй тул авлигын индекс сайжраагүй хэмээн үнэлж болохоор байна.
Гэхдээ Транспэрэнси Интернэшнл байгууллагын ТУЗ-ын дарга Хосе Угаз өөрийн мэдэгдэлдээ “2015 оны сайн мэдээнүүдийн нэг нь өндөр түвшний авлигын эсрэг тэмцсэн Монгол Улс, авлигын эсрэг “шүгэл үлээгчид”-ийн эрхийг хамгаалсан Гватемал зэрэг улсуудын ард түмний тэмцэл, тэдний ялалтыг онцлох нь чухал юм” гэдгийг онцолсон байна.
ТАЙЛБАР: ГАЗРЫН ЗУРАГНЫ ӨНГӨ УЛАЙХ ТУСАМ АВЛИГА ИХТЭЙ ОРОНД ТООЦОГДОНО
Өндөр түвшний авлига нь эрх мэдэл бүхий цөөнх нь албан тушаалаа ашиглан хөлжиж олонхид болон нийгэмд ноцтой хор уршиг хохирол учруулдгаараа хамгийн аюултай үзэгдэл байдаг бөгөөд ихэнх тохиолдолд өндөр түвшний авлига үйлдэгчид хуулийн хариуцлага хүлээхгүй байгаа нь харамсалтай явдал юм хэмээн уг тайланд онцолсон байна.
Онооны тухайд “100” оноо авбал авлигагүй гэж үздэг бол “0” оноо авбал өндөр авлигатай орны тоонд ордог. Cудалгаанд хамрагдсан 168 орны гуравны хоёр нь “50” онооноос доош оноо авчээ.
Дэлхийн улсуудаас хамгийн өндөр болон хамгийн тааруухан үнэлгээ авсан орнуудыг доорх графикаас харна уу.
2. Хамгийн өндөр оноо авсан улсууд
3. Хамгийн бага оноо авсан улсууд
Тэргүүлж буй орнуудад ажиглагдаж буй нийтлэг шинж:
- Хэвлэлийн эрх чөлөө,
- Төсвийн зарцуулалтад тавих иргэдийн хяналт хүчтэй,
- Шүүх засаглал нь шударга,
- Баян ба ядуу хүмүүст тэгш хандах,
- Төрийн бусад байгууллагасаа хараат бус байдал зэрэг орж байна.
Хамгийн бага оноо авсан улс орнуудад ажиглагдаж буй нийтлэг шинж:
- Дайн тулаантай,
- Засаглал нь сул,
- Цагдаа ба шүүх засаглал нь сул, хараат байдал,
- Хэвлэлийн эрх чөлөө сул зэрэг шинж ажиглагдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

