Үндэсний томоохон оператор “Скайтел” ХХК брэндийн шинэчлэл хийж байна.
Монголчууд бидний эцэг хэмээн дээдлэгч Мөнх хөх тэнгэрээр нэрийдсэн “СКАЙ” брэндийг Скайтел ХХК үүрэн холбооны зах зээл дээр танилцуулж байгаагаа зарлалаа.
Шинээр мэндэлж буй “СКАЙ” Брэндийн талаар болон харилцааны холбооны салбарын асуудлаар тус компанийн Гүйцэтгэх Захирал Д.Болортой ярилцсанаа уншигч танд хүргэе.
-“Скайтел” ХХК брэндийн шинэчлэл хийж байгаа юм байна. Тус компанийн үүх түүх, яагаад шинэчлэл хийх шаардлага бий болов гэсэн асуудлаар яриагаа эхэлье?
-“Скайтел” анх байгуулагдахдаа гадаадын хөрөнгө оруулалттай байж байгаад 2010 онд үндэсний компани болсон. Одоо бол хувьцаа эзэмшигч нь “Алтай холдинг”, “Шунхлай” Групп байгаа.
1999 онд “Скайтел” компанийг байгуулахад “Мобиком” үйл ажиллагаагаа явуулж эхлээд гурван жил болчихсон байсан. Гар утасны үнэ, ярианы тариф маш үнэтэй жирийн хүмүүс хэрэглэх аргагүй байлаа. Жишээ нь гар утас 800 орчим ам.доллар, гадаад руу ярих эрх авахад 300 ам.доллар барьцаанд төлдөг байв. Тэр үед зах зээл дээр “Скайтел” орж ирээд жинхэнэ өрсөлдөөнийг эхлүүлсэн.
Зах зээл дээр “Скайтел” орж ирээд жинхэнэ өрсөлдөөнийг эхлүүлсэн
Өрсөлдөөн хоёр төрлөөр явагддагийн нэг нь үнэ тариф, нөгөө нь брэндийн өрсөлдөөн юм. Үнийн “дайн” дөрвөн операторын дунд маш хүчтэй болж байна. Энэ нь хэрэглэгч талдаа ашигтай ч оператор талдаа хортой. Өртгөөсөө бага үнээр үйлчилгээ явуулснаар хуримтлал бий болгож чадахгүйгээс цаашид технологио шинэчлэх боломж улам хумигдсаар байна.
Ийм үед бид брэндээ шинэчилж байна. Манай брэндийн шинэчлэл бол мөн чанарын шинэчлэл. Бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи, компанийн бүтэц зохион байгуулалт, менежмент, ажилтнуудын хандлагыг өөрчлөх гээд маш том ажил юм. Зөвхөн нэг бүтээгдэхүүн гаргаад орхих биш компанийн эрхэм зорилго, хэтийн зорилго, лого, уриа үг өөрчлөгдөж байна. Шинэ брэндээ дагаад хэрэглэгчдийг татах сайн бүтээгдэхүүнүүд гаргаж байгаа.
-Үнийн “дайн” цаашид явах боломжгүй болсон учир компаниуд брэндээрээ хэрэглэгчдийг татаж, цаашид тогтвортой өсөх боломжтой гэж ойлголоо?
-Мэдээллийн технологи гурваас дөрвөн жилийн дотор буюу богино хугацаанд шинэчлэгддэг онцлогтой. 3G технологийг нэвтрүүлээд дуусч байтал 4G технологи нэвтэрч эхлэх нь. Үүнийг хийхийн тулд зүгээр нэг хямдхан систем худалдаад авчихдаггүй. Олон арван сая доллараар үнэлэгдэх их хэмжээний хөрөнгө оруулалтын асуудал яригдана.
Үнийн “дайн” хийгээд, өртгөөсөө бага үнээр бүтээгдэхүүнээ худалдаад байх юм бол дараа дараагийн хөрөнгө оруулалт багасчихна.
Монголдоо бид дэндүү жижигхэн зах зээл дээр бид өрсөлдөж байна. Гар утас хэрэглэдэг хүний тоог харвал 1.9 сая. Ийм жижиг зах зээлд дөрвөн оператор байна гэдэг бусад аль ч оронд байхгүй үзэгдэл. Тухайлбал: Хөрш Хятадын 1.3 тэрбум гаруй хүнд гуравхан оператор үйлчилдэг. Нэг операторт 450 сая гаруй хэрэглэгч байна. Монголд нэг операторт 450 мянган хэрэглэгч дунджаар оногдоно.
Үүнээс цааш үнийн “дайн” явахгүй нь. Мөн уламжлалт яриа, мессеж, дата гэхээсээ илүү өндөр хурдны өргөн зурвасын хэрэглээний үе эхэлж байна.
-Дэлхийн харилцаа холбооны салбарын трэнд ч энэ чиглэл рүү явж байгаа юу?
-2014-2025 оны хооронд харилцаа холбооны салбар яаж өөрчлөгдөхийг харуулсан график энд байна.
Үүнд ямар өөрчлөлт харагдаж байгаа вэ гэхээр одооны чиг хандлага буюу уламжлалт яриа, мессежийн үйлчилгээг явуулаад байвал тухайн компанийн орлого багасаад л байна.
Орлогоо нэмэгдүүлэх ямар боломж байгаа вэ гэхээр хүний амьдралд өдөр тутам хэрэглэгддэг төхөөрөмжүүд, эд зүйлсийг интернэтэд холбох юм. Тэгэхээр гурван сая хүнээр хязгаарлагдахгүй өргөн хүрээний зах зээл бий болно.
Үүнээс илүү орлого олох боломж нь Digital mall буюу цахим их дэлгүүр. Өндөр хурдтай, өргөн зурвасын үйлчилгээний цаана томоохон контент, аппликейшнүүд гараад ирсэн. Өөрөөр хэлбэл хүнд хэрэгтэй бүх зүйлийг л харилцаа холбооны компаниуд өгөх болчихоод байна.
-“Скайтел” дэлхийн трэндийг дагаж чадаж байна уу?
-Бид хоёр дахь шатан дээрээ явж байна. 3G технологио бүх сум суурин газар нэвтрүүлчихлээ. Мөн Free Basics үйлчилгээг нэвтрүүлснээр хөдөө суманд интернэтийн гол сайтуудын мэдээллийг үнэгүй авах бололцоотой болсон юм.
Манай компаний Цахим их дэлгүүр дээр ажиллаад эхэлчихсэн. 2014 онд “Скайтел” компани түгээлт борлуулалт, төлбөр тооцооны иж бүрэн шийдэлтэй анхны Монгол AppStore хийсэн. Манай AppStore нь Google-ийн Playstore-оос дутахгүй бөгөөд Монгол залуус хийснээрээ онцлогтой. Энэ бол контент үйлдвэрлэгчдийг дэмжсэн маш том ажиллагаа.
Контент борлуулсан орлогоос нь бид 30 хувийг авч, зохиогчид 70 хувийг нь өгдөг. Контент үйлдвэрлэгчдийн хувьд сайн аппликейшн хийгээд өгвөл бид зараад өгье гэдэг. Тухайн үйлдвэрлэгчдэд санхүүгийн чадвартай болох бололцоог нь хангаж өгч байгаа юм. Цаашид програм хангамжийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэл дээр ажиллаад явна.
-Шинэчлэгдсэн “Скай” брэндийн гол зорилго юу вэ?
-“Скайтел” компани хөгжлийнхөө дараагийн шинэ хуудсыг нээлээ гэж ойлгож болно. Бидний хийж буй бүх зүйл Монголчуудынхаа амьдралд баяр баясал нэмж, илүү гэгээлэг ирээдүйгээ бүтээхэд нь хувь нэмрээ оруулахад зориулагддаг. “СКАЙ” брэндийн гол зорилго бол Ирээдүйг өнгөлөхөд оршиж байгаа юм.
СКАЙ” брэндийн гол зорилго бол Ирээдүйг өнгөлөхөд оршиж байгаа
Мөн Монгол Улсын харилцаа холбооны салбарын зах зээлд эзлэх өөрийн байр сууриа ахиулах нь брэндийн шинэчлэлийн нэгэн зорилго. “Скайтел” компани өнгөрсөн хугацаанд салбарын хөгжлийг урагшлуулсан олон чухал алхмуудыг хийж, ирээдүйг тодорхойлогч байсаар ирсэн, хойшид ч түүчээ нь байх болно.
-Ирээдүйг Өнгөлнө... гэдэг их сайхан Монгол утга агуулгатай уриа байна?
-Тийм ээ, “өнгөлнө” гэдэг үг өөрөө их баялаг утгатай. Монголчуудын хувьд өнгөлнө, өнгөтэй байна гэдэг нь ирээдүйтэй, хийморьтой, хурдтай, эрч хүчтэйг илтгэдэг. Өнгөлнө гэдэг нь магнайд нь, тэргүүнд нь манлайлж явна, тэргүүлж яваа, шилдэг, ирээдүйг тодорхойлогч гэсэн утга илтгэнэ.
Өнгө гэдэг нь мөн баяр баясал, аз жаргал, технологийг илэрхийлнэ.
Ирээдүйг өнгөлнө... гэдгээрээ бид хүмүүст илүү гэгээлэг ирээдүйг бүтээхэд нь дэмжлэг болохоо амлаж, бүтээгдэхүүн үйлчилгээ, технологиороо манлайлагч байхыг бэлгэдсэн. Төгсгөлд нь гурван цэг тавьсан байгаа. Энэ нь манай давуу талууд, гол ялгарлыг дуудаж байгаа ба олон хэлбэрээр хувирах, олон талаараа тэргүүлэгч байх орон зай болж өгч байгаа юм.
“Скайтел” компани өнөөдөр хамгийн өргөн, өндөр хурдны сүлжээг орон даяар байгуулсан, Монголын №1 Дата оператор гэж зүй ёсоор нэрлэгдэж байгаа. Манай хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээ ашиглаж байна. 2016 онд 80%-д хүрнэ гэж бид таамаглаж байгаа. Манай хэрэглэгчид бусад операторуудын дунджаас хэд дахин илүү дата хэрэглээтэй, ухаалаг хэрэглээг эзэмшсэн байгаагаар бид бахархдаг. Цаашдаа ч бид бүтээгдэхүүн үйлчилгээ, технологиороо олон шинэ Өнгийг тодорхойлох болно.
-Шинэ бэлгэ тэмдэг буюу логогоо хэрхэн тайлбарлах вэ?
-Нарны өнгөний эрч хүчээр тэнгэр өөд тэмүүлэх хурд хүчийг өдөр бүрийг хамгийн энгийн зүйлээр төлөөлүүлэх санааг хадгалсан. Аз жаргалын энгийн шийдэл зүрх сэтгэлийн хөлөг онгоц. Мэдээлэл харилцаа, Технологи, Хүн бүрийн хамгийн танил ойр дотны хэрэглээ гэсэн илэрхийллийг шингээсэн.
Бэлгэдлийг харахад жирийн нэг онгоц нүдэнд шууд тусч байгаа. Учир нь багадаа онгоц нисгэж үзээгүй хүн үгүй. Онгоц нь мэдээлэл, илгээмж төдийгүй өөдөө тэмүүлэх сэтгэлийн бас орон зайн аяллыг илэрхийлэгч юм. Өөрийн гараар хийсэн онгоцоо хөөргөн нисгэх тэр агшинд хүн бүрийн сэтгэлд аз жаргал, баяр баясал төрж, ялалтаа мэдэрдэг.
Мөн нэрээ, бусдад хэлэх халуун дулаан үгээ бичин, хайраа хүртэл онгоцонд тээгээд нисгэсэн түүхүүд бий. Яг ийм ойлголтоор мэдээлэл тээгч. Онгоц өөрөө техникийн илэрхийлэл байх ба дээш тэмүүлсэн хөгжил бас хүсэл эрмэлзлийг агуулж байгаа юм.
Үргэлж урагшилна бас дээш хөгжинө, ирээдүйг өнгөлнө гэсэн бэлгэдэлтэй.
-Яагаад хөх, цагаан, улбар шар өнгийг сонгох болов?
-Манай СКАЙтел компаний нэр өөрөө Тэнгэрийн холбоо гэсэн утгатай. Тийм ч учраас бид тэнгэрийнхээ өнгийг сонгосон. Монголчууд бид мөнх тэнгэрээ дээдэлж шүтэж амьдардаг ард түмэн шүү дээ.
Манай шинэ бэлгэдэл гурван өнгөнөөс бүтэж байгаа. Мөнхөд орших утга санаа агуулсан гүн хөх өнгө, ариун гэгээний бэлгэдэл цагаан өнгө, Нарны торгон туяа, хүч чадал, энергийн эх булаг гэсэн бэлгэдлээр ухаа шаргал өнгө. Тэнгэр, Үүл, Нараар төлөөлүүлж болно.
-“СКАЙ” Брэндийн хэрэглэгчдэд өгч буй амлалт юу вэ. Брэндийн шинэчлэлээр хэрэглэгчид юу хүртэх вэ?
-“Монголдоо” гэдэг шинэ бүтээгдэхүүнийг бид зах зээлд нэвтрүүлэх гэж байна. Сүлжээндээ, бусад сүлжээнд тэдэн төгрөгөөр ярина гэдэг энэ хоцрогдсон ойлголтыг “СКАЙ” брэнд халж байна. Бид яс үндэс, гарал үүсэл нэгт Монголчууд, Монголдоо нэг л сүлжээ гэдэг итгэл үнэмшил дээр батажсан үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, СКАЙтелийн хэрэглэгчид Монголдоо үүрэн, суурин гэж санаа зоволгүйгээр ярьдаг болно гэсэн үг.
Мөн бид Монголдоо мессэж үйлчилгээг үнэ төлбөргүй болгож байна. Баяр баясал, сайн сайхан мэдээгээ хуваалцахад “Монголдоо” мессэж үнэгүй.
Монголчууд маань өөрсдийн амьдралын үнэ цэнэтэй хором мөч бүхнээ дотны хүмүүстэйгээ цаг алдалгүй хуваалцах, найдвартай, амьд харилцааг бий болгох бүхий л үйлчилгээгээр бид хангана.
-2016 онд үүрэн холбооны салбарт хэрэгжих нэг том ажил бол дугаартайгаа шилжих үйлчилгээ. Энэ үйлчилгээний талаар та өөрийн бодлоо хуваалцаач. Мөн хэрэглэгчид энэ үйлчилгээг хэзээ нэвтрэх бол гэсэн хүлээлттэй байна?
-Одоогийн байдлаар хүмүүс дугаараа нэг оператороос аваад түүндээ уягдчихаад явж байна. Олон жил ашигласан дугаараа хүмүүс сольж чаддаггүй. Холбоо харилцаа нь том болох тусам дугаар нь олонд тарсан байдаг. Дугаараа солихоор эвгүй сэтгэгдэл төрдөг шүү дээ. Үүнээс болоод хүмүүс дугаараа сольж чадахгүй байхад нөгөө компанид нь өөрт нь хэрэгтэй бүтээгдэхүүн байж байдаг.
Дугаартайгаа шилжих үйлчилгээгээр тухайн хэрэглэгч өөрийнхөө дугаартай өөр компанийн үйлчилгээ авч болно гэсэн үг.
Энэ үйлчилгээний гол санаачилгыг “Скайтел” компани авч явж байгаа. 2014 оны долоодугаар сард энэ асуудал УИХ-аар ороод харилцааны холбооны хуулийн өөрчлөлт орсон. Одоо болтол хэрэгжиж эхлээгүй байгаа шалтгаан нь зорим операторууд их эсэргүүцэж байгаатай холбоотой. Хэрэв энэ үйлчилгээ эхэлбэл бидний хувьд таатай байна. Үүрэн холбооны зах зээл дээр давамгай эрхтэй байгаа компаниудаас дугаартайгаа шилжих хэрэглэгчдийн дийлэнх хувь нь манай “Скайтел”-ийн сүлжээг сонгохоор судалгааны үр дүн гарсан байгаа.
Ерөнхий сайдтай саяхан уулзахад сонгуулиас өмнө энэ үйлчилгээг нэвтрүүлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна лээ.
-Тэгвэл дараагийн том ажил 4G технологи хэзээ нэвтрэх вэ. Энэ технологийн давуу тал нь юу вэ?
-2G, 3G, 4G-ийн ялгаа нь өгөгдөл дамжуулах хурд байдаг. 2G дээр 64kbps байсан бол 3G бол 42mbps хурдтай. Харин 4G технологийн хувьд 3G технологиос гурваас дөрөв дахин хурдтай.
4G технологийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл саяхан гарсан. Тиймээс энэ жилийн эхний хагаст 4G технологи нэвтэрнэ.
-Брэндийн шинэчлэлтэй холбоотой “Скайтел” компанийн Гүйцэтгэх захирлын хувьд та хэрэглэгч, уншигчдад юу хэлэхийг хүсэж байна вэ?
Уяа сойлго нь таарсан хурдан хүлэг Монгол наадмыг өнгөлдөг шиг бид бүх бэлтгэлээ хангалаа. Технологийн шинэчлэлээ хийлээ, өндөр хурдны интернэт сүлжээг эх орныхоо өнцөг булан бүрт хүргэлээ, чанараа дэлхийн түвшинд хүргэж батламжаа гардаж авлаа, өнөөдөр улам өнгөлсөн шинэ брэнд, өнгө төрхөө танилцуулж байна.
СКАЙтел компани, манай чадварлаг хамт олон бүгд өнгөтэй сайхан байна. Ирээдүй бидэнд гэрэл гэгээтэй, итгэл дүүрэн харагдаж байна. Харилцаа холбооны салбарын дэвшилтэт шинэ өртөөнд хүрэх аялалд хамтдаа гарцгаая.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!