Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сайханбилэг: Булган сүүлтэй байж араасаа олон ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ татах болтугай

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 1 сарын 8
iKon.MN

~"Монгол Шуудан” ТӨХК хувьчлагдан, хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга амжилттай явагдлаа~

Монголын Хөрөнгийн Бирж дээр өнөөдөр “Монгол Шуудан” ХК анхдагч зах зээлийн арилжаагаа нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цан цохилоо.

Улсын Их Хурлын 2015 оны дугаар тогтоолын дагуу "Монгол Шуудан" ТӨХК-ийн нийт хувьцааны тоог 99,586,363 ширхэг байхаар тогтоож, нийт хувьцааны 34%-ийг олон нийтэд нээлттэй санал болгон арилжихаар болсон билээ.
“Монгол шуудан” ХК нь анх 1921 онд байгуулагдан, Монгол улсын нийт аймаг, сумдад 334 болон Улаанбаатар хотод 40 салбартай үйл ажиллагаа явуулж буй 94 жилийн түүхт ууган шуудангийн үйлчилгээний байгууллага юм. Тус компани нэмэлт хувьцаа гарган, хөрөнгө татан төвлөрүүлснээр авто замын логистикийн үйлчилгээг нэвтрүүлж, санхүүгийн чадавхаа нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигч иргэн бүрийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх юм.

“Монгол шуудан” ХК-ийн хувьцааны захиалга 2015 оны арванхоёрдугаар сарын 28-наас 2016 оны 01-р сарын 6-ны хооронд явагдаж санал болгосноосоо хоёр дахин их буюу 12.6 тэрбум төгрөгийн захиалга авчээ. Нэгж хувьцааны доод үнэ 185 төгрөг.

 

Өнөөдрийн үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  “Бид өнөөдөр шинэ үйл явдлын гэрч болж байна. Булган сүүлтэй байж араасаа олон олон компанийн хөгжил, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг Монголын Хөрөнгийн Бирж татах болтугай.

"Монгол шуудан"-гийн 34 хувийг хувьчилснаар ажил дуусаагүй. Цаашдаа хувьчлах олон компани байгаа.

Бид өнгөрсөн онд хамтдаа Лондон, Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр очиж цан цохих үйл ажиллагаанд оролцож байсан.

Зөвхөн олон улсын санхүүгийн том төвүүдээс гадна Монгол Улсын Улаанбаатар хотынхоо төвд 2016 оныхоо хамгийн анхны арилжааг хийж байгаадаа сэтгэл их хөдөлж байна” хэмээгээд цан цохив.

 

Энэ үеэр Санхүүгийн Зохицуулах хорооны дарга З.Нарантуяа: Манай нийт хувьцааны арилжаа өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцуулбал 1.3 дахин өссөн гэдэг сайхан мэдээ байна.

Мөн Засгийн газрын бондын хэмжээ 13.4 хувиар өссөн байна. Сүүлийн таван жилд зогссон байсан компанийн бонд анх удаа амжилттай арилжаалагдлаа. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа оны өмнө явагдаж МИК 20 тэрбум орчим төгрөгийн үнэт цаасыг амжилттай борлуулж чадлаа.

Өнөөдөр шинэ оныхоо эхэнд бид Хөрөнгийн биржээр дамжиж арилжаалагдах 8 компанийн анхных болох “Монгол шуудан” ХК олон түмэнд нээлттэй хувьцаагаа арилжаалах болж захиалгаа авсан.  Энэ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны хувьд бахархалтай үйл явдал болж байна.

Цаана нь дахиад таван эрчим хүч, хоёр уул уурхайн компани хувьчлагдахаар хүлээж байна гэв.

Төрийн өмчит компаниуд Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлагдсанаар, иргэн бүр төрийн өмчийн хувьчлалд эрх тэгш оролцож, өгөөж хүртэх боломжийг нээж өгч буй нь хөрөнгийн зах зээлийн онцлог, давуу тал юм.

 
 
 
 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn