Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Нарантунгалаг: "Яагаад" нэвтрүүлгийнхээ хүрээнд загвар төслүүдийг хэрэгжүүлнэ

Ч.Болортуяа
2015 оны 12 сарын 23
iKon.MN

"ЯАГААД"

Уншигч та бүхэндээ “Яагаад” нэвтрүүлгийн анхны дугаарыг бүрэн эхээр нь хүргэж байна.

“ЭХ ОРОН ЧИНЬ ЧИНИЙ ТӨЛӨӨ ЮУ ХИЙХИЙГ ХҮЛЭЭХ БИШ, ЧИ ӨӨРӨӨ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЮУ ХИЙЖ ЧАДАХАА ХАРУУЛ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн хэлсэн үг байх аж. Үнэхээр бидний монголчууд аливаа зүйл дээр эрх ямбаа л илүү бодохоос хүлээх үүргээ төдийлөн ойлгож ухамсарлаж биелүүлдэггүй. 

Тэгвэл бид өөрсдийн хүсч буй нийгмээ бүтээхийн тулд юу хийх ёстой вэ?

Яг энэ асуудлуудыг хөндсөн “ЯАГААД” нийгэм соёлын цуврал нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрч эхлээд байна. 

Монгол, Америк хоёрыг харьцуулсан нийт 52 цуврал нэвтрүүлэг “Монгол ТВ” телевизээр цацагдаж эхлээд байгаа юм. Хөгжлийн хувьд харьцуулшгүй хоёр орныг сонгон үзүүлэх нь танд зохимжгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ энэ нэвтрүүлгээр хоёр орныг харьцуулан монголчуудын мууг үзэхдээ биш гэж төслийн санаачлагч, продюсер Т.Нарантунгалаг ярьж байна. Ингээд энэхүү томоохон хэмжээний нийгэм соёлын цуврал төслийг зориг гарган эхлүүлээд буй Т.Нарантунгалагийн яриаг хүргэе.

 

- Монгол, Америк хоёр бол харьцуулшгүй хоёр орон. “Яагаад” нэвтрүүлэг яагаад энэ хоёрыг харьцуулах болов?
- Биднийг заавал яагаад Америкийг сонгосон юм бэ. 

Америк тийм мундаг юм уу. 

Америкийг магтан шүтэх гээд байгаа юм уу. 

Америкийн соёлыг сурталчлах гээд байгаа юм уу гэсэн сэтгэгдлүүдийг зарим хүн хэлдэг.  

Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр дэлхийн хөгжлийг Америк тодорхойлж байна. Бид өөрсдийн түүхээ харах юм бол Монгол Улс дэлхийн хөгжлийг тодорхойлж байсан үе бий. Харин өнөө үед Америк тодорхойлж байна. Тэгэхээр энэ хоёр улсын зөрүү ямар байна вэ гэдэг сонирхолтой. 

Америк бол орон орны цагаачдаас бүрдсэн улс.  Энэ олон цагаачийг буюу тал талаас ирсэн 300 сая хүнийг нэг хуулийн дор хэрхэн зангидаж байгаа нь маш том туршлага гэж би хувьдаа боддог. Тэгэхээр бид тэдэнтэй өөрсдийгөө харьцуулахаас илүү суралцаж, боломжтой шийдлүүдийг нь яагаад Монголынхоо хөрсөнд буулгаж болохгүй гэж. Түүнээс айхтар нарийн харьцуулах гээгүй юм шүү. Дээрээс нь Америкт энэ нэвтрүүлгийг бэлтгэх нөөц боломж бидэнд арай илүү байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. 

- Нийт 52 цуврал нэвтрүүлэг гарна гэж байсан. Төслийн сэдвийн санаануудыг хэрхэн олов?
- Монголдоо хэрэгжүүлж болох санаануудыг хайж эхний ээлжний 52 сэдвийг гаргасан. Гэхдээ энэ 52 сэдэв ингээд зогсчихгүй. Цаашдаа сэдвийн тухайд олон нийтээс санал авна гэсэн бодолтой байгаа. Дээрээс нь энэ нэвтрүүлэг маань дараа дараагийн шатанд зөвхөн Америк биш бусад хөгжингүй орнуудаар үргэлжлэх боломжтой гэж үзээд байгаа юм. 

Эрх чөлөөт нийгэмд иргэн хүний хүлээх үүрэг чухам юу байх ёстой вэ гэдгээ нэг их ярьдаггүй, мэддэггүй

Сэдвээс гадна бид энэ төслөөр иргэд болон хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачлаад юу хийж болох вэ. Нийгмээ яаж засч сайжруулж болох вэ гэдгийг илүү харуулахыг зорьж байгаа. Монголчууд бид эдлэх эрхээ л хамгийн их ярьдаг улс. Харин эрх чөлөөт нийгэмд иргэн хүний үүрэг чухам юу байх ёстой вэ гэдгээ нэг их ярьдаггүй, мэддэггүй. Ардчилсан Америк орон иргэдийнхээ оролцоотойгоор энэ өндөр хөгжлөө хэрхэн авч яваад байна вэ гэдгийг илүү харуулахыг зориод байгаа юм. Мөн энэ нэвтрүүлэг монголын хөгжлийн архивт үлдэх ёстой гэж бодож байгаа. Яагаад гэхээр хэр баргийн хүн гадны орны энэ хөгжлийн ноү хауг системтэйгээр олж мэдэхийн тулд ингэж зориглохгүй байх. 

- Тив дамнасан ийм төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудал хамгийн чухал. Тэгэхээр та бүхэн хаанаас санхүүжиж энэ нэвтрүүлгээ бүтээв? 
- “Яагаад” төслийг хэрэгжүүлэхийн тулд бид зуун хувь өөрсдийн “бор зүрхээрээ” ажиллаж байна. АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань маш их тус болж байгааг онцолж хэлмээр байна. Мөн төслийн гол санаачлагчдын нэг Г.Галбадрах ах маш их зардлыг хувиасаа гаргаж энэ нэвтрүүлгийг бүтэж байна.  

Г.Галбадрах ах маш их зардлыг хувиасаа гаргаж энэ нэвтрүүлгийг бүтэж байна

Бидний хувьд энэ онд хоёр ч удаа тус бүр сар гаруй хугацаатайгаар АНУ-д очиж зураг авалт хийсэн. Энэ бүхэнд “Turkish Airlines”-ийн зүгээс ивээн тэтгэж нэвтрүүлэг бүтэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг хэлмээр байна. Нэвтрүүлгийнхээ спонсоруудыг үргэлжлүүлэн хайсаар байгааг энд хэлэх нь зөв байх. 

- АНУ-д сурвалжлага хийх, холбогдох хүмүүсээс нь ярилцлага авах зэрэг зөвшөөрлөө хэрхэн бүтээж байв?
- Энэ асуудал маш чухал байсан. Монгол Улсаас АНУ-д суух Элчин Сайдын Яам маш их тусалсан. Тэр дундаа Консул н.Мөнхжаргал бидний төслийг дэмжиж маш их туслалцаа үзүүлсэн. Элчин сайдын яамаар дамжуулж сурвалжлага хийх албан хүсэлтүүдээ яг л ном дүрмийн дагуу явуулж сурвалжлага, ярилцлагуудаа хийж байгаа. 

- Америкийн аль, аль хотуудыг хамарсан бэ?
- Бостон, Чикаго, Денвер гэсэн хотуудаар явсан. Бид аль болох олон хотыг хамрахыг хичээж байгаа. Баруун, зүүн эргүүдийг хамруулахыг хичээсэн. Энэ ямар учиртай вэ гэхээр нийгмийн халамж үйлчилгээний стандартууд тухайн газрын цаг агаар, улиралтай их холбоотойгоор өөр өөр юм билээ. Тэгэхээр эдгээр онцлогийг хамруулахыг хичээж байна. 

- 52 сэдвийн хүрээнд үүнийг л Монголд нутагшуулчих юмсан гэсэн зүйл олон байсан байх. Хамгийн түрүүнд нэгийг нь онцолж хэлбэл?
- Бидний бэлтгэсэн нэвтрүүлгийн зорилгыг ерөнхийдөө хоёр ангилж болно.

Нэгдүгээрт, аливаа зүйлийг төр засгийн оролцоотойгоор шийдэх, хоёрдугаарт, төр засгийн оролцоогүйгээр шийдэх асуудлууд гэж хоёр хувааж байгаа. Одоогийн байдлаар бэлэн болсон 25 нэвтрүүлгийн тухайд хүмүүсийн өөрсдийн санаачилгаар хийж чадах зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, хүүхдийг автомашинаар зорчиход аюулгүй суудлаар хангах, түүнийг хэрэглэх дадал зуршил болгох асуудал. Энэ бол заавал төр засгийн оролцоог харахгүйгээр хүүхэддээ хайртай эцэг, эхчүүдийн өөрсдийнх нь шийдэж чадах асуудал гэж харсан.

- АНУ-д энэ төрлийн хууль журам их чанга, торгууль их өндөр шүү дээ. Тийм ч учраас АНУ-д хүүхдийн зориулалтын суудалд суулган автомашинаар зорчих нь зуршил болж чадсан болов уу.
- Нэг талаар тийм. Гэхдээ Монголынхоо нөхцөл байдлыг судлаад үзэхээр маш сэтгэл эмзэглүүлсэн статистик гардаг юм билээ. 2015 оны эхний зургаан сарын хугацаанд гэхэд бага насны хүүхдийн осолд орсон тоо 500 хол давчихсан байх жишээтэй. Үүний 50 гаруй  хувь нь 0-1 насны хүүхэд байгаа юм. Тэгэхээр энэ бол заавал чанга хууль дүрэм хүлээхгүйгээр эцэг, эхийн санаачилгаар эсвэл ямар нэгэн төрийн бус байгууллагын хийж болох өөрчлөлт шүү дээ. 

- “Яагаад” төслийн хүрээнд эдгээр цуврал нэвтрүүлэг гараад дуусах уу. Эсвэл барьж авсан сэдвүүдийнхээ хүрээнд бодит ажил хэрэг болгох төлөвлөгөө бий юу?
- Төслийн гол нь зорилго бол энэ.

Бид энэ нэвтрүүлгийнхээ хүрээнд загвар төслүүдийг хэрэгжүүлнэ

 Бид энэ нэвтрүүлгийнхээ хүрээнд загвар төслүүдийг хэрэгжүүлнэ. Төр засгийн оролцоогүйгээр иргэдийн санаачлагаар зарим төслийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой гэж бид үзээд байгаа юм. Жишээ нь, дээр дурдсан хүүхдийг автомашинаар авч явах зохистой дадал зуршлын талаар төсөл хэрэгжүүлэх боломжтой. Мөн хүүхдийн цэцэрлэг, номын сангийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа.

Түүнчлэн манай оронд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нэгэн стандарт бол зам зуурын үйлчилгээ. Энэ нь хотоос зайдуу буюу орон нутгийн зам дахь стандартын дагуух үйлчилгээний газруудыг хэлж байгаа юм. Хөгжингүй орнууд суурин газраас төчнөөн километр яваад олон нийтийн бие засах газар, амралтын газар, цайны газар, супермаркет байна аа гэсэн тогтсон стандарттай. 

Харин монголд гэр гуанзнууд гэсэн л үйлчилгээ байдаг. Нэг талдаа энэ үйлчилгээ байгаа нь сайшаалтай. Гэхдээ эдгээр нь албан ёсны зөвшөөрөлтэй юу, эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу гээд олон асуудал байдаг. 

Улаанбаатараас Дархан орох замд “Урьхан” гээд байдаг. Энэ бол хувийн хэвшлээс хийсэн томоохон ажил. Гэтэл зүүн тийшээ гэхэд шаардлага хангахуйц ямар ч үйлчилгээний төв байдаггүй.

Тэгэхээр бид нэг сая жуулчин авдаг болъё гээд энд яриад ямар ч нэмэргүй. Наад захын иймэрхүү зүйлсээ шийдэхгүй л бол бид аялал жуулчлалын тухай яриад ч хэрэггүй байгаа юм. Гадны байтугай бид өөрсдөө ч орон нутагт зорчиход ямар байдаг билээ. Тэгэхээр Америкчууд энэ асуудлаа хэрхэн шийдсэнийг бидний бас нэгэн бэлтгэсэн нэвтрүүлгээс үзэх боломжтой.

- Хүүхдийн номын сангийн тухай илүү тодруулахгүй юу?
- Бид энэ цувралынхаа хүрээнд номын сангийн тухай тусдаа нэг сэдэв болгож хийсэн юм. Америкийн их, дээд сургууль, олон нийтийн номын сангуудын үйл ажиллагаатай танилцсан. 

Мэдээж номын сангийн ирээдүйн хөгжлийн хандлага нь электрон хэлбэртэй ч хүүхдийн номын сангийн тухайд дэлгэмэл номын хэлбэр огт хоцрогдоогүй улам хөгжсөөр байна. 

Хүүхдийг цэцэрлэгт орохоос нь өмнө 1000 ном уншиж өгөх аян зарлачихсан байх жишээтэй

Америкийн олон нийтэд зориулсан номын сангуудыг харахад маш их үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Жишээ нь, 0-18 нас хүртэлх буюу хүүхдийн номын сан нь гэхэд олон шинэ, шинэ санаачилгуудыг хэрэгжүүлдэг юм билээ. Хүүхдийг цэцэрлэгт орохоос нь өмнө 1000 ном уншиж өгөх аян зарлачихсан байх жишээтэй. Гэтэл 1000 ном гэдэг манай дунд сургуульд ч хэрэгжих боломжгүй тоо мэт сонсогдож байгаа биз.  Бага насны хүүхдэд аав, ээж нь чанга дуугаар ном уншиж өгөхөд ямар ямар давуу талуудтай вэ гэдгийг судалгаагаар тогтоогоод түүнийхээ хүрээнд ийм томоохон хэмжээний аянуудыг өрнүүлдэг юм байна. 

Монголд олон номын сан байдаг. Гэхдээ хүүхдийн номын сан бага. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн иймэрхүү асуудлуудыг дэмжээд санаачлаад явбал их зүгээр санагдаж байгаа юм. 

Энэ сэдвийн хүрээнд бид Монголын Төв Номын Сан болон ШУТИС-ийн номын сангуудаар сурвалжлага хийсэн. Төв Номын Сан гэхэд маш том зорилго тавиад шинэчлэл хийхээр ажиллаж байгаа юм билээ. Тэгэхээр бид өөрсдийгөө заавал муулаад, муу, муухай байна гэх гээд байгаа юм биш. Бид хаана байна вэ, хөгжингүй орноос юу сурч болох вэ гэдгийг л суралцах гээд байгаа юм шүү дээ.  

- Зарим талаар Монголчууд маань тэднээс түрүүлж яваа салбар байгааг үгүйсгэхгүй байх. Ийм тохиолдол байв уу?
- Байлгүй яах вэ. Тухайлбал, АНУ 300 сая хүн амтай. Энэ их хүний хүнсний хэрэглээ тэр дундаа махны хэрэглээг хангахаар дөрвөн том үйлдвэр ажилладаг юм билээ.

Их хүн амын хүнсний хэрэглээг хангахын тулд мах нь гэхэд ихэвчлэн генетикийн өөрчлөлттэй хүнсний бордоогоор хангадаг байх жишээтэй. Харин Монголд органик бэлчээрийн мал аж ахуйтай, органик мах хэрэглэдэг байх жишээтэй. Тэгэхээр монголчуудын хувьд хөдөө аж ахуй, хүнсний салбарт их ирээдүй, боломж байгааг бидний бэлтгэсэн нэвтрүүлгээс үзэх боломжтой. 

- Эфирт цацагдсан анхны дугаарын талаар танилцуулахгүй юу?
- Чөлөөт цагаа өнгөрүүлэх тал дээр бид нэг тусдаа дугаар бэлдсэн. Энэ сэдэв маань хамгийн түрүүнд хөндөгдсөн. 

Америкт нийтээрээ эзэмших талбай буюу цэцэрлэгт хүрээлэн гэх томоохон тохижуулсан талбайг дүүрэг дүүрэгт нь шийдээд өгчихсөн байдаг. Монголд бол ийм газар ганцхан бий. Мэдээж манай нийслэл газрын томоохон асуудалтай. 

Энэ сэдвийг бид хөндөхдөө иргэдийн дунд судалгаа явуулж үзсэн. Судалгааны гол зорилго нь иргэд чөлөөт цагаа хаана, хэрхэн өнгөрөөдөг вэ. Гэтэл судалгааны үр дүн нь нийт оролцогчдын 46 хувь нь чөлөөт цагаа гэртээ өнгөрөөдөг гэсэн байгаа юм. Харин 20 хувь нь спорт зааланд. Цэцэрлэгт хүрээлэнд ердөө 10 хувь нь л чөлөөт цагаа өнгөрөөдөг гэсэн байгаа юм. Америкт бол энэ тоонууд эсрэгээрээ байх жишээтэй.

Улаанбаатарчуудын цэцэрлэгт хүрээлэнд өнгөрөөх цаг хугацаа яагаад ийм бага гарч байна вэ

Улаанбаатарчуудын цэцэрлэгт хүрээлэнд өнгөрөөх цаг хугацаа яагаад ийм бага гарч байна вэ гэхээр нийслэлийн хэмжээнд ганцхан цэцэрлэгт хүрээлэнтэй. Энэ нь хотын захын болон зарим дүүрэг, хорооллын оршин суугчдаас маш хол зайтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүртээмжгүй болчихоод байна.  Тэгвэл бид өөрсдийн эрүүл мэндэд тустай байдлаар хэрхэн чөлөөт цагаа өнгөрөөж болох вэ. Энэ бүгдийг манай эхний нэвтрүүлэг хөндсөн. 

Ер нь дугаар болгонд маш их санаа агуулж байгаа. Олон нийтэд болон бизнесийнхэнд мөн төр засгийнханд ч олон санаа шийдлийг багтаасан. Тиймээс бидний энэ нэвтрүүлгийг олон нийт маань үзэж санаа бодлоо хуваалцаж мөн амьдралдаа хэрэгжүүлж болох санаануудыг олж авч улмаар өөрсдийн хүсч байгаа нийгмээ бий болгоход жаахан ч гэсэн хувь нэмэр болоосой гэж хүсч байна. 


"Яагаад" нэвтрүүлгийн анхны дугаараар хөндсөн тоо баримтуудыг бид дор графикаар үзүүллээ

Уг дүрслэлийг десктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.

№1 Чөлөөт цаг

Улаанбаатарчууд амралтын өдрөө яаж өнгөрөөдөг талаар “Яагаад” төслийн багийнхан бичил судалгаа хийсэн юм. Судалгаагаа Саппоро, Улсын их дэлгүүр, Долоон буудал, Офицеруудын ордон, Зайсан гэсэн 5 цэгт явуулж, 35 хүнээс санал авсан болно.

Улаанбаатарчууд амралтын өдрөө хаана өнгөрөөдөг вэ?

Судалгаанд оролцогсдын:

  • 46 хувь нь гэртээ амардаг  /Гэртээ амардаг хүмүүсийн дийлэнх нь ТВ үздэг, мөн хүүхдээ хардаг, интернэтэд ордог, даалгавраа хийдэг, ном уншдаг гэх мэт/
  • 20 хувь нь спортын заал танхимд өнгөрөөдөг /Энд фитнесс клубууд орж байгаа/
  • 14 хувь нь найз нөхдийндөө зочилдог
  • 10 хувь нь кино театр, цэцэрлэгт хүрээлэнд очдог  /Цэцэрлэгт хүрээлэн нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байна/
  • 10 хувь нь Бусад буюу өөр маягаар амардаг гэж хариулжээ.

Бусад хариултад:   

  • Христийн сүмд очдог
  • Гэр бүлээрээ салхинд гардаг /Богд ууланд авирах, Бурхантай хөшөөн дээр очих, Туулын эрэгт очих гэх мэт/
  • Гольфийн талбайд тоглодог
  • Номын санд суудаг
  • Баар, пабд ордог
  • Билльярд тоглодог

Таны мэддэг олон нийтэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, талбай

Судалгаанд оролцсон Улаанбаатарчуудын 79 хувь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг, 21 хувь Жуковын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Битлзийн хөшөө, Скай резорт, Амьтны хүрээлэн, Соёл амралтын хүрээлэнг дурдсан байна. 

 

Өнөөдөр Улаанбаатар хотод

2015 оны 12-р сарын 1-ний байдлаар Улаанбаатар хотод

  • 6 кино театр
  • 15 музей
  • 28 нийтийн номын сан
  • 57 соёл, урлагийн байгууллага
  • 257 спортын танхим байдаг.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 

 

Өдөрт гурав ба түүнээс олон цагийг идэвхгүй өнгөрөөдөг сурагчдын тоо

Ерөнхий боловсролын сурагчдын 44,3 хувь 3 ба түүнээс олон цаг хөдөлгөөний идэвхгүй байдаг.

  • Үүнээс эрэгтэй 41,3 хувь
  • Эмэгтэй 47,2 хувийг эзэлж байна.

12 ба түүнээс доош насны хүүхдүүд 33,1 хувийг

  • 13-15 насны хүүхдүүд 40,7 хувийг
  • 16 ба түүнээс дээш насны хүүхэд 54,6 хувь тус тус эзэлж байна.

Судалгаанд хотын сурагчдын 56,2 хувь, хөдөөгийн сурагчдын 36,9 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, найзтайгаа ярилцах зэрэг идэвхгүй хөдөлгөөнд өдөрт 3 ба түүнээс олон цаг зарцуулдаг гэж гарчээ.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа 2013 он

 

Сүүлийн 7 хоногийн 5 ба түүнээс олон өдөр нь өдөрт багадаа 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийсэн сурагчдын тоо

Судалгаанд хамрагдсан сурагчдын 36,4 хувь нь сүүлийн 7 хоногийн тав ба түүнээс олон өдөр хамгийн багадаа 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийжээ.

  • Үүнээс эрэгтэй нь 40,7 хувь
  • Эмэгтэй сурагч нь 32,4 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа 2013 он

 

Сүүлийн 7 хоногт өдөр бүр багадаа 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийсэн сурагчдын тоо

Өдөр бүр 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийдэг сурагчид идэвхтэй хөдөлгөнө хийсэн сурагчдын 25,2 хувийг эзэлж байна. Үүнээс:

  • эрэгтэй сурагчдын 30,3 хувь
  • Эмэгтэй сурагчдын 20,4 хувь  өдөр бүр 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийдэг байна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа 2013 он

 

Хүүхдийн чөлөөт цагт анхаарал тавьдаг эцэг эх, асран хамгаалагчтай сурагчдын тоо 

Нийт судалгаанд оролцогчдын 48,9 хувийнх нь эцэг эх, асран хамгаалагч нь тэдний чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгааг анхаардаг. Үүнээс:

  • 7 дугаар ангийн сурагчдын эрэгтэй нь 54,8 хувь, эмэгтэй сурагч 58,6 хувийг
  • 8 дугаар ангиас эрэгтэй 49,6 байгаа бол эмэгтэй сурагч 53,5 хувь
  • 9 дүгээр анги эрэгтэй 51,6 эмэгтэй 47,4 хувь
  • 10 дугаар анги эрэгтэй сурагч 43,9 хувь, эмэгтэй нь 41,8
  • 11 дүгээр анги эрэгтэй нь 41,9 хувь, эмэгтэй нь 42,9 хувийг тус тус эзэлж байна

Судалгаанд хамрагдсан 7-р ангийн сурагчдын 56,6 хувь нь эцэг эх нь хүүхдээ чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгааг анхаардаг гэсэн бол 10 ба 11-р ангийнхны 42,8 хувь ба 42,5 хувийг эзэлж байгаа юм. Эндээс үзэхэд анги ахих тутам энэ үзүүлэлтийн хувь аажмаар буурч байна.

 

Сурагчдын чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгааг байнга мэддэг эцэг эх, асран хамгаалагчийн үзүүлэлтийг Азийн улс орнуудтай харьцуулсан дүн 

Азийн зарим улсуудтай харьцуулахад монголчуудын хүүхдийнхээ чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаад анхаарал тавьдаг үзүүлэлт өндөр хувьтай байна. Манай улсын үзүүлэлт өмнөх судалгааны дүнгээс 43,3 хувиас 48,8 хувь болж өссөн байна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа 2013 он

 

Улаанбаатар хотод хэдэн бичил цэцэрлэг байдаг вэ?

 

Манай улс 0-5 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтаар Ази номхон далайн баруун эргийн бүсэд байрладаг 37 улсын эхний хоёрт нь жагсаж байна. Мөн өсвөр насны хүүхдийн таргалалтаар гуравт жагсаж байгаа юм.

 

 

Эх сурвалж: “Эрүүл мэнд, спортын яам”

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2009, 2013 онд хийсэн ерөнхий боловсролын сургуулийн зан үйлийн судалгаагаар арван сурагч тутмын нэг нь илүүдэл жинтэй гарсан байна.

Тус судалгаанд 9 дүүрэг, 21 аймгийн нийт 12-18 насны 6000 сурагчдыг хамруулжээ. 2009 онд илүүдэл жинтэй 480 хүүхэд байсан бол 2013 онд 660 болж өсчээ. Таргалалттай хүүхэд 2009 онд 48 хүүхэд, 2013 онд 90 болж өссөн үзүүлэлттэй байна.

Нийт таргалалт, илүүдэл жинтэй хүүхэд 2013 оны байдлаар 750 гаруй болжээ.