Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд боллоо.
Нийт 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг дэлхийн 20 гаруй банк, санхүүгийн байгууллагуудаас өгөхөөр болсон билээ.
Рио Тинто-гийн Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх: Түүхэн өдөр маш чухал үйл ажиллагаа тохиож байна. 4.4 тэрбум ам.долларын үнийн дүн бүхийн санхүүжилтийг баталгаажуулах түүхэн ач холбогдолтой гэрээнд гарын үсэг зурж байна.
Рио Тинтогийн Зэс-нүүрсний группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак: Төслийн хувьд Оюу толгой уурхайг дэлхийн чансааны ач холбогдолтой уурхай болгох гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ санхүүжилтээр Монгол Улсад асар их эерэг нөлөөллийг бий болгох бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. 20 км газар бүхий асар том хүдрийн биетийг олборлох ажлыг энэ санхүүжилтээр хийх юм.
Монгол Улсын Засгийн газар энэ ажилд түүчээлэн оролцож буйд нь талархал илэрхийлье. Мөн хөрөнгө оруулж буй банкуудад талархал илэрхийлье. Ийнхүү итгэл үзүүлэн санхүүжилт өгч буй нь энэ төслийн чансааг харуулж байна.
Монгол Улсад үр өгөөжөө авчрах сайхан бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Энэ өдрийг бид он удаан жил хүлээсэн. Энэ өдрийн бүтээхийн тулд хүчин зүтгэсэн бүх хүмүүст талархаж байна.
Би өнөөдөр хоёрхон зүйлийг хэлнэ.
Нэгдүгээрт, Өнөөдрөөс эхлээд Оюу толгой ямар нэгэн улс төр, Засгийн газрын асуудал биш цэвэр бизнесийн төсөл болж байна. Энд сууж байгаа эрхмүүд, удирдах зөвлөл, бизнесийнхэн Оюу толгойн төсөл, гүний уурхайг цааш нь авч явна.
Хоёрдугаарт, Өнөөдөр дэлхийн хамгийн том 15 банк, Рио Тинто Монгол Улсад зээлээ өглөө. Одоо Монголын хувийн хэвшлийнхэн хөрөнгөө оруулах, өөрсдийнхөө түншийг олж авах, зээл авах үүд хаалга нь нээгдэж байна. Монголчууд бизнестээ буцан ирлээ гэдгийг хэлэхийг хүсэж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан:
Бидний гол зорилго бол Оюу толгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Оюу толгой бол Монголын компани, Монгол бизнес, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын суурь юм.
Өнөөдөр төслийн санхүүжилтийг авснаараа санхүүжилтийн өртгийг багасгаж байна. Ийнхүү зардлаа багасгаснаар ирээдүйд олох ашгаа нэмэгдүүлж байна. Ингэснээр 34 хувийг эзэмшдэг Монгол Улсын иргэдийн зүгээс ярих юм бол ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлж өглөө.
2010 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж, эхний шатны хөрөнгө оруулалт орж ирснээр манай эдийн засаг хурдацтайгаар тэлсэн. Маш олон компани үүнийг мэдэрч, шинэ ажлын байрууд бий болсон.
Бид өмнө нь болж байсан юмаа ахин давтаж, шинэ хөрөнгө оруулалт татаж байна. Эдийн засагт бодитой нөлөө үзүүлнэ. Дор хаяад жилд нэг тэрбум орчим ам.долларыг шинэ бүтээн байгуулалтын явцад зарцуулна. Мөн Оюу толгой үйл ажиллагааны орлогоосоо Монголын эдийн засагт оруулна. Тэгэхээр эдийн засагт маш сайн нөлөөтэй гэж үзэж байгаа.
Тийм ч учраас өнөөдрийн арга хэмжээнд Монголын бизнесийнхэн ирсэн байна. Хамгийн гол нь бизнест эерэг дохиог өгч байна. Монгол компаниуд ойрын гурван жилд олох орлогоо тооцоолох боломжтой болж байгаа.
Гэрэл зургийг MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!