ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

ГЭРЭГ: БУРХНЫ ЭРЭЛД

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2015 оны 12 сарын 15
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл

"Гэрэг" сэтгүүлийн 2016 оны нэгдүгээр улирлын захиалга эхлээд байна. Бид "iKon news" цахим хуудастай хамтран сэтгүүл дээрээ гарч байсан нийтлэлүүдээс 10-ыг нь сонгож, өдөр бүр нэг нийтлэл байршуулж байхаар болов.

Энэ удаад У.Бямбанямын "Бурхны эрэлд" нийтлэлийг хүргэж байна.

Мэдээллийн хүртээмжтэй байдал өөрөө сул тал болох шахаж буй энэ үед цэгцтэй мэдээлэл, асуудалд яаруу, сандруу байр суурь илэрхийлсэн биш, процессийг харж, уужуу бодсон, басхүү зөвхөн хэрэгтэй, чухлыг сонгосон мэдээллийг долоо хоног бүр уншихыг хүсвэл Та манай сэтгүүлийг захиалаарай"


 

Бурхан үхсэн үү?

Ницше бурхан үхсэнийг ямар ч баримтаар нотлоогүй. Түүнийг нотлох хүртэл дэлхий ертөнц дээр шашин шүтлэг оршин байх нь гарцаагүй билээ.

 

Исаак Ньютоныхоор бол Бурхан орчлонг бүтээх хүртлээ юу ч хийгээгүй, хийгээд ч байх зүйлгүй байв. Тэр ердөө мөнхөд үргэлжлэх цаг хугацааны нэгээхэн үед тохиох аймшигт шүүх хурлыг л толгойлох үүрэгтэй байлаа.

Алдарт физикчийг энэ санаагаа хэлснээс 160 жилийн дараа Оксфордын их сургуулийн Музейн номын санд ширүүхэн маргаан өрнөжээ. Маргааны нэг талд Англикан сүмийн хамба Самуэл Уилберфорс, эсрэг талд нь жилийн өмнө хэвлэгдсэн Чарльз Дарвины “Зүйлийн үүсэл” номыг барьсан Английн биологич Т.Х.Хьюкслей зогсож байв. Ариун Библид бичсэнийг аймшиггүйгээр үгүйсгэсэн шинжлэх ухаанчдыг мадлахын тулд Хамба лам “Та нар өөрсдийгөө сармагчнаас гаралтай гэж үзэж байгаа юм бол өвөг эцгийнхээ талаас уу, эсвэл эмэг эхийнхээ талаас хэлж буй эсэхээ тодруулахгүй юу” хэмээн асуужээ. Хариуд нь биологич “Таны гаргаж буй зан авир Хамбын удам гэхээсээ сармагчинтай л адил харагдаж байна даа” хэмээн егөөдсөн гэдэг. Нэг насны амьдралынхаа ихэнх цагийг амьтдыг ажиглах уйтгарт ажилд зориулсан англи эр бурхан 6,000 жилийн өмнө зургаан өдрийн дотор хүн, ертөнцийг бүхэлд нь бүтээсэн тухай Библийн сургаалыг үгүйсгэж, бүх амьд амьтан байгалийн шалгарлаар үүссэн гэх “эволюцийн онол”-оо дэвшүүлсэн нь шинжлэх ухаан, шашинтай нүүр тулсан томоохон тохиолдлын нэг байлаа. Эцэстээ шашинд итгэгчдийн зүгээс тэр “Чөтгөрийн номлогч” гэх сүржин нэр зүүсэн байдаг.

Тэр явдлаас 20 гаруй жилийн дараа өөрийгөө философич хэмээн өргөмжилсөн герман эр “Нэмж хэлэхэд бурхан нас барсан” гэж хэлснээр нөхцөлийг бүр ч хүндрүүлжээ. Фридрих Ницше 1883 онд хэвлүүлсэн “Зороастер ингэж өгүүлэв” бүтээлдээ “Христийн шашин биднийг энэ ертөнцөд мэдэрч болох бүхнээс хязгаарлан, дараагийн амьдралын талаар сургадаг. Ингэснээр амьдралаас холдуулж хүнийг сул дорой болгодог гэсэн санаагаа илэрхийлэв. Бүх шашны номлогчид энэ амьдралыг биш ирэх чинагш амьдралыг сургадаг учраас “үхлийг номлогчид” гэж уурсчээ.

Дээрх тохиолдлууд Афганистаны талибанчууд Бияман уулан дахь Буддагийн баримлыг дэлбэлж, Францын сэтгүүл Мухаммедийн шог зургийг хэвлэснээс хавьгүй том асуудал байлаа.

Шашин, шинжлэх ухааны энэ мэт олон тулгаралтын эцэст манай дэлхийн хүн амын 63 хувь нь ямарваа нэг хэмжээгээр шашинд итгэдэг хэвээр үлджээ. Эцэстээ Ницшегийн суут санаа философийн сурах бичгийн нэг хуудсанд мөнхөрч, шүтлэг бишрэл хүн төрөлхтний мөнхийн дагуул хэвээр үлдэв. Энэ тоо ирэх дөчин жилийн хугацаанд 20 хувиар өсч, 2050 он гэхэд шашинд итгэгчдийн тоо 83 хувь болно. Эсрэгээрээ шашингүйчүүдийн хувь буурна.

 

Энэхүү дүгнэлтийг Вашингтонд байршилтай “Pew Research Center” болон Люксембургт байрших “International Institute for Applied Systems Analysis” (IIASA) судалгааны байгууллагаас гаргасан “Дэлхийн шашны ирээдүй: Хүн амын өсөлтийн чиг хандлага 2010-2050 он” судалгаанд дурджээ.

Дэлхийн хүн амын өсөлт, шашин шүтэгчдийн нас, төрөлт болон нас баралт, шилжилт хөдөлгөөн, газарзүйн тархцыг харгалзсан уг судалгааг “Religious Literacy Project”-ийн ахлагч, шашин судлаач Диана Мур “Бидэнд шашны талаарх илүү цэвэр, сайн, үнэн бодит мэдээлэл хэрэгтэй учраас энэхүү судалгаа их үнэ цэнэтэй” хэмээн дүгнэсэн байна.

Харин “Pew Research Center”-ийн “Дэлхийн шашны чиг хандлага” судалгааны ахлагч Алан Купермэн (Alan Cooperman) “Исламын шашинтнууд харьцангуй залуужиж байгаа. Дэлхийн ислам шашинтнуудын 34 хувь нь 15 хүртэлх насных байгаа нь үүнийг батална. Энэ нь нөхөн үржихүй болон хүн амын өсөлтөд эергээр нөлөөлж байна. Дайн, технологийн дэвшил зэрэг судалгааны дүгнэлтийг эвдэж мэдэх олон зүйлс бий. Гэхдээ ирээдүйг харах хэцүү үе ард хоцорсон. Бид ирээдүйд юу болох талаар илүү ихийг мэдэх боломжтой” хэмээн ярьсан байна.

Зургаан жилийн турш, 2,500 гаруй эх сурвалж, баримттай ажиллаж гаргасан судалгаа юуг зөгнөж буй нь сонирхолтой.

 

 

Тэдний тооцоолсноор ирэх дөчин жилийн хугацаанд дэлхийн хүн ам 35 хувиар өсч, 9.5 тэрбумд хүрнэ. Харин исламын шашинт хүн амын тоо 73 хувиар өсч, нийт хүн амын 30 хувийг эзэлж, христийн шашны 31 хувьтай дөхнө. Дэлхийн шашин шүтлэгийн ойрын дөчин жилийн хугацаан дахь томоохон өөрчлөлтийн нэг нь ислам шашинтнуудын өсөлт. Европын хүн амын 10 хувь нь ислам шашинтай болно. Харин хүн амын төрөлтийн түвшин бага Хятад, Япон, Тайланд зэрэг Азийн орнуудад шүтдэг буддын шашнаас бусад шашнууд ямар нэг хэмжээгээр өсөх хандлагатай байна. Хиндү шашинтны тоо 34 хувиар өсч, 1.4 тэрбумд хүрэх бол дэлхийн хамгийн бага шүтэгчтэй иудейн шашныг шүтэгч хүн ам 16 хувиар өснө.

Африк, Хятад, уугуул Америк, Австралийн уламжлалт шашин шүтэгчдийн тоо ирэх жилүүдэд 11 хувиар өсч, 2050 он гэхэд 450 саяд хүрнэ. Эдийн засгийн нөхцөл байдал хүн амын өсөлтөд нөлөөлдөг бөгөөд хөгжиж буй орнуудад төрөлт өндөр, хүүхдийн эндэгдэл бага байх төлөвтэй байгаа. Тухайлбал, Африкийн орнуудад ислам болон христийн шашинтны тоо илүү өсөх хандлагатай бол Европ, Өмнөд Америк, Хятад, Япон зэрэг наслалт өндөртэй орнуудад хүн амын өсөлт бага байна.

Нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 3.1 гэсэн үзүүлэлтээр ислам шашин тэргүүлж, 2.7-гоор христ шашин удаалж байгаа. Харин буддын шашин 1.6 гэсэн үзүүлэлттэй байна.

Африкийн орнууд ислам болон христ шашны өсөлтөд голлох нөлөөг үзүүлнэ. Ингэснээр исламын шашны өсөлтийн гол төв болохоос гадна Африк дахь христ шашинтны тоо 24 хувиас 38 хувь болтол өснө гэжээ.

Судалгаанд зөгнөснөөр монголчуудын шашин шүтлэгийн төлөв нэлээд тогтонги байна. Буддын шашинтнуудын тоо бага зэрэг буурч, ислам шашинтны тоо хоёр хувиар өсч, шашингүй үзэлтний тоо нэмэгдэнэ. Уламжлалт шүтлэг, буддын шашин голлодог монголчуудын хувьд Христ, Ислам, Хиндү зэрэг шашинд хэрхэн ханддагийг 2011 онд гаргасан олон улсын шашны эрх чөлөөний илтгэлд “Ажиглагчдын үзсэнээр нийгмийн зарим гишүүд гаднын шашин дэлгэрч буй нь үндэсний аюулгүй байдал болоод тус улсын соёлыг хүндэтгэн үзэхэд сөрөг нөлөөтэй хэмээн үздэг” гэжээ. Гэвч Монгол дахь шашны тоо нэмэгдсээр байгааг өнгөрсөн онд “Үндэсний статистикийн хороо”-ноос гаргасан тайлангаас үзэж болно.

 


Нэмж хэлэхэд, Монголд шүтэгчдийн тоо болон сүм хийдийн төвлөрлөөрөө тэргүүлж буй зургаан сүмийн мэдээллээр бэлтгэсэн доорх сурвалжлагыг санал болгож байна.

“Хүн учраас янз бүрийн эргэлзээ бий. Гэхдээ нэгэнт шийдсэн бол эргэж харах хэрэггүй гэж өөртөө хэлдэг”

Католик шашны гэлэнмаа Нирмала Рани, Энэтхэг Улс, 42

 

Энэтхэгийн газрын зураг умраас өмнө зүгт нарийсч, далай руу түрж орсон хэсэгтээ бараг л шовх гэмээр хошууг үүсгэдэг. Тэр хошууны зүүн өмнөд хэсэгт Тамил Наду нэртэй хот бий. Нутгийн уугуулчуудын нэрээр энэхүү хотыг Тамилийн хот гэх нь ч бий. Нирмала Рани энд олон хүүхэдтэй, католик шашинт энэтхэг гэр бүлд мэндэлжээ.

“Аав, ээж маань Францаас ирсэн шашин дэлгэрүүлэгчидтэй хамт сүмд ажилладаг байлаа. Хүүхэд нас маань католик шашны сүмд өнгөрсөн. Тэгэхээр надад өөр шашин шүтэх сонголт бараг л байсангүй” гэж тэр хэлэв.

Нирмалаг Монголд ирснээс хойших 13 дахь намар иржээ. Тэр цонхны зүг бодлогошронгуй ширтсэнээ “Анх Монгол руу явна гэдгээ сонсоод толь бичгээс хайж билээ. Нэг ч удаа Монголын талаар сонсоогүй болохоор айсан. Америк, Франц гэвэл өөр шүү дээ. Тэгээд Хятадын хойд талд, өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай улс болохыг олж мэдсэн. Энэтхэг халуун орон учраас хүйтнээс нь л их айсан даа” гэж ярив. 

Тэр хэдийнэ Монгол дахь католик шашны 22 үндэстнээс бүрдсэн 81 шашин дэлгэрүүлэгчийн нэг болжээ. “Гэлэнмаа нар гурван сахил хүртдэг. Нэгд, ядуу тарчиг байдал, хоёрт, онгон ариун байдал, гуравт, дуулгавартай байдал. Нэгэнт шийдээд сахил хүртсэн бол хүнтэй сууж, хүүхэд гаргахгүйгээр насан туршаа бурхны төлөө амьдралаа зориулна гэсэн үг. Түүнээс гадна бусдын төлөө амьдралаа зориулах хэрэгтэй” аж. Католик шашинтан гэлэнмаа сахил хүртэхийн тулд хэд хэдэн үе шатыг давах ёстой. Эхлээд жирийн сахил хүртэж, түүнээсээ хойш долоогоос есөн жилийн дотор бүрэн сахил хүртдэг. “Бүрэн сахил бол хэзээ ч гэлэнмаагийн амьдралаас гарахгүй гэсэн тангараг” гэж тэр тайлбарлав. Нирмалагийн хүзүүн дэх мөнгөн загалмай, хуруун дахь бөгж түүнийг бүрэн сахил хүртсэнийг илтгэнэ.

Харин христийн шашин шүтдэггүй монголчуудын хувьд түүний амьдрал байж болшгүй зүйлийн нэг. “Та хүнтэй суугаагүй юм уу, хүүхэд гаргаагүй юм уу, ямар утгагүй амьдрал вэ” гэх үе ч байдгийг хэлээд тэр инээв. Гэхдээ “багаасаа нэгэнт шийдсэн учраас бусдын төлөө амьдралаа зориулах нь надад хэцүү биш ээ” гэж хариулдаг.

Одоогийн ажлаа ч тэр бурхны хайрыг бусдад түгээж, бусдын төлөө амьдралаа зориулж буй хэрэг гэж үздэг. Түүний захирлаар нь ажилладаг “Солонго” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төвд энэ жил 24 хүүхэд бүртгүүлжээ. Монгол дахь католик шашны хамба ламын итгэмжит төлөөлөгч Вискарди Эрнестогийн хэлснээр “Тэр үеийн танай Ерөнхийлөгч Паптай уулзаад шашны номлогчдыг Монголд ирэхийг урьсан. Энэ дагуу 1992 онд гурван номлогч анх ирсэн. Тэд ирээд шашин дэлгэрүүлэхийн зэрэгцээ буяны ажил хийсэн. Хамгийн анх гудамжны хүүхдүүдэд тусалсан” байна. Нирмала тэд ч ялгаагүй хүн учраас сурч боловсорч, бусад хүүхдүүдтэй хамт байх ёстой гэж үздэг. Хүүхдүүд хэл засал, дасгалын анги, уран зохиолын анги гэсэн гурван хэсэгт хуваагддаг. Энэ жилээс хүнд хүүхдүүд элссэн учраас асаргааны анги гэж шинээр нээжээ.

“Гэвч бид төвдөө шашин заадаггүй. Харин миний Католик шашны гэлэнмаа гэснийг яагаад ч арилгаж чадахгүй шүү дээ. Тиймээс хүүхдүүдтэй харилцах тал дээр ажилчдаас өөр байх ёстой”. Нирмала мөргөлийн цагаас бусад бүх цагийг сургалтын төвдөө зориулж, маш завгүй ажиллана.

“Holy” буюу ариун хүний замналыг сонгосон гэлэнмаа нарын амьдралд мөргөл чухал үүрэгтэй. Нирмала өглөө босч бясалгал болон хувийн залбирлаа хийснийхээ дараа гэлэнмаа нарын өдөр бүр хийх ёстой нийтийн залбиралд ордог. Дараа нь Есүс Христийн бие болон цусыг аврахын тулд мөргөл үйлддэг. Тэгээд өдрийн ихэнх цагийг ажилдаа зориулаад, орой мөн л өглөөний нэгэн адил хувийн болон нийтийн залбирал хийдэг. “Хувийн залбирал бол нэг цаг мөчийг сонгоод эзэнтэйгээ харилцаж буй үйлдэл. Миний өмнө тохиолдож буй саад бэрхшээлийг хэрхэн даван туулах тэр хүчийг би залбирлаас, эзнээс олдог” гэж тэр хэлэв. 

Католик шашинтнуудын хувьд христийн арван тушаалыг хураангуйлсан тэнгэр бурхныг хайрлах, мөн бусдыг өөрийнхөө адил хайрлах сургаалыг гол болгодог. Тэнгэр бурхны хайрыг бусад хүмүүст түгээх хэрэгтэй гэж тэр ярина.

Индианагийн их сургуулийн түүхч Кристофер Этвуд “Western Europe and the Mongol Empire” бүтээлдээ, “Европын улс орнууд болон Монголын эзэнт гүрний хоорондох дипломат харилцааны үндэс суурь Пап лам болон монгол хаадын дунд элчин төлөөлөгч солилцох хэлбэрээр 1220 оны орчим тавигдсан гэж үзэж болохоор байна” гэснээс үзвэл Монгол дахь христийн шашны анхны суурь католик шашнаар эхэлсэн ажээ. Харин өнгөрсөн жил  “Agence France-Presse”-ийн судалгаанд дурдсанаар Монгол дахь католик шашинтны тоо 760 буюу хүн амын 0.03 хувийг эзэлдэг ажээ.

Нирмалагийн хувьд Монгол дахь католик шашны ирээдүйг өөдрөгөөр харж байгаа. Дараа жил монголчууд католик шашны анхны санваартантай болно. 2017 онд Монгол дахь католик шашны 25 жилийн ой тохионо гээд гэрэл гэгээтэй зүйл олон байна гэв. Гэвч Монгол дахь католик шашинтны тоо төдийлэн өсөхгүй байгаа нь тоо баримтаас харагддаг. Монгол дахь католик шашны тэргүүн, хамба лам Вэнсэслао өнгөрсөн жил “Дэлхийн сайн мэдээ дэлгэрүүлэлтийн өдөр”-ийг тэмдэглэх үеэрээ “Монгол дахь католик шашинтны тоо 1,000 давсан ч явц удаан байна. Жилд дунджаар 20 орчим сүсэгтэн нэмэгдэж байна. Тиймээс явцыг хурдасгахад үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй”-г мэдэгдэж байлаа. 

Бүртгэл дээр 1,000 гаруй хүн ариун угаал үйлдсэн гэдэг ч сүмд ирж мөргөл үйлдэгчид түүнээс цөөн байдаг нь Нирмалагийн санааг зовоодог. “Монголчуудын шашин шүтлэгийн хандлага намайг гайхашруулдаг. Өнөөдөр бөө мөргөл шүтэж байснаа маргааш ариун угаал хүртээд, дараа нь нэг таарахад будда шүтсэн байх жишээний. Магадгүй нүүдэлчин амьдрал нь нөлөөлдөг байх” гээд инээв.

Уламжлалт шүтлэг, шашны олон урсгал дэлгэрсэн газар төрж, өссөн түүнд бусад шашныг хүндлэх зан чанар суусан гэж тэр надад хэлэв. Гэхдээ Монгол дахь буддын шашин өдөр тутмын амьдралд буугаагүй юм шиг санагддаг гэв. “Зөвхөн хүүхэд төрөх, хүн нас эцэслэхэд л буддын шашны сүмд очоод, бусад цагт нь залбирдаг ч үгүй нь түүнд гайхмаар санагддаг. Хэрэгцээтэй үед бурхныг хайгаад, хэрэггүй гэсэн үедээ орхиж болохгүй шүү дээ” гэж тэр ярьсан. “Тэрнээс монголчуудын аливаа юмыг нэг нүдээр хардаг зан, эмэгтэйчүүдийнх нь дайчин, хүчирхэг байдал надад таалагддаг. Энэтхэгийн нийгэмд эмэгтэйчүүд эрчүүдээс ямагт дор байдаг. Гэтэл Монголд миний уулзаж байсан эмэгтэйчүүд ганцаараа үр хүүхэд амьдрал ахуйгаа аваад явдаг” гэж ярилаа.

Өмнөх Пап Ион Павел II 1995 онд Филиппинд залуучуудын өдрөөр айлчилснаас хойш 20 жилийн дараа Пап Франциск Азид айлчилсан. Монгол дахь католик шашны хамбын мэдэгдсэний дагуу жилд 20 орчим итгэгчээр нэмэгдвэл 20 жилийн дараа Монгол 1,500 католик сүсэгтэнтэй болно. Шашинд итгэгчдийн тоог үл харгалзвал сүм, үйл ажиллагааныхаа цар хүрээгээр Монгол хэдийнэ Азийн католик шашны гол цэг болжээ. Өнгөрсөн сард АНУ-д хийсэн Пап Францискийн айлчлал ч дэлхий дахинд католик шашны нэр нөлөө хүчирхэг байгааг илтгэх том дохио болов. АНУ-д хийсэн тав хоногийн айлчлалаасаа өмнө Кубад очиж, хувьсгалын удирдагч Фидель Кастротой уулзсанаар АНУ болон Кубын хамтын ажиллагааны харилцааг сэргээхэд нөлөө үзүүлсэн хэмээн үзэж байгаа юм.

“Триоц” буюу “гурвал” гэсэн орос үг нь эцэг, хүү, ариун сүнсийг илэрхийлнэ.

“Гэгээн Триоцын сүм”-ийн ширээт ламын туслах Николай

 

Автобус, унааны цонхоор зэрвэс үзэгдээд өнгөрөх, XV зууны үеийн Оросын уран барилгын хийцийг бүхэлдээ хадгалсан уг сүмийн босгоор анх удаа алхаж буй минь энэ. Дээрх бөмбөгөр оройгоос шал хүртэл шашны хээ угалз, Есүс Христийн амьдралыг өгүүлсэн зургаар чимэглэсэн, үг хэлэх бүрт цуурайтан хүч нэмэх энэ сүм чухамдаа шашны гэмээр ер бусын чанарыг санагдуулж байлаа. Удаан ярилцлагын эцэст нэлээдгүй жиндэж, наранд гарахыг хүсэх хүртлээ энэ бодлоо орхиогүй билээ.

“Гэгээн Триоцын сүм”-ийн ширээт ламын туслах Николайн хэлснээр “Сүмийн хана таазанд дүрслэгдсэн нэг ширхэг зураас ч бэлгэдэл, утга учрыг агуулдаг”. Орос, Хятадын худалдааны хэлэлцээрээр Хүрээнд орж ирсэн орос худалдаачдаас үүсэлтэй “Үнэн алдартны сүм”-ийн анхны барилга үймээний үеэр сүйдэж, 1990-ээд оны сүүлчээр Монгол дахь үнэн алдартны шашны цорын ганц сүмийг босгожээ. Сүмийн нэрэн дэх “Триоц” гэсэн орос үг “гурвал” гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд тэр нь эцэг, хүү, ариун сүнсийг төлөөлдөг.

Үүнийг тайлбарласан Алексей Трубач бол 1997 онд дахин сэргэсэн сүмийн хоёр дахь ширээт лам. Ясархаг том биедээ шашны бараан өнгөт өмсгөл өмсөж, шармал оосорт том загалмай энгэртээ зүүсэн нь ламыг улам сүрлэг харагдуулна. “Үнэн алдартны шашинд буддын шашин шиг олон бурхдыг номлодоггүй, бас Христийг энэ орчлонд хэн нэгэн төлөөлнө ч гэж үздэггүй. Зөвхөн цор ганц бурхан Есүс Христэд итгэнэ. Буддын шашинд номлодог шиг урьд, хойд нас, сүнс шилжих талаар ч байхгүй. Зөвхөн энэ бие, сүнс энэ насандаа дуусаад өөр ертөнцөд шинэ сүнс, биеэр төрнө гэж итгэнэ” гэж тэр хэлсэн. Ширээт ламын туслах Николай үүнийг нь маш товчхоноор “Цор ганц бурхан Есүс Христ болон мөнхийн амьдралд итгэх итгэл” гэж тайлбарлав.

Эхэндээ Христийг дагагчид буюу христийн шашинтнууд нэрийн дор явсан итгэгчдийн дундаас бурхны үгийг гуйвуулах, буруугаар ашиглах бусармаг үйлдэл гарахад түүний шавь нар бурхны сургаалыг хэрхэн үнэн зөвөөр алдаршуулах талаар ярилцсанаар грек хэлний “Orthodoxy” буюу “Үнэн алдартан” гэсэн нэр үүсч, улмаар “Үнэн алдартны христийн шашин” гэгдэх болжээ. Энэ бол МЭ 40-50-иад онд болсон үйл явдал гэдгийг Николай хэлсэн.

Итгэгчид Христэд мөргөснөөр түүнд өөрийгөө таниулж буй хэрэг. Энэхүү мөргөл Христ төрсөн болоод дахин амилсантай холбоотой. Энэ өдрүүдийг “Үнэн алдартны шашин”-ы хоёр гол баяр болгон тэмдэглэдэг. “Христ хүмүүсийг зовлонгоос аварч, биднийг тэнгэрийн хаанчлалд аваачихын тулд хүний ертөнцөд ирсэн. Хоёрт, Христ гурав дахь өдрөө дахин амилснаараа тэнгэрийн хаанчлалыг бид нарт нээж өгч байгаа”  гэж Николай өгүүлэв.

Монголчуудын дунд “Улаан өндөгний баяр” нэрээр үлдсэн “Христийн амилсан өдрийн баяр” Христийн шавь Магдали Маригийн домогтой холбоотой. Христийг амилсны дараа түүний шавь нар дэлхий даяар тархан ариун сургаалыг түгээжээ. Тэдний нэг Магдали Мари Ромд шашны номлол айлдаж байхдаа баригдан хаанд хүргэгдсэн байна. Хаан ямар учраас номлол айлдсаныг асуухад тэрбээр Христийн дахин амилсан талаар айлдсанаа хэлэв. Гэтэл хаан чангаар инээж, үхсэн хүн амилдаг гэж үү хэмээн тохуурхаад Марид өндөг өгч, үүний өнгийг хувиргавал итгэе гэжээ. Тэрбээр өндгийг авч залбирсны дараа өндөгний өнгө үнэхээр хувирсан байлаа. Үүнээс өндгийг будах шашны ёслол үүсчээ. Николайн надад ярьж өгсөн энэхүү домогт гардаг Мари Магдалийн хөргийг сүмийн зүүн өмнөд хананд гоёмсгоор зурж өлгөснийг би сүүлд анзаарсан билээ.

Сүмийн мэдээнд дурдсанаар орос, серб, беларусь гээд 100 гаруй итгэгчтэй. Харин Николайн өгүүлснээр усан баталгаа хүртсэн монгол итгэгчдийн тоо 40-50 аж. Гэвч мөргөлд ирдэг нь цөөн гэв. Итгэгчдийн сүмийг зорьдог шалтгаан хүн бүрт өөр өөр гэж ярих Николайн хувьд шашин бол амьдралын утга учрыг олох, цаашдын амьдралаа зорилготойгоор харахад тусалдаг.

Бурхныг шүтнэ гэдэг зөвхөн сүсэглэх биш, дотоод сэтгэлээ засахыг хэлж байгаа юм.

“Дамбадаржайлин хийд”-ийн Их гэсгүй Лувсангүнпан, Монгол Улс, 28

 

Зуун жилийн өмнө Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу Сэлбэ голын зүүн салаа Сэлхийн голын цутгал Богд Зонхава уулын энгэр гэж ярилцдаг асан тэр газрыг өдгөө товч бөгөөд даруухнаар “Дамбын эцэс”  гэж нэрлэх болжээ. Засаг захиргааны харьяаллаараа Сүхбаатар дүүргийн 17-р хорооны хойд хэсэг, гэр хорооллоос заагласан шавар хашаанаас орой нь цухуйх Дамбадаржайлин хийд орчин цагийн хотын иргэдийн мэдэхгүй олон түүхийг өөртөө хадгалдаг. Хотын төвөөс 500 төгрөгийн тасалбартай нийтийн тээвэрт сууж, зургаан буудал яваад хүрчихэж болох энэ газарт анх удаа ирж байгаа минь цаг хугацаа, орон зайд баригдсан суурин амьдралын эд эс болсныг л гэрчилнэ.

Хүрээний анхны хийд гэдгийг нь батлах хуучин сүмийн туурь, шавар нь ховхорч гандсан суварга шүтээний зэрэгцээ одоо ч хурал хурж, үйл ажиллагаа нь хэвийн явж буйг батлах бүрээ бишгүүрийн дуу сонсдож, гурван давхар шинэ сүмийн барилгын ажил үргэлжилнэ.

Б.Мөнхболдын бидэнд хэлснээр  “Цэдэр лхам буюу Цагаан сарын битүүний хурлыг хамгийн түрүүнд Дамбадаржайлин хийд харангаа цохин эхлүүлж, Дашчойлин хийд, Гандантэгчэнлин хийд гэсэн дарааллаар хурдаг”. Энэ дараалал хийдүүдийн байгуулагдсан цаг хугацааг илэрхийлдэг.

Тус хийдийн Их гэсгүй гэж бидэнд өөрийгөө танилцуулсан Б.Мөнхболдыг энд Лувсангүнпан гэсэн сахилын нэрээр дуудна. Арван найман жилийн өмнө аавынх нь хөтөлж орж ирсэн тахилын сүм дотор бид буддын шашны лам хувраг хүнийх нь хувиар түүнтэй ярилцаж суулаа.

“Бүх шашин нийлээд нэг мод. Тэр мод хүний сайн сайхны төлөө дэлгэрдэг” хэмээн яриагаа эхэлсэн Лувсангүнпан буддын шашин дахин нэг дэлгэрэлтийн мөчлөг дээрээ ирээд байгаад итгэдэг. “Хутагт хувилгаад олноор тодорч буй нь Монголд шашин илүү дэлгэрэхийн шинж. Шашин дэлгэрнэ гэхээр олон хүн лам болохыг хэлэхгүй. Нийгэм тайван амгалан, уур уцаар, хор хөнөөл багатай болохыг хэлээд байгаа юм” гэж тэр нэмэв. “Зул өргөх, арц уугиулах ч зүгээр л үзэгдэл төдий. Харин хүн сэтгэлээ засч чадвал тэр бурхны шашин” гэж нэмлээ.

Зүүн өмнөд Ази ба Шри Ланкад шүтдэг буддын шашны Тиравада урсгалд улс төрийн удирдагч ба шашны бүлгүүдийн хооронд бэлгэдлийн шинжтэй харилцаа оршдог (Тамбиах) бол Төвд-Монголын буддын шашны Очирт хөлгөний (Vajrayana) урсгалд лам нар нь ертөнцийг огоорохын оронд харин ч ертөнцийг түмэн зовлон бэрхшээлээс гэтэлгэхийн тулд дахин хувилдаг гэж үздэг.

Түүнийг лам болоход хамгийн их нөлөөлсөн хүн  нь өвөө нь. Ухаан орсон цагаас нь Гандангаар оруулж, бурхан шашны дэг ёс, уншлага номыг тайлбарлаж өгдөг байсныг одоо санадаг. Энэ бүхний шалтгааныг өөрийг нь төрөхөөс жилийн өмнө болсон нэг үйл явдлаар тайлбарлана. “Намайг төрөхөөс өмнө өвөө үзмэрчид үзүүлсэн юм билээ. Тэр хүн танай охин удахгүй төрнө. Хүү төрнө. Эрдэм номтой хүн болгоорой. Хэрэв тэгэхгүй бол барагтай юманд дийлдэхгүй танхай хүн гарна гэжээ. Үзмэрчийн үг сүсэг бишрэлтэй өвөөд хүндээр тусч намайг лам болгохын тулд Ганданд хашаа байшин худалдаж авсан юм шиг байгаа юм”. Өвөөгийнх нь “Юу ч болсон лам л болгоорой” хэмээн гэрээслэн үлдээсэн зөгийтэй дэвтэр одоо ч өөрт нь бийг бидэнд хуучлав.

Гэвч түүнд лам болсондоо харамсах өдөр байсангүй. “Хүүхэд байхад хүнтэй үерхэж үзэх юмсан, найзуудтайгаа гадуур явах юмсан гэх бодол орж ирдэг л байлаа. Гэхдээ одоо тэрийг даваад гарсаан” гэв.

1927 оны нэгдүгээр сард Коминтернээс МАХН-д буддын шашны сүм хийдийн эсрэг хөдлөх заавар иржээ. Үүнд, “Лам нар гарцаагүй нам, ардын засгийг сөрөх ёстой. Одоо өмнө зүгт үүсээд байгаа улс төрийн нөхцөлийн улмаас Хятадын милитаристууд, түүний дотор Чан Цолин (Жан Зоулин), түүний ар талд байгаа Японы империалистуудтай холбоо тогтоож болзошгүй” гэж бичсэн байлаа. Ийнхүү Коминтерний шашингүй үзлийн кампанит ажил эхэлж, 1930-аад оны эхээр хийдийг тарааснаар Аж үйлдвэрийн комбинат, Япон цэргийн эмнэлэг, Сүрьеэгийн эмнэлэг, Өндөр настны сувилал гээд олон байгууллага хийдийн барилгад төвхнөж байлаа. Түүний хошигносончлон сүм, дугана үг хэлдэгсэн бол мөн ч ихийг өгүүлэх байв.

Тэрбээр шашныг хориглосон 70 жилийг дүрэм журмаар хорьсон болохоос сэтгэл дэх сүсэг бишрэлийг бүр ч сэргээсэн гэж үздэг.  Харин буддын сүм хийдүүд төвдөөр номоо уншдаг нь сүсэгтнүүдийн итгэлд нөлөөлж, мухраар шүтэхэд хүргэдэг үү гэсэн асуултад тэр “Монголоор уншдаг хийдүүд бий. Хаана очих нь сүсэгтнүүдийн хэрэг. Гэхдээ номын хүч жанлав гэж юм бий. Олон жил уншсан хэлээр нь уншихад тэр номын хүч үйлчилнэ гэсэн үг. Сүсэгтнүүд өөрсдөө номынхоо утга учрыг асууж болно. Ихэнх хүн ном уншихыг зүгээр л урнаар уншаад байгаа мэт ойлгодог.  Гэтэл  арван зүгийн, гурван цагийн бурхдыг урьж ирүүлээд сүсэгтнийг даатгаж, холбохын тулд бясалгаж байгаа юм” гэж хариуллаа. Тиймээс ч Бурхан багш шашныг шүтэхийн өмнө түүнийг таньж, мэд хэмээн сударт тэмдэглэн үлдээсэн гэж тэр хэлэв.

Лувсангүнпан гэсэн нэрийн “гүнпан” гэдэг нь “сайныг дэлгэрүүлэгч” гэсэн утгатайг тэр хэлсэн. Ирээдүйд хүүхдийн асрамжийн газар байгуулах хүсэлтэй. Чи чадахгүй, мөнгө төгрөгтэй хүний хийх ажил, бүтэшгүй зүйл гэсэн бусдын няцаалт ч нугалж чадахгүй гэдгийг хэлээд инээв. Тиймээс ч жил бүрийн Хүүхдийн баяраар захын хорооллын 300-400 хүүхдэд бэлэг өгдөг ажээ. Түүний үзэж байгаачлан буддын шашин цаашид монголчуудын үндсэн шашин хэвээр байх уу, эсвэл христ, ислам зэрэг сүсэгтний тоо өсч буй шашнуудад түрэгдэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй.  “Pew Research”-ийн судалгаанд дурдсанаар ирэх дөчин жилд буддын шашин шүтэгчдийн тоо 2.1 хувиар буурна.

Зөвхөн сүсэгтний тоогоор тогтохгүй Төвд-Хятад гэсэн итгэл бишрэлийн дайн, Төвд-Монгол гэсэн шашны харилцаа монголчуудыг ямар тоглогчийн байр сууринд аваачихыг судлаачид бичдэг.

Кэмбрижийн их сургуулийн антропологич У.Булаг “Хамтач үндэсний үзэл” номдоо “1911 онд Төвдөөс гаралтай, Төвд-Монголын шарын шашны тэргүүн, Халх Монголын наймдугаар Живзундамба хутагтыг хаан өргөмжилсний учир нь бие биенээсээ эрх мэдэл, хэргэм зэргийн хувьд багахан ялгаатай, эзэн хаан, хутагт нарт захирагддаг байсан Чингисийн угсааны монгол язгууртнууд тусгаар тогтнол хэмээх түүхэн мөчид хэн нэгэн “хутагт” ламыг Богд хаан хэмээн “өргөж” л өөр хоорондоо нэгдэх байв” гэжээ.

Яг үүнтэй давхцан Хятадын засгийн газраас Монголын шашин, төрийн хамгийн том тэргүүн Богд хааны хүч нөлөөтэй тэмцэхийн тулд олон том ламыг ашигласны дотор 1891 онд Ганьсу мужийн монгоруудын дунд төрсөн Жанжаа хутагт орсон байдаг. Хорин нэгэн настай ламтан Юань Шикайтай уулзсан эхний өдрөө “Түүнээс буддын шашны бүх чиглэл урсгалыг адилхан хамгаалахыг хүсч, Монгол болон Төвдийн асуудлыг шашнаар зохицуулж болно” гэжээ. Харин хоёр дахь хүн нь Төвд-Монголын буддын шашны эрх мэдлийн шатлалаараа хоёр дахь том лам Банчин байлаа. XIII Далай ламын шинэчлэлийн хөтөлбөрийг таашаалгүй Төвдөөс зугтсан тэрбээр цөллөгийн ихэнх хугацаагаа Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр Өвөр Монголд өнгөрүүлж байлаа. Хожмоо түүнд мөн Хятадын засгийн газраас “Үндэстнийг аврагч, өөрчлөн хувиргалтыг дэлгэрүүлэгч, цаглашгүй мэргэн Их багш” цол олгожээ. Өөрөөр хэлбэл, Юань “хуваа, захир” гэсэн зарчмаар хутагт ламдыг өөд өөдөөс нь эсрэгцүүлэн, аль нэг хоёр нь нийлж хүчтэй нэгийн эсрэг байх бодолтой байлаа.

Өнгөрөгч есдүгээр сард хорин жил сураг алдарсан Банчин ламын хойд дүр эрүүл саруул байгааг Төвдийн өөртөө засах орны албаныхан мэдээлсэн. Далай ламын тодруулсан уг хойд дүрийг Хятадын эрх баригчид баривчилж, оронд нь Гэлцэн Норвуг Банчин ламаар тодруулсан ч өдгөөг хүртэл хүлээн зөвшөөрдөггүй талаар эх сурвалжууд мэдээлдэг. Далай ламын хойд дүр ч ийм аргад өртөж мэдэх учраас дахин тодруулахгүй хэмээн мэдэгдсэн гэдгийг шинжээчид онцолдог. Буддын шашин монголчуудын голлох шашин, амар амгалангийн сургаал мөн боловч хоёр гүрний гол тоглолтод багтаад байгаа билээ.

Ойрхи Дорнодын асуудал бол баялагт суурилсан, ислам шашнаар гол хөзрөө хийсэн улс төрийн тоглоом.

“Монголын мусульман нийгэмлэгүүдийн холбоо”, Хуаныш Аманкелди, Монгол Улс, 38

 

Х.Аманкелдийн албан өрөөний өлгүүрт долоо хоног бүрийн тав дахь өдөр тохиодог мөргөлд өмсөхөөр бэлтгэсэн шашны өмсгөл өлгөөтэй харагдана. Ислам шашинт мусульманы хувиар тэр тав дахь өдөр бүрийн мөргөлд оролцох ёстой.

Судлаачдын үзэж буйгаар ойрын хэдэн жил дэлхийн ислам шашинтны тоо огцом өсч, христийн шашныг гүйцэх төлөв хандлагатай байгаа. Дэлхийд сүсэгтний тоогоороо хоёрдугаарт бичигддаг уг шашин монголчуудын хувьд ч хоёр дахь гол шашин. Монголын баруун хойд хэсгээр нутагладаг казахуудын уламжлалт шүтлэг учраас албан ёсоор ийн хүлээн зөвшөөрдөг. 1990 он гарсаар казах иргэд оршин суудаг газруудад сүм барих ажил эхэлж, Монголын ислам шашинтнууд өнгөрсөн 20 жилийн хугацаанд сүм барих, номлолыг сургахад цаг хугацааг зориулсан гэж Аман хэллээ. Гэвч дэлхий дахинд ислам шашны нэр хүнд унаж, Ойрхи Дорнодод болж буй үйл явдлын гол түлхүүр нь ислам шашин болж хувирсан нь монголчуудын хувьд ч болгоомжлолыг дагуулдаг. “Монгол Улсад ислам шашны ямар нэг сөрөг урсгал орж ирээгүй. Зөвхөн ханнифат замналын, сүннит урсгалын шүтэгчид л бий. Бас сөрөг үр дагавар гарах нөхцөлийг харгалзан Саудын Араб, Пакистан, Бангладеш, Энэтхэг зэрэг орнуудад оюутан явуулахыг хориглоод байгаа. Оюутнуудыг голцуу Турк, Египет, Казахстанд явуулж байна” гэж тэр хэлэв. 

Түүний болоод ислам шашинт хүмүүсийн хардгаар Ойрхи Дорнодын асуудал бол баялагт суурилсан, ислам шашнаар гол хөзрөө хийсэн улс төрийн тоглоом. Аман “Ислам шашныг ихэнх тохиолдолд террористуудтай холбодог. “Коран судар”, “Элчийн ном” гээд шашны сургаалыг үзвэл ийм зүйл хийх үндэс байхгүй. Гэтэл яагаад ийм яриа гараад байдагт өөр учир бий. Учир нь, Ойрхи Дорнодын орнууд маш баян. Тиймээс Европ болон Америк тэднийг өөрсдийн үгэндээ оруулах хэрэг гарна. Тэгж чадахгүй болохоороо шашнаар яс хаяад, зохицуулах нэрийн дор ороод ирнэ гэсэн үндсэн тоглоомын дүрэмтэй” гэж ярив. Халифат, талибан зэрэг бүлэглэлүүд ч тэдний үйл хэрэгт ашигтай учраас улам өөгшүүлдэг гэж тэр үздэг. 

Улаанбаатар хотын баруун хэсэгт Арабын хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Ислам шашны соёлын төв” одоохондоо ашиглалтад ороогүй байгаа учраас “Монголын мусульман нийгэмлэгүүдийн холбоо” болон Толгойтод Турк улсын хөрөнгө оруулалтаар барьсан сүм дээр үйл ажиллагаагаа төвлөрүүлдэг. Ислам шашны талаар мэдээлэл хомс учраас үл ойлголцол, нийгмийн сүлжээнд буруу хандлага илэрхийлэх тохиолдол олон гардаг нь тэдний санааг зовоодог. Бүр шашин, итгэгч, доромж утгыг хүртэл хольж хутгадгийг онцолж байлаа. Аманкелдийн тайлбарласнаар шашны нэр Ислам нь “салам” буюу “энх тайван” гэсэн үгээс гаралтай. Харин ислам шашинд итгэгчдийг мусульман гэдэг. Гэвч монголчуудын ихэнх нь “лал” (буруу номтон) гэсэн төвд үгээр ислам шашин болон мусульманчуудыг дууддаг нь “лалар” гэсэнтэй ойролцоо сонсогддог гэж тэд хэлэв.

Жинхэнэ исламын шашинд итгэгч мусульман хүн Коран сударт тэмдэглэгдсэн таван зүйлийг мөрдөх ёстой. Үүнд, ганц бурхан байдагт итгэх, өдөрт таван удаа мөргөл хийх, жил нэг удаа боломжийн хэрээр баялгаасаа ядууст хуваалцах, жилд нэг удаа мацаг барих, энэ насандаа нэг удаа Меккед очиж мөргөл үйлдэх ордог. Энэ жил Меккегийн хаж мөргөлийн ёслолд хоёр сая орчим хүн оролцож, 700 гаруй хүн шахцалдаанаас болж амиа алдсан эмгэнэлт мэдээг олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Дан ганц шашны холбогдолтой нэр томъёоноос гадна монгол хэл дээрх шашны ном судрууд чанарын шаардлага хангадаггүйг Аман хэлсэн.  “Коран манай шашны гол судар. Түүнийг араб хэлнээс араб хэл рүү орчуулахдаа хүртэл тайлбар дээр нь маргаан үүсдэг. Харин Ц.Гомбосүрэн гуай орос хэлнээс орчуулсан. Бид Ц.Гомбосүрэн гуайн орчуулсан эхийг тулгаад 1-600 хуудас хүртэл засвартай гэж үзсэн. Мусульман хүн ч бай, шашин сонирхогч ч бай энэ орчуулга алдаатай болж байгаа юм” гэж тэр хэлэв.

“Донтолт хүнд сонголт өгдөггүй”

“Есүс христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм”-ийн тэргүүн О.Одгэрэл, Монгол Улс, 48

 

“Ариун ёслол”-ын танхим бол миний хувьд шинэ газар. Улаанбаатар хот дахь “Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм”-ийн ням гарагийн мөргөл яг 15.00 цагт эхэлдэг. Хааш хаашаа барагцаагаар 20 орчим метрийн том танхимд урт модон сандалд суусан итгэгчдийн ихэнхийг залуухан гэр бүлүүд эзэлжээ. Тэдний бяцхан хүүхдүүд ч уг ёслолд оролцоно. Сүмд гэр бүлээ ариун байлгахыг, гэр бүлдээ үнэнч байхыг сургадаг. “Ихэнх христ шашинтнууд гэрлэхдээ үхэл биднийг салгах хүртэл гэдэг бол бид үүрд хамт байх боломжтой гэж үздэг” хэмээн нэгэн итгэгч надад хэлсэн юм.

Сүмийн баруун дээд хананд 24, 35, 18, 6 гэсэн тоонуудыг самбарт байрлуулсан нь өнөөдрийн дуулах дууны хуудасны тоо гэдгийг миний хажууд суусан залуу итгэгч Чингүнжав шивнэн хэлэв.

Мөргөлийг нээсний дараа танхимын индрийн зүүн гар талд байрлуулсан төгөлдөр хуурын ард суусан залуу бүсгүй ая тоглож, удалгүй хоор дуу мэт олон хүний хоолой тэрхүү аязыг олзлон авлаа. Дуу дууссаны дараа залбирал хийнэ. Дахиад дуу дуулна. Ийм байдлаар залбирал, дуу дуусахад сүмийн баруун гар талд цагаан даавуугаар бүтээсэн ширээнээс хүүхдүүд талх, усыг итгэгч, санваартнуудад хүртээлээ. Талх нь Христийн махыг, ус нь түүний цусыг төлөөлнө. Ариун ёслолд оролцогчийн хувиар би ч бас энэ ёсыг дагах  хэрэгтэй.

Олонхийн дунд “Мормоны сүм” хэмээн ярилцдаг энэ сүмийн түүх хожмын бошиглогч Жозеф Смитийн түүхтэй холбогддог. 1820 оны хаврын нэгэн өдөр Гэгээн эцэг өөрийн хүү Есүс Христийн хамт 14 настай жаалхүү Жозефийн нүдэнд үзэгдэж, замаасаа хазайж гажсан олон урсгалуудын алийг нь ч шүтэлгүй, өөрийн шинэ сүмээ байгуулахыг хүсчээ. Ингээд түүнийг 19 нас хүртэл элчээр дамжуулан алтан ялтас илгээж, түүн дээрх бичээсийг орчуулахыг даалгав. Тэрхүү бичээст гардаг Мормон гол, цадигийг бүтээгч Мормоны нэрээр сургаалаа “Мормоны ном” хэмээн нэрлэжээ. Ингэснээр анхны “Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм” нээгдсэн байдаг. Харин энэ түүх Монголд 1992 оны есдүгээр сарын 20-ны өдрийн цуглаанаар эхэлжээ. Сүмийн мэдээнд дурдсанаар 10000 гаруй итгэгч, 23 цуглаантай.

“Протестантууд Есүс Христ бурхны хүү мөн гэдэгт итгэснээр аврагдана гэдэг бол мормончууд зөвхөн хүү гэдэгт нь итгээд зогсохгүй, түүн шиг амьдарснаар аврагдана гэж номлодог. Бид залбирахдаа бурханд залбирдаг ч үйлдэхдээ Христ шиг үйлдэнэ” гэж сүмийн тэргүүн Одгэрэл хэлэв.

Анх ээжийгээ сүмд явахыг санал болгоход нь дургүйцэж, эцэстээ англи хэл сурахаар сүмд очсон О.Одгэрэл өнөөдөр тус сүмийн Монгол дахь салбарын тэргүүнээр ажилладаг. Шилжилтийн цаг үед дөнгөж сургууль төгсөж байсан тэрбээр нийгэмд өөрийгөө олж авахад, өөрийгөө танихад шашин тусалсан гэж үздэг.

Мормончуудын номлолын гол ялгаа нь залбирлаа үйлдэл болгохыг сургадаг. Дан ганц залбирлаар чиний амьдрал аврагдах бус, түүнийг даван туулах арга замыг бурхан чамд заана, харин чи өөрөө үйлд хэмээн сургана. Ингэснээрээ мормончууд хамгийн идэвхтэй шашны нэг гэж өөрсдийгөө үздэг ажээ.

Тиймээс чөлөөтэй шүтэж бишрэх, идэвхтэй амьдрахад саад болж, хүнийг хараат болгодог “архи, тамхи, цай, кофе, мансууруулах бодис” гэсэн таван зүйлийг мормончууд хориглоно. Дээр нь, ядуу байх нь хүнийг ямар нэг зүйлээс хараат болгодог учраас түүнээс гарахыг хичээх хэрэгтэй. Үүнийг шийдэхийн тулд сүм дээрээ “Тасралтгүй боловсролын сан” байгуулж, амьжиргааны бололцоогүй хүүхдийг сургахад анхаарч буйгаа хэллээ. Мөн гурван газар салбартай Бригман Янгийн их сургуульд 1995-2009 оны хооронд 280 хүүхэд сургасан байна. Үүнийг яг ижил хугацаанд улсаас 275 оюутан гадаадад сургасантай харьцуулж харах хэрэгтэйг зөвлөсөн юм.

“Нийгэмд Мормоны сүмд нэг л явсан бол буцааж гаргадаггүй гэсэн буруу ойлголт байдаг. Хэн ч байлаа гэсэн шүтэх, эс шүтэхээ өөрөө сонгох эрхтэй. Ёслол, цуглаанд ирэхээ байсан хүмүүстэйгээ очиж уулздаг. Гэхдээ явах, үгүйгээ тэр хүн өөрөө л сонгоно” гэж Одгэрэл хэлсэн. Тавин хувь нь насанд хүрсэн эмэгтэйчүүд, гучин хувь нь 18 хүртэл насныхан, үлдсэн хэсэг нь эрчүүдээс бүрдэх сүмийн цуглаанд нийт итгэгчдийн гуравны нэг нь тогтмол оролцдогийг сүмийнхэн хэлсэн юм.

Харин жирийн итгэгч Чингүнжавын амьдралд сүм болоод бурхны сургаал 80 хувийн оролцоотой. Дорнод аймаг дахь сүмийн байранд ангийнхаа хүүхдүүдийг дагаж анх очсон түүнд сүмийн байрны тохилог, цэвэрхэн байдал сэтгэгдэл үлдээсэн нь одоо ч мартагддаггүй. Түүнийг шашин “илүү нээлттэй, зан чанарын хувьд тодорхой болгосон” гэж ярив.

Номлогчийн ажлаа хийх үед тэрбээр маш олон төрлийн ааш араншинтай тулгардаг. Нэг удаа хүүхдэд нь номлол зааж буйд дургүйцсэн аав нь үнэхээр Есүс Христ чинь гарч ирж авардаг юм бол чи халуун плитка дээр гараараа дар гэж тулгасан удаа ч бий. Гэвч бурхны үгийг бусдад хүргэх, мөнх амьдралд хөтлөх ажилд нь энэ мэт бэрхшээл саад болохгүй гэдгийг тэр хэлсэн.

 

“Сүнслэг асуудал л шийдэгдвэл хүмүүсийн амьдрал цэгцэндээ орно”

“Улаанбаатар Авралын зар чуулган”, С.Энхбат

 

“Харийн шашнууд хүнийг мунхруулж, тархийг нь угаадаг, шарын шашин харин ч амгалан тайван, хүлцэнгүй байдлыг номлодог учраас аюул багатай шүү дээ” гэж буддын шашны нэг сүсэгтэн надад хэлсэн юм. Протестант урсгалын “Улаанбаатар Авралын зар чуулган”-ы ахлагч С.Энхбатын хувьд энэ талаар өөр бодолтой явдаг. Буддын шашин дэлгэрсэн үед монголчууд доройтож байсан түүх бий. Гэтэл христ, ялангуяа протестант урсгал дэлгэрсэн газруудад хөгжил, боловсрол ямар түвшинд байгааг хар гэж тэр хэлэв.

Түүний хувьд бүхнийг бүтээгч Бурханд итгэдэг. Бүхнийг бүтээгч Есүс Христ дэлхий дээр ирж, хүн төрөлхтний гэмийн төлөө загалмайд цовдлогдсон гэж ярих тэрбээр 1990-ээд оны эхэн үед шашин чөлөөтэй болох цагт буддын шашинтан байжээ. Гэвч нэг удаа “Ийгл” телевизээр бүтээгч бурхны тухай, Библи судар дахь бүхэн шинжлэх ухаан, археологиор хэрхэн баталгаажсан тухай нэвтрүүлэг үзсэнээр сүмд очиж үзэх хүсэл төрсөн гэв. Одоо Христ энэ орчлонгийн бүхий л зүйлсийг бүтээгч цорын ганц эзэн гэдэгт тэр итгэнэ.

XVII-XVIII зуунд Европын орнуудад өрнөсөн шашны шинэчлэлийн дүнд гарч ирсэн протестантчуудын нэр “үнэнийг сөргүүлэн тавих, шинэчлэх” гэсэн утгатай. Шашны санваартнууд эрх мэдлийн төлөө тэмцэж, үйл хэргээ умартсан учраас тэднийг шүүмжилж, шинэчлэл хийхийг зоригсод Мартин Лютерийн удирдлагад нэгдсэн нь одоогийн протестантууд ажээ. Үзэл, номлолын хувьд протестантууд томоохон найман чиглэлд хуваагддаг.

Бурханд тахил өргөх, хэн хүнийг бурханчлан шүтэх, ямар нэг шүтээнийг тахих нь ертөнцийг бүтээсэн бурханд итгэгчдийн хувьд байж болшгүй зүйл. Ямар нэг материаллаг зүйл бус, итгэлээр бид бурханд ханддаг учраас муу зүйлд хүрэх боломжгүй гэж Энхбат хэлэв. Итгэгч болохоосоо өмнө тэр гаднын шашнуудад тийм ч таатай ханддаггүй байжээ. Одоо харин христийн шашны сургаалд улс орны аюулгүй байдалд нөлөөлөхөөр муу зүйл байхгүй, зөвхөн хүний зүрх сэтгэл, итгэлийн тухай номлол гэдгийг мэдэж авсан гэв.

Өөр нэг итгэгч Ц.Лхагвадорж Христэд итгэхээс өмнөх 30 жилийн хугацаагаа харанхуйтай зүйрлэсэн юм. Одоо тэр өдөр бүрийн амьдралаа аз жаргалтайгаар хардаг болсноо ярина. “Хүн хүнээ гаднаас нь хараад сэтгэлд нь чухам юу байгааг мэдэхгүй. Итгэгч болсноос хойш яг л шилэн хүн шиг бусдад өөрийгөө ойлгуулж, өөрийнхөө юу хүсч байгааг мэдэрч чаддаг болсон” гэв.

Библид бичсэнээр “Есүс Христ тэнгэр лүү одохоосоо өмнө дагалдагчдадаа та нар явж бүх үндэстнийг авар” гэсэн байдаг. Тэр нь дэлхий дахинд бурхны сайн мэдээг хүргэ гэсэн үг шүү дээ. Өөрөө ч гэсэн итгэгч болсныхоо хувьд христийн шашинд бусад улс үндэстний аюулгүй байдалд нөлөөлөх номлол, итгэгчдэд нь тийм ёс суртахууны муу зүйл байхгүйг ойлгосон гэв. “Харин Хятадаас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүн, элдэв зүйлээс бид болгоомжлох хэрэгтэй” хэмээн нэмж хэллээ.

 

Аль нэг шашны сүмийн босгыг алхах бүрт хэрэв бурхан үхчихсэн бол хүмүүс юунд итгэх вэ гэсэн бодол намайг шаналгана. Харин тэндээс гарахдаа хүнд заяасан мөн чанар шүтлэг бишрэлээс ангид байх боломжгүй гэсэн Достоевскийн үгийг л санаж байлаа. 

 

 

 

Зураг
Зураг