"Гэрэг" сэтгүүлийн 2016 оны нэгдүгээр улирлын захиалга эхлээд байна. Бид "iKon news" цахим хуудастай хамтран сэтгүүл дээрээ гарч байсан нийтлэлүүдээс 10-ыг нь сонгож, өдөр бүр нэг нийтлэл байршуулж байхаар болов.
Эхнийх нь "Монгол дэлхийд хэр нөлөөтэй улс вэ?". Манай сэтгүүлч Ж.Тэгшжаргал, У.Бямбаням нарын эсрэг, тэсрэг байр суурь та бүхэнд нэгийг бодуулна гэж найдаж байна.
Мэдээллийн хүртээмжтэй байдал өөрөө сул тал болох шахаж буй энэ үед цэгцтэй мэдээлэл, асуудалд яаруу, сандруу байр суурь илэрхийлсэн биш, процессийг харж, уужуу бодсон, басхүү зөвхөн хэрэгтэй, чухлыг сонгосон мэдээллийг долоо хоног бүр уншихыг хүсвэл Та манай сэтгүүлийг захиалаарай"
Ж.Тэгшжаргал
“Эрт урьдын цагт бид мандаж явсан...Хэзээ нэгэн цагт бид дахиад мандана”. Энэ хоёр өгүүлбэр, цаг хугацааны алслал дунд бид амьдраад уджээ. Нэг нь өнгөрсөнд, нөгөө нь ирээдүйд. Гэтэл яг одоо гарт баригдах юу ч алга.
“Дэлхийн талыг эзэлсэн Чингис хааны удам...” Хэрэв хэн нэгэн тоолдог бол өнгөрсөн жилүүдэд бидний хамгийн их хэлэгдсэн өгүүлбэр энэ байх нь тодорхой. Ийн хэлээд ширээ шааж, нударга зангидан босохдоо бид түүний үйл хэргийг үргэлжлүүлье гэж бодсонгүй. Зүгээр л үгийг нь улиглаж, өөрсдийгөө тэнгэр бурхнаас илгээсэн үнэт бэлэг хэмээн тооцоод зүгээр суухыг илүүд үзсэн. Гэтэл чухам үнэн гэвэл, Чингисийн үр сад өнөө дэлхийн талын талын талын талын талын талын талд ч нөлөөгүй жижигхэн улс болчихоод байна. Энэ бодит байдлыг харин хэн маань ч ярих дургүй.
Эдийн засгийнхаа хэмжээгээр бид Габон, Мозамбик, Ботсван, Балба, Гондурас, Папуа Шинэ Гвиней, Намиби, Зимбабве улсуудын чанх дор зогсдог. 194 улсаас 133 дугаарт яваа. Гэвч бид хэзээ ч тэднийг авч хэлэлцдэггүй, эдийн засгийн хувьд эгээ ялгаагүй гэдгээ огтхон ч тоодоггүй. Шууд л Америк, Швейцарь, Япон, Солонгосыг хэзээ нэгэн цагт эдийн засгаараа давна гээд л бодчихдог сэхүүн амьтад. “Эрт урьдын цагт... хэзээ нэгэн цагт” хоёроо туг болгоод хэнийг ч заамдаад авч мэднэ. Харин баримт өөрийг илтгэнэ. “Elcano” группээс Дэлхийн нөлөө бүхий 80 улсын жагсаалтыг 2015 онд шинэчлэн гаргасан тайлангаас Монголынхоо нэрийг лав олж харсангүй. Эдийн засаг, цэргийн хүч, баялаг, дэлхийн үйл хэрэгт оролцох үүрэг роль зэрэгт үндэслэн гаргасан тайланд Шри Ланк, Кипр, Бангладеш, Оман багтаж орсныг энд дурдах илүүц.
“Эрт урьдын цагт... хэзээ нэгэн цагт” хоёроороо түрий барьдаг бидэнд хоосон бахархал, бардамнал өгчихвөл түүнийг улам хөөсрүүлэхээс өөрийг хийхгүй. Тийм болохоор Монголын эдийн засаг 2050 онд дэлхийд эхний 50-д орно, эсвэл эдийн засгийн өсөлтөөрээ дэлхийд тэргүүлж буй, эсвэл монголчууд 10 саяулаа болчихвол дэлхийд дийлдэхгүй зэрэг барьцгүй үгс л биднийг хөгөлнө. Үүнийг гаднынхан, бас дотоодын улстөрчид, улс төрийн намууд гаргуун сайн ашиглаад сурчээ. Бид харин хууртсанаа мэддэггүй, тэрэндээ хүрсэн эсэх, эсвэл боломжтой юу гэдгийг шалгах, тунгаах нь бидний хэрэг биш л гэж үзнэ. Тийм учраас зөнч гэх хүмүүсийн XXI зуунд Чингис дахин төрнө гэсэн үгэнд үнэмшиж, тэр л бүхнийг эмх, цэгцэнд нь оруулна гэж сүсэглэн суудаг хүмүүс. Гэтэл баримт өөрийг илтгэнэ. Дэлхийн эдийн засгийн форумаас “2015 оны дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-г гаргахад Монгол Улс өрсөлдөх чадвараараа 140 улсаас 104 дүгээрт эрэмбэлэгдэж байх жишээний. Тус тайланд манай улс 2005 оноос хойш бичигдэж буй ч сүүлийн арванд нэг ч удаа байраа ахиулсангүйг тайланд онцлон тэмдэглэсэн байна билээ.
Дэлхийд эдийн засгийн хэмжээ, хүчин чадал, нөлөөтэй байдлаараа тэргүүлдэг хоёр гүрний дунд оршдог Монгол. Дотроо гэвч тэдэнтэйгээ ана мана харилцаж, эн зэргэцэх гэнэ. Энэ тухай нийтлэлч Д.Батбаяр “Орос, Монгол, Хятад гурав. Ингэж эхэлдэг онигоо олон бий. Бид хоорондоо ярьдаг юм хойно, монгол нь нөгөө хоёроо үргэлж ухаанаараа давах. Хэдэн зууны өмнө хөрш гүрнүүдийнхээ эхлэлийг монголчууд тавьж өгсөн. Гэвч өдгөө мөнөөх Орос, Хятадаасаа бүрэн шалтгаалах болчихоод байна. Харин энэ бол онигоо биш” хэмээн бичиж байсныг энд эшэлье. Хоёр хөршөө ойлгох, тэдний арга эвийг нь олж харилцан ашигтай орших тухай бодохоос үзэн ядахыг илүүд үзнэ. Хятад жишээ нь бүх дэлхийд зээл олгож, бүгдийнх нь худалдаанд давамгай оролцож буй нь гарцаагүй үнэн.
Дэлхийн №1 эдийн засагтай улс Америкийн хамгийн том зээлдүүлэгч нь Хятад. Үүн дээр нэмээд энэ жил Канадыг гүйцэж, худалдааных нь хамгийн том түнш болсон байх жишээтэй. Харин бид үүнийг Хятадууд Монголыг эзлэх нь л гэж харна. Яг үнэндээ Хятад Монголыг эзлэх тухай боддог ч юм уу, үгүй ч юм уу? Баримт байхгүй. Баримт байхгүй сэдвүүд дээр бид талцаж, хэрэлдэх тун дуртай хойно яая гэх вэ.
Хүн бүрийг дайснаа гэж үзэх “омогшил” бидний цусанд бий. Бидэнд газар нутаг, баялаг бүх юм байгаа. Харин бусад бүх улс, бүх компани энийг маань ховх сорохоор ирлээ гэж айдаг. Хэлэлцээрийн ширээний хоёр талд эрх ашиг эн тэнцүү суугаад хамтран ажиллах тухай бодох дургүй. Хоёр тал харилцан эрх, үүрэгтэйгээр, хамтран хөдөлмөрлөөд баялгийг аль, аль талдаа ашигтайгаар ашиглах хүн төрөлхтний бизнесийн соёл, хамтран ажиллах зарчим бидэнд өнөө хэр суусангүй. Өрөөл хийнэ гэхээр харамлана, өөрсдөө хийе гэхээр залхуурна. Дэлхийн төгсгөл хүртэл баялгаа дараад “Эрт урьдын цагт бид мандаж явсан...Хэзээ нэгэн цагт бид дахиад мандана” гэдгээ ярьж суухыг харин ч сайн чадна.
Хүн бүрийг дайснаа гэж үзэх “омогшил” бидний цусанд бий
Дэлхий дээр болж буй үйл хэргийн талаар цахим орчинд нүдээр үзсэн мэт ярьж, одоо гараад очих нь уу гэлтэй сүржигнэнэ. Гэвч яг үнэндээ тэр нь хумсын төдий нэмэргүй, тэд ч биднийг тоодоггүй. Хэрэлдэж байх зуур хоёр том хөрш маань хилийн гадуур өчнөөн ажил хэрэг амжуулж байна. Хаана нь Монгол байна вэ? Хамгийн энгийн жишээ. Парисын халдлагын дараа дэлхийн иргэд профайл зургаа Францын далбаагаар сольж, эмгэнэл илэрхийлэх давалгаа яваад өнгөрлөө. Үүнээс болж Монголын цахим ертөнцөд бараг дайн дэгдэх шахсан. Гэтэл энийг дэлхий нийт тоосон ч юм алга, талцлаа гээд шийдэгдсэн ч юм алга. Ямар ч шалтгаангүйгээр зарим нь өөрийн зургаа Монголын далбаагаар сольсон тохиолдол ч гарав. Бидний тэмцэл нэг иймэрхүү.
Монгол дэлхийн хүн амын 0.04 хувийг, харин дэлхийн нийт ДНБ-ий 0.02 хувийг бүрдүүлдэг. Харин энэ дотроо бид дэлхий чухам биднээс хамаарч, эрдэс баялгийн ирээдүй цор ганц Монголын гарт байгаа мэт сэтгэнэ. Чухам үнэн гэвэл, “Найман шарга” дээр валютын ханш нэг хөдлөхөд, эсвэл дэлхийн зах зээл дээр зэсийн ханш жаахан унахад л эдийн засагт маань “газар хөдлөх” дайны юм болдог, тийм хэврэг.
“Эрт урьдын цагт бид мандаж явсан...Хэзээ нэгэн цагт бид дахиад мандана”. Энэ хоёр өгүүлбэрийн дундах зай даанч их. Нэг л өдөр бүх юм сайхан болж, Монгол дэлхийд нөлөөтэй улс болно гэж санаж явбал бүтэх магадлал бага. Харин байгаа байдлаа зөвөөр дүгнэж, хэрхэн урагшлахаа ухаалгаар шийдээд, түүнээ дагаж хөдөлмөрлөвөл өнгөрсөнд үлдсэн гайхам түүх, ирээдүйд угтах гайхам гавьяа улам ойртох буюу.
Монгол:
Дэлхийн хүн амын 0.04%
Дэлхийн нийт ДНБ-ий 0.02%
Дэлхийд эдийн засгаараа 133-рт
Дэлхийд өрсөлдөх чадвараараа 104-рт
У.Бямбаням
Сая гаруй хүнтэй ханлигаас Евразийн ихэнх хэсэг, Ойрхи Дорнод, Зүүн Европын хагас, Орос, Хятадыг бүхлээр нь багтаасан эзэнт гүрэн болтлоо томорсон бадрангуй замналын үед л дэлхийд нөлөөтэй байсан гэж итгэгчид олон. Харин одоо тэдний үр хойчис баялгийн хараал, байгаль цаг уурын өөрчлөлт, эдийн засгийн хямрал дундуур аажуухан уруудаж яваа хэмээн итгүүлэхийг санаархагчид ч цөөнгүй.
Иймэрхүү гутранги үзэлд өгөх хамгийн эхний хариулт хөрсөн доорх 1.3 их наяд ам.долларын баялаг. Өнгөрсөн жил “Ernst &Young” группээс Монгол Улсын хөрсөн доорх 15 эрдэс баялгийн түүхий эдэд үнэлгээ хийснээ танилцуулсан. Тэдний дурдсанаар Монгол Улс 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум ам.долларын нүүрс, 62 тэрбум ам.долларын алт гэхчлэн 15 төрлийн эрдэс баялгийн нөөцтэй. Өндөр хөгжилтэй орнуудын Төрийн тэргүүнүүдийн шүдний өвчин болсон түлш, эрчим хүчний эх үүсвэрийн нөөцийн хомсдол бидэнд зол болж харагддаг. Учир нь, Монгол Улс нүүрс, занар, уран, нефть, нар, салхи зэрэг эрчим хүчний эх үүсвэрийн нөөцөөр дэлхийд өрсөлдөх боломжтой. Дээр нь, гол хэрэглэгч хоёр их гүрэн бидний хаяанд бий. Нүүрсний экспортоос гар цайлгаад эхэлсэн ч цаашид цахилгаан үйлдвэрлэж экспортлох, металлургийн түүхий эд (кокс), баяжмалын чиглэлээр боловсруулах шаардлага бий.
Одоогийн байдлаар дэлхийн ураны 76 хувийг Казахстан, Франц, Канад, Австрали, Нигери, Намиби улсууд олборлодог. Ирэх 10 жилд энэ тоо хоёр дахин өсөх хандлага ажиглагдаж буй. Энэ мэдээ “Арева” компанийн зарласнаар ураны нөөцөөр дэлхийд тэргүүлэгч 10 улсын тоонд багтдаг Монгол Улсад таатай мэдээлэл байх нь зайлшгүй. Зэсийн хүдрийн салбарт данхайсан 10 гаруй орныг тэргүүлэгч умард хөршийн зах зээлд бид оролцоод эхэлсэн. Хэдийгээр зэсийн үнэ таатай сураг авчрахгүй байгаа ч энэ байдал удаан үргэлжлэхгүйг шинжээчид онцолдог. Мөн хайлуур жоншны экспортын 54 хувийг Хятад, Мексик эзэлж, 25 хувийг Монгол, Өмнөд Африк бүрдүүлж байна. Энэ бол эрдэс баялгийн түүхий эдээ ашиглан дэлхийд өрсөлдөх боломжийн цөөн жишээ. Дээр дэлхийн гол тоглогчдын тэг дунд байршдаг бидэнд хааяа гай болох ч ихэнхдээ зол болох учиртай.
Хөрсөн доорх нөөцөөс дутахгүй тус болсон баялгийн нэг нь мал аж ахуй. Хөдөө аж ахуй салбар одоогоор дотоодын нийт бүтээгдэхүуний 15 орчим хувийг үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байна. Сүүлийн арван жил ашигт малтмал, байгалийн баялгаар өвчилсөн болохоос мал аж ахуй эдийн засгийн чухал салбар хэвээр байна. Салбарынхны тооцоолсноор мал аж ахуйгаас жилд ойролцоогоор 2.5 их наяд төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг гарган авдаг. 2013 онд 2.638.429 байсан мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэл өнгөрсөн жил 3.126.927 болж өсчээ. Өнгөрсөн жил 51 сая толгойд хүрсэн малын тоог энэ жил 70 сая гарна гэсэн төсөөлөл бий. Нийт хүн амын 30 хувь нь мал аж ахуй эрхэлдэг, малын тоогоор дэлхийд дээгүүр байр эзэлдэг Монгол Улс малын гаралтай түүхий эд, махны экспортоор өрсөлдөх боломжтой. Ийм хэмжээнд хүрэхэд гол шалгуур болдог нутаг бэлчээр, газарзүйн таатай тогтоц манайд бий.
Мал аж ахуйгаас жилд ойролцоогоор 2.5 их наяд төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг гарган авдаг
Аль ч цаг үед томоохон дайны шалтгаан, эдийн засгийн хөдөлгөгч хүч болдог баялгийн нэг нь газар нутаг. Монгол Улс хуурай газрын хэмжээгээр дэлхийд 19-т жагсдаг. Дани, Гүрж, Австри, Чех, Болгар, Швейцарь зэрэг 21 улсын газар нутгийг нийлүүлсэнтэй тэнцэх өргөн уудам нутаг газар тариалан, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хөгжүүлэх хамгийн том нөөц. Дэлхийн түүхэнд үгүй их гүрнийг байгуулж явсан Чингисийн төрсөн газар, нутаг ус, үр хойчис энд бий. Тиймээс дэлхийн аялал жуулчлалын онцлох бүсийн тоонд багтдаг.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гаргасан сүүлийн мэдээллээс үзэхэд манай бүс нутгийг зорих аялагчдын тоо өнгөрсөн онд 263 саяд хүрч, 23 хувиар өссөн дүнтэй байгаа. Харин энэ онд Ази, Номхон далайн бүсэд зочлох гийчдийн тоо 4-5 хувиар өсөхөөр байна. Бүс нутгийн аялал жуулчлалын салбарт гарч буй гэрэл манайд ч тусгалаа нэмнэ. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын индекс-2015” тайланд 141 орон хамрагдсанаас Монгол Улс 99 дүгээр байрт жагссан. Үзүүлэлтүүдийг харьцуулаад харвал энэ чамлахаар тоо биш. Бид 2017 он гэхэд 90-рт, 2020 он гэхэд 80-рт бичигдэх төлөвлөгөө тавиад байгаа.
Энэ төсөөллөөр Монголд ирэх жуулчдын тоо 2016 онд нэг сая, 2020 он гэхэд хоёр саяд хүрэх юм. Агуу түүх, дэлхийд ховордсон язгуур соёл, нүүдлийн иргэншил, онгон зэлүүд байгаль гээд аялал жуулчлалын салбарын хэрэгтэй бүхэн нь бий. Тиймээс ч “Bloomberg”, “CNN” зэрэг дэлхийн хэмжээний мэдээллийн сайтууд “Нүд алдам Монгол орон” хэмээн дуу алдаж, уугуул соёлын бэлгэдэл болгодог. Судалгаанаас үзэхэд Монгол Улсыг зорьсон жуулчдын 76 хувь нь уламжлал, зан заншил, соёл, ан амьтанд татагдсан гэдгээ хэлжээ.
Биднээс найман зууны түрүүнд дэлхийн тавцанд баатарлагаар гарч ирсэн өвөг дээдсийнхээ уламжлалыг ашиглан энэ салбарт нөлөөтэй байх боломж нь бүрэн бий. Өнгөцхөн харвал Чингисийн байлдан дагуулал дайн дажин хэдий ч тэр аялал жуулчлалын асар их менежментийг хийгээд бидэнд үлдээжээ. Энэ салбарт шинэ гэгээ тусч буйн өөр нэг жишээ нь дэлхийн аялал жуулчлалын салбарын анхаарлыг татаад буй БНХАУ-ын бийлэгжүү жуулчид. Манай аялал жуулчлалаар ирэгсдийн ихэнх хувийг БНХАУ-ын иргэд бүрдүүлдэг.
Дэлхийн хэмжээнд өрсөлдөх гол үзүүлэлтийн нэг нь мэргэжилтэн, боловсон хүчний асуудал. Энэ зууны мэдээллийн хамгийн том фэйсбүүкийн программ хангамжийн хэлтэс, “microsoft”-ийн хэлтсийн дарга, “amazon.com” худалдааны сүлжээний ажилтан, гүүглийн программист гээд дэлхий нийтээр бахдан биширдэг технологийн салбарт монгол залуус ажиллаж байна. Энэ бол оюуны чадавхийг хэдэн асуултаар хэмждэг хуурмаг судалгаанаас хавьгүй үнэ цэнэтэй бодит жишээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадад боловсрол эзэмшигчдийн тоо огцом өсч буй. Гадаадын их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн монгол иргэн бидний дэлхийд өрсөлдөх боломжуудын нэг нь.
Монгол Улс хямралын салхинд гуядуулж, дэлхийн тавцангаас унаж байна гэсэн гутранги үзлийг няцаах хариултуудыг бэлдэх зуур ikon.mn сайт монгол хүн орлогын хэмжээгээр дэлхийн түвшний хаана явааг танджээ. Тэд “GlobalRichList.com” сайтад монгол иргэдийн дундаж орлогын хэмжээг оруулан, долларын ханштай харьцуулжээ. Энэхүү орлогын үзүүлэлтээр бид дэлхийн хүн амын эхний есөн хувьд багтаж байна. Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд хоёр жилийн өмнө 100 гаргаж жагсдаг байсан Монгол Улс өдгөө 90-д багтдаг болов.
Дээд угсаа гарвалтай, дээрээс нь хоёр их гүрний дунд байршилтай нь биднийг бодит нөхцөлийн дээгүүр сэвж, тэргүүлэх гүрнүүдтэй зиндаархан, хүсээд буй газартаа хүрэх боломжоо олж харахад саад болдог биз ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!