Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Бид говийн ГҮНИЙ УСАА хянадаг боллоо

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 11 сарын 16
iKon.MN

~Говийн газрын доорх усны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээний нээлтээс сурвалжиллаа~ 

 

Говьсүмбэр аймгийн Шивээ Овоогийн уурхайд өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэлт үйл явдал боллоо. Тодруулбал Монгол орны “Говийн газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээ”-ний нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм.

Ингэснээр манай орон газрын доорх усны байгалийн баялгийг бүс нутгийн хэмжээнд нарийвчлан тогтоож, алс хэтдээ бодлого тодорхойлоход чухал үүрэгтэй судалгааны мэдээлэл цуглуулах боломжтой болж байгаа юм.

Дэлхийн Банкны хөнгөлттэй зээл болон Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төслийн хүрээнд Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын яамны захиалгаар энэхүү ажил хийгджээ.

 

Нээлтийн үеэр Уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар “Энэ ажил бидний гурван жилийн урт хугацааны хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Дорнод, Сүхбаатарын талаас Завханы урд хэсгийн хүртэл ийм уудам газар нутгийг хамарсан цэгүүдийг бид байгуулсан бөгөөд энэ нь Монгол нутгийн бараг 40 хувь юм.

Энэ их ажлыг бидэнтэй хамт хийсэн БОНХАЖЯ-ныханд баярлалаа гэж хэлье” хэмээсэн юм.

Усны сүлжээний цэг /Шивээ овоо уурхай/
Усны сүлжээний цэг /Шивээ овоо уурхай/
Усны сүлжээний цэг /Шивээ овоо уурхай/

Говийн бүсэд газар доорх усны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээг байгуулахад дараах хоёр зорилго байжээ. Үүнд: 

  • Газрын доорх усны байгалийн горимын судалгаа,
  • Газрын доорх усны эвдэгдсэн горимын судалгаа /ус ашиглалт ихтэй ордууд/ хийх.

Дээрх хоёр чиглэлээр уг төслийн хүрээнд нийт 117 уст цэгт хяналт шинжилгээний бүрэн автомат болон хагас автомат багаж суурилуулсан​ байна.

Хэмжилт мэдээллийн анхан шатны боловсруулалтыг Төв сервер автоматаар хүлээн авч тасралтгүй боловсруулалт хийх бөгөөд сав газруудын захиргаа мэдээллийг эмхэтгэж, бааз үүсгээд холбогдох газрууд руу илгээх ажээ.

 

Ингэж хяналт шинжилгээ хийсний үр дүнд

  1. Усны түвшин
  2. Усны температур
  3. Усны чанарын нормчлогдсон үзүүлэлт
  4. Усны эх үүсвэрийн ариун цэврийн байдлын ажиглалтыг хийж, мэдээлэл цуглуулах боломжтой болох юм.

Мөн ус ашиглалтын өнөөгийн байдлыг хянах, зөв зохистой горимд шилжих, төв суурин газрын ус хангамжийн ирээдүйн төлөвлөлтийг гаргах, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах, устай холбоотой гардаг маргаануудыг шийдэх, бохирдлыг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, томоохон ашиглагчдад буюу уурхайн усны хэрэглээнд хяналт тавих боломж бүрдэж байгаагаараа чухал ажил болж байна.

ТӨСЛИЙН НИЙТ ӨРТӨГ 25 САЯ АМ ДОЛЛАР

 

Нээлтийн арга хэмжээний үеэр БОНХ-ийн сайд Ц.БатцэрэгУсны мониторингоор дамжуулан Монгол Улс гүний усныхаа нэгдсэн бодлогыг явуулах боломжтой боллоо. Усны найрлага, гүний усны түвшингийн талаар бүрэн мэдээлэл авна.

Энэ бол нийт 25 сая ам долларын хэмжээтэй үнэ өртөг бүхий төсөл юм. Цаашид энэ төсөл үргэлжилж явна. Ойрын жилдээ бид Монгол орон даяараа гүний усныхаа мониторинг хийх боломжтой болно” гэдгийг онцолж байв.

 

Харин энэ төслийг хэрэгжүүлэхэд өөрийн дэмжлэгээр оролцсон Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Монгол Улстай хамтран ажиллах стратегийн гол үзэл баримтлал нь тус улсын цаашдын хөгжлийг хариуцлагатай, тогтвортой, тулхтай байлгах тал дээр анхаардаг билээ.

Энэ ажлын хүрээнд усны сав газруудын захиргаадыг дэмжих, чандмань эрдэнэ хэмээн Монголчуудын хэлдэг усны асуудал дээр анхаарсан юм.

Бидний төслийн хүрээнд байгуулсан энэхүү хяналтын сүлжээ нь зөвхөн хянаад зогсохгүй усны үнийн чиглэлээр баримтлах бодлогод дорвитой хувь нэмрээ оруулна гэж харж байгаа” гэв.

Төслийн хүрээнд байгуулагдсан газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээний хэмжилтийн мэдээллийг БОНХАЖЯ-ны усны нөөцийн хэлтэст байршуулах бөгөөд Монгол орны хэмжээнд ашиглаж болохоор зохион байгуулсан ажээ.

Мөн тус яамнаас суурилуулсан газрын доорх усны хяналт шинжилгээний өөр өөр багажуудын мэдээллийг нэгтгэн оруулахаар серверийн програм хангамжийг өргөтгөж байгаа юм байна.

 

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn