УБТЗ-ын төв буудалд өнөөдөр "Үйлчлүүлэгч таны төлөө" өдөрлөг боллоо. Өдөрлөгийн үеэр УБ-Замын-Үүд-УБ чиглэлд үйлчилж буй ЖИШИГ ГАЛТ ТЭРГИЙГ танилцуулсан юм.
УБТЗ депогийн үйлчилгээ хариуцсан инженер Э.Хүрэлхүү "Жишиг галт тэргийг долоодугаар сарын сүүлээс эхлэн туршилтаар УБ-Замын-Үүд-УБ чиглэлд явуулж эхэлсэн. Үйлчлүүлэгчид их ам сайтай байгаа. Бидэнд хандсан талархал олон ирсэн.
Энэ чиглэлд тус бүр 25 вагонтой хоёр галт тэрэг үйлчилж байгаа бөгөөд тохижилт сайжирч, олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүд нэмэгдсэн ч тасалбарын үнэ нэмэгдээгүй. Тоглоомын, бялдаржуулах өрөө гэх мэт нэмэлт тоноглолтой өрөөнүүд нь цагийн такстай. Мөн тасалгаатай өрөөндөө зурагт үзэх, интернэт хэрэглэх боломжтой. 25 вагоны 14 нь унталгын, гурав нь нийтийн, найм нь тасалгаат тохижилттой. Мөн бизнес ангиллын буюу люкс вагонуудыг тохижуулсан.
УБТЗ ХНН маань нийт 923 вагонтой, 14 чиглэлд үйлчилдэг бөгөөд бүх чиглэлээ жишиг галт тэрэг болгон тохижуулахаар төлөвлөж байгаа" хэмээн ярилаа.
УБ-Замын-Үүд-УБ чиглэлийн вагоноор өдөрт дунджаар 1,000 орчим зорчигч үйлчлүүлдэг юм байна.
"25 вагонтой нэг галт тэргийг ЖИШИГ ГАЛТ ТЭРЭГ болгон тохижуулахад 500 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд цаашид бусад галт тэргээ ч жишиг галт тэргийн хэмжээнд хүргэн тохижуулах болно. Жишиг галт тэргийг үйлчилгээнд гаргахаас гадна төв буудал дээр түргэн хоолны ресторан, кофе ууж тухлах кафе, онлайн тасалбар түгээх цэг зэргийг тохижуулаад байна " хэмээн УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!