Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

ШУТИС-ийн багш, профессорууд АПУ компанийн сүүний үйлдвэртэй танилцаж, туршлага солилцлоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 10 сарын 15
iKon.MN
 

ХХААЯ-ны мэдээлж буйгаар манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 2014 онд 452.6 сая литрт хүрсэн ч үүний ердөө 17.5 хувийг нь үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү эзэлжээ.

ШУТИС мэргэжлийн боловсон хүчнийхээ чадавхыг дээшлүүлэх зорилгоор цаашид АПУ компанитай хамтран ажиллахаар болжээ.

Иймд төрөөс 2016-2021 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээг 40-60 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Мэдээж энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын компаниуд томоохон дэм болох нь дамжиггүй.

Сүүлийн жилүүдэд хүн амын эрэлт хэрэгцээнд тулгуурлан үндэсний томоохон үйлдвэрүүд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх болсоны нэг нь АПУ хувьцаат компани. Тус компани 2014 оны дөрөвдүгээр сард дотоодын зах зээлд “Сайн” брэндийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг олон нэр төрлөөр үйлдвэрлэж худалдаанд гаргасан юм.

Тэгвэл тус компанийн сүүний үйлдвэртэй ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн багш, эрдэмтэд танилцаж, үйлдвэрийн мастер, ажилчидтай харилцан туршлага солилцлоо. Өөрөөр хэлбэл, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг мэргэжлийн багш нар Монгол Улсад сүүний үйлдвэрлэл хэрхэн явагдаж, ямар дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглаж байгааг өөрсдийн нүдээр харсан юм.

 

Энэ үеэр багш нар сүү, сүүн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хүнсний тухай хуульд стратегийн ач холбогдолтой хүнс гэж тусгасан байдаг учраас бүтээгдэхүүний аюулгүй, найдвартай үйлдвэрлэл манай улсын хүнсний аюулгүй байдлын хувьд өндөр ач холбогдолтой болохыг онцолж байсан.

 "Дээж" сүү нь 100 хувь үнээний цэвэр сүү бөгөөд дэлхий нийтэд сүү савлахад хамгийн тохиромжтой савлагаагаар хүлээн зөвшөөрдөг пюр-пак савлагаанд савлагдсан.

АПУ хувьцаат компанийн Сүүний үйлдвэрийн хувьд  ISO 22000 буюу Хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлсэн Монголын цорын ганц сүүний үйлдвэр бөгөөд шингэн сүү хүлээн авахаас хэрэглэгчийн гар дээр хүрэх хүртлэх бүх шат дамжлага стандартын дагуу явагддаг юм байна. Үүнээс гадна тус сүүний үйлдвэр нь үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн хувьд одоогоор Монголдоо хамгийн томд тооцогдоно.

Өнөөдөр Монгол Улсын нийт сүү, сүүн бүтээгдэхүүний 10 гаруйхан хувийг дотоодын үйлдвэрлэгчид хангаж байгаа нь чамлалттай тоо боловч шинэ үйлдвэрүүд нээгдэж, бүтээгдэхүүнүүд зах зээлд гарснаар энэ тоо өсөх хандлагатай болсон. Тухайлбал, энэ сарын 1-нд АПУ хувьцаат компани зах зээлд шинээр "Дээж" брэндийн сүү, таргийг танилцуулсан байгаа. Үйлдвэрлэгчийн зүгээс "Дээж" сүү нь 100 хувь үнээний цэвэр сүү бөгөөд дэлхий нийтэд сүү савлахад хамгийн тохиромжтой савлагаагаар хүлээн зөвшөөрдөг пюр-пак савлагаанд савлагдсан нь бусдаасаа давуу болж чаджээ.

ШАВЬ НАР МААНЬ ЖИНХЭНЭ МЭРГЭЖИЛТЭН БОЛЧИХСОН БАЙНА

ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн профессор Ц.Батсүх:

 

-ШУТИС-ийн хүнсний инженерчлэлийн багш нар өнөөдөр АПУ компанийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байна. Бидний нэг бахархаж байгаа зүйл нь энд ажиллаж байгаа мэргэжилтнүүд бидний шавь нар юм. Эд маань жинхэнэ мэргэжилтэн болчихсон байна.

Сүү боловсруулах технологийн хөгжил их хурдтай явж байгаа юм байна гэдгийг үйлдвэртэй танилцаад харлаа. Маш сайхан үйлдвэр болж. Сүүлийн үед манай үйлдвэрүүд нэлээд нээлттэй болсон. Үүний нэг жишээ нь АПУ компанийн өнөөдрийн арга хэмжээ боллоо.

УЛСЫН ХЭМЖЭЭНД ХҮЧИН ЧАДЛААРАА ТОМООХОНД ТООЦОГДОХ ҮЙЛДВЭР БОЛЖЭЭ

ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн багш Б.Мягмарсүрэн:

-Өнөөдөр АПУ компанийн сүүний үйлдвэртэй танилцлаа. Технологийн хувьд ариутгахаас эхлээд савлах хүртэл сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирсэн нь Монгол улсын хэмжээнд хүчин чадлаараа томоохонд тооцогдох үйлдвэр болжээ.

Чанарын хувьд ярих юм алга. Учир нь бүтээгдэхүүний ариун цэврийн байдалд онцгойлон анхаарч ажилладаг юм байна. Энд нэг зүйлийг онцгойлон дурдах хэрэгтэй. Учир нь хэрэглэгч бид хэн ч байсан савласан сүүг сэргээсэн сүүгээр хийдэг гэсэн ойлголттой байдаг. Гэтэл АПУ компани цэвэр шимийн сүүг орон нутгаас цуглуулж, боловсруулаад хэрэглэгчдэд хүргэдэг гэдгийг нүдээр харлаа гэсэн юм​.

 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.