Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол хүн юм хийж чаддаг гэдгийг Монголчууддаа ч, гадныханд ч харуулмаар байна"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

Өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрладаг гэдэг.

Хүнс, орчны бохирдлын асуудал хурцаар тавигдаж, иргэн хүн эрүүл мэнддээ өөрөө анхаарах шаардлага бий болсон энэ үед Монгол бүсгүйн гараар бүтсэн органик гоо сайхны бүтээгдэхүүний брэнд бий болжээ.

Энэ таатай мэдээг дуулгахын зэрэгцээ бид та бүхэнтэй “Натурал Эссэншлс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “LHAMOUR” брэндийг үүсгэн байгуулагч Д.Хуланг уулзуулж байна.

Тэрбээр АНУ-ын Колумбийн их сургуулийг Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний менежментээр, Английн Формула Ботаника сургуулийг Органик гоо сайхны чиглэлээр сурч төгссөн аж.

Д.Хулангийн үүсгэн байгуулсан “LHAMOUR” брэнд гарааны бизнес хэдий ч хэдийнээ хэрэглэгчдийн таашаалд нийцэж, олон улсад үнэлэгдэж эхэлжээ.


-“LHAMOURбрэнд хэзээ бий болсон бэ?

-Компани 2014 оны зургаадугаар сард байгуулагдсан. “LHAMOUR” брэнд 2014 оны 12 дугаар сард бий болж, эхний бүтээгдэхүүнүүд 2015 оны эхээр гарсан.

Манайх Монголын хамгийн анхны органик гоо сайхны үндэсний үйлдвэр юм.

-Органик гоо сайхны бүтээгдэхүүн гэдгийг тодорхойлбол?

-Манай бүх бүтээгдэхүүн 100 хувь байгалийн гаралтай, ямар ч химийн хольц ороогүй. Саванд нэг химийн түүхий эд ордог. Гэхдээ тэр нь гурван сарын дараа ууршиж, эцсийн бүтээгдэхүүн маань цэвэр байгалийн гаралтай болдог юм. Тэгэхээр манай бүх бүтээгдэхүүн цэвэр байгалийн гаралтай учраас органик гэж байгаа гэж ойлгож болно.

-Танай брэнд хэдэн төрлийн бүтээгдэхүүнтэй вэ?

-Одоогоор таван нэр төрлийн 15 бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манайх Монголын хамгийн анхны ванны бөмбөгийн үйлдвэрлэж эхэлсэн. Хоёр дахь бүтээгдэхүүн маань биеийн саван, нүүрний саван, гурав дахь бүтээгдэхүүн нь уруул өнгөлөгч, дөрөв дэх нь агаар цэвэршүүлдэг лаа, тав дахь нь биеийн арьс гуужуулагч байсан. Мөн мэндчилгээний карттай.

 

-Ванны бөмбөлөг гэхээр зарим хүмүүст ойлгомжгүй байж магадгүй юм. Яг ямар бүтээгдэхүүн бэ?

-Өвөл эхэлсэн болохоор энэ бүтээгдэхүүнийг гаргая гэж бодсон. Бусад бүтээгдэхүүн нь бэлэн болчихсон байсан л даа. Гэхдээ ванны бөмбөлөг гэдэг зүйл Монголд байдаггүй байсан болохоор онцлог юм болов уу гэдэг утгаар нь түрүүлж гаргасан. Энэ бүтээгдэхүүн нь үндсэндээ давс, тос хоёрыг хослуулсан бэлдмэл.

Ваннаа дүүргээд өөр химийн хольцтой бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр бөмбөлгөө хийвэл давс нь задарч уусаад, тос нь ялгардаг. Давс нь биеийг хоргүйжүүлж, ядаргаа тайлна. Тос нь арьсанд тэжээл өгч зөөлөн булбарай болгоно. Ванны бөмбөлөг нь дотроо жамц давстай, чацарганы тостой, харшилтай хүмүүст зориулсан оливийн тостой гэх мэт бий.

"МАНАЙХ ЗУУН ХУВЬ ХАЯГДАЛГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛДАГ"

-Органик бүтээгдэхүүн болохоор түүхий эд их чухал байдаг байх. Монголоос ямар түүхий эд авдаг вэ. Бас гаднаас түүхий эдээ оруулж ирдэг үү?

-Дийлэнх түүхий эдээ Монголоос авдаг. Нэг түүхий эдийг онцолж бүтээгдэхүүнээ хийдэг. Биеийн арьс гуужуулагч байлаа гэхэд чацарганы тостой, жамц давстай гэж онцолж гаргана. Чацарганы тос, жамц давсаа бид Увс аймгаас авдаг. Зөгийн бал буюу лаваа Сэлэнгэ аймгаас авдаг гэх мэт.

 Дээрээс нь хүний арьсанд шаардлагатай гадны түүхий эдүүд байгаа л даа. Жишээ нь наргил модны тос, оливийн тос. Монголд наргил мод, олив байхгүй учраас өөрсдөө хийх боломж байхгүй. Гэхдээ хүний арьсанд шаардлагатай тэжээлийг нь өгдөг болохоор бүтээгдэхүүндээ оруулдаг.

-Та өөрөө органик гоо сайхны чиглэлээр сурч боловсроод, мэргэшсэн хүн. Брэндээ бий болгох санааг анх яаж гаргав. Хэр их судалгаа, шинжилгээ хийсэн бэ?

-Удаан судалсны эцэст энэ бүх бүтээгдэхүүнээ гаргасан. Ялангуяа энэ шинэлэг бүтээгдэхүүнүүд гаргахын тулд маш сайн судалдаг. Түүхий эдээ бас судалж, мэдээллийн сан бий болгосон. Дээрээс нь ямар байдлаар онцлог хийж болох вэ, сав баглаа боодлыг нь яаж хийвэл олон улсад хүртэл онцгой байж болох вэ гэж боддог гэхээр нэг бүтээгдэхүүнд их цаг ордог.

-Бүтээгдэхүүн бий болох процессийн тухайд ярина уу?

-Бүх бүтээгдэхүүн гар аргаар, өөрийн ухаанаар хийгддэг. Ямар ч технологи ордоггүй.

-Үүний давуу тал нь юу юм бэ?

-Сэтгэл шингэдэг. Бүх бүтээгдэхүүн өөрийн гэсэн онцлогтой. Одоо манайд шинэ саван гарах гэж байгаа. Тэр савангуудын нэг нь нөгөөгөөсөө өөр. Өөр хаанаас ч олдохгүй, онцгой байна гэсэн үг.

-Хонины сүүлээр саван хийсэн байна лээ. Энэ савангийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монголчууд дээр үеэс хонины сүүлний тос хэрэглэдэг байсан. Гэхдээ орчин үед хонины сүүлний тосыг үнэрээс нь болоод хүмүүс өдөр тутамдаа хэрэглээд байж чаддаггүй. Манайх хонины сүүлний тосыг савандаа оруулж өгсөн. Ингэснээр саван маань ямар ч үнэргүй, арьсны өвчин, харшилтай хүн хэрэглэж болно. Онцлог нь гэвэл бас гараараа хийсэн, цэвэр саван.

 

Бид сая Хонг-Конгд болсон Азийн хамгийн том, органик бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцсон. Тэнд 250 компани, 30 орны нэг сая гаруй бүтээгдэхүүн дэлгэгдсэн. Тэр үзэсгэлэнд манайх шилдэг, шинэ, органик гоо сайхны бүтээгдэхүүний номинцид дэвшсэн. Тэгээд  Хятадын хамгийн том өдөр тутмын сонин манай саванг онцлох таван бүтээгдэхүүний нэгэнд оруулсан байна лээ.

-Савангийн үндсэн орц найрлаганд юу ордог юм бэ?

-Жинхэнэ савангийн үндсэн орц нь шүлт, тос хоёр. Тэр хоёрын нийлбэр эцсийн бүтээгдэхүүн нь хатсаны эцэст шүлт нь ууршиж алга болоод байгалийн гаралтай тос үлддэг. Яахав компаниуд их хэмжээгээр бүтээгдэхүүн хийхийн тулд тосных нь найрлагыг багасгаад, химийн бодисыг нь нэмэгдүүлээд явчихдаг. Тийм учраас бидний өдөр тутмын хэрэглээ болсон савангууд арьс хуурайшуулна, гэмтээнэ. Хүмүүс тэрийг сайн мэддэггүй.

Одоо яг дээр үеэс хийж ирсэн уламжлалт найрлагаар савангаа хийдэг газрууд ховор болчихсон. Учир нь хийхэд маш хэцүү. Хэцүү гэдэг нь урт удаан хугацаа шаардагддаг. Гэхдээ тэгээд хийчих юм бол цэвэр тос нь үлдээд, хүний арьсанд тэжээл өгнө. Нэмэлт өөр юм хийх шаардлага байдаггүй.

-“LHAMOURбрэндийн нэр ямар утгатай вэ. Ямар нэгэн онцгой утга агуулга бий болов уу?

-Лхамо гэдэг нь манай дүүгийн нэр. Хоёрдугаарт amour гэдэг нь хайр гэсэн утгатай Франц үг. Өөрийгөө хайрлахын бол эрүүл бүтээгдэхүүн хэрэглэнэ. Хүмүүс ядаж авч байгаа бүтээгдэхүүнийхээ цаад утга учрыг ойлгодог байгаасай, арьсаа гэмтэж, харшил үүсэхээс нь өмнө мэдээлэлтэй байж, судлаасай гэж хүссэн.

Саван гэхэд органик саван байж болох юм байна гэдгийг мэддэггүй. Ялангуяа сүүлийн үед харшилтай хүмүүс их болоод байна. Бага насны хүүхдүүд төрөөд л арьсны өвчтэй болчихсон байгаа нь харамсалтай. Тиймээс эцэг эхчүүд үүн дээр анхаарах шаардлагатай.

Дээрээс нь байгаль орчноо хамгаалах хэрэгтэй. Манайх 100 хувь хаягдалгүй үйлдвэрлэл явуулдаг. Орсон түүхий эд тэр чигтээ эцсийн бүтээгдэхүүн болоод гардаг. Мөн дахин боловсруулсан цаас хэрэглэхийг хичээдэг.

-Гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна лаа үйлдвэрлэдэг юм байна лээ. Лааны хувьд ямар онцлогтой вэ?

-Манайх зөгийн лавтай лаа хийдэг. Монголдоо мөн анхдагч. Зөгийн лавтай лаа нь олон улсад үнэтэйд ордог. Хийхэд бас хэцүү. Ямар онцлогтой вэ гэхээр нэмэлт үнэр хийх шаардлагагүй, өөрөө анхилуун үнэртэй. Агаар цэвэршүүлнэ, мөн урт удаан хугацаагаар асдаг. Мөн лааныхаа шилийг буцааж авчрах юм бол 50 хувийн хөнгөлөлттэйгээр хийж өгдөг. Ингэснээр байгаль орчинд ээлтэй.

Бидний өргөн хэрэглэдэг лаа парафинаар хийгддэг. Парафин гэдэг нь газрын тосны хаягдал. Хүнд болон байгаль орчинд их муу, тортог гаргадаг. Бид хэрэглээд сурчихсан, үнэр оруулбал гоё гээд бодчихдог л доо.

Хөгжиж байгаа орнууд бүгд парафинаас татгалзах уриалга гаргачихсан байгаа.

"ГАРААНЫ БИЗНЕС ГЭХЭД ЦАЛИНГАА АЛДАЛГҮЙ ТАВЬЖ, ТҮРЭЭСЭЭ ХУГАЦААНД НЬ ТӨЛЖ БАЙГАА"

-“LHAMOUR”-ын бүтээгдэхүүний сав баглаа боодол нь их гоёмсог юм аа. Дизайныг нь хэн гаргадаг вэ?

-Монголд хийж чадах бүх савлагааг Монголдоо хийлгэж байгаа. Манай цаасан хайрцагнуудыг "Аргуун" ХХК хийдэг. Манайхтай адилхан гарааны бизнес.

Үндсэн дизайнаа өөрөө гаргадаг. Дизайндаа нэлээн их цаг зарцуулна аа. Брэнд бий болно гэдэг үүднээс сав, баглаа боодол дээрээ яг л түүхий эд, найрлага дээрээ анхаарлаа хандуулдаг шиг анхаардаг.

 

Ванны бөмбөлөг бүх газар бөөрөнхий хэлбэртэй байдаг бол манайх хэв маягийг нь эвдэж байгаа. Уруулын будаг бүх газар адилхан савлагаатай байхад бид хавтсанд хийж өгч байгаа. Скраб бүх газар шилэнд байдаг бол манайх арай өөрөөр хийхийг зорьсон.

Мөн манай бүх савлагаан дээр Монгол зураачдын зураг бий. Тэгэхээр хүн харахад бид маш их хөдөлмөрлөсөн гэдгээ харуулахыг хичээдэг.

-Мэндчилгээний карт яагаад гаргах болсон юм бэ?

-Монголд мэндчилгээний картны соёл хараахан дэлгэрээгүй байна. Гадаадад бүх номын дэлгүүрт том тасаг байдаг. Зүгээр цаас ч гэсэн дотор нь сэтгэлийн үгээ бичээд хүнд өгдөг.

Монголд мэндчилгээний картны соёлыг дэлгэрүүлэх үүднээс гаргаж байгаа.” Төрсөн өдрийн мэнд”, “Хайртай шүү”, “Уучлаарай”, “Баяртай” гэсэн үгтэй.

Эрүүл бүтээгдэхүүн өгөхдөө сэтгэлийн үгээ хамт өгөөсэй гэдэг үүднээс гаргасан.

-Та шинэ брэндээ эдийн засгийн хүндрэлтэй үед гаргажээ. Ийм үед гаргахад эдийн засгийн орчин нөхцөл ямар байна. Амжилттай ажиллаж байгаагийн үндсэн шалтгаан юу гэж боддог вэ?

-Манай ганц амжилт гэх юм бол гарааны бизнес мөртөө цалингаа тавиад, түрээсээ алдахгүй төлөөд явж байгаа. Энэ бол гарааны бизнесийн хувьд том амжилт. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй энэ үед том компаниуд хүртэл цалингаа тавьж чадахгүй байна.

Хамгийн гол нь өнөө үед хүмүүсийн боловсролын түвшин нэмэгдэж, эрүүл мэнддээ анхаарч байгаа. Яагаад гэвэл манай орчин хэцүү байна л даа. Бүх юм импортынх, хяналт маш муу. Хяналт муугаас болоод Монголд үйлдвэрлэв гэсэн хэрнээ Хятадад хийлгээд ирдэг. Ийм бүтээгдэхүүнүүд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд байна.

Тэгэхээр хүмүүс сүүлийн үед эрүүл мэнддээ анхаараад байгаа болохоор манай бүтээгдэхүүнийг ойлгоод байна гэж боддог. Ялангуяа эхчүүд их авна. Мөн спортынхон, иогоор хичээллэдэг эмэгтэйчүүд, настай хүмүүс их авч байгаа. Энэ нь Монголд баталгаагүй бүтээгдэхүүн их байдаг гэдгийг харуулж байгаа юм болов уу.

-“LHAMOURбрэндийн ирээдүйг та хэрхэн харж байгаа вэ?

 

-Манайх Монголын анхны органик гоо сайхны үндэсний үйлдвэр болохоор брэндээ дандаа л хамгийн чанартай бүтээгдэхүүнтэй, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон брэнд болоосой гэж хүсэж байна. Энэ бол манай эхлэлийн бүтээгдэхүүнүүд. Одоо манай шинэ бүтээгдэхүүн болох гарын тос бэлэн болж байна.

Цаашид бүтээгдэхүүнээ нэмээд олон улсдаа Монгол брэнд бий болгох зорилготой байгаа. Гадаадад амьдарч байхад Монгол гэхээр хүмүүс ямар гоё юм гэдэг мөртөө Монголын тухай сайн мэддэггүй байсан. Ялангуяа Монгол брэндийн талаар.

Дандаа л түүхий эдээр нь мэддэг. Танайх  нүүрс, ноолуур гаргадаг, хонь, ямаа байдаг гэх хандлагатай. Саяны олон улсын үзэсгэлэнд оролцоход 70 хувь нь манай орны талаар мэдэхгүй байсан. Тэгэхээр Монголчууд юм хийж чаддаг шүү гэдгийг Монголчууддаа ч, гадныханд ч харуулмаар байна.