Туул Ротаракт клубийн хамт олон Хонконгийн KGM клубийн санхүүжилттэйгээр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Клиникийн Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний өрөөг тохижуулан өнөөдөр эмнэлгийн удирдлагад хүлээлгэн өглөө.
Тус клуб нь “ЭРҮҮЛ ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” нэртэй төслөө жил болгон хэрэгжүүлж хүүхдийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулдаг бөгөөд энэ жил 6 дахь жилдээ уг төслөө амжилттай хэрэгжүүлж байна.
Ихэнх орнуудад хэдийн шийдэл гарцаа олсон уг өвчин нь Манай Улсын хувьд үхлийн хувь хамгийн өндөртэй халдварт өвчинд тооцогдож байна. Өнгөрсөн жилүүдэд насанд хүрэгчдийн өвчлөл буурсан үзүүлэлт байгаа ч бага насны хүүхдийн өвчлөл эсрэгээрээ ихсэх хандлагатай байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн Хүүхдийн тасаг нь улсын хэмжээний цорын ганц хүүхдийн сүрьеэн тасаг бөгөөд жилд ойролцоогоор 340 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Сүүлийн үед хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн эмчилгээний хугацаа удааширч байгаа нь эмнэлгийн орчны дутагдалтай тал, агаарын солилцоо муу, хүнд хөнгөн өвчтөнүүдийг тусгаарлах өрөө тасалгаа хомсдолтой байгаа зэргээс үүдэн өвчин дахин сэдрэх, эмэнд дасалтай сүрьеэн тохиолдол ихсэх болсонтой холбоотой юм.
“Эрчимт эмчилгээний өрөө байгуулахаар яригдаад нэлээд хугацаа өнгөрч байгаа ч санхүүгийн асуудал шийдэгдэхгүй байсаар өдийг хүрсэн. Эмнэлгийн шаардлага, стандартад нийцсэн шинэхэн тохижилттой уг өрөө ашиглалтад орсноор биеийн байдал хүнд байгаа хүүхдийг энгийн тасгаас тусгаарлан тусгай эмчилгээ хийн түргэн шуурхай тэнхрүүлэх, нийт өвчтөнүүдийн эдгэх хугацаа түргэсэх зэрэг давуу талууд бий болох болно. Монголын сүрьеэн өвчлөлийг таслан зогсооход хувь нэмэр оруулж байгаа Туул Ротаракт клубийн хамт олонд баярласнаа илэрхийлье” хэмээн Сүрьеэгийн клиник хариуцсан чанарын менежер н.Сүрэнхорлоо ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!