Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

ГЭРЭГ: Humans of Ulaanbaatar

ikon.mn
2015 оны 6 сарын 25
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл

“Гэрэг” сэтгүүлийн хамгийн онцлох булангийн нэг “Humans of Ulaanbaatar”-ын зургуудаас энэ удаа сонирхуулж байна. Америкийн чөлөөт гэрэл зурагчин Брэндон Стэнтоний эхлүүлсэн “Humans of New York” төсөл дэлхий дахинд шуугиан тарьсан билээ.

Хотын гудамжаар алхах эгэл хүмүүсийн хөргийг, богино түүхийн хамт хүргэсэн нь олны сонирхлыг татаж, дагаад дэлхийн олон хотод халдварлаад байгаа. “Humans of Paris”, “Humans of Beijing” гэхчлэн дэлхийн 70 гаруй хотод салбарлаад байна.

Бид ч бас хоцрохыг хүсэлгүй, мөн өөрийн хотын түүхийг хуваалцаж байх гэж “Humans of Ulaanbaatar” буланг сэтгүүлдээ нээж буй нь энэ.

Манай гэрэл зурагч Цогтын Шувуу жил гаруйн турш, дугаар бүрт хотынхоо эгэл хүмүүсийг түүхийг гэрэл зургаар мөнхөлж яваа билээ.


С.Батзориг ЛГБТ эрхийг дэмжигч (LGBT ally)

-Чиний мөрөөдлийн нийгэм ямар байх вэ?
-Хүмүүс нь маш их ном уншдаг, мэдлэгийг үнэлдэг тийм нийгмийг мөрөөддөг.
-Мэдлэг яагаад чиний хувьд тийм чухал гэж?
-Хүмүүс мэдлэгээр дамжуулж жинхэнэ хүн болдог гэж би боддог. Одоо өрнөж байгаа ЛГБТ эрхийн хөдөлгөөн ч үүнтэй холбоотой.
-Арай дэлгэрүүлж тайлбарлаж болох уу?
-Аливаа зүйлийн зөв бурууг таньсан бол түүнийг бусдадаа түгээх нь хүний моралийн үүрэг юм. Тийм ч учраас ЛГБТ эрхийг дэмжих, энэ хөдөлгөөний нэг хэсэг байх нь стрэйт хүнд ч хамаатай.

2. Г.ЛХАГВАДОРЖ

-Энх амгалан л амьдрах шиг сайхан юм байхгүй. Эд хөрөнгө бол хүнд тийм ч чухал юм биш шүү дээ.

3. Д.НАРАНЦЭЦЭГ

-Эгч нь зээ охиноо салхилуулаад сууж байна. Нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гурван ач, зээтэйгээ бужигнаад сайхан байна аа. 

-Улаанбаатарт хүүхэд салхилуулчих амар тайван газар олоход хэцүү байна уу? 

-Манай энэ хавьд ер нь ховор, ганц Явуугийн цэцэрлэгт хүрээлэн л байх шив. Би ихэнхдээ энд л ирдэг. Эгч нь нэмээд нэг юм хэлчих үү? 

-Тэг тэг. 

-Одоогийн залуус жаахан ухамсартай болоосой. Хаа хамаагүй шүлсээ хаяна, зүлгэн дундуур хөндлөн туучаад л, их сонин. Яахав интернэт рүү ороод хэрэгтэй мэдээллээ аваад, одоогийн хүүхдүүд их чөлөөтэй, нээлттэй болж. Гэхдээ гадна өнгөн дээрээ л ганган харагдахаас биш тэр мэдлэг, ухаан нь ер мэдрэгдэхгүй юм. 

4. Ч.АГАТА 

-Морин хуур хөгжмийг язгуур соёлтой холбож өгдөг хөгжим гэж сонссоноос хойш Монгол Улсын тухай сонирхож, морин хуур сурахаар энд ирсэн. Мөн би гэрэл зурагт тун дуртай. Цагаан сараар нэгэн гэр бүл Сүхбаатарын талбайн хажууд замаар гарч байгааг “The Beatles” хамтлагийн “Abbey Road” цомгийн хавтасны зурагтай адилхан байдлаар аппаратанд буулгаж авсандаа их олзуурхдаг. 

5. Г.ЭМҮЖИН

-Миний дүү Чингисийн талбай дээр ямар үйл явдалд оролцож байгаа юм бэ?

-Дөрвөн настай охин бурхан болсон. Түүнд зул өргөхөөр аавтайгаа хамт энд ирсэн. 

-Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Дуучин.

-Монголын бүх хүнд хандаж үг хэлээч гэвэл ямар үг хэлэх вэ?

-Хэзээ ч битгий бие биетэйгээ муудалцаарай.

6. Э. ЗОЛБОО

-Улаанбаатар хотын утааны талаарх таны бодлыг сонсъё?

-Утаа арай хэтэрхий их байна. Манай гэр бүл утаанаас холдож “Viva city”-д амьдарч байгаа. Одоохондоо гайгүй байгаа ч хүйтрэхээр бас утаатай л болох байх даа.  

-Хот утаанаасаа салахын тулд юу хийх хэрэгтэй гэж бодож байна?

-Хүн бүрээс хамаарх зүйл. Дулаахан өвөлжихийн тулд юу сонгож хэрэглэх вэ, ямар шийдэл байж болох бол гэдгийг тооцоолбол хэрэгтэй. Хэрвээ цахилгааны мөнгө багасвал хүмүүсийн амьдралд бас илүү нэмэртэй гэж боддог.

7. Ц. ДАВААДОРЖ
Аа, би яриад байх юу байхав дээ. Энэ компанид нэг жил ажиллаж байна. Талбайн зохион байгуулагч хийгээд л явж байна.

Найз охин байгаа юу?
Одоохондоо найз охин байхгүй ээ. Тэгээд л явж байна. 

Дуртай зүйл чинь юу вэ?
Надад байгаа юм болгондоо би маш их дуртай. Байж л байвал тэр бүхэн гоё байдаг шүү дээ. Тийм онцгойлоод байгаа юм байхгүй. Надад байгаа юм болгондоо л би дуртай.

8. Жерри, Томи

-Бидэнд өөрсдийгөө танилцуулна уу? 
-Намайг Жерри гэдэг, 22 настай. “WRM design market” -ийн үүсгэн байгуулагчдын нэг, бас загвар зохион бүтээгч.
-Намайг Томи гэдэг, бас 22 настай. Мөн “WRM design market ”-ийн үүсгэн байгуулагчдын нэг, бас загвар зохион бүтээгч. 
-“WRM design market”-д өөр ямар гишүүд байдаг вэ?
-Ундраа эгч, Улаанаа эгч, тэгээд бид хоёр гээд дөрвүүлээ нийлээд анх WRM-ийг үүсгэн байгуулсан. 
-Удахгүй зохион байгуулагдах “BACKSTAGE” төслийнхөө тухай танилцуулаач? Энэ төслийн гол зорилго нь юу вэ?
-Энэ төслийн үйл ажиллагааг нэвтрүүлэг болгож гаргана. Бидэнтэй хамтарч “Nine Magic Studio”, мөн “UBS music” телевиз ажиллана. Төслийн гол зорилго нь Монголын залуу дизайнеруудыг дэмжиж, тайзны ард өрнөдөг үйл явц, хүмүүсийн хичээл зүтгэл, загвар зохион бүтээхээс эхлээд дуусах хүртэлх бүх үйл явцыг үзэгчдэд харуулах юм.

9. Ж. Анхбаяр

-Ах нь зүгээр харагдаж байна уу? За байж байгаарай, чи аваад байгаа юмуу. Хүнд амьдрах бахархал маш чухал. Гэхдээ хар даа, ахад нь мөнгө төгрөг, байр энэтэр байхгүй ч гэлээ, ах нь ганцхан зүйлээрээ л бахархдаг. БИ МОНГОЛЫН АНХНЫ БАСС ГИТАРЧИН.

10. Ч.Азар

-Сайн байна уу, та бидэнд өөрийгөө танилцуулна уу?
- Сайн байцгаана уу, би Сонгинохайрхан дүүргийн өндөр настан Ч.Азар гэдэг хүн байнаа.
-Танд өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлын талаарх өөрийн бодол санаагаа бидэнтэй  хуваалцаач?
- Би эдийн засгийн мөн хүний аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийдэг хүн.  2020 он гэхэд улаанбаатар хот усгүйдэлд хүрнэ гэсэн судалгаа байдаг. Нэг жишээг авч үзвэл Увс амгийн нэгэн сумд хятадын компанид 34 жил алт ухах зөвшөөрлийг өгсөн байна. Бид алтгүйгээр амьдарч чадна, гэвч бид усгүйгээр амьдар чадахгүй шүү дээ. Ирээдүйд хорь гучин жилийн дараа тэр шийдвэр гаргаж байгаа хүмүүс тэнд амьдрахгүй шүү дээ. Тэнд бидний үр хүүхэд ач зээ нар амьдарна.

11. O.НОМИНЖАРГАЛ

-Бидэнд өөрийгөө танилцуулаач?
-Намайг Отгонжаргалын Номинжаргал гэдэг. Нэгдүгээр дунд сургуулийн 12а ангийн сурагч.
-Энэ оны шинэ хичээлийн жилийн нээлт хэр байв? Онцлох зүйлс байна уу?
-Миний хувьд төгсөх анги гэдэг утгаараа маш их сэтгэл догдлуулсан нээлт болж өндөрлөлөө. Мөн анхны 12 жилийн төгсөлт гэдэг утгаараа их онцлогтой байна. Тэгээд I сургуульд сурдгаараа ч тэр үү, анхдагч юм шиг санагдаж байгаа.
-Чи ямар хичээлдээ илүү дуртай вэ. Бас ямар мэргэжилтэй болох гэж байна?
-Манайх нийгмийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай анги. Тийм ч болохоор нийгмийн ухааны хичээлдээ их дуртай. Харин би сургуулиа төгсөөд хөгжмийн инженерээ сурна гэж боддог.
-Шинэ загварын сурагчийн дүрэмт хувцасны сайн ба сул тал нь юунд байна вэ?
-Өнгөрсөн хичээлийн жил амрахаас өмнө бид нараас размер хэмжээний судалгаа авсан ч ерөнхийдөө сэтгэлд 100 хувь нийцээгүй ээ. Үүнийг санал хураалт бүх нийтийг хамарсан байж чадаагүй гэж дүгнэж болно. Сайн, авууштай тал нь гэвэл загвар дизайны хувьд бол боломжийн санагдсан.

12. С.АХМАРАЛ

-Би нүүр ам судлалын чиглэлээр суралцаж байгаа юм. Энэ мэргэжил миний хувьд хамгийн чухал сонголт байгаагүй ч, миний ээжийн хувьд бүр багынх нь мөрөөдөл. Би уг нь загвар зохион бүтээгч болох сонирхолтой байсан ч ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэхийг хүссэндээ анагаахын чиглэлийг сонгож аваад суралцаж байна.  

13. Ш.НАРАНГЭРЭЛ, Б.СЭР-ОД

Б.Сэр-Од: : -Улаанбаатар хот хөгжихийн хувьд сайн хөгжиж байгаа. Ганц гэм нь хүмүүсийн ухамсар л дээшлэхгүй байх шиг. Автобусны буудал юм уу, энэ хавиар машин жолоодож яваа хүмүүс уусан ундааны саваа шууд л шидчих юм. Та бүхэн зам цэвэрлэж байгаа хүмүүсээ хүндэлж байгаач ээ. Тэрнээс гадна ногоон зүлгэн дээгүүр огт тоохгүй гишгэлээд гарч байгаа хүмүүс зөндөө байна. Хүний хөдөлмөр, сэтгэл шүү дээ. 
    
Ш.Нарангэрэл: : -Хотын зарим иргэд мөрөө давуулаад хог шидэж харагдах юм. Харамсалтай байгаа биз. Нэг хэсэг нь бидний ажлыг хүндэлж байхад нөгөө нэг хэсэг нь огт тоодоггүй юм аа. Бухимдлаа гээд яах ч билээ дээ. Эгч нь одоо зургаан сар ажиллаад тэтгэвэртээ гарна даа.

14. Б.ӨСӨХБАЯР

-Том болоод би компанийн захирал болно. Яагаад захирал болохоороо гэрт биш байранд амьдраад, тэгээд дандаа өөртөө таарсан хувцаснууд авч өмсөж байна. Энэ жилийн хүүхдийн баяраар тоглоом машин авч тогломоор байна.

15. Ж.Насанбуян

-Ах нь 50-р сургуульд 11 жил ажиллаж байна. Энэ хугацаандаа олон сайхан шагналуудаар шагнууллаа. Мөн олон ч хүүхэд, багш нартай нөхөрлөлөө. Хүүхдүүд их сайхан энергитэй болохоор сургуульд ажиллах дуртай. Цаашдаа энэ сургуулидаа олон жил ажиллана.

16. 1-р сургуулийн III ангийн сурагчид. 

-Ундааны саваар хөлбөмбөг тоглох санааг хэн гаргасан юм бэ?
- Харин аль дээрээс л бид нар ингэж тоглодог байсын. Манай найзуудаас нэгэн нь бөмбөгтэй ирвэл бөмбөгөөрөө тоглоод авчираагүй бол тэгээд лаазаар тоглодог шд. 
- Та нар ер нь хичээлдээ суусан юмуу?
- Суулгүй яадын. Хичээлээ тарчихаад л ингээд тоглож байгаа юм. 
- Энэ хоёр мод танай хаалга юмуу? 
- Аанхаа

17. н.БАТХУЯГ 
-Ах нь хөдөөнөөс орж ирээд хоёр л хонож байна. Хот их өөрчлөгджээ. Архины хууль, тамхины хууль гээд их л тэмцэж байх шиг байна. Хажуугаар нь бас энэ цэцэг шиг охидыг биеэ үнэлэхийг нь болиулмаар юм. Талбай дээр явж байхад л ахынх нь нүд хальтрах гээд байна. -Охидыг биеэ үнэлэхийг болиулахын хамгийн гол нь юу хийх хэрэгтэй вэ? -Эцэг эх нь л сайн хүмүүжүүлэх хэрэгтэй. Би лав охиноо ингээд явж байхыг харвал мөчийг нь хуга цохино.

18. Д. БҮТЭНЗАЯА, С.ХҮСЛЭН, А.ДӨЛГӨӨН

-Шинэ оноо яаж угтав?

-Д.Б: Би Чингисийн талбайд очиж салют буудахыг үзсэн.  
-С.Х: Би гэрийнхэн болоод хамаатнуудтайгаа гэртээ он гаргасан.
-А.Б: Ам бүлээрээ хоол хийж идсэн. Шинэ жилээр бас “Galaxy S2” бэлгэнд авсан.

-Шинэ ондоо юу хийхээр төлөвлөж байна?
-Д.Б: 2015 онд онц дүнтэй төгсвөл аав, ээж амласнаараа миний дуртай пүүзийг авч өгнө гэсэн. Тийм болохоор энэ ондоо маш сайн сурахаар төлөвлөсөн байгаа.
-С.Х: Шинэ ондоо бас сайн суралцана гэж бодож байна.
-А.Д: Аав ээждээ тусалж, бүүр сайн хүү баймаар байна.

19. М.Хишигбат

-Өнөөдрийг юу хийж өнгөрүүлэв?
-Өглөө босоод дөрвөн хэрчим талх идчихээд, ажил хайгаад явж байна.
-Ямар мэргэжилтэй вэ?
-Программист.
-Улаанбаатар хотод ажил олж хийхэд ямар ямар асуудлууд тулгарч байна?
-Ямар нэгэн том асуудал бол алга. Гол нь өөрөө сайн хайх хэрэгтэй. Олсон ажилдаа дараа нь тууштай ажиллах нь чухал.

20. С. Мягмарсүрэн

Зам ангийн чиглэлээр дөрвөн жил ажиллаж байна даа. Ах нь ам бүл дөрвүүлээ. Нэг хүү, нэг охинтой.
-Та өдөрт хэдэн цаг ажиллаж байна?
-Ах нь өглөө наймаас оройны найм хүртэл ажилладаг. Дунд нь нэг цаг амарна.
-Залуу насандаа та юу хийдэг байсан бэ?
-Би чинь ер нь 18 настайгаасаа л ажил хийж эхэлсэн. Ид ажилдаг үе байсан даа. Аав ээж мөнгөө өөрсдөө ол л гэдэг байсан. Тэгээд заводод ажиллана. Одоо ч тэгээд бэлэнчлээд л байх юм даа. Ийм ажил хийхээр залуу хүүхдүүд 15 хоноод л халшираад гарчих юм. Бид л нар л гүрэлзэх юм байна шүү дээ.
-Амралтаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Амралтаараа ах нь эхнэр хүүхдүүдтэйгээ хамт тоглож, хоол ундаа хийгээд л амарна шүү дээ. Гэр орноо ч бас янзлаад, туслах юм байвал туслаад тэгж л амарна.

 

 

Зураг