Наадмын хамгийн чухал гангараа бол дээл.
Баяр, наадмын гоёл хувцасаа бэлдэж, сонгож, сонгохоор зэхэж буй энэ цаг үед Монголдоо хамгийн ууган, арав гаруй жилийн туршлагатай Mонгол Костюмс төвийн дизайнертай таныг уулзуулж байна.
Бид Mонгол Костюмс төвийн дизайнер У.Амарсайхантай энэ жилийн наадмын дээлний онцлог, загвар, өнгөний талаар ярилцсан юм.
-Энэ жилийн наадмын дээлэнд ямар өнгө, материал давамгайлж байгаа вэ?
-Мэдээж зуны дэлгэр цаг учраас тод өнгө давамгайлж байна. Усан ягаан, ногоон, хөх, цэнхэр, улбар өнгө зонхилж байгаа.
Материалын хувьд манайх хэд хэдэн улсаас материал авчирдаг. Энэтхэг, Вьетнам, Индонез, Хятадын Бээжин гэх мэт. Энэ зуны хувьд анх удаа Индонез материал оруулж ирж байгаа.
-Индонез материал нь ямар онцлогтой байдаг вэ?
-Батик нэртэй энэ материал Индонез улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг. Өөрийн гэсэн хээ, онцлогтой өвөрмөц материал.
Батикаар урласан дээл
-Хүмүүсийн эрэлт ямар өнгө, ямар загвартай дээлэн дээр төвлөрч байгаа вэ?
-Хүмүүс дийлэнхдээ биед эвтэйхэн, хөнгөхөн, материалын хувьд маш сайн загварыг сонирхож байгаа. Хамгийн гол нь халуунд сэрүүхэн, үзэмжтэй байх нь чухал байдаг.
-Жил бүр дээлний загварын чиг хандлага гэж байдаг шүү дээ. Энэ жилийн хувьд?
-Энэ жил манайх шинэ материал дээр тохируулаад судалгаан дээр үндэслэн ханцуйн дээрээ хээтэй дээл гаргаж байгаа. Бас энгийн тэрлэг ч мөн адил эрэлттэй байгаа.
-Дээлний үнийн хувьд хамгийн доод болон дээд хэмжээг хэлнэ үү?
-Чимэглэл, тоноглол ихтэй учраас ястангуудын хувцас манайд хамгийн үнэтэй хийгддэг. Энгийн дээлний хувьд 350-800 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Үнэ нь хийц болон материалынхаа үнээс хамаардаг.
-Дээл захиалахад хэд хоногийн дотор гардаг вэ?
-Захиалга өгсөнөөс хойш 7-14 хоногийн дотор гардаг. Одоо захиалга өгвөл наадмаас өмнө гарна.
-Монголчууд хүннү захтай дээл, босоо захтай дээл гээд хоёр янзаар хийлгэж өмсөн болсон. Хүмүүс алийг нь их сонирхож байгаа вэ?
-Янз бүр. Гэхдээ одоо хүннү захтай дээл сонирхох нь харьцангуй багассан. Хоёр жилийн өмнө нэлээн трэнд болж байсан. Одоо хувь хүний сонголтоос шалтгаалаад өндөр захтай дээл хөдөлгөөнд нь саад болдог, холгодог хүмүүс хүннү захтай дээл сонирхдог. Яг гангараанд өмсөнө гэсэн хүмүүс босоо захтай дээл сонирхдог.
Монгол дээлний түүх, онцлогийн талаар Mонгол Костюмс музейн тайлбарлагч Г.Дамдиндуламтай ярилцлаа.
-Бидний яриад буй Хүннү захтай дээл, босоо захтай дээл хоёрыг Монголчууд хэзээнээс өмсөж эхэлсэн бэ. Түүхийн хувьд та тайлбарлаад өгөөч?
-Босоо захтай дээлийг 17 дугаар зууны үеэс хойшоо зонхилж өмсөж ирсэн. Бид 20 дугаар зууны эхэн хүртэл Манжийн эрхшээлд байсан шүү дээ.
Тэр үеэс л өмсөж эхэлсэн гэж судлаачид үздэг юм билээ. Хүннү захтай дээл Хүннүгийн үеэс өнөөг хүртэл улбаалаад явж л байсан.
Өндөр гэгээн Занабазар үндэснийхээ дээлийн захыг лам дээлэндээ хийгээд авч үлдсэн байдаг хэмээн судлаачид бичсэн байдаг.
Тэгэхээр Монголчуудын мартчихсан байсан зах өнөөдөр шинэчлэгдээд гарч байгаа юм биш л дээ.
Мөн эрдэмтэн судлаачдын бичиж үлдээснээр Монголчууд 400 гаруй нэр төрлийн дээлтэй байсан юм билээ.
-Бусад ястнуудын халх дээлнээс ялгарах онцлог нь юу вэ?
-Манайх их олон ястантай. Тэдний дээл Төв халх дээлнээс арай өөр. Эмжээр болон дээр нь өмсдөг ууж гэх мэт нь өөр өөрийн онцлогтой. Тухайлбал буриадууд хөх өнгийн дээл, богино хантааз, үзэмчин гэхэд залгаагүй, шулуун урт ууж өмсдөг.
-Монголчууд ямар өнгийн дээлийг илүүтэй өмсдөг вэ?
-Халх дээлэнд зонхилдог өнгүүд байна. Жишээ нь, халх эмэгтэйчүүд улаан, хөх өнгийг эрхэмлэж өмсдөг байсан.
Ер нь Монголчууд дээлийнхээ эмжээр, хосолгоо зэрэгт үндсэн таван өнгөө сайхан зохицуулж өмсдөг байсан гоо сайхны мэдрэмж өндөртэй ард түмэн юм.
Монгол Костюмс музейд Монголын арав гаруй үндэстэн, ястны хувцасны загвар байдаг бөгөөд тус байгууллагын хамт олон судалгааны үндсэн дээр загваруудыг нь гаргажээ.
Мөн 13 дугаар зууны үеийн хувцасны загварыг судалж Чингис хаан болон түүний хатдын хувцасыг бүрэн эхээр нь урласан нь сүрлэг харагдаж байв.
Ямартай ч наадмын дээлний онцлог, үнэ, загварын хувьд ийм байна.
Анзаараад байхад сүүлийн үед Монголчууд зуны дэлгэр цагт нимгэн, сэрүүн, хөнгөн материалаар дээл хийх нь элбэг болжээ.
Гэхдээ Монгол дээлний үндсэн онцлог, чиг хандлагыг алдагдуулахгүйгээр урлах нь хамгийн чухал гэдгийг Г.Дамдиндулам гуай онцолж байсныг энд сануулъя.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!