2015 оны хоёрдугаар сарын 28. Чингисийн талбай. 18:10 минут.
Танихгүй ах надад туслахаар гар дахь лааг минь шүдэнзээр асаахаар хэд хэд оролдсон ч өвлийн дунд сарын салхи дөнгөж асаж буй дөлийг байсхийгээд л унтраачихна.
Үл таних ах лааг асаахаар мятрашгүй оролдоно. Эцэст нь бидний лаа асав. Харин эрээн бараанаар дүүрэн хорвоод хөл тавиад удаагүй, энэ лаа шиг асаж гэрэлтэх гэж хичээж байсан бяцхан охин амьдралын аймшигт шуургыг даалгүй, нэг амь бөхлөө. Түүний дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр зургаан мянга гаруй хүн энд цугласан юм.
2015 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр дөрвөн настай охин төрсөн эцэг ба хойд эхдээ зодуулан нас барсан аймшигт хэргийг төрсөн ээжийнх нь найз эмэгтэй өөрийн цахим хуудаснаа мэдээлснээр энэ хэрэг олны анхааралд өртсөн билээ. Зүрх сэтгэл нь эмзэглэсэн эхчүүд нэгдэж “Ээж бүхний дуу хоолой” групп нээжээ. Харгис хүчирхийллийн талаарх эл мэдээ хэдхэн цагийн дотор хэдэн мянган хүнд хүрч, дуу хоолойгоо нэгтгэсээр эцэст нь “Цагаан жагсаал” зохион байгуулах эхлэл болжээ.
Энэ үйл ажиллагаанд дээрх группийн идэвхтэн гишүүд болон “Хүүхэд хамгааллын сүлжээ” ТББ-ын харьяа байгууллагууд, Хүний наймаа, хүчирхийллийн эсрэг “Лантуун дохио” ТББ бас нэгдсэн юм. “Бид охины дурсгалыг хүндэтгэж зул өргөхөөс гадна хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох тухай шаардлагыг боловсруулж, тэнд цугласан олноос гарын үсэг цуглуулж, Засгийн газарт хүргүүлэх болно” хэмээн “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан ярив. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид, хүүхэдтэй ажилладаг хүмүүс, албан тушаалтнууд болоод Хүүхдийн төлөө үндэсний газар, Засгийн газар, УИХ-д хандсан тус шаардлагад цуглааны үеэр нийт 5177 иргэн гарын үсэг зуржээ.
Хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, талбай дээр зуу гаруй хүн зогсоод “ХҮҮХЭД!!!” хэмээх үг бүтээсэн нь хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж, тэдэнд анхаарал халамж шаардах хэдэн мянган монголчуудын чимээгүй хашгирааны илэрхийлэл гэлтэй харагдаж байв.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг шаардсан тариаланчдын жагсаал, аль нэг улс төрийн зүтгэлтнийг суллахыг шаардсан бослого, эсвэл цалин, тэтгэврээ нэмүүлэх хүсэлтэй иргэдийн цуглаан, сонгуулийн үр дүнг эсэргүүцэж үймэх олноос ялгаатай нь хүн хүнээ хайрлах сэтгэл, шударга ёсыг нэхэн шаардсан, уй гашуу илэрхийлсэн ард түмний цуглаан байлаа.
Хүчирхийллийн төрлүүд
Бие махбодийн хүчирхийлэл: Хамгийн хялбар аргаар илрүүлж болох хүчирхийллийн төрөл бөгөөд хүүхдийн бие махбодид төрөл бүрийн гэмтэл учруулахыг хэлнэ.
Бэлгийн хүчирхийлэл:
Хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох, бэлгийн дур хүслээ хангах зорилгоор хүч хэрэглэхийг хэлнэ. Хуульд заасны дагуу 18-аас доош насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон насанд хүрэгчийг хүчирхийлэгч гэж үзнэ.
Сэтгэл санааны хүчирхийлэл: Олж илрүүлэхэд хамгийн хүндрэлтэй хүчирхийллийн хэлбэр. Бие махбодийн хүчирхийлэлтэй дүйцэхүйц хэмжээний хохирол учруулах бөгөөд харьцангуй удаан хугацааны турш сөрөг үр дагавар нь илэрнэ.
Үл хайхрахын хүчирхийлэл: Байр, хоол, эдийн засаг, ариун цэврийн байдал, сэтгэл санааны дэмжлэг зэрэг суурь хэрэгцээнүүдээр хангахгүй байхыг хэлнэ.
Тэд “Хүүхдээ зодуураар бус хайраар хүмүүжүүлье”, “Дархан цаазтай амьтныг бүртгэдэг шигээ орон гэр, эцэг эхгүй хүүхдээ анхаардаг болъё”, “Хүүхэд хамгааллын бие даасан хуультай болцгооё”, “Хүүхдэд ээлтэй хөрш байцгаая” зэрэг уриалгуудаас гадна “Ааваа намайг битгий зодооч”, “Хайр хаана байна” гэх үг бүхий самбар барьсан байх бөгөөд охины дурсгалд цэцэг өргөж, зул асаах зуураа нүдэнд торсон нулимсаа арчих эхчүүд, настан буурлууд цөөнгүй байлаа. Харин нэг гараараа ээж, аавынхаа гараас хөтлөөд, нөгөө гартаа лаа барьж зогсох танхил үрс юуны учир ийн зогсож байгаагаа мэдээ ч үгүй байх.
Тэдний үлгэрийн ертөнцөд хорвоод төрүүлсэн үрээ өөрийн гараар хөнөөдөг харгис хүмүүс байдаггүй болохоор ой тоонд нь буухгүй байх нь аргагүй биз ээ. Охины дурсгалыг хүндэтгэх ёслол Чингисийн талбайгаас гадна өөр олон газар нэгэн зэрэг болсныг онцлох хэрэгтэй. Жиргээчдийн санаачилсан зул өргөх ёслол Бурхантай хөшөөн дээр болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон, Дорноговь аймгийн Сайншанд сум, Айраг сум, Багануур дүүрэг, Дархан хот, Өвөрхангай аймаг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумдын иргэд болон Тайваньд сурдаг залуус хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, зул өргөх ёслол үйлджээ.
Өнгөрсөн онд нийслэлийн Цагдаагийн газраас Эрүүгийн хэргийн дугаар авсан гэмт хэргүүдийн дотор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 18 байсан нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагуудтай харьцуулахад итгэмгүй бага гарсан нь олон хүний эгдүүцлийг төрүүлэх нь гарцаагүй. Үүний учир нь өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой хууль тогтоомж, заалтуудын доголдол, алдаа дутагдалтай шууд холбоотой. Өнөөгийн эрх зүйн зохицуулалтаар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдоггүй бөгөөд ихэнх хэргүүд иргэний маргаан, эсвэл захиргааны жижиг зөрчлүүд гэсэн төрөлд хамаарагддаг байна.
2013 оны тавдугаар сарын 4-ний шөнө эцэг нь дөрвөн настай хүүгээ заазуурдсан хэрэг бүртгэгдсэнийг монголчууд одоо болтол мартаагүй. Тэгвэл гэмт хэрэгтэн 2012 оноос хойш хэрэг гарах өдөр хүртэлх хугацаанд нийт 10 удаа эрүүлжүүлэгдэж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар таван удаа баривчлагдан, торгуулж байсан байна.
Өнөөдөр манай улсад мөрдөгдөж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой хуулиуд болох Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд доод тал нь 10 жилийн өмнө батлагдаж байснаас гадна тодорхой практик заалтууд дутмаг, ердөө тунхагийн шинжтэй байгаа нь асуудал үүсгээд буй гол шалтгаан.
“Зарим хуулиуд огт шаардлага хангахгүй, зүйл заалтууд нь амьдралд нийцэхгүй, тэдгээр хуулийг яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна. Яг ямар ажлыг аль байгууллага нь хариуцаж хийх тухай, түүнийг ямар аргаар хэрэгжүүлэх, мөн үүнд шаардагдах хөрөнгө мөнгийг хэрхэн шийдвэрлэх гээд бүх асуудлыг нарийвчлан тусгасан хууль шаардлагатай байна. Үүндээ гэр бүлийн хариуцлагаа ухамсарлаагүй эцэг эх, асран хамгаалагчид яг ямар хариуцлага хүлээлгэх ёстойг нэгбүрчлэн тодорхой тусгах хэрэгтэй” хэмээн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Ариунтуяа ярилаа.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль л гэхэд 1996 онд батлагдаж 2003, 2005 онуудад л зарим зүйл, заалтуудад өөрчлөлт орж байсан хэдий ч энэ нь бяцхан иргэдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах хамгаалалт болж чадахгүй байна.
Түүнчлэн хуульд насанд хүрсэн, төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагч нарыг үнэ төлбөргүй өмгөөлөгчөөр хангах талаар тусгасан байдаг атлаа хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдийг хөлс мөнгөгүйгээр өмгөөллөөр хангах тухай юу ч байхгүй. Хүүхдүүд насанд хүрэгчдээс сэтгэл санааны болоод эдийн засгийн шууд хараат байдалд байдаг тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд хүүхдийн өмгөөллийн асуудал тун ярвигтай асуудал болон хувирдаг байна. Хойд аавдаа хүчирхийлүүлсэн охиныг ээж, аав хоёр нь үгсэн ятгаж, айлгасаар худал мэдүүлэг өгүүлж хэргийг хаадаг тохиолдол их гардаг тухай хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариа ярив.
Мөн тэрбээр “Хүүхэд хамгааллын хуульд тодорхой процессийн асуудлуудыг тусгах зайлшгүй шаардлагатай байна. Нэг талаас хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хүчирхийлэл үйлдэгчээс хүүхдийг яаж авах, ямар хугацаанд, хаана байрлуулах, тэр хугацаанд сэтгэл зүйн болоод эмнэлгийн ямар тусламж үйлчилгээ үзүүлэх, нөгөө талаас эцэг, эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах тухай зан үйлийн сургалт зохион байгуулах гээд тодорхой зүйл заалтууд байхгүйгээс хүүхдүүд хохирсоор байна” гэлээ. Амьдралаас хол тасархай, хэлбэр төдий хууль, журмуудыг нэн даруй өөрчилж, боловсронгуй болгох нь Монголын хүүхэд, багачуудыг хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах нэгдүгээр алхам юм.
“Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах үйл ажиллагаа явуулахаас гадна тэдний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нөлөөллийн ажлуудыг хийсээр 20 дахь жилтэйгээ золгож байна.
Хуучны таван давхар орон сууцны нэгдүгээр давхарт байрлах тус газрыг зорьж очиход цайны цаг таарсан тул хүлээлгийн өрөөнд хэсэг саатав. Гурав орчим настай охин тэнд байх хүмүүсийг цовоо байдал, инээдээрээ хөгжөөнө. Гэвч түүний ээж болох том үүргэвчиндээ хувцас, ойр зуурын зүйлсээ хийсэн бололтой эмэгтэй л огт үл инээж, юуг ч юм доош харан бодож, үе үе уртаар санаа алдах аж. Өөр хоёр эмэгтэй хүүхдийн инээдийн хариуд инээмсэглэх ч нүд нь мөн л гунигаар дүүрэн. Эдгээр бүсгүйчүүдийн нүүр болон ил харагдах хэсэгт шарх үгүй ч сэтгэлдээ шархтай болчихоод л тус төвд хандахаар ирсэн нь тодорхой.
Нүүр болон ил харагдах хэсэгт шарх үгүй ч сэтгэлдээ шархтай болчихоод л тус төвд хандахаар ирсэн нь тодорхой
Төд удалгүй ажлын цаг эхэлж уулзахаар товлосон хүн маань ирсэн нь “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн ажилтан хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариа. Түүний хэлж буйгаар тус төвд жилд 28000 гаруй хүн ханддагаас 200 орчим эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах байрандаа авдаг байна. Дундговь аймаг, Улаанбаатар хотод тус бүр нэг хамгаалах байртай гэнэ. Төв аймагт бас нэг байртай байсан ч хаагдсан бөгөөд Улаанбаатар хот дахь өөр нэг байрны нууцлал ил болсон тул хаалгаа барихад хүрчээ. Тус төвд хандагсдын 60 орчим хувийг хүүхдүүд эзэлдэг бөгөөд зарим нь ээжийгээ дагаж ирэхээс гадна зөвхөн хүүхдүүд ирэх тохиолдол ч цөөнгүй аж.
“Хүүхэд бол онцгой субъект. Тэдэнд хүчирхийлэлд өртөж буйгаа өөрсдөө мэдээлэх боломж тэр болгон байдаггүй. Бага насны хүүхдүүд бол хүчирхийллийн золиос болоод байгаагаа ч ухаарахгүй шүү дээ. Хүүхдийг аймшигтайгаар тарчлаан зовоосон тохиолдлууд манай төвд цөөнгүй бүртгэгддэг. Ялангуяа нийгмийг цочроосон дуулиантай хэргүүдийн дараа манай төв ажлаа дийлэхээ больдог. Харамсалтай нь дээрх хэргүүд намжмагц хандагсдын тоо буцаад л буурдаг” гэж тэрбээр хэлэв.
Өвчний улмаас эндсэн хүүхдийн тоо жил бүр гардаг ч хүүхдийг муу асарч сувилснаас өлсөж, даарч өвчин тусах эрсдэлд оруулж буй явдал ч хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Өндөр хөгжилтэй орны амаржих газарт хүүхдийн эрх ба хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх зурагт хуудсууд заавал байдаг. Манай орны хувьд эцэг эх байх эрх үүргээ бүрэн ухамсарладаггүй, хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах талаарх мэдлэг хомс зэрэг нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн суурь болж байна. Сургууль завсардах, гэрээсээ дайжих, хүүхэд өөрөө гэмт хэрэгтэн болох гээд хүүхэдтэй холбоотой бүх л эмзэг асуудлууд гэр бүлийн таагүй уур амьсгалаас үүдэлтэй байдаг. Түүнчлэн монголчууд уламжлалт аргаар хүмүүжүүлж байна гэх нэрийн дор хүчирхийлэх нь элбэг.
Үнэндээ бол манай ёс заншилд хэзээ ч ийм хүчирхийллийн хэлбэр байгаагүй. Байлаа ч гэсэн нийгмийн хөгжлөө дагаад зайлшгүй халагдах ёстой. Түүнчлэн ард иргэдийн дунд амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой гэр бүлд л хүчирхийлэл явагддаг гэсэн ташаа ойлголт байдаг. Хүчирхийлэл амьжиргааны түвшин, боловсролын байдал зэргээс үл хамааран оршдог. Хүчирхийлэл үйлдэгчдийн дунд судалгаа явуулахад дээд боловсролтой хүмүүс 30%, тусгай дунд боловсролтой иргэд 60%-ийг эзэлж байгаа бол боловсролгүй хүмүүс ердөө л 10% байсан” гэж тэрбээр ярив.
Мөн тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол ердөө ганц гэр бүлийн асуудал биш, нийгмийг тэр аяар нь хамарсан үндэсний хэмжээний асуудал гэдгийг дурдаад нэгдсэн нэг стратегийг баримтлан ажиллах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хүчирхийллийн эсрэг бидний эн тэргүүнд хийх хамгийн гол ажил гэдгийг онцоллоо.
Энэ хавар аль нэг улс төрийн хүчин бослого хөдөлгөөн зохион байгуулах юм уу, олны анхаарлыг татсан өөр ямар нэгэн үйл явдал гарвал хүүхдийг хүчирхийлж буй асуудал нам жим болно. Магадгүй мартагдана. Ахин нэг аймшигт хэрэг гарч, шуугиан болох хүртэл дахин энэ асуудал сөхөгдөхгүй ч байж мэднэ.
Олонд ил болсон томоохон хэргүүдийн цаана буюу хөшигний ард хэчнээн мянган хүүхэд хүчирхийлэлд өртөж байгааг бид мэдэхгүй. Энэ нийтлэлийг уншиж байх зуур зэргэлдээх айлын тань хүүхэд сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэлд өртөн шаналж, тэр шаналлаа зөвхөн өөртөө хадгалж суугаа ч байж магадгүй. Монголд хүний эрхийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын Хүний эрхийн төлөв байдлын дүгнэлтээс харвал гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй таван хохирогч тутмын нэг нь л цагдаагийн байгууллагад ханддаг байна.
Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох хамгийн эхний чухал алхам нь мэдээлэл хүлээн авах үйл явц байдаг. Хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг, мэдлэг мэдээлэлгүйгээс болоод хүчирхийлэлд өртөж байгаагаа мэдээлж чаддаггүй. Иймд хүүхдийн эсрэг хүчирхийллийг гаднын субъектууд буюу ангийн багш, найз нөхөд, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, хөршүүд илрүүлж, холбогдох байгууллагуудад түргэн шуурхай мэдээлэх нь чухал юм.
Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох хамгийн эхний чухал алхам нь мэдээлэл хүлээн авах үйл явц байдаг
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд хэнд хандахаа мэддэггүй. Уг нь Хүүхдийн төлөө үндэсний газар өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээс Хүүхдийн тусламжийн утас 108-д үнэ төлбөргүй мэдээлэл авч, зөвлөгөө өгч эхэлсэн байна. Гэвч энэхүү тусламжийн утсыг сурталчлах, хүүхэд бүрт таниулах ажил дутмаг байсаар байна. 108 гэсэн дугаарыг өнөө хүртэл мэдэхгүй яваа хүүхдүүд маш олон бий. Сэтгүүлч бид ч сурвалжлага хийхээсээ өмнө ийм дугаар байдгийг мэддэггүй байв.
108 дугаар ашиглагдаж эхэлснээс хойш нийт 93,000 гаруй дуудлага ирснээс яг хамгаалах шаардлагатай, зөвлөгөө мэдээлэл хүссэн үйлчилгээний зорилтот дуудлага нь 43,000 гаруй байна. Харин үүнээс хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, хамтарсан багаар, кэйс нээж ажилласан 667 дуудлага байна. Үүнээс бие махбодийн хүчирхийлэлтэй холбоотой 275, бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 57, амиа хорлох оролдлого хийсэн сэдэлтэй 28, сэтгэл санааны хүчирхийллийн 145, үл хайхрах хүчирхийллийн 162 дуудлага иржээ.
Арван хоёр настай Р.У ба арваннэгэн настай Р.А нар төрсөн эцэгтээ зодуулж тамлуулсан хэрэг өнгөрөгч онд бүртгэгдсэн. Тэдний төрсөн эцэг Р хүүхдүүдийг удаа дараа төмөр, модоор зодоод зогсолгүй хүү У-гаа хутгалсан байдаг. Түүгээр ч үл барам хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлаж, хичээлд нь явахыг хатуу хоригложээ.
Мөн хувцсаа өмсөхдөө байнга хүүхдүүдийн тусламжийг авдаг байсан бөгөөд бие засахдаа ч мөн тэднээр “туслуулдаг” байж. Гэвч эдгээр хүүхдүүд ийн хүчирхийлэлд өртөж буйг хичээлээ байнга тасалдгийг нь өдөр бүр бүртгэдэг ангийн багш ч, “Дүүг биш намайг цохь” гэж уйлах зуураа гуйх хүүгийн дууг орой бүр сонсдог хөршүүд ч цагдаад мэдэгдсэнгүй. Харин охин салаад явчихсан ээжтэйгээ яаж ийгээд холбогдсоноор энэ хэрэг цагдаагийн байгууллагад шилжиж, шийдэгдсэн байна.
Энэ бол бодит түүх. Олон нийтийн сүлжээнд тарсан бол бас л шуугиан дэгдээх байсан нь гарцаагүй. Дээрх тохиолдолтой ижил гэмт хэргүүд хөшигний цаана үйлдэгдэж, золоор цагдаагийн байгууллагад мэдэгдсэн цөөн тооны хүчирхийллийн хэрэг л хуулийн дагуу шийдэгддэгийн нэг жишээ. Эдгээр хүүхдүүд ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрсэн байж болох ч энэ бол хүчирхийлэл гэдгийг ухаараагүй л болов уу.
Тэгвэл хүчирхийлэл гэж яг юу вэ? Яагаад тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийллийг онцолж үзэх болов? “Хүчирхийлэл гэдэг нь аливаа нэг субъект өмнөө тулгарсан зорилгодоо хүрэхийн тулд албадлага, хүч хэрэглэх аргыг хэлнэ” гэж тодорхойлдог ч хүмүүн хоорондын харилцаанд юуг хүчирхийлэл гэж үзэх нь ээдрээтэй байдаг.
Бусдыг хүчирхийлдэг хүмүүсийг нийгмийн аль ч давхаргаас олох боломжтой ба ихэнхдээ эдгээр шинжийг агуулсан байна
Дийлэнх нь эрэгтэйчүүд байх ч эмэгтэй хүчирхийлэгчид бас цөөнгүй бий.
Түргэн ууртай
Сэтгэл санааны хувьд хэн нэгнээс хамааралтай
Өөртөө итгэх итгэл муутай
Засарна хэмээх амлалтыг байнга өгдөг
Өөрсдийгөө нийгмийн амьдралтай зохицдоггүй гэж үздэг
Маш их хардамтгай болдог
Гэр бүлийн хүнээ найз нөхөд, гэр бүлээс нь тусгаарладаг
Хувь хүний орон зайг үл тоомсорлодог
Сайн сайхны төлөө бол хүч хэрэглэж болно гэж үздэг
Огцом үйлдэл хийснийхээ дараа огт гэмшдэггүй
Бэлгийн харилцааны үеэр доромжилдог
Бэлгийн харилцааны үеэр “зугаатай байлгах” нэрийдлийн дор хүч хэрэглэдэг
Өөр хувь хүнийг хяналтандаа байлгахын тулд дарамталдаг
Аль үр дүн сайтайгаас нь хамаарч хүчирхийллийн хэлбэрүүдээ сольдог
Хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд бусдыг буруутгадаг
Мансууруулах, согтууруулах зүйл хэрэглэсэн тохиолдолдоо хүчирхийлэл үйлддэг, эсвэл эдгээрийн нөлөөн дор бүр их үйлддэг
Эмэгтэй хүнийг объектоо болгодог
Санхүүгийн хатуу хараа хяналтад байлгадаг
Амьтанд хүч хэрэглэдэг
Хүүхдүүдийг хүчирхийлдэг
Хохирогчийг бусдын өмнө “галзуу солиотой” болгож харагдуулах оролдлого хийдэг
Хүчирхийллийг тоглоом шоглоом болгон өнгөрөөдөг
Бусадтай түргэн харилцаанд ордог
Архичин, эсвэл мансууруулах бодис хэрэглэгчид
Зэвсэгт дур сонирхолтой байж болно
Б хүү 15 настай. Тэрбээр найман настайдаа гэрээсээ гараад төөрсөн тул тэр цагаас хойш Асрамжийн газарт амьдарч буй. Тэрбээр асрамжийн газрын ажилтнуудад аав нь байнга архи ууж, ээжийг нь зоддог ч хүүг огт хүчирхийлдэггүй байсан гэжээ. Хүү бие махбодиороо хохироогүй ч, төрсөн аав нь ээжийг нь өдөр бүр зодохыг харахдаа сэтгэлзүйн хүчирхийлэлд өртөж, гэрээсээ явах шалтгаан болсон байх магадлал өндөр. Түүнийг Асрамжийн газар ирснийг ээж нь мэдсэн ч долоон жилийн хугацаанд ердөө нэг л удаа эргэн ирсэн нь тэмдэглэгдэн үлдсэн байна. Энэ бол үл хайхрах хүчирхийллийн тод хэлбэр юм.
Харамсалтай нь бага насандаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд тэдгээр хар бараан явдлуудыг ор тас мартдаггүй. Жишээ нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид нас биед хүрсэн хойноо эрэгтэй хүнтэй хэвийн харилцаа тогтоох чадвар муутай байдаг бөгөөд тэдний гэр бүлээ цуцлуулах тохиолдол хэвийн орчинд өссөн эмэгтэйтэй харьцуулахад их байдаг талаар Сэтгэл судлалын үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач өгүүлэв.
Эрэгтэй хүүхдүүдийн хувьд том болоод хүчирхийлэгчидтэй нийлэн хүчирхийлэл үйлдэж, бага насны шархаа нуухыг оролддог талаар тэр мөн хэлэв. Чихэр хүлхэж, үлгэрт итгэдэг насандаа хүчирхийлэлд өртсөн хүмүүст энэ нь дан ганц сэтгэлзүйн эмгэг болж илэрдэггүй бөгөөд бие махбодийн бусад өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
АНУ-д нийгмийн янз бүрийн давхаргын нийт 17,500 насанд хүрэгчдийг хамруулан хийсэн судалгааны дүнд 67% нь бага насандаа ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдсон нь судлаачдын таамаглаж байснаас хавьгүй их гарсан ба урт хугацааны ажиглалтын дүнд эдгээр хүмүүс уушгины архаг бөглөрөлт өвчин, астма, В вирус, даралт ихсэх зэрэг өвчнөөр өвчлөх магадлал хүчирхийлэлд өртөөгүй хүмүүсээс 2-10 дахин их байдаг нь тогтоогдсон нь хүүхдийн хүчирхийлэл бие хүний амьдралын чанарт насан турш хэрхэн нөлөөлдгийг тод харуулж байна.
Хүчирхийллийн талаар хэлэлцүүлж буй тул хүчирхийлэл үйлдэгч этгээдийн сэтгэлзүйн талаар товчхон дурдах нь зүйтэй . Энэ тохиолдолд “Яагаад тэд хүчирхийлэл үйлдэх болов? Тэдний удмын санд хүчирхийлэх төлөв бүр цаанаасаа суулгагдсан байдаг уу? Эсвэл амьдралд нүүр тулсан зовлонгоос болж хүчирхийлэл үйлддэг үү?” зэрэг асуултууд ар араасаа гарч ирнэ.
Судлаачдын үзэж буйгаар хүчирхийлэгч бүр бага насандаа хүчирхийллийн хохирогч болсон байх албагүй. Гэхдээ тэдний цаашдын зан авирт нөлөөлөх биологийн, сэтгэл санааны, нийгэм эдийн засгийн зэрэг эрсдэлт хүчин зүйлүүд дотроос хүүхэд насных нь хүчирхийлэл зонхилох шалтгаан болдог аж. Гэр бүл дэх ямар нэгэн хэвийн бус уур амьсгал гэдэг урьдал нөхцөл ихэнх хүчирхийлэгчийн амьдралын түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байдаг.
Хүүхдийн сэтгэл санааны хүчирхийллийн аюултай шинжүүд:
Ямар нэг зүйлийг буруу хийх вий гэсэн айдас түгшүүр, болгоомжлол ихтэй байх
Зан төрхөндөө аль нэг туйлын шинж чанартай байх (хэт гомдомтгой, хэт шаардамтгай, хэт идэвхгүй, хэт догшин гэх мэт)
Эцэг эх, асран хамгаалагчидтайгаа дотно бус харилцах
Насанд хүрч, том хүн болсон мэт төрх үйлдэлтэй, (бусад хүүхдийг асрах) эсвэл хэтэрхий нялх зан төрхтэй болох (хуруугаа хөхөх)
Хүүхдийн бие махбодийн хүчирхийллийн аюултай шинжүүд:
Байнгын гэмтэл бэртэлтэй байх, хөхрөлт няцралт, шарх сорвитой явах
Ямар нэг муу зүйл болох вий гэсэн мэт байнгын айдас түгшүүртэй байх
Гар, бүс зэргээс үүдсэн шарх сорвитой байх
Хүн хүрэхэд айдаг, огцом хөдөлгөөнөөс цочдог, гэртээ харих дургүй
Халуун өдрөөр урт ханцуйтай цамц өмсөх зэргээр гэмтлээ нуух зорилгоор тохиромжгүй хувцасладаг байх
Хүүхдийн үл хайхралтын аюултай шинжүүд:
Хувцас нь хэмжээний хувьд таараагүй, бохир, цаг агаарт зохицоогүй
Ариун цэвэр байнгын муу явах (усанд ороогүй, угаагаагүй бохир үстэй байх, бие нь эвгүй үнэртэй байх)
Өвчин ба гэмтлээ эмчлээгүй байх
Ихэнхдээ хараа хяналтгүй ганцаар орхигдсон, аюултай газар тоглодог
Хичээл, сургуульдаа ихэнхдээ хоцордог ба очдоггүй
Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн аюултай шинжүүд:
Явах ба алхах нь хүндрэлтэй байх
Өөрийн насанд тохироогүй бэлгийн харилцааны мэдлэгтэй байх, өдсөн зан төрх гаргах
Тодорхой шалтгаангүйгээр онцгой хүнээс зайлсхийх
Бусдын өмнө хувцсаа солихоос татгалзах, биеийн хүчний олон нийтийн ажилд оролцохгүй байх
Ялангуяа 14-өөс доош насанд бэлгийн замын өвчин тусах, жирэмслэх
Гэрээсээ дайжих
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хүн төрөлхтөнд хүч хэрэглэх хандлага бүхий генийн мэдээлэл хадгалагдаж байдаг хэдий ч илрэн гарсан хүчирхийлэл нь дандаа гаднын нөлөөгөөр үүссэн байдаг байна. Гэр бүлийн таагүй уур амьсгал дунд өссөн хувь хүн хүчирхийллийн аль нэг төрлийг агуулсан үйлдлүүд хийж эхэлдэг бөгөөд гэр бүл нь шууд бусаар үл ухамсарлахуйн түвшинд энэхүү үйлдлийг дэмжиж байдаг нь аюултай юм.
Хүүхдийн тусламжийн утас 108 дугаар ашиглалтад орж, нийслэлийн Цагдаагийн газрын харьяанд “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” хэлтэс өнгөрсөн онд байгуулагдсан, түүний дэргэд хохирогчдыг түр хамгаалах байртай болсон нь сайшаалтай хэрэг.
Түүнчлэн гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллах болж, Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хохирогчдыг түр хамгаалах байр байгуулсан гээд олон арга замуудыг туршиж буй. Гэсэн хэдий ч хүүхдийг хүчирхийлэх асуудал гэдэг бол бүх салбарын оролцоо, харилцан уялдаатай ажиллагаа шаарддаг томоохон асуудал учир бодлогын түвшинд зайлшгүй шинэчлэл хэрэгтэй байна.
Одоо мөрдөгдөж буй тунхаглалын шинжтэй хуулийн зүйл, заалтуудыг шинэчлэн найруулж, амьдралд ойр заалтуудыг оруулж, тэдгээр хуулиудыг биелүүлэхэд иргэд, байгууллага бүр хамтарч ажиллах тухай заалт зөвлөмжийг боловсруулж, хүн бүр ажил үүргээ сэтгэлээсээ хийж чадваас бид гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдарч буй хэдэн мянган хүүхдүүдийн ирээдүйг аварч чадна.
Н.Б хүү Асрамжийн газар долоон жил амьдрах хугацаандаа өнгөрсөн амьдралынхаа талаар ярьсан удаа бараг үгүй. Асрамжийн газрын ажилтнууд ч тэр бүр асууж шалгааж, шархыг нь сэдрээхийг хүсдэггүй. Бид ч бас түүнтэй бага насных нь талаар бус, харин түүний одоо ба ирээдүйн талаар ярилцсан юм. Өнөөдөр тэр гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан өөртөө итгэлгүй, бүрэг ичимхий, аймхай хүүхэд биш Асрамжийн газрынхаа төдийгүй сургуулийнхаа шилдэг хүүхдийн нэг болоод байгаа. “Герман явснаараа би Асрамжийн газрын хашаа, Улаанбаатар хотоосоо цааш дэлхийн хэмжээнд сэтгэх хэрэгтэйгээ ойлгосон. Тэнд хүмүүс зөвхөн хувиа хичээлгүйгээр бусдыгаа ч бас боддог нь надад хамгийн их таалагдсан” хэмээн Н.Б хүү зун хоёр сарын турш тус улсын 14 хотоор хийсэн аялан тоглолтынхоо талаар ярьсан юм.
Тэрбээр бишгүүр, морин хуур хөгжмүүдийг чадварлаг тоглохоос гадна англиар тун сайн ярьдаг. Саяхныг болтол хөлбөмбөгчин болно гэж мөрөөдөж энэ спортоор хичээллэдэг байсан ч гэмтэл авсныхаа дараагаар шийдвэрээ өөрчилж эдийн засагч, бизнесмэн болохоор шийдээд буй. Өөрийн амжилтын үндсээ хувь хүний хичээнгүй зангаас гадна тус төвийн багш ажилчидтай холбон тайлбарлахаа ч тэр мартаагүй юм. Түүний ойрын төлөвлөгөө нь Япон улсад очиж, ахлах сургуулиа төгсөх бол хэтийн төлөвлөгөө нь Харвардын их сургуульд мастерийн зэрэг хамгаалах юм.
Төрсөн гэртээ төрүүлсэн аав ээждээ, цусан төрлийн хамаатнууддаа зодуулдаг, хүчиндүүлдэг, амь насаа алддаг, байнгын дарамт шахалтад амьдардаг хүүхдүүдийг хүчирхийлэл дундаас аварч чадваас тэд ирээдүйд багш, эмч, сансрын нисгэгч, Олимпийн аварга, улс үндэстэндээ хүндлэгдсэн гавьяатан, дэлхийд нэрээ цуурайтуулсан алдартан гээд хэн ч болох боломжтой. Тэдний ирээдүй та бидний гарт байна.
Өгүүллийг Г.Ариунзул, Д.Мишээл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!