Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ив Дэлунэ: Монголчууд бол түүхийн баялаг ихтэй, ТОМ үндэстэн

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 6 сарын 18
iKon.MN
 

Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Францын Цөлийн ба хээр талын хүрээлэнгээс "МОНГОЛ-ФРАНЦЫН АРХЕОЛОГИЙН НЭЭЛТҮҮД. Хорин жилийн хамтын ажиллагаа" үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд  нээлээ.

Үзэсгэлэнд 20 жилийн хамтын ажиллагааны хүрээнд нээгдсэн 50 багц, 300 гаруй олдворыг олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа юм.

Тухайлбал энд Чулуун зэвсгийн үеийн Салхитын хүн, Хүрлийн үеийн булш, тахилын байгууламжийн шинэ төрлүүд, Монгол Алтайн Пазырыкийн соёлын булшнууд, Эгийн голын Бурхан толгойн Хүннүгийн оршуулгын газар, Эртний Түрэгийн үеийн морьтой оршуулгууд, Таван Толгойн Монгол язгууртны булшнуудаас олдсон үнэт олдворууд дэлгэгджээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Делунэ, Францын эрдэмтэн П.Х.Жискар зэрэг хүндтэй зочид, эрдэмтэн судлаач, оюутнууд оролцов.

 

БСШУ-ны сайд Л.Гантөмөр нээлтийн үгэндээ “БНФУ бол МУ-тай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн хамгийн анхны улсуудын нэг төдийгүй Монголын ардчиллыг анхнаас нь халуун дотноор дэмжин тусалж ирсэн их гүрэн билээ.

Хоёр орны төдийгүй гадаадын бусад орны зочид гийчид энэхүү үзэсгэлэнгээс Монголын эртний гайхамшигт соёлыг толилон харах болно.

Энэхүү гайхамшигт олдворуудыг нээсэн хоёр орны археологичид тэдгээрийг сэргээн засварласан судлаачид, үзэсгэлэнг зохион байгуулсан Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, дэглэж түмэн олонд хүргэж буй музейчдэд гүн талархал илэрхийлэхийн зэрэгцээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

 

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ “Археологи гэдэг хуучны олдворыг хайх төдийгүй бидний одоо үе, ирээдүй үед хийгдэж байгаа, соёлын гайхамшгуудад хийгдэж байгаа том хариуцлагатай үйл явдал гэж боддог.

Эртний үйл явдлуудыг судалж нээснээр өнөө цагийн дэлхийн соёл иргэншлийг нээж илрүүлэхэд тус болдог. Өнгөрөгч 2014 онд Францын археологийн экспедицүүд дэлхийн 60 гаруй оронд 148 судалгаа хийсэн байна. Үүнд 2.5 тэрбум евро төсөвлөсөн байдаг.

Чулуун зэвсгийн үеэс авхуулаад Чингис хааны үе хүртэлх бүх үеүүд дээр археологичид маань судалгаа хийсэн нь их сонирхолтой. Яг одоогийн байдлаар Баян-Өлгий аймагт Түрэгийн үеийн судалгаан дээр археологичид маань ажиллаж байгаа.

Энэ ажиллагаа маань цаашид үргэлжлэх болно гэдгийг мэдэгдэхэд таатай байна.

Монголчууд бол түүхийн баялаг ихтэй, ТОМ үндэстэн учраас энэ салбарт хамтдаа илүү олон ажил хийнэ гэж боддог” хэмээсэн юм.

Үзэсгэлэн есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.

"Хамгийн тогтвортой, бодитой үр дүнтэй шинжилгээ хийж байгаа нэг улс бол Франц"

 

Археологийн олдворууд, хамтын ажиллагааны талаар Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунтай товч ярилцлаа. 

-Чингис хааны булшийг олсон гэх мэдээлэл байна. Энэ тал дээр ямар шинэ мэдээлэл байгаа вэ?

-Тэр бол Чингис хааны булш биш. Чингис хааны үеийн язгууртны булш. Орчуулгын алдаа гарсан байх.

Энэ булш Сүхбаатар аймгийн Онгон сумаас олдсон. Чингис хааны үеийн язгууртны булш хэд хэдэн удаа малтагдсан байдаг. Булшнаас гоёл чимэглэл, эдэлж хэрэглэж байсан зүйлс нь олдсон.

-Хэдий орчим насны үеийн хүн байсан бэ. Булшнаас нь ямар олдворууд олдсон бэ?

-28-35 насны хооронд гэж тогтоогоод байгаа. Эдлэл хэрэглэлийн хувьд язгууртных байсан нь тодорхой. Эдлэл хэрэглэлүүд, алтан эмээл, эмэгтэй хүний малгайн чимэглэл, цагаан шонхор шувууг дүрсэлсэн бөөгийн чимэглэл зэрэг олон зүйлс олдсон.

-Олдворуудын сэргээн засварлалтын ажлын тухайд?

-Бүх сэргээн засварлалтыг Францад хийсэн. Нас тогтоох шинжилгээг мөн адил Францад хийгдсэн. Тиймээс бүх олдворуудын нас тодорхой болсон.

-Монголчуудын эртний өвөг Хүннүчүүд болохыг палеогенетикийн аргаар тогтоосон гэж байна лээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Археологийн дурсгалаас гарсан Хүннүгийн олдвор нь хүний нас юм уу, яс тогтоох шинжилгээгээр Хүннүчүүд Монголчуудын дээдэс болох нь тодорхой болсон.

Энэ жилээс экспедиц үргэлжилж ажиллахаар нэмэлт гэрээ хийсэн. Ер нь хамгийн тогтвортой, бодитой үр дүнтэй шинжилгээ хийж байгаа нэг улс бол Франц. 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn