“Соёлоор Гийгүүлэхүй” ТББ эртний судар, шастирын цуглуулга болох “Гайхамшигт Дээдийн Номын соёл” үзэсгэлэнгийн нээлтээ өчигдөр орой Зайсанд байрлах “Q Art Gallery" (хуучнаар Цагаандариум галлерей)-д хийлээ.
“Соёлоо Гийгүүлэхүй” ТББ нь 400 орчим жилийн түүхтэй түүхэн судруудыг арав гаруй жил цуглуулсны үндсэн дээр ийнхүү түмэн олны хүртээл болгож байгаа юм байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Аглаг бүтээлийн хийдийн тэргүүн, Бурханч лам Г.Пүрэвбат, Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, нийтлэлч Б.Цэнддоо, шог зураач С.Цогтбаяр гэх мэт хүндтэй зочид ирсэн юм. Мөн урлаг сонирхогчид, уран бүтээлчид, номыг дээдэлдэг иргэд ирж оролцлоо.
Үзэсгэлэнд тавьсан судруудыг хувь хүмүүс цуглуулсан гэдэг утгаараа хамгийн онцлогтой. Учир нь өнгөрсөн хугацаанд ном судруудыг маш ихээр устгаж ирсэн боловч хувь хүмүүс өөрсдөдөө өвлөж ирсэн ном судраа хадгалж үлдэж чадсан нь өдгөө олны хүртээл болж байна.
Номоо алт, мөнгөөр бичиж, торгоор баринтагладаг байсан манай ард түмний түүх соёлын үнэт өвийг гайхуулсан энэ үзэсгэлэнгийн зочид цагаан идээ амсаж, номын дуу сонсож, оюуны таашаал авсан юм.
Энэ үзэсгэлэнгийн талаар “Соёлоор Гийгүүлэхүй” ТББ-ын Удирдах Зөвлөлийн Гишүүн О.Туяа “Манай ТББ 2008 онд байгуулагдсан. Үйл ажиллагаа нь олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой.
Өнөөдрийн хувьд алт, мөнгөний нухмал эрдэнийн судрууд, том хөлгөн судрууд, цор ганц хувь байдаг “Жадамба” судар гэх мэт олон бүтээлүүд дэлгэгдсэн байна.
Монголчууд 70 жилийн хугацаанд энэ том судруудыг нандигнан хайрлаж, нууж бидэнд үлдээсэн. Хамгийн гайхалтай нь Монголчуудын ном, соёлд хандах хандлага их сайхан. “Номд мөргөмүү” хэмээн дээдэлдэг байсан” гэдгийг онцолсон юм.
Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог, ач холбогдлын талаар Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн “Манай өвөг дээдэс дээдийн ном, Бурханы ариун сургаальд ямар их ач холбогдол өгч, итгэл үнэмшлээ зориулдаг байсны илрэл юм болов уу.
Хамгийн үнэ цэнэтэй, хамгийн чухал зүйлсдээ алт, зэс, гууль, мөнгөө харамгүй зориулдаг шиг манай өвөг дээдэс дээдийн номыг эрдэнээр бүтээж ирсэн.
Хэлмэгдүүлэлтийн үед маш олон номыг устгаж байсан боловч өнөө үед зөндөө олон ном өвлөгджээ. Энэ нь манай өвөг дээдэс маш их ном бүтээж байсны илрэл” гэв.
Бурханч лам Г.Пүрэвбат “Хүмүүс төрснөөс хойш нас ямагт хураагдана гэдэг. Хорвоод ирсэн л бол хүн одох нь үнэн юм. Хүн хорвоод амьдарч байхдаа өнөө маргаашийн идэх хоол, эд баялаг, нэр хүнд, эрх мэдлийн төлөө амьдралаа зориулах юм бол адгууснаас ялгаагүй.
Гурван эрдэнийн нэг болсон ном эрдэнийг хайрлан хамгаалж, хадгалан үлдэж буй залуучууддаа талархаж байна.
Номын соёл их сонин гайхамшигтай. Миний мэдэхийн хумсны толио шиг жижиг ном бүтээсэн байх жишээтэй. Монголчууд өөрсдөө хуучин монгол бичиг, тод үсэг, дөрвөлжин бичиг гэж мэт бичиг үсгийн их соёлтой. Ийм соёлтой ард түмэн дэлхийд ховор” гэдгийг онцоллоо.
Нийтлэлч Б.Цэнддоо “Хорвоо дээр алга болдоггүй зүйл бол хүн төрөлхтний оюуны соёл, ном, сэтгэлгээ, шашин суртахуун юм.
Үнс нурам дотроос шинээр төрдөг шувуу гэдэг шиг манай оюуны соёл үргэлж шинээр сэргэж байсан.
Бидний ариун нандин соёл, шүтээнийг сэргээж байгаа, сэргээлцэж байгаа, сэргээхийг харах хувь тохиосон та бүгдэд баяр хүргэе” гэсэн юм.
Судрын үзэсгэлэнгийн нээлт арав хоног үргэлжлэх бөгөөд сонирхсон хүн бүр үнэ төлбөргүйгээр үзэж танилцах боломжтой юм байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!