• 6 сарын 14, Бямба
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гурав хоног цэвэр ус хязгаарлах уу, 420 мянган шоо метр бохир ус Туул голд асгах уу?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 5 сарын 28
iKon.MN

~ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА~ 

Нийслэлчүүдийн усны хэрэглээг гурав хоног хязгаарлах уу, Туул гол руу 420 мянган шоо метр бохир ус асгах уу?...Тэдэнд энэ хоёрын аль нэгийг сонгох зам бий. 

Нийслэлийн иргэд, аж ахуй нэгжүүдийн бохир, шингэнийг татан зайлуулж, цэвэршүүлдэг Төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийх шаардлагатай байгааг Ус Сувгийн Удирдах Газраас мэдэгдээд байгаа юм. Төв цэвэрлэх байгууламж 51 жилийн настай бөгөөд өдөртөө 170-180 мянган шоо метр ус хүлээн авдаг. Энэ хэмжээ зуны бороотой үед 20 мянган шоо метрээр нэмэгдэнэ. 

Төв цэвэрлэх байгууламжийг анх баригдсан цагаас нь хойш 1979, 1986 онд өргөтгөл, хэсэгчилсэн урсгал засварын ажил хийж байснаас өнөөдрийг хүртэл дорвитой засварлаагүй ажээ.

Анх 600 мянган иргэнтэй хотын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай энэ байгууламж 1.2 сая хүний төдийгүй Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа арьс, ширний болон бусад үйлдвэрийн бохирыг цэвэршүүлж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах үүрэгтэй ажилладаг. 

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ЯАГААД АВААРЫН БАЙДАЛД АЖИЛЛАХ БОЛОВ?

Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийх хоёр хэсэг бий.

1. Анхдагч I, III тунгаагчийн хувиарлах камерийн бетонон хийцийн цөмөрсөн хэсгийг засварлах шаардлагатай.

Анхдагч тунгаагуур

Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн тунгаагуур буюу ус тунгаах байгууламж байдаг аж. Анхдагч тунгаагуур нь усыг тунгааж дараагийн байгууламж руу явуулдаг. Энэхүү байгууламжид яаралтай засвар хийхгүй бол цэвэрлэгээ дутуу хийгдэж Туул гол руу гарч буй усанд нөлөөлөх ажээ.

Ингэснээр байгальд их хэмжээний хохирол учирч, ус цэвэршүүлэх ажил үр дүнгүй болох юм.

Анхдагч тунгаагуурыг засварлахын тулд хувиарлагч камеруудыг яаралтай шинэчлэх шаардлагатай. Учир нь дөрвөн тунгаагуурт усыг жигдхэн хувиарлах үүрэгтэй хувиарлагч камерын бетон хийц олон жилийн турш элэгдэж, цөмөрсөн байгаа юм. 

2. Аэротенкийн засвар хийх шаардлагатай.

Аэротенк

Бохир усанд биологийн цэвэрлэгээ хийдэг Аэротенкийн хэсэг бол Төв цэвэрлэх байгууламжийн ЗҮРХ нь.

Тус байгууламжийг устай үед засварлах боломжгүй зургаан хэсэг болон III, IV аэротенкийн коридорын дагуу 103 метр газрын 60-70 хувь нь цөмөрч, элэгджээ.

Энэ хэсгийг засварлахын тулд ундны усны хэрэглээг хязгаарлах эсвэл 420 мянган шоо метр бохир ус байгальд шууд нийлүүлэх хоёр л зам үлдээд буй. 

“ЭНЭ ИХ УСЫГ БАЙГАЛЬД БОХИРООР НЬ НИЙЛҮҮЛБЭЛ АЮУЛТАЙ”

 

Төв цэвэрлэх байгууламжийн дарга Н.Одхүүгээс энэ талаар тодрууллаа.

-Цэвэрлэх байгууламжийг зогсоож засварлахын тулд хоёр сонголт бий. Алийг нь сонгох вэ?

-Хэрэв зогсоох юм бол цэвэрлэгээ хийхгүй шууд байгальд нийлүүлэх эсвэл Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээг тодорхой хэмжээгээр хязгаарлах арга бий. Засварын үед цэвэр усны хэрэглээг тодорхой хэмжээгээр хязгаарлахгүй бол энэ их усыг байгальд бохироор нь нийлүүлбэл аюултай. 

Байгальд асгахгүй байх арга чарга юу байна гэдгийг бид хоорондоо ярилцаж байгаа. Төв цэвэрлэх байгууламж өнөөдөр аваарын байдалд байгаа нь үнэн. 

-Засварын төсөв хэр их вэ. Төсвийг хаанаас шийдвэрлэж байгаа вэ?

-Засварын төсөв урьдчилан тооцоолсноор 40-50 сая төгрөг байгаа. Зардал нь УСУГ-аас гарна. 

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ЯАРАЛТАЙ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ

 

Өнөөдөр Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр 51 жилийн настай Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд 900 тэрбум төгрөг шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байв.

Өөрөөр хэлбэл энэ мөнгийг Засгийн газраас шийдвэрлэж өгөх шаардлагатай юм. 

Нийслэлчүүд “00-ын өрөө”-гөө шинэчлээгүй явсаар өдийг хүрсэн. Айлаар бол баян тансаг, хоёр гурван машинтай, том сайхан орон сууцанд амьдардаг хэдий ч 00-н өрөө нь элэгдэж, ан цав үүссэн, ачааллаа даахаа больсон байгаатай утга нэг.

Тиймээс урсгал засвар хийгээд өнгөрөлгүй Төв цэвэрлэх байгууламжид дорвитойхон шинэчлэл хийх нь ирээдүйн их хотын үндэс суурь болох нь гарцаагүй.

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа