Зургийг aimagindex.mn
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвөөс Азийн Сангийн дэмжлэгтэйгээр “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г гурав дахь жилдээ гаргажээ.
Аймгуудын өрсөлдөх чадварыг эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтцийн хөгжил гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлсээр харьцуулан судалдаг бөгөөд эдгээр дөрвөн үндсэн бүлэг нь 180 орчим үзүүлэлтээс бүрддэг аж.
Энэ жилийн хувьд Орхон аймаг хамгийн өндөр оноотой байна. Орхон аймгийн хувьд гурав дахь жилдээ энэхүү судалгаанд тэргүүлж байгаа юм. Харин Өмнөговь, Дархан-Уул аймгууд удаалсан байна. Эдгээр аймгууд нь уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн бөгөөд бусад аймгуудтай харьцуулбал харьцангуй хотожсон.
Өрсөлдөх чадварын үзүүлэлтээ хамгийн их нэгжээр нэмэгдүүлж чадсан аймаг Архангай байсан аж. Архангай аймгийнхан өрсөлдөх чадвараа 9 нэгжээр нэмэгдүүлсэн байна. Харин өрсөлдөх чадвараа Дундговь 13, Дорноговь 12, Төв болон Сэлэнгэ аймгууд тус тус 7 оноогоор бууруулжээ.
Судалгааны дүнг график байдлаар харуулбал:
ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТ
ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ
Эдийн засгийн тамир тэнхээг эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн салбарууд, хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт зэрэг чиглэлээр харьцуулан судалдаг бөгөөд Орхон аймгийг 100 нэгж гэж үзвэл бусад аймгуудын үзүүлэлт ийм байна.
ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ
Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг тэргүүлжээ. Засаглалын үр ашгийг аймгийн төсөв, институцийн тогтолцоо, бизнесийн эрхзүй, нийгмийн тогтолцоо гэсэн үзүүлэлтээр авч үздэг.
Сүхбаатар аймгийн хувьд захиргааны зохицуулалтууд, аймгийн төсвийн удирдлага, шилжих хөдөлгөөн, аймгийн удирдлагын бодлого, төрийн үйлчилгээ төсвийн орлого, зарлагын харьцаа зэрэг үзүүлэлт нь давуу тал болжээ.
БИЗНЕСИЙН ҮР АШИГ
Бизнесийн үр ашгийн хувьд Орхон аймаг тэргүүлжээ. Энэхүү үзүүлэлтийг бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, санхүү, менежментийн хэвшил зэргээр тодорхойлж гаргадаг.
Орхон аймгийн хувьд хөдөлмөрийн бүтээмж, санхүүгийн ур чадвар, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалт, чадварлаг удирдах ажилтан зэрэг нь давуу тал болжээ.
ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ
Дэд бүтцийн хөгжлөөр Монгол Улсын томоохон суурин газрууд болох Дархан-Уул, Орхон аймгийн тэргүүлжээ. Мөн Говь-Сүмбэр аймаг өндөр оноо авч гуравдугаарт эрэмбэлэгджээ.
Говь-Сүмбэр аймгийн хувьд шатахууны үнэ, дээд боловсрол, төрөлтийн ерөнхий коэффициент, хүн амын цэвэр өсөлт, эрүүл мэндийн тусламж (их эмч), эхийн эндэгдлийн түвшин зэрэг үзүүлэлтээрээ өндөр үнэлэгдсэн нь давуу тал болжээ.
Аймгуудын өрсөлдөх чадварын индексийг гаргаснаар аймгууд өрсөлдөх чадварын үзүүлэлтүүддээ илүү анхаардаг болохын зэрэгцээ сул үзүүлэлтээ сайжруулах тулд анхаарах сайн талтай аж.
Гэхдээ бодлогын өөрчлөлт тодорхой хугацаа шаардддаг тул тэр бүр шууд харагдахаас илүүтэй тодорхой хугацааны дараа дүгнэт хийх боломжтой болдог гэдгийг судлаачдын зүгээс онцолж байсан юм.
Аймгуудын өрсөлдөх чадварын индекстэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг aimagindex.mn сайтаас авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|