Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хаана хамгийн их ГАЗАР ХӨДЛӨЛТ болдог вэ?

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 30
iKon.MN

Манай дэлхий нь бүхэлдээ хэдэн том болон жижиг тектоник хавтангуудаас тогтдог. Эдгээр хавтангууд манай дэлхийн гадаад бүрхүүл литосферийг (газрын царцдас, тунадас) бүрдүүлнэ.

Ихэнх геологийн үзэгдлүүд, жишээ нь галт уулын идэвхжил, газар хөдлөлт зэрэг, энэ хавтангуудын уулзвар дагуу явагддаг байна.

Учир нь хавтангууд байнга хөдөлгөөнд оршдог ба хөдөлгөөнийг хэлбэрээр нь нийлэх (convergent), салах (divergent), хувьсах (transform) гэж хуваадаг.

 

Нийлэх хөдөлгөөнтэй хавтангууд нь мөргөлдөн газрын гадаргыг овойлгож уулсыг бий болгодог. Үүний жишээ нь Хималайн нуруу. Энэтхэгийн хойг, Ази тив хоёр 55 сая жилийн өмнө мөргөлдөж аажмаар газрын гадаргыг өргөсөөр Хималайн уулсыг бий болгосон. Энэ үзэгдэл одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа бөгөөд Хималайн уулсын өнөөдрийн өндөр өчигдрөөс өчүүхэн бага хэмжээгээр нэмэгдсэн байх ёстой гэнэ.

Үүнээс гадна нийлэх үед газрын царцдас хайлж галт уулын дэлбэрэлтээр гадагшилдаг. Үүний жишээ бол Өмнөд Америкийн Андын нуруунд орших галт уулс.

Бас нэг хэлбэр нь далайн ёроолд энэ үзэгдэл явагдахад Номхон Далайн Марианы хонхор шиг гүн хонхор үүсгэдэг байна.

Мөн Японы арлууд нь ийм хөдөлгөөний үр дүнд далай дор үүссэн галт уулуудаас хувирч тогтсон юм.

 

Салах хавтангууд нь дэлхийн гүн дэхь халуун хайлмаг (магма) дороос нь түлхэж хөдөлгөөн үүсгэснээс болж хоёр тийш холддог.

Үүний дагуу мөн уулс, галт уулс бий болдог.

Нэг жишээ нь дорнод Африкийн Great Rift Valley хэмээх хөндий бөгөөд хэдэн сая жилийн дараа Африк тивээс зүүн хэсэг нь салж нэгэн эх газар үүсгэж магадгүй байгаа юм.

 

Хувьсах хөдөлгөөнтэй хавтангууд нь уулс болон далайн гүн дэх ямар нэг өөрчлөлтүүд хийхгүй. Гэвч үүний үр дүнд асар хүчтэй газар хөдлөлт үүсдэг ба үүний жишээ нь 1906 оны Сан Францискогийн гамшиг юм.

Дараах тектоник хавтангуудын газрын зурагнаас хавтангуудын хилийг харж болно. Мөн газар хөдлөлт, галт уулсын идэвхжил их байдаг бүсүүдийг харж болох юм.

Саяхны Балбад болсон газар хөдлөлт, Чилид болсон галт уулын дэлбэрэлт эдгээр хил дагуу байдаг. Японы арлууд яагаад байнгын газар хөдлөлттэй байдгийн шалтгаан эдгээр арлууд дөрвөн хавтангийн уулзвар дээр байдагт оршиж байна.

Харин Монгол улс Евразийн хавтангийн дунд оршдог тул газар хөдлөлт, галт уулын идэвхжлээс хол байна. Гэхдээ бүх хавтангууд байнгын хөдөлгөөнд оршдог учраас газар хөдлөлт огт тохиолдохгүй гэсэн үг биш юм.

 

 

Эх сурвалж: National Geographic, Wikipedia