“Нэг сая мод ургуулах” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдаж буй “Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа” дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд МҮЭСТО-д зохион байгуулагдаж байна.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, мод, цэцэг тарих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг олон байгууллага, хувь хүмүүс оролцож байгаа юм.
Үзэсгэлэн худалдааны үеэр иргэд тарьц, суулгац худалдаж авах, зөвлөгөө авах, захиалгаар хашаа, талбайдаа мод тариулах гэх мэтчилэн олон төрлийн үйлчилгээ авч болно.
Олон төрлийн мод зарж байсан нэгэн лангуун дээр очлоо. Ногоон эргүүл төв ТББ-ын мэргэжилтэн н.Володягаас хашаанд тарихад тохиромжтой модны талаар тодруулахад "Монос бол ахуйн зориулалтаар тарихад тохиромжтой.
Учир нь хашаанд буй бактери, нянг устгах чадвартай байдаг. Цэцэгнээс нь хүчтэй ариутгах бодис ялгардаг. Суулгацаа 15 мянгаар худалдаж аваад тарихад шууд цэцэглэнэ. Учир нь долоон настай учраас цэцэглэхэд бэлэн болсон гэсэн үг" гэв.
Модны суулгацын үнэ 800-300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Хамгийн хямд нь хайлаас 800 төгрөг бол хамгийн үнэтэй нь гацуур бөгөөд жижиг савтай суулгац нь 10,000 төгрөг бол томоохон суулгацууд 120-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Түүнээс гадна монос, монгол сакура, голт бор, тэхийн шээг, үхрийн нүд зэрэг үр жимсээ өгдөг, хашаа, эдлэн газартаа олноор нь тарихад тохиромжтой моднуудыг худалдаалж байв.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд тарьц, суулгацаас гадна тасалгааны цэцэг, цэцгийн үр, тариалах багаж хэрэгслүүдийг дэлгэн тавьжээ.
Ингээд “Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа”-наас бэлтгэсэн фото зургуудыг үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!