Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

БИД ЯМАР ХЭРЭГЛЭЭГЭЭ ТАНАВ?

Ч.Болортуяа
2015 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Баяр

Гэрэл зургийг Б.Баяр

Монгол Улсын экспорт гуравдугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.2 хувиар нэмэгдээд байна. Харин импорт 29.5 хувь буюу 30 орчим хувь буурчээ.

Гуравдугаар сарын байдлаар гадаад худалдааны тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 385.1 сая ам.доллараар буурснаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 376.0 сая ам.долларын ашигтай гараад байна.

Экспорт: 89% + 11%

Ашигт малтмалын бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувь нийт экспортын 89%-ийг бүрдүүлжээ. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.1 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм.

  • Чулуун нүүрс,
  • зэсийн баяжмал,
  • төмрийн хүдэр ба баяжмал,
  • боловсруулаагүй нефть гэсэн голлох 4 түүхий эдийн экспорт ашигт малтмалын экспортын 84%, нийт экспортын 75%-ийг тус тус эзэлж байна.

Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 9.2%-иар өссөн бөгөөд уг өсөлтийн 4.1%-ийг ашигт малтмалын экспортын өсөлт бүрдүүлсэн байна.

Гол нэрийн бүтээгдэхүүний ангиллаар авч үзвэл зэсийн баяжмалын экспортын өсөлт нь уг бүлгийн өсөлтийн 18%-ийг бүрдүүлжээ. Харин чулуун нүүрс, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефтийн экспорт өнгөрсөн оны мөн үеэс харгалзан 31%, 29%, 42%-иар буурсан нь уг бүлгийн өсөлтийг 17%-иар бууруулжээ.

График 1. Экспортын өсөлт

Экспортын бүтээгдэхүүн тоо хэмжээний өсөлтөөс шалтгаалж 221.2 сая ам.доллараар өссөн бол үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 130.4 сая ам.доллараар буурснаар нийт дүнгээр 90.8 сая ам.доллараар өссөн байна.

Бүлэг тус бүрээр авч үзвэл ашигт малтмалын экспортын хувьд зэсийн баяжмалын үнэ болон тоо хэмжээ, боловсруулаагүй нефть, алтны тоо хэмжээ өссөнөөс шалтгаалж экспорт 206 сая ам.доллараар өссөн бол чулуун нүүрсний экспортын тоо хэмжээ буурсан, мөн чулуун нүүрс, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефтийн үнэ буурснаас шалтгаалж экспорт 192 сая ам.доллараар буурсан байна.

Ноос, ноолууран бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ бага зэрэг буурснаар уг бүлгийн экспорт 0.5 сая ам.доллараар буурсан. Харин бусад экспортын бүтээгдэхүүний хувьд үнэ болон тоо хэмжээ өссөнөөр өмнөх оны мөн үеэс харгалзан 51.3 сая ам.доллараар экспорт өсчээ.

Импорт: 33% + 29% +22%

Эхний 3 сарын байдлаар нийт импортын:

  • 33%-ийг хэрэглээний бүтээгдэхүүн,
  • 29%-ийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн,
  • 22%-ийг нефтийн бүтээгдэхүүн тус тус бүрдүүлж байна.

Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний нийт импортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс 6%-иар буурсан бол хэрэглээний бүтээгдэхүүний хувийн жин 3%-иар өссөн байна.

Импортын бууралтыг ерөнхий ангиллаар задалвал:

  • хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бууралт нь 14%-ийг,
  • хэрэглээний бүтээгдэхүүний бууралт нь 7%-ийг,
  • нефтийн бүтээгдэхүүний импортын бууралт нь 8%-ийг тус тус тайлбарлаж байна.

Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт өмнөх оноос 41%-иар буюу 143 сая ам.доллараар, хэрэглээний бүтээгдэхүүний импорт 23%-иар буюу 68 сая ам.доллараар буурсан нь нийт импортийг 29.5%-иар буюу 294 сая ам.доллараар буурахад голлон нөлөөлжээ.

График 2. Импортын өсөлт

 

САХАР, КАКАО, ШОКОЛАД, СОГТУУРУУЛАХ БОЛОН СОГТУУРУУЛАХ БИШ УНДААНЫ ИМПОРТ БУУРЧЭЭ

Хэрэглээний бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеэс 23%-иар буюу 68 сая ам.доллараар буурахад түргэн эдэлгээтэй хэрэглээний бүтээгдэхүүн 16%-иар буюу 25 сая ам.доллараар, удаан эдэлгээтэй хэрэглээний бүтээгдэхүүн 30%-иар буюу 42 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ.

Түргэн эдэлгээтэй бүтээгдэхүүний импорт буурахад хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа сахар, какао, шоколад, согтууруулах болон согтууруулах биш ундааны импортын бууралт голлон нөлөөлсөн байна.

Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт буурахад машин, механизм, тоног төхөөрөмж, түүний эд анги 42%-иар буюу 87 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн. Түүнчлэн барилгын материалын импорт 45%-иар буюу 47 сая ам.доллараар буурчээ.

Аж үйлдвэрлэлийн орцын импорт 8%-иар буюу 10 сая ам.доллараар буурсан. Уг бууралтын дийлэнх хувийг бусад аж үйлвэрлэлийн зориулалттай орцын бүтээгдэхүүн эзэлж байна.

Нефтийн бүтээгдэхүүний импорт 32%-иар буюу 75 сая ам.доллараар буурсан. Нефтийн импорт тоо хэмжээний хувьд 18.0%-иар өссөн боловч хилийн үнийн бууралтаас шалтгаалан нийт дүнгээр ийнхүү буурсан байна.

Нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ 2013 оны төгсгөлөөс эхлэн тогтмол буурсан ба хоёрдугаар сард 2010 оноос хойшх хамгийн доод түвшиндээ хүрсэн бол 3 сард эргэн өссөн билээ.

Задаргаа

  2015 2014 Өөрчлөлт
Дүн Дүн Хувь Дүн  Хувь Дүн Өсөлт % 2%
Хэрэглээний бүтээгдэхүүн 230 33% 298 30% -68 -23   -7
Түргэн эдэлгээтэй 133 19% 158 16% -25 -16% -9% -3%
Хүнс 91 13% 108 11% -17 -16% -6% -2%
Эм, тариа  16 2% 17 2% -1 -8% 0% 0%
Бусад түргэн эдэлгээтэй бараа  26 4% 33 3% -7 -21% -2% -1%
Удаан эдэлгээтэй 97 14% 140 14% -42 -30% -14% -4%
Гутал, хувцас, цүнх 11 2% 14 1% -3 -25% -1% 0%
Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга 25 4% 29 3% -4 -13% -1% 0%
Авто машин, сэлбэг 51 7% 79 8% -28 -36% -9% -3%
Бусад удаан эдэлгээтэй бараа  11 2% 18 2% -7 -39% -2% -1%
Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн 206 29% 349 35% -143 -41%   -14%
Машин, механик тоног төхөөрөмж 122 17% 210 21% -87 -42% -25% -9%
Суудлаас бусад тээврийн хэрэгсэл, эд анги 18 3% 48 5% -29 -61% -8% -3%
Машин, механик тоног төхөөрөмж 104 15% 162 16% -58 -36% -17% -6%
Барилгын материал 58 8% 105 11% -47 -45% -14% -5%
Хөрөнгө оруулалтын бусад бараа 26 4% 34 3% -9 -25% -2% -1%
Аж үйлдвэрлэлийн орц 107 15% 117 12% -10 -8%   -1%
Хүнсний орц 7 1% 6 1% 1 20% 1% 0%
Химийн бүтээгдэхүүн 16 2% 17 2% -1 -3% 0% 0%
Даавуу, утас, арьс, савхин эдлэл 3 0% 3 0% 0 -4% 0% 0%
Цахилгаан эрчим хүч 32 5% 25 3% 7 28% 6% 1%
Металлын хүдэр, баяжмал болон хаягдал 0 0% 0 0% 0 -13% 0% 0%
Бусад аж үйлдвэрийн зориулалтат 48 7% 66 7% -17 -27% -15% -2%
Нефтийн бүтээгдэхүүн 157 22% 232 23% -75 -32%   -8%
Дизель түлш 77 11% 119 12% -42 -35% -18% -4%
АИ92, АИ95 60 9% 78 8% -18 -23% -8% -2%
А-80 болон бусад  20 3% 35 4% -15 -43% -7% -2%
Бусад 2 0% 0 0% 1     0%
Нийт 702   996   -294 (29,5%)    

 

 

Энэхүү тоймыг ГЕГ-ын “Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл”-д үндэслэв.