Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

1,072 хувьцаагаа хэрхэн “ӨӨРИЙН БОЛГОХ" ВЭ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 17
iKon.MN

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. 

“Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар төлөвлөжээ.

ХУВЬЦААГАА ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

 

Юуны өмнө та өөртөө хэдэн ширхэг хувьцаа байгааг шалгаж үзэх хэрэгтэй. Ингэхийн тулд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн сайтад холбогдоно уу.

Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон юм. 

Сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харъяатаас гарснаас бусад иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой. 

Тэгэхээр та хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хувь хишиг хүртсэн байна тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг. 

Жишээ нь 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд 0 хувьцаатай буюу энэ компанид хувьцаа эзэмшдэггүй гэсэн үг. Хэрэв та нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байх ёстой.

Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд 9 ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1,063 ширхэг хувьцаатай байгаа.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас хувьцаа эзэмшихгүй гэсэн үг. Харин үлдсэн иргэд 1,072 ширхэг хувьцаатайгаа үлдсэн. 

ТЭГВЭЛ ЭНЭ ХУВЬЦААГАА ХЭРХЭН БАТАЛГААЖУУЛАХ ВЭ?

 

Хувьцаа хуваарилагдсан гэдэг бол та хувьцааныхаа жинхэнэ эзэн болчихлоо гэсэн үг биш ажээ. Та заавал мэргэжлийн брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгээд хувьцаагаа баталгаажуулах ёстой. 

Энэ талаар мэргэжлийн Брокер дилерийн БиДиСек ХК-ний Харилцагчийн албаны менежер Ц.Цогоос тодруулахад:

"Эрдэнэс Таван Толгой”  ХК-ийн 1,072 ширхэг хувьцааг иргэн бүрт олгож байгаа. Хүсэлт гаргаад ашигласан бол тоо хэмжээ нь буурсан, эсвэл байхгүй байна. 

Тэгэхээр иргэн бүрт 1,072 хувьцааг зүгээр хуваарилчихсан байгаа. Брокер дилерийн компанид үнэт цаасны дансаа нээлгэснээр “Эрдэнэс Таван Толгой”  ХК-ийн 1,072 ширхэг хувьцаа тухайн хүний ӨМЧ болж байна гэсэн үг. 

Дансаа нээлгээгүй бол 1,072 хувьцаагаа зарцуулах эрх байхгүй. Дансаа нээлгэвэл үнэт цаасных нь дансанд нь хувьцаа нь байршина. 

Ерээд онд Монгол Улс өмч хувьчлалаар 475 компанийг хувьчилж байсан. Тэр үед хүн бүрт 7,000 төгрөгөөр хувьцаа авах эрх өгсөн. Тэр эрхийн бичгээ авчихаад өнөөг хүртэл хадгалчихсан хүмүүс байна. Яах ёстой байсан бэ гэхээр тэр хүн брокерийн компанид очиж дансаа нээлгээд дансандаа хувьцаагаа бичүүлж, өөрийн өмч болгох ёстой байсан.

Эрхээ эдлээгүй, өөрийн хувьцааг өмч болгож аваагүй хүмүүсийн хувьд цэнхэр тасалбар нь юу ч биш болсон. Тухайн үедээ дансаа нээлгээд явж байсан хүмүүст өнөөдөр хувьцаагаа зарж борлуулах эрх нь нээлттэй байгаа. 

Яг түүн шиг “Эрдэнэс Таван Толгой”  ХК-ийн дансаа нээлгээд авчихсан цагт Таван Толгой арилжаанд ороод бүртгэлээ хаасны дараа нь хувьцаагаа зарж борлуулах, ашиглах эрхтэй болногэсэн юм.

ҮНЭТ ЦААСНЫ ДАНС ГЭЖ ЮУ ВЭ?

 

Үнэт цаасны данс нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагдаж байдаг. Энэ байгууллагад одоогоор нийт 800 мянга орчим данс нээгдчихсэн байгаа. 

Нэг хүн дээр нэг үнэт цаасны данс байдаг бөгөөд тэр данс руугаа тав хүртэл брокерийн компаниас хандалт хийж болдог.

Жишээ нь БиДиСек компани дээр данс нээлгэлээ гэхэд түүнийг нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд очиж бүртгүүлээд, тухайн хүний дансыг нээж өгнө. 

Тухайн иргэн өөр банк юм уу, өөр брокерийн компаниар дамжуулаад данс руугаа хандах боломжтой. 

ҮНЭТ ЦААСНЫ ДАНСТАЙ БОЛОХЫН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Хэрэв та үнэт цаасны дансгүй байгаа бол 5,000 төгрөг, иргэний үнэмлэх, аль нэг банкинд буй өөрийн дансны дугаартайгаа өөрт ойр байгаа брокер дилерийн компанид очиж нээлгэх боломжтой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.