Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

СААЛЬ Ч ҮГҮЙ, САВ Ч ҮГҮЙ МОНГОЛ

Ч.Болортуяа
2015 оны 4 сарын 17
iKon.MN
 

Хэрэв бид өсөлт өндөр байх жилүүдэд буюу 2011-2012 онуудад дотоодын хуримтлал гэж зүйлийг үүсгэж байсан бол өнөөгийн түүхийн эдийн ханшийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын бууралт зэргийг хөнгөхөн даваад гарах байсан хэмээн эдийн засагчид үзэж байгаа юм.

УИХ-ын дарга З.Энхболд “Уул уурхайгаас хамааралтай эдийн засагт хүчтэй савлагаа байнга нүүрлэх юм байна гэдгийг бид хатуу ойлгож авсан жилүүд болж байна” гэж  Монгол Эдийн Засгийн Чуулганы үеэр тодорхойлж байсан бол Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал Монгол Улсын эдийн засгийн цаашдын өсөлт дотоодын хуримтлалаас шууд хамааралтай талаар дурдаж байв.

Хэдийгээр Оюу Толгой, Таван Толгой гэх эдийн засагт үлэмж нөлөө бүхий төслүүд 2015 онд эхлээсэй, талууд шийдэлд хүрээсэй гэсэн хүлээлт байгаад ажил урагшиллаа ч Монгол Улс дахиад л алдаа гаргавал яах вэ гэдэг асуулт байсаар байна. Өөрөөр хэлбэл, 2011, 2012 он шиг хэт үрэлгэн төсвийн зардалтайгаар явж, эдийн засгийг хэт их тэлэх нь ямар хохиролтойг бид хангалттай ойлгосон уу гэдэг л өнөөдрийн хамгийн чухал сэдэв болох ёстой.

 

Бидэнд ямар гарц байна вэ

Монгол Улс хөгжин цэцэглэх ёстой гэдэг байр суурьтай санал нэгдэхгүй хүн байхгүй. Харин яаж вэ. Хэрхэн хөгжингүй орнуудын энд хүрэх вэ гэдэг арга зам хамгийн чухал бөгөөд ойлгомжтой байх ёстой.

Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээс бараг буюу 100 хувь хамааралтай гэж хэлэхээр байгааг уншигч та андахгүй мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, бидэнд хийж чадах зүйл байхгүй бөгөөд ердөө газар доорх баялгаа ухаад л түүхийгээр нь хилийн дээс давуулж валютын орлогыг бий болгож байна. Өөр бидэнд орлого бараг үгүй.

2015 оны нэгдүгээр улирлын  байдлаар гадаадын хөрөнгө оруулалт -100 cая долларт хүрч буураад байна.

Манай нийт экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос бүрдүүлж байна.

Тэгвэл эдийн засгийг хэрхэн алаглуулах вэ.

Дотоодын үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ.

Дэд бүтцээ хэрхэн сайжруулах вэ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улс өнөөдөр бусдад эрчим хүч экспортлоод сууж байхын оронд бусдаас импортолсон эрчим хүчээр хамжин дамжин онд орж байна. Өнгөрсөн хоёр жилд хүчин чадлыг нь нэмэгдүүлснийг эс тооцвол сүүлийн 40 жилд дулааны нэг ч цахилгаан станц шинээр бид барьсангүй” хэмээсэн.

Тэгвэл бид өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангахын тулд, үйлдвэржилт, орон сууцжуулалт зэргээ дэмжихийн тулд суурь дэд бүтцүүдээ зайлшгүй барьж байгуулах, сайжруулах шаардлагатай. Үүний тулд бидэнд МӨНГӨ хэрэгтэй.

Тэгвэл энэ мөнгийг хэрхэн бий болгох вэ.

Суурь дэд бүтцүүдтэй хүчирхэгжүүлэхийн тулд зээл, хөрөнгө оруулалтын орчноо зайлшгүй сайжруулах шаардлага бий болсон учраас өрийн таазыг нэмэгдүүлэх буюу 70 орчим хувьд хүргэх саналыг эрх баригчид дэвшүүлсэн ч өмнөх зээлийн байгаа олоогүй зарцуулалт зэргээс үүдэн энэ асуудал унасан.

Харин хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд хоёр томоохон төслийг урагшлуулахаар тал талд чармайж байгаа гэж бид найдан харж суугаа.

Одоо л мөнгө орж ирэх байх хэмээн хүлээгээд суусаар байх уу. Өмнөх алдаануудаа давтахгүйн тулд хуримтлал бий болгох сангуудыг өнөө, маргаашгүй шийдэж эдийн засагт нөлөөлж буй засаглал, систем, менежментийн хямралын алдаагаа юун түрүүнд гараа хумхилгүй засан залруулах хэрэгтэй байна.

 

Хуримтлал гэж юу вэ?

Санхүүгийн системийн дан ганц богино мөнгө эргэлддэг мөнгөний зах зээлд түшиглэсэн байдал нь урт хугацаанд бидний бий болгохоор хүсэн мөрөөдөж, төлөвлөдөг аж үйлдвэр, технологийн салбаруудын өсөлтийг бус нэмүү өртөг бага шингэсэн, бизнесийн богино мөчлөг бүхий салбаруудын эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд л хүрэлцэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, богино хугацаат мөнгө эргэлддэг дан ганц мөнгөний зах зээлд түшиглэн эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх боломж байхгүй гэсэн үг. Тэгвэл хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Аливаа зүйлийн эрэлт л байх юм бол тэр зүйл өсөж, хөгждөг. Хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний үйлчилгээний эрэлт нь эдийн засагт урт мөнгө, тогтвортой санхүүгийн эх үүсвэр л бий болсон цагт бодитоор бүрэлдэнэ.

Эдийн засгийн бодлогын хувьд “Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо” нь хувийн салбарын хуримтлалыг бий болгоход чухал алхам болсон бол улсын салбарын хуримтлалыг бий болгох тодорхой үндэсний хэмжээний хуримтлалын тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

Эдийн засагч Л.Бямбаа Дотоодын хуримтлалыг хэрхэн бий болгох вэ гэхээр тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сангуудыг зөв тогтвортой ажиллуулах явдал юм.

Гадаадын хөрөнгө оруулалтын цаана хэн байдаг вэ. Янз бүрийн сангууд байдаг. Сангийн ард хэн байдаг вэ гэхээр жирийн ард иргэд. Тэтгэвэрт гарах гэж байгаа АНУ-ын нэг иргэний тэтгэврийн мөнгө нь нэг санд байдаг, тухайн сангийн менежер нь Монголд хөрөнгө оруулалт хийе гэсэн шийдвэр гаргаад мөнгө нь Монголд орж ирээд явж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос гараад явахад бид өөрсдийн хөрөнгөөр тухайн төслүүдээ аваад явах ёстой. Түүнийг яаж бий болгох вэ гэхээр ердөө энэ үндэсний хуримтлал гэж зүйлийг бий болгох” гэж тодорхойлоод буй. Хуримтлалын бодлого нь л Монгол Улсын цаашдын авралын бас хөгжлийн загвар болох ёстой аж.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор уул уурхайн салбарт бий болж буй зарим санхүүгийн эх үүсвэрээс хуримтлал бий болгох боломж бидэнд бүрэн дүүрэн бий.

Урт хугацааны хуримтлалын сангаас гадна бид 2017 онд зээлсэн зээлийнхээ эргэн төлөлтийг төлөөд эхлэх учиртай. Тэр үед бид яах вэ.

Үндэсний хуримтлалын тогтолцоотой болгосноор та бидний үргэлж хүсэн мөрөөддөг эдийн засгийн тогтвортой байдал, санхүүгийн салбарындархлаа аяндаа өөрөө бий болох боломжтой.

“Бид эдийн засагтаа огт хуримтлалгүй явж ирсэн. Тогтворжилтын сандаа 400 тэрбум төгрөгийг хуримталсан байдаг. Түүнээсээ одоо хэрэглээд явж байна” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал МЭЗЧ-ны үеэр хэлсэн билээ.

 

ӨНӨӨДРИЙН ХАМГИЙН ЧУХАЛ нь…

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн УИХ-ын хаврын чуулган хэд хэдэн чухал асуудал буюу хүн бүрийн орлого, амжиргаа, ирээдүйн хуримтлалтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Заримаас нь хэлэлцэж эхлээд байна. 

Нэгт,  “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм.

Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн ам 16,1 хувиар өссөн бол  ахмад настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өсчээ.

Дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байна. 

График: 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тоо

Хэрэв тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ний 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байгаа төсөл боловсруулагчид онцолжээ.

Энэ тогтоолын төслийн гол санаа буюу өөрчлөлт нь 2008 онд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 19 хувь байсныг 14 хувь болгон 5 пунктээр  бууруулсаныг буцаагаад 19 хувь болгох санал юм.

Энэхүү бодлогын төсөл батлагдаж тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг дунд, урт хугацаанд бууруулснаар улсын төсвийн ачаалал багасч, тэтгэврийн даатгалын хамрах хүрээ нэмэгдүүлж, ахмад настан бүр наад захын орлогын баталгаагаар хангагдаж, даатгуулагч төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай зохистой хэмжээний тэтгэвэр авах,  малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалтай болж, өндөр орлоготой ажиллагчдад зориулсан хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тогтолцоотой бий болсноор  олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болох зэрэг эерэг үр дагаваруудтай байна гэж хууль боловсруулагчид үзэж байна.

Хоёрт,  Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,

Энэ сарын 10 –нд Засгийн газраас УИХ-д нэгэн хуулийн төсөл өргөн бариад байна.

1999 онд баталж, мөрдсөн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн гол үзэл баримтлал нь 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр буюу түүнээс хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн 1999 оноос өмнө ажиллаж байсан хугацааны шимтгэлийг хийсвэрээр тооцож, төлсөн шимтгэлийг нэмж, цалин хөлсний өсөлтийн хэмжээгээр хүү бодож, нийт нэрийн дансанд бүртгэсэн шимтгэлийн үлдэгдэл дүнг тодорхойлж байна.  

Энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд нийт нэг сая гаруй иргэн нэрийн данс нээлгэж, уг дансанд бүртгэгдсэн үлдэгдэл дүн 8.8 их наяд төгрөг болжээ. Энэ онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх 15 мянга гаруй даатгуулагч байгаа бөгөөд тэдний тэтгэврийн хэмжээг тооцож үзэхэд зарим даатгуулагчийн сард авах тэтгэврийн хэмжээ нь дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл бий болж, 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэврээс харьцангуй буурахаар байна.

Хуулийн төсөлд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар, эсхүл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу  аль өндөр хэмжээтэйг буюу өөрт ашигтай таатай нөхцөлийг сонгох боломж олгох харилцааг зохицуулахаар тусгажээ.  

Гуравт,  МОНГОЛ УЛСЫН  ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Цаашид уул уурхайн салбарын орлогоос зарцуулагдах хэмжээг орлогын өсөлтийг дагалдуулан нэмэгдүүлбэл 2030 оноос төсвийн зарлагыг их хэмжээгээр танах сорилттой тулгарах тул  уул уурхайн орлогын тодорхой хувиар хуримтлал үүсгэж эхлэх нь чухал юм.

Иймээс ойрын ирээдүйд уул уурхайн ордуудын нөөц шавхагдаж эдийн засгийн эргэлтээс хасагдах үед эдгээрийн төсөвт төвлөрүүлж байсан хэмжээний орлогоос дутуугүй эх үүсвэрийг жил тутам өгөх санхүүгийн хөрөнгийн хуримтлалын тогтолцоо, механизм бий болгох шаардлага тулгарч байна. Тиймээс хууль санаачлагчид МОНГОЛ УЛСЫН  ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ өргөн бариад энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр болоод байгаа билээ.

Энэ хуулийн гол 3 зарчмыг танилцуулъя.

  1. ИРЭЭДҮЙН ӨВ Сангийн удирдлагыг хэрэгжүүлэх Ирээдүйн өв сан корпорацийн онцлог зохицуулалтыг энэ хуулиар бусад нийтлэг асуудлыг Компанийн тухай хуулийг баримтлан ажиллахаар зохицуулсан байна.
     
  2. Сангийн хөрөнгийн эх үүсвэр нь ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, төрд ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого, 2018 оноос эхлэн улсын төсөвт орох эрдэс баялгийн орлогын суурь жилийн орлогоос давсан хэсгийн орлогын 20 хувь болон бусад орлогоос бүрдэхээр, Сангийн хөрөнгийг 2030 оноос эхлэн сангийн цэвэр орлогын 20 хувийг улсын төсөвт шилжүүлэх замаар зарцуулахаар тусгажээ.
     
  3. Сангийн хөрөнгийн удирдлагын дараагийн шатны баримт болох хөрөнгө оруулалтын стратегийг уг хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацийн Удирдах зөвлөлөөс батлахаар төсөлд тусгасан байна.

Олон улсын туршлагаар хамгийн анхны баялгийн сан 1953 онд Бүгд Найрамдах Кувейт Улсад “Кувейтийн хөрөнгө оруулалтын зөвлөл” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан байна. Түүнээс хойш 2013 оны байдлаар 50 гаруй улсын 70 орчим баялгийн сан олон улсад үйл ажиллагаагаа явуулж байна.  Эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 34 сан байна. Олон улсад үйл ажиллагаа явуулж буй 14 сангийн хууль эрх зүйн орчинг судалснаас 57% нь тухайн сангийн тухай хууль батлагдсанаар, компанийн тухай хууль болон ерөнхийлөгчийн зарлигаар тус бүр 14%, үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба Төсвийн хариуцлагын тухай хуулиар тус тус 1 сан байгуулагдсан талаар  Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

 

Та өөрийгөө санхүүгийн боловсролтой гэж боддог уу?

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Нийгмийн даатгалын тэтгэврийн санд хуримтлагдсан мөнгөний тодорхой хэсэг дээр бонд гаргаад түүнээс орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөгжүүлэх боломжийг нээх талаар Засгийн газар ажиллаж байна.

“Энэ нь манай барилгын санхүүжилтийн салбарт гарч байгаа цоо шинэ эргэлт” гэж Барилга Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэлээд буй.

Төр дээрх байдлаар хуримтлал үүсгэж, сангуудын бодлого, менежментийг өөрчлөх талаар эрчимтэй ярьж эхлээд байна. Харин хувь хүн та өөрийн хуримтлалыг бий болгох тал дээр хэрхэн анхаардаг вэ.

Төр, засаг иргэдийн хуримтлалын сангуудад барих бодлого, менежмэнт сул байгаа энэ үед хувь хүн өөрийн хуримтлалд анхаарал тавьж санхүүгийн сахилга батаа сахиж байх нь танай гэр бүлд төдийгүй улс орны эдийн засгийн эрсдэлд ч хамаатай билээ.

Хувь хүний санхүүгийн сахилга батыг хэрхэн дээшлүүлэх талаар эдийн засагч Л.Бямбаагийн нэгэн илтгэлийг хүргэж байна.

Хөгжингүй орны жирийн иргэн тэтгэвэрт гарах үедээ санхүүгийн эрх чөлөөнд хүрдэг бол жирийн Монгол хүн тэтгэвэрт гарахдаа санхүүгийн хямралтай нүүр тулсаар буй…

ВИДЕО:

Хуримтлал, хуримтлал … Яг өнөөдрөөс …

 

 

Ч.БОЛОРТУЯА - @Bolort

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.