Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ УЛСЫН ДНБ-ИЙГ ХЭН БҮРДҮҮЛДЭГ ВЭ?

Ч.Болортуяа
2015 оны 4 сарын 9
iKon.MN

 

Монгол Улсын эдийн засаг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2011 онд 17.3% өсч гадныхныг гайхшруулж байсан билээ.

Энэхүү өсөлтийн хүчин зүйлийг Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн, ашигт малтмалын үнэ тэнгэрт цойлсонтой холбон тайлбарладаг.

Харин 2013 оноос эхлэн гадаадын хөрөнгө оруулалт дотоод хүчин зүйлээс шалтгаалж буурсаар, түүхий эдийн үнэ ч доошилсоор 2014 онд Эдийн засгийн өсөлт даруй 10 орчим хувиар бууж 7.8% болсон билээ.

Хэдийгээр өсөлт буурч байгаа ч бид хасах руугаа ороогүй байна. Олон улсад Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хасах утга руугаа ороогүй тохиолдолд хямрал гэж үздэггүй.

2009 онд Монгол Улсын ДНБ-ий өсөлт -1.3% болж хямралтай жинхэнэ утгаараа нүүр тулсантай санал нэгдэж Олон Улсын Валютын Сангийн "Стэнд Бай" хөтөлбөрт орж байсан билээ.

Олон улсад тухайн улс орны эдийн засгийн өсөлт хоёр улирал дараалан хасахтай гарвал хямрал болсныг илтгэдэг гэж үздэг. Харин Монгол Улсын Эдийн засгийн өсөлт үргэлжилсээр байгаа бөгөөд өнөөгийн хүндрэл нь эдийн засаг гэхээсээ засаглалын хямрал гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа.

Эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйлүүд нь чухам ямар санхүүжилтийн эх үүсвэрээр бий болдог, Монгол Улсын ДНБ-ийг бүрдүүлж буй хүчин зүйлүүдийн задаргааг бид тэр болгон анзаардаггүй.

Тэгвэл уншигч та бүхэнд ДНБ-ий бодит өсөлтийн санхүүжилтийн эх үүсвэр хаанаас гардаг, мөн бүрдүүлэгч нь юу байдаг талаарх мэдээллийг хүргэж байна.

График 1. ДНБ-ий бодит өсөлт (Санхүүжилтийн эх үүсвэр)

Арилжааны банкууд Монгол Улсын эдийн засагт ямар нөлөөлөл бий болгож байгааг бид графикаас харж байна.

Ерөөс бизнес эрхлэх, эдийн засгийн өсөлтийг бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүдийн өргөжин тэлэлт, үйл ажиллагаа явуулах нь манай улсын хувьд арилжааны банкуудаас гарч буй эх үүсвэр чухал нөлөө үзүүлж байна.

Санхүү, хөрөнгийн эх үүсвэрийн бусад салбар төдийлөн сайн хөгжөөгүй манай оронд аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдийн гол тэтгэж байгаа нь арилжааны банкуудтай шууд хамааралтай юм.

ДНБ-ий санхүүжилтийн эх үүсвэрийн графикийг харвал төсвийн зардлын нөлөөлөл их өндөр байж байгаад сүүлийн хоёр жилийн турш буурсан байна. Эдийн засагчдын үзэж буйгаар төсвийн зардлын нөлөөлөл эдийн засагт бага нөлөөлөх нь эрүүл үзэгдэл гэж тодорхойлж байна.

Мөн графикаас харахад эдийн засгийн өсөлтөд 2012 оноос эхлэн Хөгжлийн банкны санхүүжилт буюу бондын мөнгө тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлжээ.

График 2. ДНБ-ий өсөлт, таамаглал ( эх сурвалж: АЗБ)

“Азийн Хөгжлийн Төлөв 2015” тайланд Азийн хөгжиж буй улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2015-2016 онуудад 2014 оны адил 6.3% байхаар харагдаж байна.

Монгол Улсын хувьд 2014 онд эдийн засгийн өсөлт 7.8% байсан нь 2015 онд 3%, 2016 онд 5% болж буурна хэмээн тооцоолоод байна.

 

ДНБ-ийг ХЭН БҮРДҮҮЛДЭГ ВЭ?

Бид ДНБ-ий өсөлтийн санхүүжилтийн эх үүсвэрийг харсан бол ДНБ –ийг ямар салбар, хүчин зүйлүүд бүрдүүлдэг талаарх задаргааг одоо үзүүлж байна.

Монгол Улсын ДНБ-ий нийт хэмжээг 10 тэрбум ам.доллар орчим гэдэг. 2014 оны ДНБ –ий хэмжээг харахад 15.5 их наяд буюу өнөөгийн ханшаар 8 орчим тэрбум ам.доллар болж байна.

2015 онд 10 тэрбум ам.доллар буюу 20 их наяд төгрөгт хүргэх зорилтыг манай улстөрчид тавиад байсан ч өнөөдрийн байдлаар энэ зорилтод хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

График 3. ДНБ-ийг хэн бүрдүүлдэг вэ?

Та ДНБ-ийг бүрдүүлж салбар, хүчин зүйлүүдийн дэлгэрэнгүй харахын тулд хулганаа график дээгүүр гүйлгэж харна уу.

ДНБ–ийг бүрдүүлдэг хүчин зүйлүүдийг харж байна. ДНБ–ий 23.5 хувийг уул уурхай, олборлолтын салбар эзэлж байгаа бол үйлчилгээний бусад үйл ажиллагаа буюу үйлчилгээний бизнес 19.5 хувь буюу өндөр хувийн нөлөөллийг үзүүлж байна.

Дараагаар нь хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэн худалдаа, авто засварын үйлчилгээнүүд бүрдүүлж байна. 

2010 оноос хойш тогтмол өсөлттэй байгаа салбар нь уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээний бизнесүүд эзэлж байгаа бол өсөлтөө тогтмол хадгалж байгаа нь барилга, боловсруулах үйлдвэр, тээвэр, мэдээлэл холбооны салбарууд байгаа юм.