Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрхи Дорнодод хүчирхэгжиж буй Иран

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN

Иран улс Барууны гүрнүүдтэй цөмийн хэлэлцээр хийж байна. Тэдний хэлэлцээр өнөөдөртөө багтан эцэслэх ёстой. Түүний хажуугаар Иран өөрийн төлөөллүүдээрээ дамжуулан Ойрхи Дорнодод хүчээ улам бүр нэмэгдүүлсээр байна.

Үр дүнд нь Исламын шашны хоёр том урсгалын төв болох Шийтийн Тегеран (Иран), Суннитын Рияадын (Саудын Араб) дунд цуст тэмцэл даамжирч эхэллээ.

Дараах зурган дээрээс Ираны нөлөө хүчтэй байгаа бүс нутгууд (хүрэн), Ираны шууд оролцоотой бүс нутгууд (судалтай) харагдаж байна.

 

Сири

2011 оны зун Сирийн удирдагч Башар аль-Ассадын дэглэм, зургаан сар үргэлжилсэн босогчдын тэмцлийн улмаас бараг унах шахаж байв. Ажиглагчид дэглэмийн уналт сүүлийн шатандаа орсонд тооцож байлаа.

Гэвч Шийтийн урсгалын нэг салаа болох Алавитын шүтлэгтэн голлодог Ассадын дэглэмийг Суннит урсгалын дэмжлэгтэй босогчдод дийлдэхийг Иран хүссэнгүй. Иран өөрийн талын Ливаны Хизбаллах бүлгийн дайчдыг Ассадын дэглэмийн талд оруулан тулалдуулав.

Дөрвөн жилийн хугацаанд Сири аймшигт иргэний дайны галд шатаж 220,000 хүний амь үрэгджээ.

Ираны дэмжлэгтэй Ассадын хүчнийхэн асар олон тооны энгийн иргэдийн амь үрэгдсэнд буруутай гэж Барууныхан үздэг.

Нөгөө талаас Исламын улс, Аль Каедагийн дэмжлэгтэй Нусра Фронт зэрэг Суннит бүлэглэлүүд Сирийн томоохон газар нутгийг мэдэлдээ оруулаад байна.

Шинжээчид Сирийн дайн Шийтийн урсгалын байр суурийг бүс нутаг болон дэлхий дахинд бэхжүүлэх зорилгод нь Иранд тусалсан гэж үзэж байна.


Ирак

2011 онд АНУ-ын цэрэг гарсны дараа Шийтийн төлөөлөгч, ерөнхий сайд Нури аль-Маликигийн засгийн газар Суннит улс төрчдийн оролцоог багасгаж эхлэв. Уур хилэн нь бадарсан Суннит овгийн удирдагчид, Исламын улс бүлэглэл гарч ирэн Иракийн баруун хойд бүсийг эзлэхэд дэмжиж угтжээ.

Одоогийн байдлаар АНУ-ын сургаж бэлдсэн Иракийн арми Исламын улстай хийх тэмцэлд төдийлөн ахиц гаргахгүй байгаа бол засгийн газар Шийт дайчдын зэвсэгт бүлэглэлүүдэд гол найдлага тавьж байна.

Ираны генерал, Ираны элит хүчний командлагч Кассим Сулеймани Ирак дахь Исламын улстай тэмцэгч бүлэглэлүүдэд зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Зарим мэдээллээр Шийт дайчид Суннитуудын голлон суудаг хот тосгодыг эзэлж авсныхаа дараа Исламын улсаас өшөө авч хүн амыг бөөнөөр нь хядах зэрэг аймшигт гэмт хэргүүдийг үйлдэж байгаа гэнэ.


Иемен

2011 он хүртэл Иемений засгийн газрын тэргүүн Али Абдуллах Салех өмнө талдаа Шийт Исламын Зайди урсгалын Хути босогчдыг, хойд талдаа Адены булан хавьд үүссэн Аль Каедагийн тэмцлийг хүчээр тогтоон барьж байлаа.

Гэвч 2012 оны эхээр Арабын хавар хөдөлгөөнд Иемен автаж Салех үүрэгт ажлаа дэд ерөнхийлөгчдөө хүлээлгэж өгөв.

Гурван жилийн дараа түүнийг залгамжилсан Абд Раббу Мансур Хади, Хути босогчид Иемений баруун хэсгийг мэдэлдээ авч хүчирхэгжсэний улмаас эх орноо орхин дүрвэлээ.

Хути нарын бослогыг Иран хүчтэй дэмжиж, материаллаг тусламж илгээж байсан нь 2013 онд Ираны олон мянган зэвсэг ачсан хөлөг онгоцыг илрүүлснээр батлагддаг.

Гэвч нийслэл Сана хотыг босогчид эзэлсний дараа Иран багаа авч хаяв. Босогчдын удирдагчид Тегеранд айлчилж, иргэний агаарын тээврийн компаниуд нь нийслэлүүдийн хооронд өдөрт 14 нислэг үйлддэг болжээ.

Гэтэл Ираны дэмжлэгтэй төрийн эргэлтийн эсрэг Саудын Араб хөдөлж эхэллээ. Тэд Мороккогоос эхлээд Пакистан хүртэл нийт 10 Суннит улсыг нэгтгэсэн зэвсэгт хүчний эвсэл байгуулж Иемений босогчдыг бөмбөгдөж эхлэв.

Үүнтэй зэрэгцээд Суннитууд давамгайлдаг өмнөд мужийн овог аймгууд Хути нарын засаглалыг үл зөвшөөрөн Аль Каедатай холбоотон болж эхэлжээ.

Хути нарын уриа нь 1979 оны Ираны хувьсгалын урианаас санаа авсан байдаг: “Бурхан бол агуу. Америкт үхэл. Израйльд үхэл. Бурхан Жүүдүүдийг хараасан. Исламд Ялалт”


Ливан

Ливанд иргэд нь Ливаны Христүүд, Шийт Муслимууд, Суннит Муслимууд, гэж хуваагддаг. Тегераны дэмжлэгтэй Хизбаллах зэвсэгт бүлэглэл нь Шийт урсгалынх бөгөөд удаан хугацаанд оршин тогтнож байгаа хүч.

Барууныхан Ливаны 65,000 цэргийн албан хаагчыг өвч зэвсэглэн, дэмжиж байж Хизбаллахын хүчийг тогтоон барьдаг гэдэг. Гэвч Нусра Фронтынхон болон Исламын улсынхан Сирийн зүгээс Ливанд довтлохоос сэргийлж Иран Хизбаллахд тусламж үзүүлж эхэлжээ. Саяхны мэдээллээр Саудын Араб Ливанд $3 тэрбумын зэвсгийн тусламж санал болгосны хариуд Иран мөн өөрийн саналыг тавьсан гэнэ.


Газийн зурвас, Палестин

Гуравхан жилийн өмнө Иран болон Газийн зурваст засаглаж буй Хамас бүлэглэлийнхэн төдийлөн сайн харилцаагүй байлаа. Ираны дэмждэг Башар аль-Ассадын дэглэмийн эсрэг боссон Суннитын дайчдыг Хамас дэмжиж байв.

Гэвч Египетэд (Газийн өмнөд хэсэгтэй хиллэдэг) Муслим ахан дүүсийн холбоо, шинэ засгийн газраар солигдож, Сирийн дайн дөрвөн жил сунжирсны улмаас Хамаст шинэ холбоотон хэрэгтэй болжээ.

Тегеран ч Суннит бүлэглэлүүдэд нөлөөгөө алдахаас айж Палестин руу хандаж эхлэв. Хизбаллахын зуучлалаар Иран, Хамас хоёр Сири дэхь зөрчлөө үл хайхран хамтрахаар боллоо.

Одоогийн байдлаар Израйль цөмийн зэвсэгтэй Ираныг хамгийн том бодит аюул гэж харан ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Барууныхны Тегерантай хийж буй цөмийн хэлэлцээрийг эрс шүүмжилж байгаа.

Израйльтай хиллэдэг Сирийн хэсэгт Ираны цэргийн дээд албаныхан ажиллаж байгаа нь илэрхий болсон. Өнгөрсөн нэгдүгээр сард Израйлийн тал Голаны өндөрлөгийн Сирийн талд агаарын цохилт өгөх үеэр Ираны элит хорооны генерал Мохаммад Али Аллах-Дади амь үрэгдсэн нь үүнийг баталж байна.


Бахрейн

Дөрвөн жилийн өмнө Саудын Араб Бахрейнд цэрэг илгээж Шийтүүдийн тайван жагсаалыг тарааж байсан юм. Энэхүү жижиг вант улс нь Шийтүүд голлодог хэдий ч Суннит удирдагчидтай орон. Хэдийгээр Бахрейн болон Рияадын (Саудын Араб) эрх баригчид Ираныг дэмжигчдийг дарах бодлого явуулдаг ч хүн амын засаглалыг солих гэсэн эрмэлзлэл хэвээр байгаа.

Тэнд саяхнаас засгийн газрын эсрэг Сарая аль-Мухтар бүлэглэл бий болсон. Хизбаллах бүлгийн тэргүүн Хассан Насраллах хэлэхдээ Бахрейны Шийтүүдэд цэрэг, зэвсэг илгээх эсэх нь түүний үзэмжийн асуудал гэжээ.


Афганистан

Ираны Афганистан дахь нөлөө 9 сарын 11-ний хэрэг явдлын дараа АНУ цэргээ оруулснаас хойш хязгаарлагдаж эхэлсэн юм. Гэвч 2011 оноос Вашингтон цэргээ гаргаж эхэлснээс хойш Иран байр сууриа нэмэгдүүлэхийг сонирхох болсон нь илэрхий харагдаж эхэлжээ.

Тегеран түүх соёлын хувьд гүнзгий холбоотой, Ирантай хиллэдэг Афганы баруун нутагт хөрөнгө оруулалтаа цутгаж эхлэв.

Афганистан, Ираны хоорондох худалдаа 2009-2014 оны хооронд 10 дахин өсч $5 тэрбумд хүрэв.

Гэхдээ тэдний хөрөнгө оруулалтыг үргэлж таатай хүлээж авсангүй. Жишээ нь Шийтүүд голлон суудаг Бамьяан мужид Иран улсыг үндэслэгч Аятолла Рухолла Хомейнигийн нэрэмжит эмнэлэг байгуулах хөрөнгө оруулалтыг Ираны сонирхлыг сэжиглэн үздэг этгээдүүд эсэргүүцэж байлаа.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty