МЭРГЭЖИЛ ТАНЫГ ГОЛОХ УУ, ТА МЭРГЭЖЛИЙГ ГОЛОХ УУ?
/Мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа сурагчдад сонголтод нь туслах зорилгоор өгүүллийг дахин нийтэллээ/
Элсэлтийн шалгалт ойртсоор...Ямар чиглэлээр суралцахаа шийдчихсэн сурагчид байхад хараахан шийдэж амжаагүй хүмүүс ч бий.
МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ? Энэ асуулт толгой дотор нь эргэлдэж байгаа хүмүүст зориулж дараах инфографикийг танилцуулж байна.
Энэхүү инфографик нь Монгол Улсын ажиллах хүчний зах зээлд эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалт болон дэлхий даяар хамгийн эрэлт хэрэгцээ, цалин өндөртэй мэргэжлийн жагсаалтыг харуулна.
/Эх сурвалж: Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж, Career Builder/
Нэг талаас зах зээлд эрэлттэй мэргэжил сонгохыг зөвлөж болох боловч нөгөө талаас өөрийн сонирхлыг дагаж мэргэжлээ сонгосон хүн амжилтад хүрдэг гэдэг. Сэтгэл Судлалын Үндэсний төвийн захирал сэтгэл судлаач Б.Ууганцэцэг нэгэн өгүүлэлдээ мэргэжил сонгоход хүн дараах дөрвөн салаа зам дээр зогсдог гэжээ.
- Хувийн сэтгэл зүйн хүчин зүйл /өөрийн сонирхол хүсэл, эрмэлзлэл/
- Найз нөхөд, хамт олны нөлөөлөл, даган дууриалт
- Гэр бүл, ээж аавын хүсэлт, шаардлага
- Нийгмийн хэрэгцээ
Тиймээс олон мэргэжил олон сонголтууд дундаас өөртөө хэрэгтэй өөрийнхөө чадна гэж бодсон зүйлд хүчээ сорьсон нь дээр. Энэ нь ирээдүйн амьдралын баталгаа болж өгдөг. Мэргэжил сонгохдоо өөрийнхөө сэтгэл зүйн дараах байдлуудыг анхаарвал зохино.
- Аливаа зүйлийг тооцоолох чадвар
- Авьяас чадвар
- Шийдвэр гаргалт
- Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж
- Темперамент /зан араншин/
- Хувь хүний хөгжлийн онцлог
- Хэрэгцээ
- Хүсэл сонирхол, хобби
- Сэдэл
- Чиг хандлага
- Зан төлөв
- Зоригийн үйлдэл
Эдгээр нь сонгох, эзэмших гэж байгаа мэргэжлүүдэд өндөр нөлөө үзүүлдэг, ач холбогдолтой. Ер нь эзэмших гэж байгаа уг мэргэжлийнхээ чадварууд дээрээ тулгуурлан мэргэжлээ сонгож, өөрийнхөө авьяас чадвар нөөц бололцоогоо илрүүлэн гаргасан цагт тухайн салбартаа тэргүүлэгч нь байж чадна гэжээ.
Мэргэжлийн сэтгэл судлаачийн дүгнэлт ийм байгаа бол БСШУЯ-ны тоо баримтуудыг харцгаая...
УЛСЫН ХЭМЖЭЭНД ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
/БСШУЯ-ны Боловсролын салбарын 2014-2015 оны статистик мэдээллийг ашиглаж хийв/
Улсын хэмжээнд их дээд сургуульд суралцаж буй нийт оюутнуудаас бизнесийн удирдлага, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнуудууд хамгийн өндөр хувийг эзэлж байна.
Харин Монголд эрэлттэй хими, нанотехнологи, хүрээлэн буй орчны мэргэжилтэн зэрэг байгалийн ухаан, инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо харьцангуй бага байгаа нь харагдлаа.
2014-2015 жилд суралцаж буй оюутнуудын тоо, зэргээр:
2014-2015 жилд бакалавр, магистрт суралцагчдын тоо салбар чиглэлээр:
АЖЛЫН БАЙР...
Их дээд сургууль төгсөгчдийн үндсэн зорилго бол хүссэн ажлын байрандаа очиж, амьдралын баталгаагаа хангаж, цаашид карьер өсөж дэвших байдаг. Тэгвэл их дээд сургууль төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болсныг харцгаая.
Төрийн өмчит сургуулиудыг төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болов?
/Эх сурвалж: Боловсролын салбарын 2013-2014 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэл/
Төрийн бус өмчит сургуулиудыг төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болов?
/Эх сурвалж: Боловсролын салбарын 2013-2014 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэл/
Графикаас харахад төрийн болон төрийн бус өмчит их дээд сургуулийн оюутнуудын ажлын байраар хангагдсан байдлыг харахад сонирхолтой үр дүн гарчээ.
Төрийн өмчит их дээд сургууль төгсөгчдийн 38 хувь нь ажилтай болсон бол төрийн бус өмчит их дээд сургууль төгсөгчдийн 46.7 хувь нь ажлын байртай болжээ.
Харин боловсролын зэрэг ахих тусам ажлын байртай болох тохиолдол нэмэгддэг гэсэн дүгнэлтэнд хүрч болохоор байна.
Бакалаврын зэрэгтэй төгсөгчдийн ажлын байраар хангагдсан байдал бага байгаа нь цаашид үргэлжлүүлэн сурах шийдвэрээс ихээхэн шалтгаалдаг бололтой.
Учир нь төрийн болон төрийн бус өмчит их дээд сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн оюутнуудын 85-90 хувь нь ажлын байртай болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
