Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бүсгүй танд дэлхийн түүхэн дэх хамгийн тэмцэгч 17 эмэгтэйг танилцуулж байна.
АН САН СУ ЧИ - Мьянмарын Ардчиллын төлөө тууштай тэмцэгч, Нобелийн Энхтайвны шагналт Ан Сан Су Чи эрх чөлөөний төлөө 15 жил гэрийн хорионд байжээ. Тэрбээр улс орондоо Ардчилсан дэглэм тогтоохын тулд өөрийн бүхий л амьдралаа зориулж, “чимээгүй” хувьсгал хийсэн билээ.
БИЛЛИ ЖИН КИНГ-Нийгэм, спортод буй хүйсийн тэгш бус байдлыг эсрэг тууштай тэмцэгч Билли Жин Кинг нь 1973 онд Уимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дэлхийн аварга Бобби Ригсийг “Хүйс хоорондын тулаан”-д буулгаж авснаар түүхэнд үлдсэн билээ. Энэхүү тоглолтыг дэлхий даяар 50 сая гаруй хүн шууд хүлээн авч үзсэн байдаг. Тэрбээр хожим нь тэмцээнд байр эзэлсэн эмэгтэйчүүдэд өгөх шагналын мөнгийг эрчүүдийнхтэй тэнцүү болгох хөдөлгөөн өрнүүлсэн юм.
ПУЛАН ДЕВИ- Хойд болон Төв Энэтхэгийн баян чинээлэг хүмүүстэй тэмцэгч “Гэмт хэргийн хатан хаан” гэж нэрлэгддэг Дулан Деви алан хядлагын бүлэглэл удирддаг байжээ. Тэрээр 1981 онд Энэтхэгийн баян чинээлэг 20 гаруй эрийг хороосон байна. Энэ хэргээсээ болж 11 жил шоронд хоригдсон юм.
ГОЛДА МЕЙР-1973 оны дайны үед Израйлын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэрбээр Сионист хувьсгалыг удирдаж, нутгаа орхисон Еврейчүүдийн холбооноос 50 сая долларын хөрөнгө босгосноор улс орноо бэхжүүлж байжээ.
ЭММЕЛИН ПАНКХЁРСТ -Панкхёрст Их Британийн Эмэгтэйчүүдийн Улс төр, Нийгмийн холбоог үндэслэсэн бөгөөд эмэгтэйчүүдийн сонгуульд санал өгөх эрхийн төлөө тууштай тэмцсэн билээ. Түүнийг 1999 онд “Тайм” сэтгүүл XX зууны хамгийн нөлөө бүхий хүнээр нэрлэсэн юм. Учир нь тэрбээр тэмцлийнхээ туршид маш олон удаа баривчлагдсан ч эмэгтэйчүүдийн сонгуульд саналаа өгөх эрхийн төлөө тэмцэхээс хэзээ ч нүүр буруулаагүй юм.
ХАРРИТ ТЮБМЭН-1820 онд төрсөн, боол гаралтай Харрит Тюбман Мэриландаас эрх чөлөөний төлөө Пеннсилвани руу дүрвэжээ. АНУ-ын Иргэний дайны үеэр тэрбээр цэрэг удирдаж 700 гаруй боолыг чөлөөлсөн юм.
АНЖЕЛА ДЭВИС- Улс төрийн идэвхтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч, оюутан, зохиолч Анжела Дэвис Холбооны шүүгчийн үхэлд буруутгагдаж эрэн сурвалжлагдаж байжээ. Хэргийн дараа Анжела Дэвис зугтсан байна. Тэрээр 1972 онд Нью-Йорк хотод баривчлагдсан ч хүний эрхийн идэвхтэн, дэмжигчдийн нөлөөгөөр цагаатгагдсан билээ.
НАДЕЖДА ТОЛОКОННИКОВА, МАРИЯ АЛЁХИНА- Оросын “Пусси Риот” буюу “Муужгайн бослого”хамтлагийн гишүүд болох энэ хоёр бүсгүй ерөнхийлөгч В.Путины эсрэг тэмцлээсээ болж шоронд хоригдож байсан билээ. Пусси Риотын бүсгүйчүүд өөрсдийн тэмцэлдээ хүний эрхийн үзэл санааг тусгадаг.
АННА ФРАНК-13 настай Еврей охин Анна Франкын өдрийн тэмдэглэлүүд дэлхий дээр 67 хэл дээр 30 сая хэвлэгдсэн байдаг. Нацистуудаас нуугдаж хоёр жил орчим нуувчинд амьдрахдээ тэрбээр өдрийн тэмдэглэлээ бичиж, богино хугацаанд ч утга учиртай амьдарч болдгийг харуулсан төдийгүй тухайн үеийн еврейчүүдийн туулсан зовлон, Гитлерийн харгис дарангуйллыг түүхэнд мөнхөлсөн билээ. Анна Франк 15 настайдаа хорих лагерт өвчний улмаас нас барсан.
ВИЛМА ЛУСИЛА ЭСПИН-Кубын коммунист хувьсгалын сүнс гэгддэг Вилма Лусила нь химийн инженерээр суралцсаныхаа дараа 1950-иад оны үед Батистагийн дарангуйллын эсрэг хүчтэй тэмцэж эхэлжээ. Энэхүү тэмцлээрээ Карибийн эгэл даруу эмэгтэй дайны талбарт хэрхэн тулалддагийг харуулж чадсан юм.
ТАВАКУЛ КАРМАН- Йемений эмэгтэй сэтгүүлчдийн “Гинжгүй сэтгүүлчид” байгууллагын тэргүүн Тавакул Карман нь эрх чөлөө, энх тайвны төлөө тууштай тэмцэгч юм. Тэрбээр 1978-2012 оны хооронд Йемений ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Алли Абдулла Саллиг огцрохыг шаардаж байсан юм. Энэ тэмцлийнхээ явцад Тавакул Карман хэд хэдэн удаа баривчлагчдаж байжээ.
НАДЕЖДА КРУПСКАЯ-Оросын их удирдагч Владимир Лениний гэргий Надежда Крупская нөхөртэйгээ хамт Сибирт цөлөгдөж, тэндээ хуримаа хийж байсан. Цөллөгөөс суллагдсаныхаа дараа тэрбээр “Искра” сонинг марксистуудад зориулж эрхлэн гаргаж байжээ.
КОРАСОН АКИНО-Сенатор нөхөр нь сөрөг хүчний удирдагч байсан бөгөөд дарангуйлах дэглэмийн эсрэг тэмцэлд амь үрэгдсэний дараа Корасон Акино түүний үүргийг авч 1986 оны Ардчилсан хувьсгалыг удирдаж байсан. Тэрбээр Филиппины ерөнхийлөгчийн дуулиант сонгуульд ялалт байгуулсан юм.
ЖЬЯН ЧИН- 1938 онд Мао Зэ Дуньтэй гэрлэснийхээ дараа Жьян Чин Коммунист нам өөд шатаар авирч байгаа мэт л өгссөн гэдэг. Гэхдээ тэрбээр нөхрөө нас барсны дараа "Дөрвөг дээрэмчний бүлэг"-ийг удирдаж, намын эрхийг булааж авахын тулд гурван хүнтэй хамтран хуйвалдаан зохион байгуулж байжээ. Энэ хэргээсээ болж Жьян Чин нас барах хүртлээ 12 жилийн турш шоронд хоригдсон билээ.
МЭРИ УОЛСТОНКРАФТ- XVIII зууны үед Их Британид амьдарч байсан зохиолч, философич Мэри Уолстонкрафт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн төлөө тэмцэж байв. Түүний хамгийн алдартай хоёр бүтээл нь A Vindication of the Rights of Men (1790), A Vindication of the Rights of Woman (1791) юм.
ЖАНЕТ ЖАГАН-Чикагод төрсөн Жанет Жаган нөхрийнхөө хамт Гайанад Ардын Дэвшил намыг байгуулж Марксизмын үзэл санааг сурталчилж эхэлжээ. Түүний удирдсан бослогын үеэр Жанет Жаганыг Английн Ерөнхий Сайд Уинстон Черчиль шоронд хорьж байжээ. Тэрбээр 1997 онд Гайана улсын Ерөнхий сайдаар сонгогдсон юм.
СЮЗАН БРАУНЕЛ ЭНТОНИ-1851 онд АНУ-д эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн асуудлаар тууштай тэмцэгч байсан бөгөөд орон даяар суртал ухуулга явуулж, эрх баригчидтай мэтгэлцэж байв. Тэрбээр 1872 онд хууль бусаар санал өгсөн хэргээр баривчлагдаж, 19 дүгээр нэмэлт өөрчлөлтөөс өмнө нас эцэслэсэн юм. 19 дүгээр нэмэлт өөрчлөлтөөр АНУ-д сонгуульд саналаа өгөх эмэгтэйчүүдийн эрх нээгдсэн билээ.