Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Халх голын байлдаанд оролцсон манай улсын дайчдын үнэмлэхийг Г.К.Жуковын музейд хүлээлгэн өглөө

open.parliament.mn
2015 оны 2 сарын 16
open.parliament.mn

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, түүний гэр музейг үзэж сонирхлоо.

Халх голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэн, үнэтэй хувь нэмэр оруулсан Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөг 1981 онд босгожээ. 1939 онд Халхын голын байлдааныг командлахаар Улаанбаатарт буудалласан байшинг нь музей болгож, дэргэдэх талбайд хөшөөг босгосон билээ. 1939 оноос 1940 оны тавдугаар сарын эхэн хүртэл Г.К.Жуков уг байшинд амьдарч байсан аж.

ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин маршал Г.К.Жуковын музейг үзэж сонирхсоны дараа Халх голын байлдаанд оролцож байсан манай улсын зарим дайчдын үнэмлэх болон тухайн үед манай улсаас ЗХУ-д суралцаж байсан оюутнуудын талаарх материалыг музейн захирал хурандаа н.Золзаяад хүлээлгэж өгсөн.

Цэцэг өргөх ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5