Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдэд зориулан анх удаа “Харшийн сүлд модны наадам”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн төвд өнөөдөр зохион байгууллаа.
Хүүхдүүд бүтэн өдрийн турш баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө. Тухайлбал хүүхдүүд баг болон хуваагдан 8 өртөөгөөр аяласан. Үүнд оновчтой цохилт, олс таталт, хөгжилтэй бухиа, монгол тоолол, өнгөт бөмбөг, мийнтэй талбай, сантагийн гэр болон удирдлагатай бөмбөг өртөөнүүдээр баг багаараа ээлжлэн 15 минутын хугацаатайгаар аяласан.
Мөн урлагийн тоглолт 14:00 цагт Найрамдал олон улсын төвийн Хараацаатай театрт болсон. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган мөн холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “ Бага байхад шинэ жилийн ийм гоё тоглолт үзэх боломж олддоггүй байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулан хүүхдүүд та бүхнийгээ харшийн сүлд модны наадамд оролцуулж байгаадаа баяртай байна. Шинэ жилийн баярт хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ шинэ оны мэнд хүргэе. Энэхүү үйл ажиллагааг ирэх жилээс уламжлал болгон зохион байгуулна” гэлээ.
Бяцхан хүүхдүүдэд нийслэлийн Засаг дарга гарын бэлгээ гардуулж мөн Монголын Хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллеж болон найман аймгийн авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд буюу нийт шилдэг 100 гаруй хүүхдүүд оролцсон урлагийн тоглолтоо толилууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!