Их хотод шинэ жилийн уур амьсгал оржээ. Хараа булаам гоёмсог гацуур, баярын чимэглэл, энд тэндгүй эрээлжлэх реклам сурталчилгаа Арванхоёрдугаар сар ирснийг нотлох шиг.
Эдийн засгийн хямрал болж, улсын төсөв 800 тэрбум төгрөгөөр тасарсантай холбогдуулан энэ жил төрийн байгууллагын ажилтнууд төсвийн зардлаар шинэ жилээ тэмдэглэхгүй байх гэсэн таамаглал байна.
Учир нь 2012 онд УИХ-ын дарга З.Энхболдын санаачлагаар төсвийн урсгал зардлыг хэмнэхтэй холбогдуулан төрийн байгууллагууд бие биедээ явуулдаг цаасан мэндчилгээг цахим болгох, шинэ жилийн баярыг тэмдэглэх үеэр татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, баяр цэнгээнийг архидалт болгон хавтгайруулдаг зохисгүй явдлыг зогсоох саналтай байна гэсэн уриалга гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг болгож байсан.
Үүнийг Засгийн Газраас дэмжиж татвар төлөгчдийн мөнгийг үрэлгэн зарцуулахаас татгалзах тухай уриалгыг хэрэгжүүлж ажиллахыг өөрийн харъяаны байгууллагуудад үүрэг болгож байсан билээ. /ЭНД дарж үзнэ үү/
Мөн 2012 онд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийн харъяа байгууллагуудыг төсвийн мөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж байсан. Тэрээр шинэ жил гэдэг бол гэр бүл, найз нөхдийн хүрээний баяр учраас төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхийг сайшаахгүй байгаагаа мэдэгдсэн билээ. /ЭНД дарж үзнэ үү/
Шинэ жил гэдэг бол гэр бүл, найз нөхдийн хүрээний баяр учраас төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхийг сайшаахгүй
Харин үүнийхээ оронд хотын захын гэр хорооллын тодорхой байршилд сүлд мод засч, тэндхийн хүүхэд, хөгшдийг баярлуулах уриалга гаргасан юм. Учир нь аливаа тэмдэглэлт баярын үеэр захын хорооллын иргэд орхигдсон байдалтай байдаг гэдгийг анхааруулж байв.
Энэ жилийн хувьд төрийн байгууллагууд шинэ жилийн баяраа төсвийн зардлаар тэмдэглэх эсэх нь баттай шийдэгдээгүй байгаа бол зарим томоохон хувийн байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Энэ нь мөн эдийн засгийн хямрал болсонтой холбоотой бөгөөд үргүй зардлыг бууруулахын тулд хийж буй алхам юм байна.
Үйлчилгээний байгууллагуудын шинэ жилийн бэлтгэл бүрэн хангагдсан гэж хэлж болохоор байна. Тэд өөрсдийн зүгээс шинэ жилийн баярын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд санал болгоод эхэлсэн бөгөөд хямдрал, багц, хөнгөлөлт урамшуулал гээд олон сонголт бүхий боломжийг олгож байгаа.
Томоохон цэнгээний газар, зоогийн газруудаас тодруулахад шинэ жилийн хүлээн авалтын захиалгаа аль хэдийнэ аваад эхэлсэн бөгөөд хүлээн авалт хамгийн эртдээ 12 дугаар сарын 13-наас эхэлж 30-ний өдөр дуусах төлөвтэй байна.
Харин дэлгүүрүүдээр баярын чимэглэл, тоглоом, гацуурууд худалдаалагдаж эхэлжээ. Мөн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанууд нээгдсэн бөгөөд хамгийн том үзэсгэлэн худалдаа энэ сарын 5-31-ний хооронд Дүнжингарав худалдааны төв дээр зохион байгуулагдах гэнэ. Мөн Соёолж, Улсын их дэлгүүр зэрэгт өнгөрсөн сарын сүүлээс шинэ жилийн үзэсгэлэн худалдаа эхэлсэн ажээ.
Ямартай ч шинэ жил болдгоороо болно. Харин ХЭМНЭЛТИЙН ШИНЭ ЖИЛ байх уу гэдгийг харах л үлдлээ.
Их хотод шинэ жилийн уур амьсгал орсонтой холбоотойгоор бид Улаанбаатар хотын хамгийн гоёмсог чимэглэл бүхий газруудаар явж ФОТО СУРВАЛЖЛАГА бэлтгэснээ танд хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!