Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

LG: Дэлхийг дагуулсан ТЕХНОЛОГИ

Ч.Болортуяа
2014 оны 11 сарын 19
IKON.MN

LG корпорацийн төв байр, Ихэр цамхаг, Сөүл хот

Улс эх орны хөгжлийн гарц нь хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагуудын ололт, амжилтаас үүдэлтэй байдаг билээ.

Монголчууд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сүүлийн хоёр жилийн турш идэвхтэй ярьсаар байгаа ч экспорт дахь уул уурхайн бүтээгдэхүүний хувьд төдийлөн өөрчлөлт орж чадахгүй л байна.

Дотоодын үйлдвэрлэл хөгжинө гэдэг жижиг дунд үйлдвэрлэлээс эхлээд үндэстэн дамнасан корпораци болтлоо хөгжиж эх орныхоо эдийн засагт томоохон түлхэц өгөхөөс гадна тухайн улс орны нэр хүндийг олон улсын хэрэглэгчдэд таниулах үлэмж их ач холбогдолтой.

Үйлдвэрлэл, технологийн ертөнцөд дэлхийд хүчтэй тоглогчдын нэг орон нь Солонгос билээ.

Улсдаа үйлдвэрлэлийн хэмжээ, ажилчдын тоо, эдийн засгийн эргэлт, олон улсад тархсан байдлаар дөрөвт жагсдаг үндэстэн дамнасан LG корпорацийн үйл ажиллагааны захаас нь ч болтугай танилцах боломж Монголын сэтгүүлчдэд олдсон юм. Үйлдвэрлэгч орноос суралцах зүйлс бидэнд тоймгүй их.

Зургийн тайлбар: LG корпорацийн үндэслэгч Кү ин Хо

LG корпораци нь LG Electronics-ийн толгой компани бөгөөд үндсэн гурван бизнесийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнд цахилгаан бараа, химийн болон үүрэн телефоны тоног төхөөрөмж мөн бусад үйлчилгээний хэрэгслүүд ордог. Нийтдээ 60 гаруй бие даасан компани LG группыг бүрдүүлж байна.

LG ELECTRONICS

Түүхэн хэлхээс:

  • 1947 онд LG нь Лак Хуй Химийн аж үйлдвэрийн корпораци нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан ба тэр цагаас хойш Бүгд Найрамдах Солонгос Улс дахь аж ахуй нэгжийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн гэдэг. 
     
  • Дайны хор уршигт бүхэлдээ өртсөн Солонгос үндэстнээ сэргээн босгохын тулд Goldstar компани цахилгаан бараа болон гэр ахуйн хэрэгслүүдийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн байна.
     
  • 1958 онд LG Electronics үүсгэн байгуулагдсан.
     
  • 1960 он нь LG Electronics-ийн хувьд хэд хэдэн цоо шинэхэн бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд анхлан танилцуулсан түүхэн үе гэж тэмдэглэгдсэн байна. Энэ арван жилийн хугацаанд LG нь анхны радио, хөргөгч, ТВ, агааржуулагч мөн угаалгын машин зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байжээ.
     
  • 1970 - 1980 он Солонгосын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үе байсан төдийгүй LG-ийн даяаршлын эхлэл байлаа. Энэ үед Lucky болон Goldstar компаниуд нь хамтран Солонгос улсыг дахин барьж босгохоор нэгджээ. 
     
  • 1995 онд тус компани албан ёсоор LG Electronics нэрээ нийтэд танилцуулсан бөгөөд глобал зах зээлийн өрсөлдөөнд тэргүүлэхээр өөрсдийгөө бэлтгэж эхэлжээ.
     
  • Шинэ мянганы эхний арван жил LG Electronics-ийн хувьд хавтгай дэлгэцтэй ТВ, гар утас болон угаалгын машин зэрэг бүтээгдэхүүнээр зах зээлийг тэргүүлсэн чухал ач холбогдолтой цаг үе байлаа. Сүүлийн арваад жилийн хугацаанд дээрх гурван төрлийн бүтээгдэхүүний нийт борлуулалтаар LG дэлхийд эхний гуравт орсон байна.
     
  • 2010 оноос хойш LG нь илүү хурдан, илүү ухаалаг ажиллаж зах зээлийг тэргүүлэхээр зорьсон. Ухаалаг Бизнес төвийг байгуулснаар олон төрлийн илүү ухаалаг гар утас, зурагт бусад хэрэгслийг бүтээх болон тэдгээрийг эрэмбэлэн хэрэглэгчдэдээ танилцуулах боломжтой болжээ.

ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦИ

Ноён Бүн-Жүүн Коо 2010 оны аравдугаар сард LG Electronics-ийн Дэд захирлаар томилогдон ажилласан ба 2011 оны гуравдугаар сараас хойш компанийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Шинэ нээлт, өндөр чанартай бүтээгдэхүүнүүдээр тэргүүлэгч болохыг зорьсон түүний хүсэл нь компанийн зорилго, тэмүүллийн төлөөлөл болон тус компани улам эрчтэй урагшилж байна.

1980 онд LG Electronics-ын анхны гадаад үйлдвэрлэлийн бааз үүсгэн байгуулагдсанаас хойш компани нь өөрийн хүчирхэг глобал стратегиа ашиглан дэлхийн зах зээлд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа юм. LG Electronics одоо дэлхий даяар 119 оронд салбараараа дамжуулж үйл ажиллагаагаа явуулж байна.

2013 онд LG Electronics компанийн борлуулалт 53 тэрбум ам.долларт хүрсэн амжилтыг үзүүлсэн байна.

Дэлхийн эдийн засаг удааширсан ч LG Electronics-ийн борлуулалт нэмэгдсээр байгаа юм.

Тус компанийн борлуулалт:

  • 2011 онд 49,55,
  • 2012 онд 50,34 тэрбум ам.доллар байсан бол 2013 онд 53 тэрбумд хүрч тасралтгүй өссөөр байна.  

Home entertainment, үүрэн телефон, гэр ахуйн бараа, агааржуулагч болон эрчим хүчний шийдэл зэрэг нийт таван төрөлд LG Electronics дэвшилтэт технологийг олон улсын хэрэглэгчдэд амжилттай нэвтрүүлсээр байна.

 

Сурвалжлагын дараагийн хэсэгт LG-ын Шинжлэх ухааны танхимыг та бүхэндээ танилцуулах болно.

Зургийн тайлбар: LG корпорацийн төв байр, Шинжлэх ухааны танхим