- Өдрийн сурвалжлага /ФОТО зурагтай/
Монголчууд таван хошуу малаас хаях юм байдаггүй гэдэг. Баасыг нь хүртэл түлш, бордоо болгодог уламжлалтай. Харин малын ясыг үйлдвэрийн аргаар боловсруулж, хэрэглэж байгаа зүйл одоогоор үгүй. Тэгвэл өдөрт хэдэн тонноор нь хаяж байгаа ясыг боловсруулж, үлдсэн үнсийг нь мөнгө болгох үйлдвэр үйл ажиллагаагаа эхлэх гээд "дуншиж" байна.
"Бүрдэн говь" компанийнхан өөрсдийн бололцоогоор үйлдвэрийнхээ барилга, тоног төхөөрөмжийн 65 хувийг бэлэн болгосон ч вальютын өсөлт зэргээс шалтгаалан эхлүүлсэн ажлаа дуусгаж чадахгүйд хүрч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас дэмжлэг хүсчээ. ҮХАА яамны дэд сайд болон холбогдох мэргэжилтнүүд хаягдал яс боловсруулах үйлдвэрийн явцтай танилцахаар очсон юм.
Хотын төвөөс 40 гаруй км газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Бүрдэн говь" компанийн хаягдал яс боловсруулах үйлдвэр байрладаг. Уг үйлдвэр өдөртөө 36 тонн ясыг анхан шатны боловсруулалт хийн 5 тонн ясны тос,16 тонн ясны гурил буюу тэжээл гаргах хүчин чадалтай юм байна. Мөн үйлдвэрийн хоёр дахь хэсэг болох дахин боловсруулалт хийн саван, шампунь, шаазан эдлэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийг ирэх оны дөрөвдүгээр сард барьж эхлэхээр төлөвлөжээ.
Ясны тосоор саван, шампунь зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хийдэг бол ясны гурилыг хүнсэнд хэрэглэхийн зэрэгцээ нэмэлт тэжээл, гэрийн тэжээмэл амьтны хоолыг хийхэд ашигладаг байна.
Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан ҮХАА-ын дэд сайд Б.Цогтгэрэл "Монголчууд маш их хэмжээний яс хаядаг. Жилд 50-70 мянган тонн яс хаядаг гэсэн судалгаа бий. Монгол малын яс илүү органик агууламжтай. Эрдэс бодис, калийн агууламж ч өндөр байдаг юм билээ. Мөн хөрш орнуудад манай малын ясаар шаазан хийж туршсан удаа ч бий. Үр дүнд нь маш чанартай шаазан гарсан байсан.
Сүүлийн үед яс боловсруулах үйлдвэр баръя гэсэн санал их гарах болсон. Одоогоор 4-5 компани хөөцөлдөөд явж байна. Энэ чиглэлийн компани олон байвал үйлдвэрлэлээ булаацалдана. Түүхий эдийн хангамжийн тал дээр ч асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Тийм болохоор хамгийн түрүүнд ашиглалтад орох ганц хоёр үйлдвэрийг дэмжинэ гэсэн бодлоготой байгаа.
Энэ компани Засгийн газраас хэрэгжүүлж буй төслөөс хоцорсон юм байна. Тэвдэж явахад тэмээгээр тусла гэж үг байдаг. Яамны зүгээс шинэ тутам гарч ирж байгаа үйлдвэр гэхээсээ илүү нэлээн яваад үр дүнгээ үзчихсэн аж ахуйнуудаа дэмжье гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар шийдвэр гаргах түвшинд ярилцана" гэв.
Дэд сайдын хэлж буйгаар хаягдал яс боловсруулах үйлдвэрийн төслийг ҮХАА яамнаас дэмжихээр болж байна. Ингэснээр хаягдал түүхий эдийг үнэд оруулж, экспортын бараа бүтээгдэхүүний тоог нэмэх нь.
"Бүрдэн говь" компанийн захирал У.Баатарсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай үйлдвэр ашиглалтад орсноор хэдэн ажлын байр гарах вэ?
-Манайх үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжөө хятадын компанитай гэрээ байгуулан суурилуулж байгаа. Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 60 гаруй хүнийг ажлын байраар хангана. Монгол залуус маань хятад мэргэжилтнүүдийг дагалдаад, тоног төхөөрөмжөө суурилуулж, суралцаад явж байна.
-Хаягдал яс боловсруулах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй юү?
-Химийн хортой зүйл байхгүй. Манайх цэвэр эко үйлдвэр. Ясаа угаагаад, жигнүүрэнд жигнэнэ. Жигнээд мултарч унасан ясыг ялгаж, ангилаад боловсруулдаг. Одоогоор туршилтын журмаар яс боловсруулж байгаа. Зуухны яндангаар утаа гарахгүй байгаа биз дээ. Ямар ч утаагүй, экологид сөрөг нөлөөгүй. Яс угаасан бохир уснаас өөр хаядал байхгүй. Гүний худаг, ус цэвэршүүлэх төхөөрөмж, бохир урсгаж зөөх хэсэг зэргийг бэлэн болгосон байгаа.
Ясны үнс гэж гардаг. Ясны үнсийг шаазан эдлэл, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл хийхэд ашигладаг. Дэлхийн зах зээл дээр нэг тонн үнс 1200-1300 ам,долларын ханштай байдаг. Бид үнсийг нь экспортлохоор төлөвлөж байгаа.
-Танайхтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр манайд бий юү?
-Жижиг хэмжээний ясны үйлдвэрүүд байгаа. Тэдгээр үйлдвэрүүд түүхий эдээ анхан шатны боловсруулалт буюу буталж шуудайлаад гаргадаг. Манайх ясны гурил, үнс,саван шампунь зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаагаараа монголдоо анхдагч.
-Төрөөс ямар дэмжлэг хүсч байна вэ?
-Манай компани өөрийн хөрөнгөөр хоёр тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалт хийгээд байна. Одоо бидэнд 2,2 тэрбум төгрөгийн санхүүжилт өгвөл үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулна. Яамны дэд сайд болон мэргэжилтнүүд маань ирээд үзлээ.
Ерөнхийдөө дүгнэж цэгнэж байгаа байх. Бидэнд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлбэл бид дээшээ ахих боломж байна гэдгийг өнөөдөр ирсэн салбарын дэд сайддаа танилцуулсан. Биднийг жаахан л дэмжвэл дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж байна. Одоогоор гадны 2-3 компани манайхтай хамтран ажиллахаа мэдэгдээд байгаа.
ФОТО:
Гэрэл зургийг /Mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!