Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн хилийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Дорноговь аймагтай, хойт талаараа Хэнтий аймагтай, зүүн хойт талаараа Дорнод аймагтай хиллэдэг юм байна.
Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс 790 метр өргөгдсөн Байшинт юм. Монголд нийт 400 гаруй галт уул байдгийн 200 гаруй нь тус аймгийн газар нутагт бий. Хамгийн алдартай газруудаас нь дурдвал:
Алтан овоо нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт оршдог. Ойролцоогоор 1300 гаруй метр өндөртэй унтарсан галт уул юм. Алтан овоог өөрөөр Дарь овоо, Алтан дарь овоо гэж нэрлэх нь бий. Арвандолдугаар зууны үед тус уулыг нутгийн тахилгатай болгосон бөгөөд 1913 онд төрийн их тахилгатай болгожээ.
Шилийн богд нь Дарьганга сумын нутагт орших 200 гаруй галт уулын хамгийн өндөр нь юм. Монголчууд эрт үед “Шивээт шил” гэж нэрлэдэг байсан бөгөөд шашны нөлөөгөөр Богд гэсэн нэрийг авчээ. Эртнээс нааш Монгол эр хүний бэлгэдэл болсон тус уулан дээр гарсан эр хүний хиймор сэргэдэг гэж үздэг.
Зотол хан уул нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт оршдог. Нутгийнхан Зотол хан уулыг тахиж ирсэн бөгөөд гурван жил тутамд нэг удаа тахидаг.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.
Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Сүхбаатар аймгийн байгалийн дурсгалт газраар аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид цаашид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!