Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн төв эмнэлгийн нээлттэй өдөрлөг боллоо.
Улирал бүр зохион байгуулдаг нээлттэй хаалганы өдөр энэ удаа "Стрессээс сэргийлж, эрүүл мэндээ хамгаалая" уриан дор зохион байгуулагдаж байна.
Наркологийн төв эмнэлэг нь сэтгэл заслын долоон төрлийн эмчилгээ хийдэг бөгөөд нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 98,3 хувь нь архинд донтох өвчтэй, үлдсэн 1,7 хувь нь мансууруулах болон өвчин намдаах төрлийн эмэнд донтсон байдаг ажээ.
Наркологийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч Д.Гантөмөр "Манай иргэд стресс гэхээр сэтгэцийн өвчин гэж буруу ойлгодог учраас эмнэлэгт хандахаас цааргалдаг.
Гэтэл стрессээ тайлахгүй өөртөө бугшуулаад бухимдаад яваад байхаар зүрхний шигдээс, цусны даралт ихсэх өвчин, нойргүйдэл үүсч архи тамхины хэрэглээ ихэсч байна.
Бүх шатны эмнэлэгт стрессийн түвшин тогтоож, эмчлэх боломжтой байгаа. Тиймээс иргэддээ өрхийн эмнэлэг дээрээ очоод стрессийн түвшингээ тогтоолгоод эмчилгээ хийлгээчээ гэж уриалмаар байна" гэлээ.
Тус эмнэлэгт бүх төрлийн мансууруулах бодис, архинд донтсон, мансууруулах төрөл бүрийн донгоос солиорсон гэх мэт оноштой 51 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.