Шуудангаар илгээсэн илгээмжийн төлбөрийг төлсөн эсэхийг нотлох шаардлагын улмаас Их Британи улс 1840 онд анхны маркийг гаргаж, нэвтрүүлсэн түүхтэй аж.
Харин Монгол марк бий болоод өдгөө 90 дэх жилтэйгээ золгож, манай шуудан харилцааны салбарынхан энэ өдрүүдэд баяраа тэмдэглэж байна.
Тэртээх 1924 онд “Элдэв-Очир” нэртэй долоон ширхэг маркийг хэвлүүлж байснаас хойш өдгөө 990 сэдвийн хүрээнд 4100 төрлийн марк худалдаанд гарчээ.
Н.Чинбат: Монгол маркийн музей байгуулсан нь хойч үеийн цуглуулагчдад, хүүхэд багачуудад үнэтэй хөрөнгө оруулалт боллоо.
Монгол маркийн газрын дарга Д.Ганболдын хэлж буйгаар хамгийн сүүлд хөрш хоёр орны тэргүүн ирсэнтэй холбогдуулан “Путин, Си Зиньпин” гэсэн маркийг хэвлэжээ. Мөн Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан маркийг ОХУ-тай хамтран хэвлэсэн гэнэ.
Марк нь ихэвчлэн энэ мэт түүхэн ач холбогдолтойгоор хэвлэгддэг аж.
Энэ жил тохиож буй 90 жилийн ойн хүрээн дэх нэг томоохон ажил нь Монгол маркийн музей байлаа. Музейн нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр болсон бөгөөд музей Монгол шуудан компани буюу бидний хэлж заншсанаар Төв шуудангийн хоёр давхарт байрлажээ.
Уншигч та энэхүү музейгээс Монгол маркийн 90 жилийн түүхийг тольдож болно. Ан амьтан, ургамал, суут хүмүүс, түүхэн үйл явдлууд гээд музейн өнцөг булан бүрээс та Монгол Улсын эртнээс эдүгээ хүртэлх түүхийг харж болно.
Дашрамд дурдахад, энэхүү музей нь энэ жилдээ ард иргэдэд үнэ төлбөргүй бөгөөд ирэх жилээс 500 орчим төгрөгийн хураамжтай болох аж.
Н.Чинбат: Тэтгэврээ аваад тэр чигт нь цуглуулгандаа зарцуулах нь бий
Н.Чинбат гуайн хувьд цэргийн мэргэжилтэй хэдий ч сонирхолдоо хөтлөгдсөөр өдгөө марк судлаачдын нэг болжээ. Тэрбээр 1965 оноос эхлэн гадаад, дотоодын марк цуглуулж эхэлсэн бөгөөд сүүлдээ аливаа түүхэн үйл явдлын маркийг цуглуулаад зогсохгүй ном, дурсгалын тэмдэг зэрэгтэй нь хамтатган цуглуулах болсон байна.
Өнгөрсөн 50 шахам жил цулуулсан түүний цуглуулгад ховор нандин марк олон бий бөгөөд цуглуулгын тоо ширхэг яг хэчнээн болсоныг тоймлох юм алга гэж байлаа.
Мөн “Аливаа зүйлийг шимтэж судлаад, цуглуулаад ирэхээр байгаа хэдэн төгрөгөө харамлахаа больдог юм байна. Ах нь сарын тэтгэврээ аваад бүгдийг цуглуулгандаа зориулах нь ч бий. Хамгийн сүүлд л гэхэд ОХУ-ын анхны эмэгтэй сансарын нисгэгчийн 50 жилийн ойд зориулан гаргасан маркийг худалдаж аваад байна” гэсэн юм.
Н.Чинбат гуай Монгол маркийн музей байгуулсаныг ихээхэн олзуурхаад хойч үеийн цуглуулагчдад, хүүхэд багачуудад үнэтэй хөрөнгө оруулалт боллоо гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|