МУИС-ийн оюутнууд жагслаа
МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгрессоос МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд оюутны эрх, нийтлэг ашиг сонирхол олон зүйл дээр зөрчигдөж байгааг эсэргүүцэн МУИС-ийн хичээлийн I байрны урд талбайд идэвхитэн гишүүдийн хүрээнд оюутны тайван жагсаал хийлээ.
МУИС-ийн оюутны холбооны дэд тэргүүн Н.Болд-Эрдэнэ “ Бүтцийн өөрчлөлтөөс үүдэн оюутны эрх, нийтлэг ашиг сонирхол олон зүйл дээр зөрчигдөж байгаа.
Энэ байдлыг залруулах тухай удаа дараа уулзалт, хэлэлцүүлэг, албан тоот өгсөн боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өдийг хүрсэн. Тиймээс өнөөдрийн тайван жагсаалыг зохион байгуулж таван асуудал дээр эсэргүүцлээ илэрхийлж байна” гэлээ.
Бүтцийн өөрчлөлтөөс үүдэн оюутны эрх, нийтлэг ашиг сонирхол олон зүйл дээр зөрчигдөж байгаа.
МУИС-ийн оюутнуудын эсэргүүцэж буй таван асуудал:
ОЮУТНЫ ДОТУУР БАЙР
МУИС-ийн захирлын 2014 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/284 тоот тушаалаар батлагдсан “Оюутны байрны журам” нь оюутны амьдралаа мэддэггүй, ойлгодоггүй оюутны тав тухтай, сэтгэл ханамжтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх боломжийг хангахад чиглэгдээгүй.
Мөн байранд ороход нь хүнд суртал олон шат дамжлага дамжсан зэргээс байранд орох оюутны тоо буурч одоогийн байдлаар 250 орчим ор хоосон, 100 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Байрны асуудлыг Сургалтын нэгдсэн алба хариуцсан нь сургалтын болон үйлчилгээний ажлыг хооронд нь хольж, хүнд суртал шат дамжлага нэмэгдүүлснээс оюутнууд өөр байранд орох шалтгаан болсон.
МУИС-ИЙН ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТ
МУИС-ийн захиргаанаас дүрэм буюу МУИС-ийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлдөө Оюутны эрх, үүрэг, оюутны байгууллагын статус, эрх зүйн орчин зэргийг огт тусгаагүй. Хуучин дүрмэнд байсан заалтуудыг хассан байна.
Ингэснээр үйлчилгээ үзүүлж байгаа гол үйлчлүүлэгч болсон оюутны бүхий л асуудлыг дүрмээс тодорхойгүй шалтгаанаар хассан, хасахдаа оюутны саналыг тусгаагүй.
ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАГДААГҮЙ
“Сиси систем”\хичээлийн хуваарь сонголтын систем\ хичээлийн шинэ жил эхлэхэд бэлэн болоогүй, оюутанд хичээлээ, багшаа, танхимаа сонгох боломж бүрэн дүүрэн олгоогүйгээс зарим оюутнууд 12 багц цагаа программын хязгаарлалтаас болж хүлээлгэнд байж баталгаажуулж чадаагүйгээс бага цаг сонгосон оюутнууд Үндэсний тэтгэлэг авах боломжгүй болсон.
Хичээлээ сонгон хичээлдээ оролцон явж байгаа оюутнуудын сонголтыг элдэв шалтгаанаар баталгаажуулж өгөхгүй хохироосоор байна.
БАТЛАГДААГҮЙ ХӨТӨЛБӨРӨӨР ХИЧЭЭЛ ЭХЛҮҮЛСЭН
Нэгдүгээр түвшиний оюутнуудыг батлагдаагүй хөтөлбөрөөр хичээл сонголт хийлгэсэн, цаашдаа хүссэн мэргэжилдээ хөрвөж суралцахад хот хөдөөнөөс элссэн элсэгчдэд ялгаа үүсэх, хүсээгүй мэргэжлээрээ төгсөхөд хүрэх зэрэг үр дагавар мэдрэгдэж удирдлагын ам ажил хоёрын зөрөөг оюутнууд ойлгож эхлэлээ.
Оюутанд хичээл сонгоход зөвлөх үйлчилгээ явагдаагүй.
ТӨВЛӨРӨЛ, ХҮНД СУРТАЛ
Сургалт,оюутанд үйлчлэх ажлыг нэгтгэснээр ачаалал ихсэж үйлчилгээ авахын тулд сургалтын албаны үүдэнд дугаарлах, хүнд суртлаас үүдэж сэтгэл ханамжийн баталгаатай үйлчилгээг авч чадахгүй байна.
Оюутны үйлчилгээ маш муудсан, Удирдлагын бүрэлдэхүүн нь багшийн ажил давхар гүйцэтгэдгээс оюутны асуудлыг шийдвэрлүүлэхэд олддоггүй, үндсэн ажлаа хийдэггүй боллоо.
Тиймээс бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд оюутанд өргөн сонголттой, үйлчилгээг хүртээмжтэй бүх талаараа ОЮУТАНД ЭЭЛТЭЙ орчин бүрдүүлнэ гэж худлаа амласан МУИС-ийн захирал А.Галтбаяр тэргүүтэй удирдлагын бүрэлдэхүүнийг сайн дураараа огцрохыг шаардлаа.
Оюутнуудын зүгээс А.Галтбаяр захирлыг сайн дураараа огцрохгүй өдийг хүрсэн учир түүнийг огцруулж өгөх шаардлагыг БШУ-ны сайд Л.Гантөмөрт хүргүүлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
