Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүний биеийн хэмжээсийг нарийвчлан гаргах 3D скайнертай боллоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 9 сарын 15
iKon.MN

Өндөр хөгжилтэй орнууд хүмүүсийнхээ биеийн хэмжээг түүврийн аргаар таван жил тутамд тогтоодог аж. Гэтэл манай улс хамгийн сүүлд буюу 1985 онд монгол хүний биеийн хэмжээг авч, албан ёсоор тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 орчим жил монгол хүний биеийн хэмжээг авч, тогтоогоогүй бөгөөд үйлдвэр урлалын салбарынхан гадны стандартыг үлгэрлэж ирсэн байна. 

Тэгвэл ҮХААЯ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүний биеийн хэмжээсийг нарийвчлан  гаргадаг 3D скайнерыг Монголд анх удаа оруулж ирсэн бөгөөд энэхүү дэвшилтэт технологийг ШУТИС-ийн Дизайн урлалын сургуульд хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Тус 3D скайнерыг Японы “Space Vision”, БНСУ-ын  “K&I Technologi” компаниас нийлүүлж байгаа бөгөөд нийт өртөг нь 260 мянга орчим доллар.

ШУТИС-ийн дизайн урлалын тэнхимийн багш Б.Мөнхзулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийт хэчнээн ширхэг 3D скайнер оруулж ирсэн бэ. Түүнчлэн монгол хүний биеийн хэмжээсийг нарийвчлан тогтооно гэлээ. Хэмжээс авах ажлыг хэрхэн явуулах вэ?

-Өртөг өндөртэй тул эхний ээлжинд нэг ширхэгийг оруулж ирсэн. Харин биеийн хэмжээсийг бид түүврийн аргаар авч, гаргах болно. Өөрөөр хэлбэл, 21 аймаг, сумын иргэдийг хамруулна гэсэн үг. Ингэхдээ тухайн орон нутагтаа очиж хэмжээ авна. Энэхүү скайнер маань зөөвөрлөн авч явах боломжтой.

-Мэдээж 3D скайнер нэвтрүүлж байгаагийн гол зориго нь монгол хүний биеийн хэмжээсийг нарийвчлан гаргаж, стандарт тогтоох. Гэхдээ энэхүү скайнер маань үйлдвэрлэлийн салбарт өөр дэвшил авчирах уу?

-Үүнийг ашиглсанаар дотоодын үйдвэрүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ яг монгол хүний биеийн онцлогт тохирсон хэмжээтэй хувцас үйлдвэрлэдэг болно. Ингэснээр үйлдвэрлэлийн зардал буурах давуу талтай. Нөгөө талаас яг монгол хүний биеийн хэмжээтэй маникан үйлдвэрлэж, ашиглах боломжтой болж байгаа.

-3D скайнерын ажиллах горимоос танилцуулбал.

-Бие, гар, хөлний хэмжээс авах гурван хэсгээс энэхүү скайнер бүрдэнэ. Ингээд тухайн хэмжээ өгөх хүн маань бариу хувьцас өмсөөд дотор нь орж зогсоход бүх хэмжээг нь аваад шууд компьютерт дамжуулах юм гэв.

Харин ҮХААЯ-ны Үйлдвэрлэлийн хэрэгжилтийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Н.Нарангэрэл хэлэхдээ “Энэхүү 3D скайнер нь үйлдвэрлэлийн салбарт маш чухал ач холбогдолтой. Өмнө бид хүний биеийн хэмжээг 56 удаагийн хэмжилт хийж байж гаргадаг байсан. Харин одоо нэг минутын дотор л гаргах боломжтой боллоо” гэсэн юм.

Дашрамд дурдахад, биеийн хэмжээс авах 3D скайнерыг хэрхэн ажиллуулах сургалтыг ШУТИС-ийн Дизайн урлалын сургуулийн багш нарт БНСУ-ын мэргэжилтнүүд өгөх аж.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7