2014-2015 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус 1112 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж, 202 мянга орчим хүүхэд хамрагдаад байна.
Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс цэцэрлэгийн тоо 45, хамрагдах хүүхдийн тоо 8200-гаар нэмэгдсэн таатай мэдээ.
Гэсэн хэдий ч өнөөдөр цэцэрлэгийн хүртээмж хомс хэвээр. Иймд улсын цэцэрлэгүүд ачааллаа 2-3 дахин нэмж, багш нар маш их ачаалалтай ажиллаж байгаа юм.
Эдгээр цэцэрлэгүүдийн нэг нь Нийслэлийн тэргүүний, тэгш хамруулан сургах 147 дугаар цэцэрлэг.
Х.Чимэдцэрэн эрхлэгчтэй тус цэцэрлэг нь 1991 онд байгуулагдсан бөгөөд 330 хүүхдийн багтаамжтай. Гэвч өнөөдрийн байдлаар 860 хүүхэд хүлээн авч ажиллаж байна.
Хүүхдүүд бага, дунд, ахлах гэсэн 15 бүлэгт хамрагдах бөгөөд нэг анги дунджаар 57 хүүхэдтэй.
“Янзага” бүлгийн тухайд 2-3 насны 55 хүүхэдтэй. Анги удирдсан багш Ц.Батчимэг туслах багш Х.Сэрчмаагийн хамт хүүхдүүдийг асран хамгаалж, зааж сургах ажээ.
Ц.Батчимэг багшийн хувьд сургуулийн өмнө боловсролын салбарт 13 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай нэгэн.
Түүний хэлж буйгаар “Янзага” бүлгийн анги танхим нь 35 хүүхдийн багтаамжтай ч өнөөдрийн нөхцөл байдлаас шалтгаалаад 55 хүүхэдтэй байгаа гэнэ.
Сурвалжлагч миний бие тэдэнтэй хэдхэн цаг хамт байх хугацаанд хоёр багшид 55 хүүхэд дэндүү ахадсан тоо болохыг ухаарсан бөгөөд цэцэрлэгийн багш нараас ямар их тэсвэр тэвчээр, ур ухаан шаардаж, гардгийг ойлголоо.
Тэр дундаа 2-3 насныханд илүү их анхаарал халамж шаардагдах ажээ. Уйлна, дуулна, зодолдоно, энд тэнд бүдэрч унана, тоглоомоо булаацалдана, гартаа барьсан зүйлээрээ нэгнийгээ цохино гээд асуудал мундахгүй их. Энэ бүхнийг хоёрхон багш зохицуулж, хүүхэд нэг бүрт анхаарал хандуулж ажиллах гэж хичээнэ.
Ц.Батчимэг багшийн хэлж буйгаар энэ салбарт ажиллах 13 жилийн хугацаанд ажиглагдаж байгаа нэг харамсмаар зүйл нь орчин нөхцлөөсөө шалтгаалаад ч тэр үү хүүхдүүдийн хүмүүжил жилээс жилд маш их суларч, зан аашны хувьд дуулгаваргүй, хэнэггүй, том хүнийг үл ойшоосон чиг хандлагатай болсон гэж байлаа.
Хэдий тийм ч багшийнхаа заасан дуу, шүлгийг гойд сайн сурч, өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 3-4 дуу сурсан гэнэ.
"Янзага" бүлгийнхэн маань багшийнхаа хийсэн дууны хөдөлгөөнийг ягштал дагах бөгөөд зарим дүрсгүй нөхөд нь арын эгнээгээр үймүүлэлдэх аж. Хүүхэд л болсон хойно зүгээр сууна гэж үгүй. Ор дамжиж гүйнэ, охидуудынхаа гэзэг үснээс татна. Охид ч мөчөөгөө өгөхгүй урдаас нь гар сарвайж, удаж төдөлгүй хариу бариад амжина.
Зарим дэггүй нэг нь багшийн ширээг онгичиж, цэцэг таслан банга хүртээд хэсэг чимээгүй суух ч төд удалгүй өнөөхөө мартаж ангийн нөхдийн бужигнаанд нэгдэнэ.
Алаг бөмбөг, автомашин, барби хүүхэлдэй, бамбарууш, туулай гээд төрөл бүрийн тоглоом энд тэнд "ниснэ". Түүнчлэн бүлгийн багачуудын зарим нь сандал ширээ, шат, шүүгээ рүү авирах бол нөгөө нэг нь унтаж, хэвтэж харагдана.
Энэ мэтчилэн цэцэрлэгийн багачуудын нэг өдөр дуу хуур, дуулиан шуугианхантай өнгөрөх ажээ. Харин оройны 18.00 гэхэд хүүхэд шуугисан их өргөөнд нам гүм ноёлно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!