ЭЗХЯ-ны “Гудамж” төслийн хүрээнд иргэд зорчигчдын цаг, мөнгийг хэмнэх зорилгоор өргөтгөн шинэчилж буй томоохон уулзваруудын нэг болох Ахуйн үйлчилгээний уулзвар өнөөдөр ашиглалтад орлоо.
Уулзварын өргөтгөл шинэчлэлийн зурвастай давхацсан дулаан шугамуудыг шинэчлэн шилжүүлж, хоёр байршилд дулааны худгийн узелийг авто замын даацад тохируулан хана, тагийг хүчитгэж, бетон-арматурчлал хийжээ.
Энэ уулзварт 28 318 ам метр талбайд хатуу хучилт, 5 547 ам метр талбайд ногоон байгууламж, 7 565 ам метр талбайд явган зорчигчийн зориулалтын зам барьснаараа хамгийн том уулзвар боллоо.
Ахуйн үйлчилгээний уулзварыг өртгөн шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгох ажлын урьдчилсан нийт төсөвт өртөг 4.5 тэрбум төгрөг болж байна.
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, иргэдэд эдийн засгийн хэмнэлт бий болгох зорилго бүхий энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд уулзварын голд байсан Л.Энэбиш агсны хөшөөг зүүн урагш 10 метр зайд шилжүүлж, цэцэрлэгт хүрээлэнг дахин шинэчлэн байгуулж байгаа юм. Төр нийгмийн зүтгэлтэн Л.Энэбиш агсны хүү Э.Мөнх-Очир бүтээн байгуулалтын ажлыг ойлгон дэмжиж, хөшөө шилжүүлэх асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэсэн байна.
Л.Энэбиш агсны хөшөөт цогцолборыг “Энэбиш-Булган хөгжил сан” ТББ өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан бөгөөд одоо шинэчлэн тохижуулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх аж.
Ахуйн үйлчилгээний уулзварыг өртгөн шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгох ажлын урьдчилсан нийт төсөвт өртөг 4.5 тэрбум төгрөг болжээ.
“Гудамж” төслийн захиалгаар энэ уулзварыг бүх чиглэлдээ шууд хөндлөн нэвтрэх боломжтой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай, нэвтрүүлэх чадвар сайтай болгон өөрчлөн шинэчлэх зураг төслийг “Дөрвөн тэнхлэг” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэсэн юм.
“Наранбулаг Хан” ХХК нь өнгөрсөн онд “Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн уулзвар, Чингисийн өргөн чөлөөний замыг өргөтгөн шинэчлэх томоохон ажлыг хариуцлагатай гүйцэтгэсэн туршлагатай компани аж.
ФОТО СУРВАЛЖЛАГА /mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!